Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00094/И |
Дугаар | 154/ШШ2021/00088 |
Огноо | 2021-04-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 154/ШШ2021/00088
2021 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 154/ШШ2021/00088 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, РД: , Ш овогт Б ын Х ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагч Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1980 онд 10 дугаар ангиа төгсөөд техник мэргэжлийн сургуульд орж суралцаад 1981 оны 07 дугаар сард жолооч, засварчин мэргэжлээр төгссөн. 1981 оны 08 сараас 1982 оны 03 сар хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршооллын техникийн тасагт авто засварчнаар ажиллаж байгаад 1982-1985 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд жолоочоор орж ажилласан. Түүнээс хойш тасралтгүй жолоочоор ажиллаж байгаад Жаргалын зам нэгдэл тарж компани болоход Жаргалын зам хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсан юм.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд авто засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Жаргалын зам нэгдэл болон Жаргалын зам хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Х ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Х нь 1981 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд авто засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд жолоочоор, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршооллын даргын 1981 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 225 тоот тушаалаар Минжит Булган хоршооллын техникийн тасагт авто засварчнаар авч ажиллуулав, Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршооллын даргын 1988 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 тоот тушаалаар ардын цэргийн албанд татагдах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 41 тоот тушаалаар Жаргалын зам нэгдэлд УАЗ-469 машины жолоочоор авч ажиллуулав, Булган сумын Жаргалын зам хувьцаат компаний захирлын 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 47 тоот тушаалаар хувийн хүсэлтээр ЗИЛ-130 машины жолоочоор шилжүүлэн томилов гэх тамга бүхий бичилтүүд,
- Хүсэлт гаргагч Б.Х т Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон Баярын бичиг /1987 он/,
- М.Цэрэндоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд мужаанаар ажиллаж байсан. Б.Х 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн дарга М.Баавдайгийн жолоочоор ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэл нь 1992 онд тараад Жаргалын зам компани болоход Б.Х нь ЗИЛ-130 машины жолоочоор 2000 он хүртэл ажиллаж байсан юм. Жаргалын зам нэгдэл нь 700 гаруй ажилтантай байсан. Б.Х нь 1985 оноос 1994 оныг дуустал тасралтгүй жолоочоор ажиллаж байсныг сайн мэднэ... гэх мэдүүлэг,
- Н.Баянцагаан шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1985 оны 07 сараас Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд тракторын жолоочоор ажилд орсон юм. Б.Х мөн 1985 оны 07 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн дарга М.Баавдайгийн жолоочоор ажилд орж байсан. Жаргалын зам нэгдэл нь 1993 онд тараад Жаргалын зам компани болоход Б.Х нь ЗИЛ-130 машины жолоочоор ажилласан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Б ын Х ыг 1981 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд авто засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд жолоочоор, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ