Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/248

 

2024      05         30                                          2024/ШЦТ/248

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Н.Д,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 3 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Спорт ордоны хойд талд шалтгаангүйгээр хохирогч Э.Т-ыг дуудаж очиход нь нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд баруун нэгдүгээр шүд, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн булгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, харамсаж гэмшиж байна, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

Хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Тын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Э.Таас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргаж ирүүлсэн Шитгэмэл эмнэлгийн эмч Б.Х-ын тодорхойлолт /хх-ийн 8-р тал/

- Хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр найзууд болох Н, Г, А, Б нарын хамтаар бааранд ороод баарнаас 02 цагт гараад Уурхайчин багт байрлалтай Хаан буузанд хоол идчихээд Ням-Очирын хамтаар түрүүлээд гараад ирсэн. Нөгөө найз нарыгаа тооцоогоо хийгээрэй гээд үлдээсэн. Тэгээд спорт ордны хойд талд Ням-Очирын хамтаар алхаад явж байтал бид хоёр руу танихгүй хоёр залуу дуудаад хүрээд ир гээд орилоод байхаар яасан бэ? гээд очтол үгийн зөрүүгүй өндөр бор залуу нь миний нүүрэн тус газарт 1 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгээд миний дээд үүдэн гурван шүд унаж цус ихээр гарсан. Цагдааг хэн дуудсан эсэхийг мэдээгүй, удаагүй л цагдаа хүрээд ирсэн. Намайг зодсон гэх залуу болон хамт явсан залуугийн хамтаар цагдаагийн газарт авчирсан. Бид нар согтуу байсан учраас өргөдлөө бичээд үлдээсэн. Тэгээд маргааш нь би “Шигтгэмэл” шүдний эмнэлэг дээр очоод шүдээ хийлгэх гэсэн боловч булгарч унасан гэх 3 шүдийг буцааж суулгаж туршиж үзье гээд суулгасан. 1-2 сарын дахин үзэж харна, гэхдээ баталгаа бол өгч чадахгүй, буцаад унах магадлалтай гэсэн. Би өөрөө шүд буцааж суулгуулахад эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар 1,000,000 орчим төгрөгийг өгсөн байгаа. Баримтыг нь гаргаж өгнө. Би болон надтай хамт явсан Ням-Очир тухайн хоёр залууд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Хаан буузнаас нөгөө хоёр найз гарч ирээд намайг салгасан. Намайг тонгойгоод байж байтал цагдаа ирсэн. Богино хугацаанд л болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

- Гэрч Э.С-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр Б.У, эхнэрийн хуурай эгч Н-ийн хамтаар бааранд ороод гарч ирээд такси барих гэж яваад найз Б.Бтэй Уурхайчин багийн Спорт ордны хойд талд таарсан. Би тэр үед салхинд цохиулаад нилээн согтсон, миний ухаан, санаа орж гараад байсан. Нэг сэргэсэн чинь цагдаа дээр ирсэн байсан. Эхнэрээс юу болсон талаар асуухад Б.Б нь нэг залуугийн нүүрэн тус газарт нь цохиж 3 шүдийг хугалсан гэж байсан. Б.Б тухайн залууг гараараа цохиж шүдийг нь хугалах болсон шалтгаан гэвэл 4-5 залуу гэнэт л орилоод гараад ирэхээр нь өөрийг нь зодох гэж байна гэж бодоод л ганц удаа л цохьсон гэж байсан. Удаагүй цагдаа ирсэн гэсэн. Б.Б-ийг нөгөө залуучууд зодож цохиогүй гэсэн. Би Б.Б-ийг хүн цохиж байхыг мэдэхгүй байна. Би өөрөө согтохоороо зүгээр яваад байдаг хэрнээ цаагуураа согтсон байдаг учраас тодорхой сайн мэдэхгүй байна. Энэ талаар манай эхнэр сайн мэдэж байгаа. Би тэр өдрөөс холбоо бариагүй, манай найз утсаа авахгүй байна лээ. Уурхайд ажилладаг. 14 хоног ажиллаад 14 хоног амардаг гэж дуулдаж байсан. Миний санаж байгаагаар тэр өдөр ярихдаа ажилдаа явна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

- Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр найз нарынхаа хамтаар бааранд ороод шөнийн 02 цагийн үед гарч ирээд найз нарынхаа хамтаар Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан бууз нэртэй хоолны газарт хоол идчихээд Э.Тын хамтаар түрүүлээд гараад Төгөл худалдааны төвийн чиглэлд Спорт ордны хойгуур явган хүний замаар алхаад явж байтал туранхай залуу хөөе гээд бид хоёр луу орилохоор нь Э.Т яасан юм бол гээд асуухаар очиход хүзүүн дээрээ жижиг шивээстэй бор залуу нь үгийн зөрүүгүй шууд л гараараа манай найзыг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Би салгаад хартал манай найзын үүдэн 3 шүд нь унчихсан, амнаас нь цус гарч байсан. Би шүдийг нь газраас авч Э.Тд өгсөн. Удалгүй цагдаа ирсэн, цагдаагийн газарт бөөнөөрөө ирцгээсэн. Манай нөгөө найзууд араас Хаан буузнаас гарч ирсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Бид нар харилцан зодоон хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай “...Э.Тын биед дээд баруун нэгдүгээр шүд, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн булгаралт, баруун ташаанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. дээд баруун нэгдүгээр шүд, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн булгаралт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун ташаанд цус хуралт, зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулаххгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой. Баруун ташаанд цус хуралт, зулгаралт нь унах үед үүссэн байх боломжтой.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26-р тал/

- Яллагдагч Б.Б-ий мэдүүлсэн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эхнэрийг тосож авчихаад найз Б.Эрдэнэ-Очирын хамтаар Соёлын ордны урд талд пиво ууж байтал найз С-тэй таарсан. Бид нар тэндээсээ спорт ордны урагшаа гартал 4-5 залуу цуварсан явж харагдсан. Тухайн залуучуудын урд явж байсан 2 залуугийн нэг нь орилж дайраад байсан. Улмаар намайг цохих гээд харагдахаар нь тухайн залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд амнаас нь цус гараад байсан. Удалгүй цагдаа ирээд цагдаагийн газарт хүргэгдэн ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан төлбөрийг бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг / хх-ийн 32-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

 

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Э.Т нь Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх ба шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрт 3,500,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

6. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР