| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0255/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/253 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
Улсын яллагч Ж.Б,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-15 дугаар байрны голын зам дээр хохирогч О.Мгийн зүүн гар руу өшиглөж унагаан хохирогчийн эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны хугарал, зүүн бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М нь хохирогч О.Мгийн эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны хугарал, зүүн бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Г.М нь О.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 12-18-р тал/
- Хохирогч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхзул уг эрэгтэйг бичлэг хийхээ боль, бид нар хамт явж байгаа юм, гэртээ орохыг нь хүлээж байна гэж хэлтэл Мөнхзулыг хараалын үгээр доромжилж байснаа толгой руу нь шууд цохиод авсан. Мөнхзул цохиулчихаар нь Сүхбаатар бид хоёр гүйгээд очсон. Сүхээ уг эрэгтэйг чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ, боль гэж хэлэхэд танихгүй эрэгтэй Сүхээтэй зууралцаж ноцолдоод нэг нэгнийгээ харилцан цохиж аваад байсан. Дараа нь танихгүй эрэгтэй Сүхбаатарын дээр гарч хэвтчихээд толгой, бие рүү нь олон удаа цохиод байхаар нь Мөнхзул бид хоёр хажуугаас нь очиж хувцаснаас нь татсан. Уг эрэгтэй Сүхбаатарын дээрээс босоод ирэхээр нь би цээж, гар руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл уг эрэгтэй миний толгой руу гараараа хүчтэй цохиж намайг газар унагасан. Би газраас босож ирээд танихгүй эрэгтэй рүү уурлаж чи яаж байгаа юм бэ гээд цээж рүү нь гараараа цохиж автал миний зүүн гар руу хүчтэй өшиглөж газар унагасан. Газар унасны дараа миний зүүн гар маш их өвдөж, тэр доороо хавдчихсан.... Би эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Миний зүүн гарын савхан ясыг хугарсан байна гэж хэлсэн... ...Тухайн үед Г.М гэх залуу миний урд зогсож байхдаа хөлөөрөө зүүн гарын шуу хэсэг рүү өшиглөж би зүүн гараа дараад газар унасан. Газар унасны дараа миний гар өвдөж эхэлсэн. Би өшиглүүлээд газар унахдаа зүүн гарын шууны ясаа хугалсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 22, 24-р тал/
- Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар Сэлэнгээг оруулах гэж ятгасан боловч дийлдэхгүй, үгэнд орохгүй, өөрийг нь ятгах болон ойртож очихоор илүү их орилж хашхираад байсан. Тэгэхээр нь бид нар Шинээгийн машинд суугаад бага зэрэг зайнаас Сэлэнгээг хэсэг байж байгаад гэртээ орж магадгүй гээд харсан. Энэ үед 6-15 дугаар байрны үзүүрээс нэг залуу гарч ирээд гар утсаа гаргаж ирээд Сэлэнгээ рүү харуулж бичлэг хийгээд байсан. Үүний дараа бид нар хүнтэй хэрүүл хийгээд яах вэ гудамжинд хүн орилоод байхаар харж байгаа юм байлгүй, явчих байх гэж бодоод 3-4 минут явахыг нь хүлээж машин дотроо суусан. Тэгтэл уг эрэгтэй байсхийгээд гар утсаараа бичлэг хийгээд явахгүй зогсоод л байсан. Тэгэхээр нь би ганцаараа машинаас буугаад уг эрэгтэйд хандаж чи бичлэг хийхээ больчих гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж уурласан. Үүний дараа би уг эрэгтэйд бид нар хамт байгаа юм, машин дотроос харж байна, энэ эмэгтэй миний дүү байгаа юм гэхэд над руу уурлаж та нар шиг янхнууд уусан идсэнээ шингээж чадахгүй, ийм арчаагүй байхгүй юу гэх мэтээр үргэлжлүүлэн доромжлоод байхаар нь би чи ямар шалчигнасан юм бэ, наад бичлэгээ больчих гээд цээж рүү нь гараараа нэг удаа түлхтэл уг эрэгтэй баруун гараа атгаж байгаад миний баруун шанаа руу хүчтэй цохисон. Энэ үед Сүхээ, Туяа хоёр намайг цохиулахыг хараад хүрч ирсэн. Сүхээ намайг өмөөрч уг залуутай заамдалцсан ба энэ үед намайг цохисон эрэгтэй Сүхээгийн нүүр рүү нь цохисон. Сүхээ нүүр рүүгээ цохиулаад зөрүүлж уг эрэгтэй толгой руу нь цохисон. Үүний дараа уг эрэгтэй Сүхээг хавсарч газар унагаад дээр нь гарч суугаад толгой түрүүгүй бие рүү нь нэлээн хэд хэдэн удаа цохисон. Сүхээг зодуулаад байхаар нь О.М бид хоёр болиулах гээд уг эрэгтэй гадуур хувцаснаас нь зуурч татсан. Арай гэж нөгөө залууг Сүхээгийн дээрээс босгосон чинь уг эрэгтэй Сүхээгийн цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Сүхээг өшиглөснийхөө дараа уг эрэгтэй О.Мгийн толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Дараа нь миний үснээс нэг гараараа зулгааж байгаад нөгөө гараараа нүүр рүү нэг удаа алгадсан. Намайг алгадсан учраас би зөрүүлж алгадах гэж байгаад нүүрийг нь маажсан. Намайг нүүрийг нь маажсаны дараа уг О.М хажуугаас орж ирээд уг эрэгтэйн цээж хэсэг рүү цохих шиг болсон. Тэгтэл уг эрэгтэй уурлаж О.Мгийн зүүн гар руу нэг удаа өшиглөсөн ба О.М өшиглүүлээд газар уначихсан. О.М газар унаад шууд уйлж эхэлсэн ба миний гар өвдөөд байна гэж хэлсэн. Энэ явдлын дараа дахин зодоон болоогүй...” гэх мэдүүлэг, /хх-н 28-29-р тал/
- Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бааранд ороод архи ууж эхэлж байсныг санаж байна тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь өглөө гэртээ унтаж байсан. Болсон явдал толгойд орж гараад байна. Миний санаж байгаагаар би машинаа асааж унана гээд 6-19 дүгээр байрны 7-8 дугаар орцны урд байсан өөрийн эзэмшлийн цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн шил, хаалга гэх мэт эд анги руу өшиглөж цохисон. Бас тэнд байсан Шинэхүү гэдэг зүс таних залуугийн машиныг цохиж, өшиглөсөн. Гэхдээ эвдрэл гэмтэл бол учруулаагүй. Би Шинэхүү гэдэг залууг сайн танихгүй, дахиж холбогдоогүй. Оюутолгойд ажилладаг гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-н 33-р тал/
- Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нээх удалгүй 6-15 дугаар байрны урдуур алхаж явсан нэг танихгүй эрэгтэй гар утсаа гаргаж ирээд газар машин зам дээр сууж байсан Сэлэнгээг бичээд байсан. Хэдэн минут больчих байх гэж бодоод хүлээтэл бүр улаан цайн зогсоо зайгүй гар утсан дээрээ бичээд байхаар нь Мөнхзул болиулах гээд ганцаараа машинаас буусан. Машин дотроос харж байхад Мөнхзулын толгой руу уг эрэгтэй шууд цохиод авсан. Тэгэхээр нь би О.М бид хоёр машинаас буугаад уг залуу руу очиж чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ, болиоч гэж хэлтэл уг эрэгтэй надтай заамдалцаж миний баруун шанаа руу цохиж авахаар нь би зөрүүлж толгой руу нь цохисон. Дараа нь нэг мэдсэн чинь би газар унасан ба уг эрэгтэй толгой, бие рүү гараараа цохиж, хавирга руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Намайг зодуулж байхад М, О.М хоёр уг эрэгтэйн хувцаснаас татаж миний дээрээс буулгасан. Би газар хэвтэж байгаад босож ирсэн. Босож ирээд харахад О.М чи муу ер нь яагаад байгаа юм бэ гээд уг эрэгтэйн цээж, гар хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж авсан. Дараа нь М руу хараад О.М руу хартал О.М газар уначихсан яая аа, гар гээд орилоод байсан. Тэгэхээр нь О.Мг өргөөд босгох гэхэд О.М миний гар, гар өвдөөд байна гээд л байсан. Үүнээс хойш зодоон болоогүй...” гэх мэдүүлэг, /хх-н 35-р тал/
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай: “...Ч.М-ын биед баруун шуу, баруун алганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, /хх-н 40-41-р тал/
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай: “...Г.Мын биед зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, доод уруул, баруун, зүүн алга, зүүн гарын 1,3,4-р хуруу, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун угалз, эрүү, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-н 48-49-р тал/
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай: Б.С-ын биед баруун шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, /хх-н 57-58-р тал/
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай “...О.Мгийн биед зүүн шуу ясны хугарал, зүүн бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар дэс дарааллаар үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-н 66-67-р тал/
- Шинжээч эмч Э.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Мийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүрдэл хэсгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дээрх гэмтлээс зулгаралт гэмтлүүд болох баруун, зүүн алга, зүүн гарын 1,3,4-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүдийг хасаж авч үзвэл түүний биед учирсан зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, доод уруул, хөмсөг, хамрын нуруу, баруун угалз, эрүү зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн гадаргуун хэмжээ, зовиур шаналал бусад үнэлэмжээрээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 117-118-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Мын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч О.М нь “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч хохирогчид хохиролд одоогоор өгсөн зүйлгүй, хохирлоо нэхэмжилбэл төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч О.М нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялын 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Г.М нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Г.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР