Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/286

 

  2024       06           24                                       2024/ШЦТ/286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,   

улсын яллагч Г.А,

хохирогч Л.Э,

шүүгдэгч Х.П нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Х.П-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Х.П

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Х.П нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цах маркет худалдааны төв болон Арина цахилгаан барааны дэлгүүрийн дундах машин замаар явган явахдаа хохирогч Л.Эийн эзэмшлийн самсунг глакси А53 загварын гар утсыг гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,056,544 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Пийг гээгдэл эд хөрөнгө завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.П нь өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч уучлалт хүсч байна, хохирлыг төлж барагдуулна” гэж,

Улсын яллагч Г.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогч Л.Э “хохирлоо барагдуулж авна, өөр санал хүсэлтгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:

 

  1. Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг нэг цонхны үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 10 минут 10 секунд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт “Цах маркет худалдааны төв”-ийн баруун талд байлах “Арина цахилгаан барааны дэлгүүр”-ийн арын хэсгээс саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн явган явж байх бөгөөд автомашины зогсоол дээр байрлуулсан хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байгаа дүрс бичигдсэн байна. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 11 минут 21 секунд, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт Цах маркет худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол дээр байрлах хар өнгийн приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн уг тээврийн хэрэгсэлд суугаад хэсэг хугацааны дараа хөдөлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 56 минут 45 секунд, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Баян худалдааны төвийн арын туслах уулзвараас хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 56 минут 09 секунд, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин баг Баян худалдааны төвийн уулзвараас хар өнгийн приүс 30 маркийн **-** УЕВулсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. ...” гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р тал/,
  2. Хохирогч Л.Э-ийн: “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө Найрамдал баг 7 дугаар хорооллын урд талын төв зам дээрээс такси бариад Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Цах маркет худалдааны төв”-ийн баруун талын зам дээр өглөөний 10 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед таксины жолооч надаас гар утсаараа яриулаад ӨГӨӨЧ ГЭЖ хэлээд утсыг маань аваад буцаагаад өгсөн. Би тэр үед өөрийнхөө гар утсыг барьж явсан тор цамц хоёрынхоо дунд нь хийгээд таксинаас буухдаа гар утсаа газар унагаачихсан байна лээ."Цах" маркет худалдааны төв руу ороод гурилын лангуун дээрээ очиж гар утсаа байхгүй гэдгийг мэдсэн. Ингээд Цах маркет худалдааны төвийн баруун талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд дээгүүрээ саарал өнгийн богино малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй залуу яг миний таксинаас буусан хэсгийн зам дээрээс утас авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Уг залуугийн царай төрх нь сайн харагдахгүй байсан. Тэгээд өөрийн гар утсаныхаа байршлаар нь үзэхэд эхлээд 100 айл худалдааны төв, дараа нь хороолол, Дархан-Уул аймаг хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Бугат тосгонд мэдээлэл гараад байршил нь унтарчихсан. Миний гар утасны байршлаар хотод байдаг хүүхэд маань шалгаж үзэхэд 89557504 гэсэн хэрэглэгч ашиглаж байгаа мэдээлэл ирсэн. ...”, “...Өчигдөр орой 99365974 дугаарын утсанаас эрэгтэй хүн яриад таны бичиг баримт хаан банк, Хас банк, Төрийн банкны виза картууд чинь Их залуу багийн гудамжинд байна гэж яриад бичиг баримтаа очиж авсан юм. Ийм учраас өөрийн гар утасныхаа имей кодоор шүүлгүүлэхээр гомдол гаргаж байна. ...”, “...Би алдсан самсунг А53 загварын гар утсыг хүлээн авсан. Үнэлгээний төлбөр болох 35,000 төгрөг, цагдаагийн газар луу таксигаар явсан төлбөр болох нийт 20,000 төгрөг нийт 55,000 төгрөг нэхэмжилж байна. ...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-р тал/,
  3. Гэрч Н.Г-ийн: “...хэргийн талаар мэдэхгүй байна. Сүүлд нөхрөөс сонсоход гар утас олсон чинь цагдаагаас залгаж байна гэж сонссон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
  4. Яллагдагч Х.П-ийн: “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цах маркет худалдааны төвийн харалдаа эхнэр Н.Ганчимэгтэй уулзахаар болж хамаатны дүүгийн машин болох **-** УЕВ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож очсон. Эхнэр маань ирээгүй байсан тул би машинаас буугаад дэлгүүр орж ундаа авч уух гээд машин замаар алхаад явж байхад газарт цэнхэр өнгийн кеистэй гар утас байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд би дэлгүүр орж ундаа авч уучхаад эргээд машиндаа суухад эхнэр Н.Г ирж уулзчихаад салаад явсан. Тухайн үед миний хүү Нямгаваагийн охин нь өвчний улмаас нас барчихсан гэдгийг сонсоод эхнэрдээ хэлэх гэж уулзсан юм. Эхнэр бид хоёр тэр өдрөө хүү Нямгаваагийн гэр болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон руу явж ач охиныхоо ажил явдалд оролцсон юм. Гар утас олсны талаар хэн нэгэн хүнд хэлээгүй байж байгаад ач охиныхоо ажил явдлыг дууссаны дараа хүү Нямгаваад “энэ гар утсыг ашиглаарай" гэж хэлээд үлдээсэн юм. Уг гар утсыг Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоноос аваад ирсэн. Одоо цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Гар утас олоход кейсэд байсан бичиг баримт болон кейсыг гар утаснаас салгаад “Хан түшээ дэлгүүрийн хаалганы завсар луу шидчихсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-р тал/
  5. “Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 242 дугаартай “...самсунг глакси А53 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 2024 оны 04 сарын байдлаар 1,056,544 /нэг сая тавин зургаан мянга таван зуун дөчин дөрвөн/ төгрөг гэж тогтоов. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 33-37-р тал/

 6. Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/3711 дугаартай “... “358999855607060” 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 49 минут 07 секундэд Н.Г ...” гэсэн албан бичиг /хх-ийн 54-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.П нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цах маркет худалдааны төв болон Арина цахилгаан барааны дэлгүүрийн дундуур машин замаар явган явахдаа хохирогч Л.Эийн эзэмшлийн Самсунг глакси А53 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Х.П нь гээгдэл хөрөнгийг завшсан үйлдэл нь:

- Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг нэг цонхны үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

              - Хохирогч Л.Эийн “...Би тэр үед өөрийнхөө гар утсыг барьж явсан тор цамц хоёрынхоо дунд нь хийгээд таксинаас буухдаа гар утсаа газар унагаачихсан байна лээ. "Цах" маркет худалдааны төв руу ороод гурилын лангуун дээрээ очиж гар утсаа байхгүй гэдгийг мэдсэн. Ингээд Цах маркет худалдааны төвийн баруун талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд дээгүүрээ саарал өнгийн богино малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй залуу яг миний таксинаас буусан хэсгийн зам дээрээс утас авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Уг залуугийн царай төрх нь сайн харагдахгүй байсан. Тэгээд өөрийн гар утсаныхаа байршлаар нь үзэхэд эхлээд 100 айл худалдааны төв, дараа нь хороолол, Дархан-Уул аймаг хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Бугат тосгонд мэдээлэл гараад байршил нь унтарчихсан. Миний гар утасны байршлаар хотод байдаг хүүхэд маань шалгаж үзэхэд 89557504 гэсэн хэрэглэгч ашиглаж байгаа мэдээлэл ирсэн...” гэсэн мэдүүлэг,

              гэрч Н.Г-ийн “...хэргийн талаар мэдэхгүй байна. Сүүлд нөхрөөс сонсоход гар утас олсон чинь цагдаагаас залгаж байна гэж сонссон. ...” гэсэн мэдүүлэг,

              “Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 242 дугаартай хохирлын үнэлгээний тайлан,

              Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/3711 дугаартай албан бичиг, Х.Пийн яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

 

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Х.Пийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Х.П нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох А-53 маркийн 1,056,544 төгрөгний үнэлгээ бүхий гар утсыг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “гээгдэл эд хөрөнгийг завшсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Хохирогч Л.Э нь шүүх хуралдаанд “гар утсаа биетээр авсан, утсаа гээгдүүлж олохоор явсан зардал 75,000 төгрөг нэхэмжлэнэ, өөр санал хүсэлтгүй” гэсэн тайлбар гаргасан бөгөөд шүүгдэгч Х.П нь гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг тус тус гаргасан тул 75,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.П нь шүүх хуралдаанаас хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сар хэсэгчлэн төлүүлэх ” гэсэн,

шүүгдэгч Х.П “тусгайлан гаргах саналгүй” гэсэн тайлбар, санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Х.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийг хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Шүүгдэгч Х.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийг хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР