Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
Хэргийн индекс | 171/2024/0229/Э |
Дугаар | 2024/ШЦТ/227 |
Огноо | 2024-05-20 |
Зүйл хэсэг | 17.4.2.1., |
Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/227
2024 05 20 2024/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “107” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2325004120*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь “А Ж И” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 11 дүгээр сард Булган аймгийн харилцагч нараас 6,433,380 төгрөг, 2023 оны 02 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А Х” хүнсний дэлгүүрээс 1,568,100 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох захиалгын барааны төлбөрийг хувьдаа завшиж “А Ж И” ХХК-д бага хэмжээнээс дээш буюу 8,001,480 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Быг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 13,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Хохирогч “эд зүйлээ хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь “А Ж И” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох захиалгын барааны төлбөрийг хувьдаа завшиж “А Ж И” ХХК-д 8,001,480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24/25 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,
- Хохирогч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай байгууллага нь 2002 онд байгуулагдсан ба “А Ж” групын импортын бизнесийн нэгж юм. Тус кампани нь өдгөө Герман, Нидерланд, Дани, ОХУ, Малайз, Сингапур, Филиппин, Вьетнам, Турк, Саудын Араб, Өмнөд Солонгос, Бразил, Болгар зэрэг дэлхийн 20 гаруй улсаас Julies, Haribo, Damla зэрэг дэлхийн брэнд болсон 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортлон Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа төлөөлөгчдөөрөө дамжуулан хэрэглэгчдэд хүргэн амжилттай ажиллаж байна. Миний бие тус байгууллагын хуулийн зөвлөхийн ажлыг хийдэг бөгөөд гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар 21-ний өдрийн б/183 дугаартай тушаалаар Ц.Б нь Орхон аймаг дахь (Эрдэнэт) салбарын түгээгч албан тушаалд манай байгууллагад ажилд орсон ба үүнээс хойш 2022 оны 03 сарын 17-ний өдөр түүнийг ажлын байрыг өөрчилж мөн тус салбарын худалдааны төлөөлөгч албан тушаалд гүйцэтгэх захирлын б/054 дугаартай тушаалаар томилсон. Ц.Б нь худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 11 сарын 27-ний өдөр Булган аймаг руу захиалга авч явахдаа тус аймгийн Хан Жаргалант, Барс булган, Дөгөм, Арвай Булган, Цах, Шино Тулга нарын дэлгүүрүүдийн тухайн сарын бүтээгдэхүүний төлбөрийн тооцоо болох нийт 6,500,000 төгрөгийг хувьдаа авч хэрэгцээндээ зарцуулсан байсан. Уг асуудлыг тус салбарын нягтлан бодогч Болортуяа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн юм. Түүний эхнэр нь П.Я нь тухайн үед уг салбарын эрхлэгчээр ажилладаг байсан. П.Яд няглан Болортуяа энэ тухай мэдэгдэн П.Я нь өөрийн автомашинаа барьцаанд тавин уг төлбөрийг гаргуулан өгсөн байна. Мөн Ц.Б нь 2023 оны 04 сарын 22-ний өдөр Эрдэнэт хотын А Х дэлгүүрийн тухайн сарын барааны төлбөр болох 1,500,000 төгрөгийг мөн хувьдаа завшсан байгууллагын зугээс уг төлбөрийг цалинтай нь дүйцүүлэн авсан. Хэдийгээр манай байгууллагын хувьд ямар нэгэн хохирол учраагүй ч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэргийн шинжтэй байна...” гэх мэдүүлэг, /хх-н 23-24-р тал/
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, бөөний дэлгүүр, 8 нэрийн дэлгүүрүүдэд амттан, хүнс, ахуй нэр төрлийн бараа нийлүүлдэг. Тэгээд тухайн сардаа харилцагч нараасаа төлбөр тооцоогоо авдаг. Тэгсэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн харилцагч нарын тооцоо орж ирэхгүй байсан. Тухайн үед би юм бодолгүй шөнийн 00 цагаас өмнө хийх юм байлгүй гэж бодоод тэр өдөр ажил тараад яваад өгсөн. 2022 оны 12 сарын 01-ний өдөр ажил дээрээ ирэхэд тооцоогоо хийгээгүй байхаар нь би Булган аймгийн харилцагч нар руу гар утсаар залгаад асуух гэтэл Ц.Б миний хувь чатаар “Өглөөний мэнд найз нь нэг юм гуйх гээд бичиж байна өнөөдөр яаралтай мөнгөний хэрэг гараад харилцагчдын тооцооноос 6 сая төгрөг цуглуулаад авчихсан байгаа, найз нь нэг дэх өдөр цалингийн зээл аваад бүгдийн хаачихна, тэр болтол хэнд ч мэдэгдэхгүй аргалах хэрэгтэй байна. П.Я мэдэхгүй байгаа шүү найз нь жоохон асуудалд орчхоод тэгээд ийм зүйл боллоо чи л мэдэж байгаа шүү гуйж байна, цагдаа шүүх ажил төрөл рүү мэдэгдэхээс өмнө шийдэх шаардлагатай байлаа дараа нь учрыг нь хэлнэ” гэх чат бичсэн. Хариуд нь би “ийм юм байж болохгүй энийг хүлээн зөвшөөрч чадахгүй ямар хариуцлагагүй юм бэ албаных бол албаных ш дээ миний шийдэх асуудал биш байна” гэж хэлсэн. Урдаас цалингийн зээл авах гээд байна төв салбараас бичиг аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би менежерт хэлээд асуудал томрохоос өмнө яах ийхээ шийд гэж хэлсэн. Энэ бага мөнгө биш бага мөнгө байсан ч ийм асуудал байж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би шууд удирдлага болох менежир П.Я-д хэлсэн чинь тайван хүлээж авсан. Тэгэхээр нь би менежер П.Я-д энэ асуудлаа өнөөдөр шийдэхгүй бол би төв салбар луу хэлнэ гэсэн. Тэгтэл менежер П.Я Ц.Б бид хоёрыг төв салбар эхнэр нөхөр гэдгийг мэдэж байгаа учраас цуг хэрэглэсэн гэж бодно, би гялс машинаа барьцаанд тавиад зохицуулчхаад ирнэ гээд нөхрөө дуудаад хамт явсан. Тухайн өдөр 16 цагийн үед банк бус санхүүгийн байгууллагад машинаа тавьсан гээд голомт банкнаас надад бэлнээр 6 сая төгрөг авч өгсөн. Тэгсэн төв салбараас над руу залгаад касс дахь мөнгө тушаа гэж хэлсэн. Тэгээд би Ц.Б, П.Я хоёроос 6 сая төгрөг аваад өөрт байсан мөнгөө нийлүүлээд мөнгөнүүдээ тушаасан. 2022 оны 11 сард тооцоо хийгээгүй байгаа Булганы харилцагчдын тооцоо, Ц.Бы над руу бичсэн чат, П.Я, Ц.Б нарын банк санхүүд машинаа барьцаанд тавьсан баримт зэрэг нотлох баримтууд байна. Энэ хоёрыг цуг хувьдаа ашигласан гэж бол хэлж мэдэхгүй байна. П.Яд би нөхөр Ц.Бы талаар байгууллагын мөнгөнөөс 6 сая төгрөг авч хэрэглэсэн байна юунд зарцуулсан юм бол гэж асуухад тайван хүлээж авахаар нь би мэдэж байгаа юм байх л гэж бодсон. Ц.Б над руу чатаар “юу вэ? Болороо яагаад чи хэлчихсэн юм бэ? П.Яд хэлж болохгүй байсан ш дээ” гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би “хэлэхээс өөр арга байхгүй энэ том асуудал би өөрөө энэ асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй шууд төв руу хэлснээс шат дараалалтай шийдье гэж бодоод хэлсэн” гэж хариултыг би өгсөн.
...А Х гэх дэлгүүр нь манайхаас бараа авсан. Тухайн авсан сардаа тооцоогоо хийж чадаагүй ажил явдал гарсан гэж байсан. Тэгээд харилцагч нарын тооцоо дууссаны дараа Ц.Бы цалин мөнгө бодогдож тойрох хуудас зурагдаж дуусах байсан. Гэтэл 2023 оны 04 сарын сүүлээр манай байгууллага хот руу тэмцээнд яваад ирэхэд А Хы тооцоо Ц.Б авчихсан байсныг тухайн дэлгүүрийн эзэн танайх аваад явсан гэж хэлэхээр нь би Ц.Баас асуухад авчихсан байсан. Удахгүй энэ мөнгийг хийнэ гэж хэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би Ц.Б руу “А Хы” тооцоог хийгээч арай хэтэрч байна ш дээ гэх чат бичихэд өнөөдөр нэг хүнээс мөнгө авах байсан боловч болсонгүй миний цалингаас хасуулж болохоор байна уу гэж хэлсэн. Тухайн өдөр П.Я хүүхэд асрах чөлөөгөө авчихсан байсан. П.Я нь 2023 оны 01 сард хүүхэд асрах чөлөө авсан. Эхнэр П.Я нь надаас манай нөхрийн цалин хөлс юу болсон юм бол надад цалин гэж авчирсангүй гэж асуухаар нь би А Хы тооцоо болох 1.500.000 төгрөг авсан цалингаас нь суутгасан гэж хэлсэн.
“....Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөгөм хүнсний дэлгүүрээс 353,960 төгрөг, Хан жаргалант худалдааны төвийн 119 дүгээр лангуун дээрээс 517,220 төгрөг, Арвай хүнсний дэлгүүрээс 709,060 төгрөг, Барс 2,043,760 төгрөг, Стар-5 гоомонгийн газраас 480,600 төгрөг, Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөнхийн ус-2 хүнсний дэлгүүрээс 898,190 төгрөг, цах маркет 213 дугаартай лангуун дээрээс 50,750 төгрөг, Эрдэнэт ембүү хүнсний дэлгүүрээс 303,210 төгрөг, Баян дулаан хаан 325,540 төгрөг, Шинэ тулга хүнсний дэлгүүрээс 301,090 төгрөг тус тус авсан байсан. Тухайн мөнгөнүүдийг Ц.Б өөрийн дансаар болон бэлнээр авсныг мэдэхгүй байна. Тухайн мөнгөнүүд нийт 6,433,380 төгрөг болж байна. Ц.Б-ы авсан мөнгөнүүдийг эхнэр П.Я нь машинаа барьцаанд тавьж байж бэлнээр манай кампанид төлсөн байгаа...” гэх мэдүүлэг, /хх-н 26-27, 29-р тал/
- Гэрч П.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр Ц.Б нь “А Ж И” ХХК-д ажиллахгүй байгаа. 2023 оны 02 сард өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Хэдийн өөрийнхөө хүсэлтээр гарсан боловч ажлаа сайжруулах чиглэлээр сануулага амаараа тухайн кампаниас өгсөн байсныг манай нөхөр надад хэлсэн. Сүүлд өөрөө хүсэлтээрээ гарсан талаараа надад хэлэхдээ хэл амгүй зүгээр ажлаасаа гар хүлээлгэж өг гэж шаардсан байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор тикрэтээ авсан. Манай кампани сар бүрийн эхний өдөр захиалгаа аваад сарын сүүл өдөр тооцоогоо авдаг юм. Тэгсэн Булган аймгийн харилцагч нараас 11 сарын тооцоогоо хийхгүй байсан. Тэгтэл манай нягтлан Болортуяа надад хэлэх зүйл байна гэхээр нь би юу болсон бэ? гэхэд Ц.Б тооцоогоо хийгээгүй байгаа харилцагч нараас мөнгөө гүйцээж аваад хийнэ гэж хэлсэн. Надаас менежерт битгий хэлээрээ би өнөөдөр гүйцээгээд төлчихнө П.Я мэдэхгүй байгаа гэх чатыг надад харуулсан. Тэгээд би нөхрөө кампиний мөнгөнөөс дутаасан талаар Болортуяагаас мэдэж авсан. Мэдсэн даруйдаа худалдааны төлөөлөгч Ц.Быг дуудаж уулзаад асуудлыг тодруулахад ламборднаас мөнгө авчихсан, авсан мөнгөө өгөхгүй болохоор нь ажил дээр чинь очно гээд дарамтлаад байхаар нь чамаас санаа зовоод харилцагчын мөнгөнөөс түр аваад өгчихсөн юм, одоо би яаралтай төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгээд би мэдээж нөхөр маань болохоор би өөрийнхөө машиныг банк бус тавиад төлбөрийг нь барагдуулсан. Тухайн асуудлыг би нуун дарагдуулаагүй харин удирдлага болох Хонгорзул гэх хүнд нягтлан Болортуяагийн хамт хэлсэн. Тэгсэн урдаас Хонгорзул худалдааны төлөөлөгч Ц.Б-д энэ удаад хатуу сануулага өгөөд өнгөрлөө цаашид ахиж ийм асуудал хүлээж авахгүй шүү гэж хэлсэн. Би нөхөртэйгээ тус кампиад орсноос хойш үерхэж нөхөрлөөд 1 жил ч болоогүй байсан. Тиймээс надад Ц.Б өмнөх өр шир, зээлээ хэлээгүй надад хэлэх шаардлагагүй байсан байх. Надаас санаа зовоод хэлээгүй гэж хэлж байсан. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Дундаасаа нэг хүүтэй болсон. Одоо эхнэр нөхөр болоод нэг гэрт амьдарч байгаа. Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багийн Дээд таур Б блокийн 302 тоотод оршин сууж байна. Манай нөхөр тус кампинад ажилд орохдоо сар болгон эрсдлийн сан гэх 100.000 төгрөг цалин дээрээсээ тушаадаг. Энэ мөнгө харилцагч тооцооны асуудал үүсгэвэл худалдааны төлөөлөгчөөс төлүүлдэг. Тэр хуримтлал болох 1.000.000 төгрөг, амралтын мөнгө, цалин зэрэг нь орж ирэхгүй байхаар нь би гайхаад нөхрөөсөө ажил хийгээд мөнгө яасан юм гэхэд А Х тооцоогоо хийгээгүй тул миний данстай холбож цалин дээрээс минь суутгаж авна гэж орон нутгийн албанаас Хонгорзул гэх эмэгтэй хэлсэн байсан. Тэгэхээр нь манай нөхөр цалин дээрээсээ сутгуулчуул би А Хоос цалингаа авна гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш 2 сар болоход ямар ч цалин хөлс аваагүй. Кампаниас яг мэдсэн өдрөө л нөхөр маань барагдуулсан. А Х-ы 1.500.000 төгрөгийг цалин дээрээс нь авчихсан одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 31-32-р тал/
- Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн этгээдийн нэр нь “Цэмэс” нэртэй. ...А Ж И ХХК-аас чихэр пичень, майонез, туна загас гэх мэт хүнсний зүйл захиалж авдаг. ...А Ж И ХХК-аас түгээгч гэх адбан тушаалтай хүн ирдэг. Манай захиалсан барааг хүргэлтээр түгээгч авчирдаг. ...данс, бэлэн мөнгө хосолдог. Янз бүрээр төлбөр тооцоо хийдэг...” гэх мэдүүлэг, /хх-н 35-р тал/
- Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх “А Ж И” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 706,900 төгрөгийн бараа аваад 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Бы хувь дансаар тооцов гэсэн бүртгэл байна. ...авсан барааны тооцоогоо Ц.Б гэдэг хүний хувь дансаар тооцов гэсэн дэвтэр дээрх бүртгэл байгаа болохоор ямар данс байсан гэдгийг санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-н 49-50-р тал/
- Яллагдагч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сард “А Ж И” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа харилцагчдын худалдан авсан барааны төлбөр болох мөнгийг 11 дүгээр сарын 22-оос 11 дүгээр сарын 31-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн дансаар болон бэлнээр авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан. ...Энэ төлбөр тооцоог сар хэтэрсэн үндэслэлээр миний цалингаас хасна гэж хэлсэн. Тухайн үед “А Х” хүнсний дэлгүүрийн эзэн болох нөхөр нь ирээд тооцоогоо авчих гэхээр нь би очоод 1,568,100 төгрөгийг авсан. Тэгээд уг төлбөрийг миний цалин дээрээс авна гэсэн болохоор би тухайн мөнгийг өгөөгүй өөртөө зарцуулсан. Өмнө бас харилцагч нарт төлбөр тооцоогоо хийхгүй хэтрүүлсэн тохиолдолд миний цалингаас авдаг байсан болохоор би “А Х” хүнсний дэлгүүрийн 1,568,100 төгрөгийг бэлнээр авсан юм. Тухайн үед миний цалинг олгохгүй хаачихсан байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-н 31-р тал/
- Ц.Б болон Б.Б нарын фэйсбүүк чатаар харилцсан мессежний хуулбар, /хх-н 91-98-р тал/
- “А Ж И” ХХК-ийн харилцагчдын авлагын тооцооны тайлан, /хх-н 101-102-р тал/
- “А Ж И” ХХК-ийн Ц.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд, ажлын байрны тодорхойлолт, /хх-н 103-112,127-128-р тал/
- Ц.Бы эзэмшлийн Хаан банкны 5090578603 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-н 15-17-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон “ Ц.Бы А Ж И” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох захиалгын барааны төлбөрийг хувьдаа завшиж “А Ж И” ХХК-д 8,001,480 төгрөгийн хохирол учруулсан” хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Ч нь “...шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн ба шүүгдэгч Ц.Б нь хохирогчид учирсан 8,001,480 төгрөгийн хохирлыг буцаан төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Б-ыг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ял дээр шүүгдэгч Ц.Б-д 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 9,440 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,440,000 төгрөгийн торгох ялыг нэмж нийт 22,440 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 22,440,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР