Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/279

 

2024    06          17                                        2024/ШЦТ/279

                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **-** УНТ улсын дугаартай Тоёота королла филдер маркийн тээврийн  хэрэгслийг 2,07 хувийн согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасахыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

- Согтуурал шалгасан баримт /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

- Иргэний нэхэмжлэгч З.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангайн бүс худалдааны төвийн урд талын зам дээр явж байтал урд талд буюу 2 дугаар эгнээнд **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэг машиныг мөргөчихсөн зогсож байснаа шууд хөдлөөд нэгдүгээр эгнээнд явж байсан миний машины зүүн талаас мөргөж урд кырлогоос хойш 2 хаалга, хойд кырлоог мөргөөд зам тээврийн осол гаргасан. Тэгээд миний машиныг мөргөсөн гэх жолооч машинаасаа бууж ирснээ яадаг юм 2 машин мөргөө л биз гэж хэлээд хүнтэй утсаар ярьчихаад шууд машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн жолооч нилээд согтчихсон байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангайн бүс худалдааны төвийн урд талд буюу 2 дугаар эгнээнд **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шууд хойноос ирээд  мөргөчихсөн. Тэгээд би шууд машинаасаа буугаад ямар машин миний машиныг мөргөчихсөн юм бол гээд шууд ослын дохиогоо асаагаад буугаад очтол машинаа хөдөлгөөд шууд яваад өгсөн. Тэгээд цагдаа дуудчихаад байж байтал 10 гаруй минутын дараа буцаад миний  машины хойно эргэж ирээд зогсчихоод бас л машинаасаа буулгүй 1 дүгээр эгнээ рүү орох гэж байхдаа приус 40 тээврийн хэрэгслийг бас мөргөчихөөд яваад өгсөн. Тэгээд дахиж буцаж ирээгүй. Миний машиныг мөргөсөн жолооч нэлээн согтуу юу хийж байгаагаа мэдэхгүй байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгээд хотын төвийн чиглэлд явж байтал 13 цагийн үед 7035102 дугаарын утаснаас барааны захын урд талд 2 машиныг согтуу жолооч мөргөчихөөд зугтчихлаа гэсэн дуудлагын дагуу очиход мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл байхгүй мөргүүлсэн гэх 2 машины жолооч байж байсан. Тэгээд болсон хэргийн талаар тодруулахад мөргөсөн машин нь аюулгүйн тойрог өнгөрөөд явсан гэж хэлсэн. Тэгээд тухайн машины гэрийн хаягаар нь очиход Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 1 дүгээр гудамжинд буюу гэрийн гадаа машинаа байрлуулчихаад гэр рүүгээ орчихсон байсан. Тэгээд гэр рүү нь орсон чинь согтуу жолооч буюу Д.Б гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би яагаад ослын газраас явсан юм бэ гэхэд согтуу юм чинь явахгүй яах юм гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар ирээд Д.Бийг машин жолоодох эрхтэй эсэхийг шалгахад 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаагаар машин жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 2,07 хувийн согтолттой байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

- Гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Д.Б тухайн өдөр ажлаасаа буугаад гэртээ амарч байна гээд л архи уугаад байж байсан. Тэгээд би боль гэхэд огт тоохгүй ууж сууж байгаад машинаа бариад гэрээс гараад яваад өгсөн. Би явуулахгүй гэсэн боловч намайг огт тоолгүй согтуу машинаа бариад явсан. Тэгээд нэг их удалгүй барааны захын урд талд 2 машин мөргөж осол гаргасан байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,

- Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 873 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,

- Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “…2024 оны 05 дугаар сарын 14-ний өглөө би ажлаасаа буугаад гэртээ харих замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад гэртээ орсон. Тэгээд ажлаасаа буусан юм чинь сайхан гэртээ амарна гэж бодоод хоол унд идчихээд нэг шил архиа жижиг өрөөндөө ороод ээж ааваас нуугаад ганцаараа талыг нь уучихсан. Тухайн үед би согтчихоод гэрийн гүйдэг хаалганы түгжээг 100 айл орж харчихаад байхгүй болохоор нь харих гэж яваад бараан захын урд талын зам дээр утсаараа хүнтэй ярих гэж байгаад урд явж байсан машиныг мөргөчихсөн. Тэгээд шууд сандраад цаашаа яваад аюулгүйн тойрог тойроод явж байгаад буцаж нөгөө машины хойно нь очиж зогссон чинь уг машины жолооч нэлээн уурлаад байхаар нь нөгөө эгнээ буюу нэгдүгээр эгнээ рүү байрлал солих гэж байгаад дахиад нэг машиныг мөргөчихсөн...2.07 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

- Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн матераилаас хуулбарласан баримтууд /хавтаст хэргийн 61-70 дугаар тал/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон түүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, зөрчлийн 0536208 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байна. Иймд Д.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй, прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

          Мөн прокуророос шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналыг танилцуулж, шүүгдэгч зөвшөөрсөн байх ба шүүхээс Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасныг тус тус баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Бид 1 жилийн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадалагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, “гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг, хязгаарлалтыг тогтооно” гэж, 7.2 дугаар зүйлд “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” тус тус зааж өгчээ.

          Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцлийг харгалзан оногдуулсан ял дээр албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хуульчлагдсан боловч энэ нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тохиолдолд хэрэглэгдэхээр байна. Учир нь албадлагын арга хэмжээний хугацааг тэнссэн, хойшлуулсан хугацаагаар тогтоож тооцохоор зохицуулсан, бусад ялаар шийтгүүлсэн хүн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хэрхэн ял оногдуулах байдал тодорхойгүй, хэрэглэх боломжгүй зэрэг хууль хэрэглээний нарийвчлан тусгагдаагүй байдлуудыг харгалзан цаашид дээрхээс өөр төрлийн ял оногдуулсан хүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэл муутай болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

         

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг ял оногдуулсан үеэс эхэлж тоолохыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР