Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2024/00200

 

С.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01319 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01169 дүгээр магадлалтай,

С.Д-ын нэхэмжлэлтэй

“МБ” ХХК, “АС” ХХК, Б.Э нарт холбогдох

Гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын хөлс, хохирол, алдангид нийт 400,344,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2021.08.26-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “АС” ХХК, Б.Э нарын өмгөөлөгч М.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч “МБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, өмгөөлөгч Ш.А, хариуцагч “АС” ХХК, Б.Э нарын өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.Д нь “МБ” ХХК, “АС” ХХК, Б.Э нарт холбогдуулан гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын хөлс, хохирол, алдангид нийт 400,344,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, 2021.08.26-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01319 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б.Э-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 189,746,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 210,598,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Д-т холбогдох хариуцагч “МБ” ХХК-ийн “2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар тус тус нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,159,670 төгрөг, хариуцагч “МБ” ХХК-ийн төлсөн 3,778,318 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МБ” ХХК-аас тэмдэгтийн хураамжид 1,106,680 төгрөг, шинжээчийн зардал 5,000,000 төгрөг, нийт 6,106,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/00807 дугаар захирамжид заасан “ИДК” ХХК, Б.Э нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон, 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 182/ШЗ2023/02590 дугаар захирамжид заасан Ч дүүргийн, *** хороо, *** хаягт байрлах, “МБ” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон, 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 182/ШЗ2023/04515 дугаар захирамжид заасан “АС” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тус тус арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01169 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01319 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн ...” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6,” гэж нэмж, “... 210,598,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “210,598,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “МБ” ХХК, “АС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,106,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч “АС” ХХК, Б.Э нарын өмгөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийн дагуу хийсэн 2023.09.20-ны өдрийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шүүх хуралдаанд хүсэлт гаргаж, шүүгчийн 182/ШЗ2024/2666 дугаартай захирамжаар нэмэлт шинжээч томилсон ба уг захирамжийн 4 дэх заалтад “...шинжээч дүгнэлт гаргах ажиллагаанд нэхэмжлэгч С.Д-ыг өөрийн биеэр ..., “МБ” ХХК-ийн захирал Ц.Б-г өөрийн биеэр, ...хариуцагч Б.Э-г өөрийн биеэр ...оролцуулсугай...” гэж тусгасан. Гэтэл хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛҮ” ХХК дүгнэлт гаргахдаа уг заалтыг биелүүлээгүй, маргаан бүхий хувийн сууцанд огт үзлэг хийгээгүй, өмнөх 2023.09.20-ны дүгнэлтийн хүрээнд хийсэн үзлэгийг баримтлан дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй болж чадаагүй.

...давж заалдах шатны шүүх “...шинжээчийн дүгнэлт худал, буруу гарсан гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нар нь тус дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй. Анхан шатны шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа шинжээчийн эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан, процессын алдааг залруулсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй...” гэж гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж, харин хэргийн оролцогчийн захирамжийн биелэлт хангуулахтай холбоотой хүсэлтийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй.

2023.05.10-ны өдөр “шинжээчээс асуух асуудал” гэсэн албан бичгийг шүүхэд өгсөн ба “...2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч “МБ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар, ямар материалаар ажлыг хийж гүйцэтгэсэн болох, ажлын хөлс болон материалын зах зээлийн үнэ, тухайн ажлуудад доголдол байгаа эсэх, доголдол байгаа бол ямар зардлаар засварлах, “МБ” ХХК-ийн гүйцэтгээгүй ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн гэх ажил нь ямар өртөгтэй эсэхийг тодруулах ... нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад буй барилгын таазны ажлууд чанарын шаардлага хангаагүй, паркетан шалыг буруу угсарсан, хана, таазны зарим хэсэг хагарал үүссэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. 2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд дурдсан ажлууд нь ямар өртөгтэй болохыг тогтоох...” гэсэн агуулгаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүссэн ч анхан шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн 2023.05.10-ны өдрийн дээр дурдсан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

...хэрэгт авагдсан 2024.03.04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛҮ” ХХК-ийн дүгнэлтийг үнэн зөв гэж 2 шатны шүүх үнэлж, улмаар Б.Э-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг дүгнэлтэд дурдсанаар 198,527,355 төгрөг гэж тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Тодруулбал, дээр дурдсан туслан гүйцэтгэгчийн зарим ажил болох барилгын нураалтад 9,600,000 төгрөг, шал цутгалтад 68,580,000 төгрөг, хаалганд 10,800,000 төгрөг, нийт 88,980,000 төгрөгийн ажлыг шинжээчийн дүгнэлтэд оруулж тооцоогүй. Хэрэв шүүгчийн 182/ШЗ2024/02666 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 4-т заасныг биелүүлж, Ц.Б, Б.Э нарыг биечлэн оролцуулсан бол дээрх 88,980,000 төгрөгийн ажлыг дүгнэлтэд тусгах боломжтой байсан. Дээрх агуулгаар хариуцагч нарын өмгөөлөгчийн 2024.03.27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан захирамжийн биелэлт хангуулахтай холбоотой хүсэлтийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн эсэхийг тогтоох үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлж чадаагүй бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх талаарх зохицуулалтыг зөрчсөн.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны зүйл болох ажил гүйцэтгэгч гэрээний дагуу ямар хэмжээний ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөн, дутуу ажлын тоо хэмжээ, доголдолтой эсэх асуудлыг тогтоохтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар явуулж чадаагүй, улмаар энэхүү ноцтой зөрчил нь хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох мөнгөн хөрөнгийн хэмжээнд шууд нөлөөлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна.

...Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч “АС” ХХК, Б.Э нарын өмгөөлөгч М.Ц-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.04-ний өдрийн 001/ШХТ2024/00931 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч “АС” ХХК, Б.Э нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

7.Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “ИДК” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон боловч “МБ” ХХК-аар сольж, улмаар хамтран хариуцагчаар Б.Э, “АС” ХХК-ийг татан оролцуулжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “ЗМ” ХХК, М.С нарыг татан оролцуулсан ба эдгээр гуравдагч этгээдүүд нэхэмжлэгчийг дэмжсэн байр суурийг илэрхийлжээ.

8.С.Д нь хариуцагч “МБ” ХХК, Б.Э, “АС” ХХК-д холбогдуулан хариуцагч нарыг гэрээнд заасан ажлыг дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэх үндэслэлээр гүйцэтгээгүй ажлын хөлс, материалын үнэ 189,746,000 төгрөг, хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 400,344,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан.

9.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хувийн сууцандаа засварын ажил гүйцэтгүүлэхээр Б.Э-тэй тохиролцож, түүнд 709,353,462 төгрөгийг дансаар шилжүүлсэн ... үүнээс 316,253,462 төгрөгөөр засварын ажилтай хамааралгүй бараа материал авсан ... үлдэх 393,100,000 төгрөгөөр Б.Э нь засварын ажлыг гүйцэтгэж, 2022 оны 10 дугаар сард ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ... засварын ажил 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 12 сар хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй, доголдол илэрсэн тул ажлыг дуусгах зорилгоор 2022 оны 08 сард нөхөж Б.Э-ийн “АС” ХХК, “ИДК” ХХК-тай бичгээр гэрээ байгуулсан ... Б.Э өөрийгөө тус компанийн захирал гэж танилцуулсан ... компани болон иргэнтэй хэн алинтай нь амаар болон бичгээр гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр төлсөн ... хэлцэл байгуулагдаагүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй ... тэдгээрийн дутуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь илүү төлсөн мөнгөн хөрөнгөтэй нийлж байгаа ... мөн гэрээний хугацаанд дулааны шугам эвдэлсэн, тааз хагарсан, өрөө хоорондын дулаалгын ажлыг бүрэн хийгээгүй, мөн технологи зөрчиж паркетан шалыг угсарсны улмаас 100 м.кв шалыг эвдэлж хохирол учруулсан, бичгээр байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан...” гэсэн байна.

10.Хариуцагч “МБ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” гэж сөрөг шаардлагыг гаргахдаа “...Б.Э-тэй тохиролцоод 263,000,000 төгрөг хүлээн авч, иргэн М.С-ийн сууцанд 31,472,041 төгрөгөөр материал, 10,856,303 төгрөгөөр хаалга, 9,600,000 төгрөгөөр нураалтын ажил, 68,583,850 төгрөгөөр шал цутгалтын ажил, 103,783,540 төгрөгөөр заслын ажил нийт 198,883,564 төгрөгийн ажил хийсэн, 38,000,000 гаруй төгрөг нь компанийн ашиг байсан, нэхэмжлэгч С.Д-тэй амаар болон бичгээр гэрээ байгуулаагүй, ...нэхэмжилж буй 189,000,000 төгрөгийг Б.Э хариуцах үүрэгтэй ... бичгээр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь хууль зөрчсөн, учир нь Б.Э нь “ИДК” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна...” гэж,

хариуцагч Б.Э, “АС” ХХК татгалзлын үндэслэлээ “...С.Д-тэй сууцанд засварын ажил хийхээр тохиролцож өөрийн дансаар 709,353,462 төгрөг хүлээн авсныг маргахгүй ... үүнээс 316,253,462 төгрөгөөр материал худалдан авсан гэдгийг зөвшөөрнө ... засварын ажлын 393,100,000 төгрөгөөс 189,746,000 төгрөгийг хийгээгүй ажлын үнэ гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй ... Б.Э зах зээлээс харилцагч олж гэрээ байгуулах, “МБ” ХХК-ийн захирал Ц.Б засварын ажлыг биечлэн гүйцэтгэхээр тохиролцож хамтран ажилладаг байсан ... иймд нэхэмжлэгч С.Д-тэй эхэлж Б.Э хэлцэл байгуулж, хийж гүйцэтгэх ажил үүргээ тохиролцсоноор нийт 709,000,000 төгрөг хүлээн авснаас сууцанд хийх засварын ажлын хөлс 393,100,000 төгрөгийг Ц.Б болон түүний ажилтан руу бүрэн шилжүүлсэн тул хариуцахгүй, үүнийг “МБ” ХХК-ийн Ц.Б хариуцна..., нэхэмжлэгч нь сууцанд хийж гүйцэтгээгүй ажлын хэмжээг бодитоор тогтоогоогүй ... ажил гүйцэтгэх явцад илэрсэн доголдлыг засварласан гэх баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.

11.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б.Э-ээс 189,746,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д-т олгож, үлдэх нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Д-т холбогдох хариуцагч “МБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба С.Д болон Б.Э нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, харин С.Д, нөгөө талаас “МБ” ХХК, “АС” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.08.26-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ бодитоор хэрэгжээгүй, эдгээр талуудын хооронд гүйцэтгэх ажлын нэр төрөл, хөлс төлөх журам, ажил гүйцэтгэх хугацаа зэрэг гэрээний гол нөхцөлийг тохиролцсон байдал тогтоогдоогүй, “МБ” ХХК нь туслан гүйцэтгэгч бөгөөд Б.Э-ийн өмнө үүрэг хүлээсэн тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй,  шинжээч “ЛҮ” ХХК гүйцэтгэсэн ажлын хэмжээ 198,527,355 төгрөг, гүйцэтгээгүй үлдсэн ажлын хэмжээг 194,572,645 төгрөг болохыг тогтоосон баримтад тулгуурлан хариуцагч Б.Э-т холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, шийдлийг үндэслэлтэй гэж үзжээ.

12.Шүүх нэхэмжлэлээс “хохирол, алданги гаргуулах шаардлага”-ыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч С.Д, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч “МБ” ХХК тус тус гомдол гаргаагүй тул диспозитив зарчмын хүрээнд энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

12.1.Нэхэмжлэгч С.Д хариуцагч Б.Э нар 2022 оны 03 дугаар сард Х дүүргийн *** хороо *** байрлах 1003 м.кв талбайтай, М.С-ийн өмчлөлийн хувийн сууцанд засварын ажил хийхээр амаар тохиролцон, Б.Э нь гэрээнд заасан 1003 м.кв талбайтай хувийн сууцанд ханын ажил, таазны ажил, сангийн ажил, туслах материал, шалны ажил зэрэг нийт 6 төрлийн ажлыг 369,962,300 төгрөгөөр гүйцэтгэхээр төсөв зохиосныг /1хх-18/ захиалагч болох С.Д зөвшөөрснөөр Б.Э-ийн дансанд 2022.03.23-2022.10.30-ны хугацаанд 709,353,462 төгрөг шилжүүлж, үүнээс 316,253,462 төгрөг нь материалын зардал, 393,100,000 төгрөг нь ажлын хөлс болохыг зохигч маргаагүй бөгөөд талууд гүйцэтгээгүй ажлын хэмжээ, хөлсийг маргасан талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хоёр шатны шүүх гэрээний төрөл, гэрээний талууд, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 343, 347 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд (туслан гүйцэтгэгч)-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж зааснаар ажил гүйцэтгэгч Б.Э нь туслан гүйцэтгэгч ажиллуулж болох бөгөөд туслан гүйцэтгэгч нь Б.Э-ийн өмнө үүрэг хүлээх учир “нэхэмжлэлийг МБ ХХК хариуцна” гэх түүний татгалзал хуулийн үндэслэлгүй байна. “МБ” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр болон хуулиар үүрэг хүлээгээгүй бөгөөд гэрээний тал болох Б.Э-тэй үүргийн харилцаатай юм.

12.2.Шүүх “ЛҮ” ХХК-ийн 2023.09.20, 2024.03.04-ний өдрийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна. /2хх-162-186, 3хх-88-101/

Шүүх зохигчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилсон байх ба “ажил гүйцэтгэгч хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн” гэх асуулт нь маргааны үйл баримтад чухал ач холбогдолтой байсан. Учир нь талууд ажил хүлээлцээгүй бөгөөд шинжээч талуудыг биечлэн оролцуулах нөхцөлийг хангаж, үүнд хариуцагч өөрөө ирээгүй, түүний өмгөөлөгчийг бусад оролцогчийн хамт байлцуулан гүйцэтгэсэн засварын ажлыг хэмжиж, материалын болон ажлын хөлсний тооцоог гаргасан байна. Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт байхгүй байв. Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлыг шинжээчийн дүгнэлтээс өөр баримтаар нотлоогүй тул шүүх уг баримтад үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шилжүүлсэн 393,100,000 төгрөгөөс материал, ажлын хөлсийг тооцоход 203,354,000 төгрөгийн ажил хийгдсэн, харин 189,746,000 төгрөгийн ногдох ажил болон материал дутуу байгаа гэж шаардлагаа тодорхойлсон бол шинжээч гүйцэтгэсэн ажил 198,527,355 төгрөг, гүйцэтгээгүй ажлын хэмжээг 194,572,645 төгрөг гэсэн дүгнэлт гаргажээ.

Хариуцагч “МБ” ХХК нь Б.Э-ээс 263,000,000 төгрөг хүлээн авч,уг сууцанд нийт 198,883,564 төгрөгийн ажил хийсэн, 38,000,000 гаруй төгрөг нь компанийн ашиг гэсэн тайлбар, баримт гаргасан нь шинжээчийн дүгнэлттэй тохирсон байв.

Хариуцагч Б.Э нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01169 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “АС” ХХК, Б.Э нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Б.Э-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.19-ний өдөр төлсөн 1,106,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА