Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 925

 

 

 

 

                                                                                                                                   

 

 

 

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1711 00602 0074 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 А овгийн Б-ийн Б, 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АЮ.........../;

Б.Б нь “20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллана, 10 хувийн хүү өгнө” гэсэн зар хэвлэлд гарган, өөрийгөө олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг гэж танилцуулж, хөрөнгө оруулснаар их хэмжээний ашиг олох боломжтой мэтээр хуурч, “...талууд олон улсын хөрөнгийн зах зээлд оролцохдоо ...маржин арилжааны тусгай дансыг ашиглан олон улсын валют, үнэт металл, индексүүд болон нефтийн бүтээгдэхүүний онлайн арилжаа хийнэ. ...оруулсан хөрөнгийн 10 хувь буюу 5000 ам.долларыг сар бүр арилжааны өгөөж болгон авна. ...гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг дансанд нь бүрэн шилжүүлсэн байна.” гэх утга бүхий хамтран ажиллах гэрээгээр төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace Mall” худалдааны төвийн байранд А.Гантулгаас 50.000 ам.долларыг залилан авч, 114.483.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Б-ыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас нийт 96.483.500 төгрөгийг гаргуулан хохирогч А.Гантулгад олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б-ын А.Гантулгыг залилсан гэх үйлдэл нь дараах нөхцөл байдал, нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.

“Хамтран ажиллах гэрээ” байгуулахаас өмнө А.Гантулга, Б.Б нар хэд хэдэн удаа уулзаж саналаа солилцож байсан ба энэ талаар хохирогч мэдүүлсэн байдаг. Гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрсдийн сонирхолоороо нэгдэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж харилцан ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан байна. Ашиг хуваах зарчим үйлчилж байгаа тохиолдолд эрсдэл, алдагдлаа хамтран хариуцах ёстой. “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-д зорилгоо тодорхойлсон, 2.1-д “хамтын ажиллагаа нь ашгийн төлөө байх”, 2.3-т “Fx Pro брокерийн 5085900 тоот дансыг ашиглан ...онлайн арилжаа хийх” талаар дурьдсан байдаг. Хэн алиных нь хүсэл зоригоор хийгдсэн ашиг олох зорилготой байсан гэдэг нь тодорхой харагддаг. Үүнээс үзэхэд Б.Б А.Гантулгыг хуурч мэхлэн хамтран ажиллах гэрээгээр төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй. А.Гантулгаас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулаагүй. Түүний зөвшөөрснөөр данс нээж бүртгэлд хамрагдан онлайн арилжаанд оролцсон байдаг. Эрсдэлд орсныг хэн аль нь мэдсэн байхад үүнийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэрээний 3.3.1 дугаар зүйлийн 4-т Б тал буюу хөрөнгө оруулсан А.Гантулга хөрөнгө оруулсны өгөөж авахаар тусгасан байна.

А.Гантулгаас авсан 50.000 ам.долларын 15.000 ам.долларыг Б.Б гэрээний 2.3-т заасан 5085900 тоот дансаар арилжаанд оруулж, ашиг гэж А.Гантулгад 8.000 ам.доллар буюу 18.000.000 төгрөгийг өгчээ.

Хэргийн 61-62 дугаар хуудсанд гэрч С.Шинэболдын “...брокерийн үйлчилгээ үзүүлдэг компанийн валютын арилжаа хийдэг вэб сайтад бүртгүүлэн мөнгө байршуулан тэр мөнгөөрөө ашиг олох үйлчилгээнд хамрагдсан, бүх мөнгөө арилжаанд оруулж алдсан” талаар мэдүүлжээ.

Хэргийн 29 дүгээр хуудсанд, Б.Б-ын дансанд үзлэг хийсэн байх ба гэрч С.Шинэболдын мэдүүлэг давхар нотлогдсон, арилжаа хийсэн баримтууд мөн авагдсан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Б-ын үйлдлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хяналгүйгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулахыг өөртөө бий болгож, буцаан өгөхгүй, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байхыг хуульчилсан. Иймд дээрх үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд бага насных /9 нас, 3 нас, 9 сартай/ тул эхнэр маань хүүхдүүдээ харж асран, би ажил хөдөлмөр хийж ар гэрээ тэжээдэг юм. Миний бие энэхүү ажлаа сүүлийн 10 гаран жил судлан мэдлэг чадвар, туршлагаа бие даан болон холбоотой байгууллагуудад ажиллаж, мөн шаардлагатай сургалтуудад хамрагдан бага багаар ахин хөгжүүлж ирсэн ба Олон улсад 200 гаруй жилийн түүхтэй бизнесийн загвар болох Хөрөнгө оруулалтын сан түүн дотроо “Хедж сан” гэх байгууллага бий болгох алс хэтийн зорилготойгоор эхлэж байх үед А.Гантулга нь хамтран ажиллаж цаашид хөгжүүлэн, хувьцаа эзэмшигч болно гэж санаагаа илэрхийлэн уг бизнесийн талаарх ашигтай болон эрсдэлтэй бүх үйл явцыг нарийн судалж мэдсэн бөгөөд өөрөө ч энэ чиглэлээр сонирхдог, мөн тодорхой мэдлэгтэй хэмээн хамтран ажиллах гэрээг өөрийн хуульчаар шалгаж нягтлуулсан гээд тохиролцон хамтарсан болно. Б.Б би өөрийн амьдралдаа эцэг, эхээс олгосон чухал хүмүүжил болох шударга, үнэнч байх гол ноён нуруу болсон зарчмыг өнгөрсөн амьдралдаа алдалгүй мөрдлөг болгон ирсэн, мөн хойшид ч хазайлгүй явах болно гэдэгтээ итгэлтэй байдаг. Иймд анхан шатны шүүхээс намайг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг асуудлыг Иргэний хуулиар шийдвэрлүүлэх бололцоо олгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чимгээ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Б.Б-ыг гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Гантулгаас мөнгө авахдаа “маржин арилжааны тусгай данс ашиглаж олон улсын валют, үнэт металл, индексүүд болон нефтийн бүтээгдэхүүний онлайн арилжаа хийнэ. Оруулсан хөрөнгийн 10 хувь буюу 5.000 ам.доллар болгоныг сар болгон буцааж өгнө. Гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор анх оруулсан үндсэн хөрөнгийг дансанд нь шилжүүлсэн байна” гэж хэлээд 50.000 ам.долларыг нь авсан. Хохирогч А.Гантулга мэдүүлэхдээ “Б.Б надад итгэл үнэмшил төрүүлж, урьд нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байсан, олсон ашиг нь энэ байна гэх зэргээр маш их баримт бичиг үзүүлсэн. Иймээс ашиг олох зорилгоор мөнгө өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл А.Гантулгын өгсөн 50.000 ам.доллароос 15.000 ам.долларыг онлайн дансанд байршуулж, үүнээс Б.Б ашиг олоогүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Олон улсын маржин арилжаагаар хийгдэж байгаа бизнес нь маш их эрсдэлтэй. Банкаар дамжуулж хийж байгаа тохиолдолд банкинд эрсдэлийн сан үүсгэж байж хийдэг үйл ажиллагаа. Гэтэл Б.Б нь ийм төрлийн мэргэжилгүй, ойн инженерийн мэргэжилтэй, хүний нөөцийн академид хүний нөөцийн мэргэжлээр суралцаж байсан. Мэргэжлийн бус хүн байлаа гэхэд энэ талаар туршлага хуримтлуулсан баримт байхгүй. Ийм эрсдэлтэй бизнесийг ямар ч эрсдэлгүй мэтээр хохирогчид ойлгуулж, 50.000 ам.долларыг нь шилжүүлэн авсан. Энэ мөнгөнөөс 35.000 ам.долларыг өөртөө захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг залилах гэмт хэрэг гэж үзсэн. Хэрэв төөрөгдсөн гэрээ хэлцэл гэж үзвэл тухайн гэрээ хэлцэл ямар нэгэн байдлаар буцаж сэргээгдэх боломжтой байдаг. Гэтэл энэ хэлцлийн хувьд тийм зүйл байхгүй. Иймд Б.Б-ын үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэн ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Б нь “20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллана, 10 хувийн хүү өгнө” гэсэн зар хэвлэлд гарган, өөрийгөө олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг гэж танилцуулж, хөрөнгө оруулснаар их хэмжээний ашиг олох боломжтой мэтээр хуурч, “...талууд олон улсын хөрөнгийн зах зээлд оролцохдоо ...маржин арилжааны тусгай дансыг ашиглан олон улсын валют, үнэт металл, индексүүд болон нефтийн бүтээгдэхүүний онлайн арилжаа хийнэ. ...оруулсан хөрөнгийн 10 хувь буюу 5000 ам.долларыг сар бүр арилжааны өгөөж болгон авна. ...гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг дансанд нь бүрэн шилжүүлсэн байна.” гэх утга бүхий хамтран ажиллах гэрээгээр төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace Mall” худалдааны төвийн байранд А.Гантулгаас 50.000 ам.долларыг залилан авч, 114.483.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Гантулгын “...2016 оны 9, 10 дугаар сарын үед сонин дээрээс 20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагч хайж байна, сарын 10 хувийн хүү өгнө гэсэн зар байхаар нь утасдахад “та компани дээр ирээд уулзахгүй юу” гэсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Реасе Мall” худалдааны төвийн 9 давхарын оффист уулзахад Б.Б нь өөрийнхөө компанийг “манайх гадаад орнуудаас хөрөнгө босгодог, арилжаа хийдэг, олон хүнтэй ажилласан чинь хэл ам ихтэй юм байна, их мөнгөтэй цөөхөн хүнтэй ажиллавал надад амар” гэсэн. Хөрөнгө оруулалт хийх юм бол тэр мөнгөөр олон улсын хөрөнгийн бирж дээр унасан хувьцааг бага үнээр худалдаж аваад их үнээр зарж дундаас нь ашиг олдог. Би “ХААН” банкинд ажиллаж байхдаа ийм аргаар их мөнгө хийсэн. Одоо хувиараа хийж байгаа гэсэн. Тэгээд 50.000 ам.доллар хийх юм бол 3 сар хамтарч ажиллаад сард 10 хувийн хүү буюу 5000 ам.доллар өгнө гэсэн. Тэр өдрөө би шийд хэлэлгүй бодож байж болъё гээд явтал маргаашаас нь Б.Б утасдаад нэг кафед уулзахад “өмнө нь хөрөнгө оруулалт хийсэн хүмүүстэйгээ ингэж хамтарч ажиллаад ашгаа ингэж өгч байсан” гээд баримт үзүүлээд надад итгүүлэх гээд байгаа юмуу, ойлгуулах гээд байгаа юмуу яриад байсан. Би тэр баримтыг нь сайн анзаарч хараагүй. Тэгээд дахиад утасдаад байхаар нь за яахав 50.000 долларын хөрөнгө оруулалт хийе, чи итгэлтэй сайн ажиллаарай гэсэн. Би тэр үед өөрийнхөө “Бенз жи” машиныг 70.000 ам.доллароор зарчихсан байсан болохоор 50.000 ам.долларыг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад Б.Б-ын дансанд шилжүүлсэн. Тэгээд сарын дараа утасдахад “өнөө, маргаашгүй мөнгө орж ирнэ, танд мөнгө өгнө” гэсэн. Тэгээд өчнөөн удаа залгуулж байж 15 билүү 16 сая төгрөг өгсөн. Бүр сүүлд нь 2 сая төгрөг өгөөд, одоо хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, тэгэхээр өгнө гэхээр нь би бүр аргаа бараад “хүүгээ ч больё, өгсөн мөнгөө хасаад, үлдсэн мөнгийг маань өгчих” гэхэд одоо болтол өгөөгүй л байна. Б.Б-тай тооцоо нийлэхэд 18.000.000 төгрөг надад өгсөн байсан. 50.000 ам.доллар буюу 114.483.500 төгрөгөөс 18.000.000 төгрөгийг хасаад 96.483.500 төгрөг нэхэмжилж байна. Урьд нь 7 жил ийм ажил хийсэн гэж намайг итгүүлсэн. Хөрөнгийн биржийн өсөлт, уналт гээд л нэг юм дэлгэцэн дээр үзүүлээд өнөөдөр гэхэд л би 10.000 ам.доллар олчихлоо, та энийг харж байна уу, их ашигтай өдөр байна гээд нэг юм харуулаад байсан. Түүний ярьж байгаачлан ашиг олоод байгаа юмуу, үгүй юмуу гэдгийг бол би мэдэхгүй байсан. ...” /1хх 47-53/,

гэрч С.Шинэболдын “...Би Монголын хөрөнгийн биржид хяналт, шинжилгээний албаны мэргэжилтнээр ажилладаг. “www.fxpro.com” вэб сайт нь Англи улсад бүртгэлтэй брокерийн үйлчилгээ үзүүлдэг, компаний валютын арилжаа хийх зориулалттай вэб сайт юм. Энэ вэб сайтад бүртгүүлээд тодорхой хэмжээний мөнгө байршуулан тэр мөнгөөрөө олон улсын валютуудыг авах, зарах байдлаар ашиг олох боломжтой үйлчилгээ байгаа юм. Жишээ нь, “www.fxpro.com” вэб сайтад өөрийн e-mail хаягийг ашиглан бүртгэл үүсгэхэд бүртгэл дээр данс нээгдэж, тэр дансаа виза карт ашиглан мөнгөөр цэнэглээд ханш унахаар валют худалдан авч, өсөхөөр нь зарж, зөрүүгээс нь ашиг олох боломжтой боловч эсрэгээрээ алдагдалд орох эрсдэлтэй. Ерөнхийдөө ийм валютын арилжааг ихэвчлэн олон улсад нарийн судалгаатай, мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд багаар ажиллаж хийдэг, хувь хүн хийхэд бол маш эрсдэлтэй. Б.Б-ын “www.fxpro.com” вэб сайтын бүртгэлд үзлэг хийхдээ түүний аккаунт руу зөв нэвтрэн орсон байна. Б.Б аккаунтдаа 5 данстай бөгөөд 5085900 дансаараа л арилжаа хийсэн байна. Ингэхдээ тухайн цахим хуудасны тохируулсан цагаар 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 21:59 цагт 5085900 данс руугаа 15.000 ам.доллар шилжүүлээд үүнээс гүйлгээний шимтгэл 1,6 хувь буюу 240 ам.долларыг суутгаад 14.760 ам.доллар брокерийн компаний дансанд орсон байна. Уг мөнгөөр гүйлгээ хийж ашиг олж, алдаж явсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дансандаа 0.45 ам.доллартой үлдсэн байна. Уг данснаас мөнгөө татаж авах боломжтой боловч Б.Б буцааж татсан зүйл харагдахгүй, бүх мөнгөө арилжаанд оруулж алдсан байна. 14.760 ам.доллароос өөр мөнгө дансандаа байршуулсан зүйл алга байна. ...” /1хх 61-62/,

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...А.Гантулга гэх хүн намайг ямар учраас цагдаагийн байгууллагад гомдол гарган өгснийг ойлгохгүй байна. Би түүнтэй удаан хугацааны туршид хөрөнгө оруулалтын “Хедж сан” оноосон нэртэй санг байгуулаад хамтран ажиллана гэж ярилцчихаад ингэж байгааг ойлгохгүй байна. Цаашид энэ хүн тэр байгуулсан санд тодорхой хувь эзэмшихээр тохиролцсон. Энэ талаараа өөрөө мэдэж байсан. А.Гантулга нь өмнө нь ТОСК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан бөгөөд надтай хамтарч ажиллаж байх үедээ өмнө нь ажиллаж байсан энэ ажилтай нь холбогдуулан АТГ-аас шалгаад намайг болон надтай хамтран ажиллаж байсан хүмүүсийг дуудан мэдүүлэг авч байсан юм. Энэ үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж удааширхад нөлөөлсөн. Би А.Гантулга ахтай хамтраад удаан хугацааны туршид энэ үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байсан боловч намайг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Миний хувьд энэ хүнтэй хамтран ажиллана гэж мөнгө авсан юм. Гэтэл намайг залилсан гэж цагдаагийн байгууллагад хандсан болохоор цаашид хамтран ажиллахгүй, мөнгийг нь эргүүлэн өгөх болно. Оруулсан 50.000 ам.долларынх нь хөрөнгө оруулалтыг нь ирээдүйд бий болох сангийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал, 50.000.000 төгрөгийг Хонгконгоос хөрөнгө оруулагчийг авч ирэх зорилгоор бүх зардалд зарцуулсан. 16.000 ам.долларыг үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан. Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Нью-Йорк хот дахь брокерын дансанд шилжүүлэн, хувьцаа, үнэт цаас, түүхий эд, валютын хосолмол бонд зэрэг бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар хөрөнгө оруулалт хийсэн. Би түүнээс 50.000 ам.доллар бэлнээр авсан бөгөөд эргүүлэн 8.000 ам.долларыг буцаан өгсөн. Одоо 42.000 ам.долларын үлдэгдэлтэй байгаа. Тухайн 8.000 ам.долларыг түүнд ашиг гэж өгсөн. ...” /1хх 205-206/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Б, А.Гантулга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /1хх 42-45/, Б.Б-ын “www.fxpro.com” вэб сайтад байх аккаунтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29/, Худалдаа хөгжлийн банкны 499246157 дугаартай төгрөгийн, 499246156 дугаартай валютын дансны хуулга /1хх 97-112/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг  бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б нь “20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллана, 10 хувийн хүү өгнө” гэсэн зар хэвлэлд гарган, хохирогч А.Гантулгад өөрийгөө олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг гэж танилцуулж, хөрөнгө оруулснаар их хэмжээний ашиг олох боломжтой мэтээр ойлгуулж, улмаар түүнтэй “...талууд олон улсын хөрөнгийн зах зээлд оролцохдоо ...маржин арилжааны тусгай дансыг ашиглан олон улсын валют, үнэт металл, индексүүд болон нефтийн бүтээгдэхүүний онлайн арилжаа хийнэ. ...оруулсан хөрөнгийн 10 хувь буюу 5000 ам.долларыг сар бүр арилжааны өгөөж болгон авна. ...гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг дансанд нь бүрэн шилжүүлсэн байна.” гэсэн утга бүхий хамтран ажиллах гэрээг байгуулж, хохирогч А.Гантулгаас 50.000 ам.доллар буюу 114.483.500 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нар нь “...А.Гантулгыг хуурч мэхлэн хамтран ажиллах гэрээгээр төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Иймд уг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Б нь хэвлэлд “20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллана, 10 хувийн хүү өгнө” гэсэн зар тавьж, уг зарын дагуу хохирогч А.Гантулга түүнтэй холбогджээ.

Шүүгдэгч Б.Б нь олон улсын валют арилжаанд оролцох мэдлэг, туршлагагүй хэрнээ хохирогч А.Гантулгад өөрийгөө олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг гэж танилцуулж, улмаар ашиг олох боломжтой гэж итгүүлэн хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Хамтран ажиллах гэрээндээ онлайн арилжаа хийнэ, сар болгон 10 хувийн ашиг өгнө, гэрээний хугацаа дуусахад 5 хоногийн дотор үндсэн мөнгийг өгнө гэх зэргээр зааж, хохирогч А.Гантулгад итгэл үнэмшил төрүүлжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Б нь бусдыг залилан мэхлэх зорилгоор хэвлэлд зар тавьсан, улмаар өөрийн мэдлэг чадварын хувьд хэрэгжүүлэх боломжгүй нөхцлүүдийг гэрээнд оруулан хохирогч А.Гантулгад итгэл үнэмшил төрүүлэн мөнгийг нь авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Гантулгаас залилан авсан  50.000 ам.доллараас 15.000 ам.долларыг арилжаанд оруулж, бусад мөнгийг хувьдаа автомашин худалдан авах, хувийн хэрэгцээндээ зарцуулсан  байдал тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ