Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/288

 

2024     06          24                                           2024/ШЦТ/288

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

Улсын яллагч Г.А,

Хохирогч О.О, түүний өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Э,

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн *-**-** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.О нь “архи уухаа боль, хоолоо ид” гэхэд “чиний хийсэн хоолыг идэхгүй” гэж хэлэн аягатай хоолоо шидэж, улмаар хайруулын тавгаар хохирогчийн хөлийн зүүн шилбийг түлж эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд түлэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Эийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Г.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг О.Э-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч О.Э “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, харамсаж байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М “гэм буруу зүйлчлэлийн талаар маргахгүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэсэн,

Хохирогч О.О “гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б “хохирогчид учирсан хохирлыг барагдуулах” гэсэн тайлбар, мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хавтаст хэргээс улсын яллагч:

-  Хохирогч О.О-с гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 08-10-р тал/,

- Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанл өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ 15 цагийн үед ирэхэд манай нөхөр О.Э нь согтуу, архи ууж байсан. Чи одоо архиа болио гэж хэлтэл чамд хамаагүй пизда минь гэхээр нь би чамд хоол хийгээд өгье,хоолоо идээд одоо ингээд унтчихаа гэж хэлээд хоол хийгээд өгтөл чиний хийсэн хоолыг би идэхгүй гээд урдаас хийж өгсөн хоолыг шидчихсэн. Асгасан хоолыг нь цэвэрлэж байхад халуун хайруулын тавгийг аваад зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү нааж түлсэн. Болиоч ээ гэхэд хүчээр дахин нааж дараад түлээд байсан. Улмаар миний хөл хайрагдан түлэгдэж хүйтэн усаар шавшиж хоносон, тэр шөнөдөө маш их өвдсөн.Маргааш нь өглөө нь цэврүү үсэрч хөндүүрлэн хорсож өвдөөд байхаар нь Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгс нэртэй хувийн эмнэлэгт цэвэрлүүлэн эм түрхүүлэн боолт хийлгэсэн. Эрүүл саруул болоод дахин надад агсам согтуу тавихгүй, зовоохгүй,үр хүүхдийнхээ төлөө хичээе, архи дарс уухгүй байя гэсэн амлалт өгч, бичгээр баталгаа бичиж өгч уучлалт гуйсан. Дараа нь дахин 2024 оны 03 дугаар 22-ноос 23-нд шилжих шөнө дахин агсам согтуу тавиад хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь угаасаа л бүтэхгүй юм байна гэж бодоод улмаар цагдаагийн газарт хандсан. 2017 онд О.Э нь архи уугаад гэртээ ирэхгүй алга болохоор нь хайж байтал олохгүй байхаар нь утсаар холбогдон хороололд явж байна ирээд ав гэхээр нь очоод машиныг бариад явж байтал хажуугаас янз бүрээр хэлээд л нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарахаар нь цагдаа дуудаж өгнө гэсэн чинь цугтаагаад яваад өгсөн. Тэр үедээ цагдаад хандаж чадаагүй.Тухайн үед “Талын булаг” эмнэлэг дээр ирж хамраа тэгшлүүлэн, дараа нь хамрынхаа зургийг БОЭТ-д очиж зургийг авхуулж байсан. Түүнээс хойш хамар битүүрээд байхаар нь "Элит” эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь Улаанбаатар хотод “ЭМЖЖ” эмнэлэгт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хагалгаанд орж байсан.Тухайн үед нөхөр хамт явж асарч байсан. 2019 онд мөн л согтуудаа алгадаж хана мөргүүлж байсан. Тухайн үед маргааш нь О.Эийн ах нь эхнэртэйгээ манай гэрт ирэх үед миний нүд хөхөрсөн талаар харсан. Цагдаад хандаж байгаагүй.2020 онд мөн архи уучхаад над руу дайрч агсам согтуу тавиад байхаар нь цагдаад хандаж торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. 2021 онд мөн л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад хандаж торгуулийн арга хэмжээ авагдсан. 2024 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэртээ надад агсам согтуу тавьж элдвээр хэлээд байхаар нь цагдаад дуудлага мэдээлэл өгч шалгуулсан. Уг асуудалд Орхон аймгийн шүүхээр шийтгэгдэж 10 хоногийн хугацаатай Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар ангид баривчлагдсан. Одоо нөхөр бид хоёр тусдаа байгаа. ...Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал мөнгөө барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

- Гэрч Я.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очирхуягийн О.О нь манай охин байгаа юм. Харин Оюуны О.Э нь манай хүргэн байгаа юм. Манай хүргэн О.Э нь манай охин О.Отэй 10 аад жилийн өмнө танилцаж хань ижил болсон. Дундаасаа нэг хүүтэй. Манай хүргэн архи уухгүй үедээ их юм яриад байхгүй, төлөв даруухан залуу байгаа юм. Хаяа даа архи уухаараа эхнэрээ хардаад,ажил төрлийг нь хийлгэхгүй хардаад байдаг. Манай гэрт амьдарч байгаад тусдаа байр хөлслөн амьдарч байсан. Одоо манай охин гэртээ хүрээд ирсэн. 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин О.Оийг нөхөр О.Э нь хайруулын тавгаар хайрч, түлсэн талаар эхэндээ мэдээгүй. Мартын 8-ны өдөр хүртэл манайд ирэхгүй байхаар нь яасан юм бол гээд охин, хүргэн хоёр луу залгахад утаснуудаа авахгүй байхаар нь хүүхдээс нь асуутал аав согтуу, ээж ажилдаа явчихсан байна гэсэн. Охинтойгоо утсаар нэг юм холбогдоход ээж би ажилтай байна аа. Эргээд залгана л гэж байсан. Тэгтэл манай том охин Х.Одонцацралт залгаад Оийг нөхөр нь баяраар хөлийг нь түлсэн байна, над руу хөлийнхөө зургийг явууллаа гэсэн. Тэгээд зургийг үзээд О.Отэй утсаар холбогдож цагдаад өгөхгүй яасан юм бэ? гэхэд ажил амжихгүй байна гэсэн. О.Оэс асуухад нөхөр согтуу ирэхээр нь хоол хийгээд өгөхөд идэхгүй гээд хоолоо асгасан. Түүнээсээ болж над руу дайрч хөлийг нь хайруулын тавгаар түлсэн гэсэн. Манай хүргэн архи уухаараа л манай охиныг хардаад хаяа даа гар хүрээд байдаг гэсэн. Манай охиныг нөхөр нь зодсон асуудлаар хэсгийн байцаагч нь арга хэмжээ авсан гэдэг байсан. Хүргэнээсээ аятайхан байгаач ээ гэж зөндөө л гуйж байсан. Өмнө нь зодож байхыг хараагүй, нөхөртөө зодуулсан гэж охиноосоо дуулдаг байсан. Надад дахиж архи уухгүй, амлалт өгч бичиг бичиж өгдөг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

- Яллагдагч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхнэр О.Отэй гэр бүлийн маргаантай байсан. Түүнээсээ хамаарч маргааш нь буюу 03 дугаар сарын 03-ны өглөө архи уугаад эхнэр гэртээ ирээд хоол хийж өгсөн. Хэрүүл маргаанаас хамаарч хийж өгсөн хоолыг чинь идэхгүй гэсэн. Түүнээс болоод хэрүүл маргаан болоод би өөрийнхөө хийсэн хоолыг хайруулын тавган дээр халаагаад идэж байтал эхнэр хэрүүл хийгээд хоол идэж байсан хайруулын тавгийг өшиглөхөөр нь уурандаа хөл рүү хайруулын тавгаа түлхсэн. Тэгэхэд хөл нь түлэгдсэн байсан. Миний гаргасан үйлдэл буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. буруу, зүйл хийсэндээ харамсаж байна, эхнэрээсээ уучлалт хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай “...О.Оийн биед зүүн шилбэнд түлэгдсэн шарх, нуруунд сорви, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл өндөр хэмийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн шилбэнд түлэгдсэн шарх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Нуруунд сорви, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн шилбэнд түлэгдсэн шарх гэмтэл нь халуун хайруулын тавгаар хайрч, түлэх үед үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/ зэрэг баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэргээс эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 13-р тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 42-58-р тал/, шүүхийн шийтгэвэр, О.Эийн амлалт гэх бичиг /хх-ийн 73-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн эмчилгээ хийлгэж байгаа болон цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх-ийн 37-р тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38-39-р тал/, хохирогчийн мэдүүлэг   /хх-ийн 64-р тал/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-ийн 33-р тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд болох О.Эийн болон түүний эгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, Байгаль орчин аялал жуулчлалын газрын тодорхойлолт, ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 797 дугаартай шийдвэр, харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй. 

 Иймд шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Э-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн *-**-** тоотгэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Оний зүүн хөлний шилбийг хайруулын тавгаар түлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж О.Оийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч О.О-ээс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 495 дугаартай шүүхийн шийтгэвэр,

- Хохирогч О.О-ийн “...Чи одоо архиа болио гэж хэлтэл чамд хамаагүй пизда минь гэхээр нь би чамд хоол хийгээд өгье,хоолоо идээд одоо ингээд унтчихаа гэж хэлээд хоол хийгээд өгтөл чиний хийсэн хоолыг би идэхгүй гээд урдаас хийж өгсөн хоолыг шидчихсэн. Асгасан хоолыг нь цэвэрлэж байхад халуун хайруулын тавгийг аваад зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү нааж түлсэн. Болиоч ээ гэхэд хүчээр дахин нааж дараад түлээд байсан. ...Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал мөнгөө барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Я.А-ийн “...О.О-ээс асуухад нөхөр согтуу ирэхээр нь хоол хийгээд өгөхөд идэхгүй гээд хоолоо асгасан. Түүнээсээ болж над руу дайрч хөлийг нь хайруулын тавгаар түлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 363 дугаартай дүгнэлт, яллагдагч О.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Оийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Э, хохирогч О.О нар нь хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч О.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Э-ийн хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн маргааны улмаас өөрийн эхнэр О.О рүү аягатай хоолоо шидэж, улмаар хайруулын тавгаар хохирогчийн хөлийн зүүн шилбийг түлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.О-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн нь шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус иш татан хуульчилсан байх тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч О.Э нь ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.О-ий эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн харилцаанд эхнэр, нөхөр харилцан тэгш эрхтэй байж, бие биедээ итгэх итгэл, бие биеэ хүндлэх харилцаа дутмаг, О.Эийн түрэмгий балмад зан байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч О.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Оийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч О.О нь “миний шилбэ урьдын байдалдаа сэргэхгүй байдалтай болсон, гэвч нөхөн сэргээх эмчилгээг заавал хийлгэх шаардлагатай, хөл маань эмчилгээ хийлгэх бүрт өвддөг, 7 хоног бүр эмчилгээгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч би санхүүгийн байдлаасаа шалтгаалан сард 2 удаа эмчилгээ хийлгэхээр болсон, эхний 2 удаагийн эмчилгээндээ орсон, нийт уг эмнэлэгт 2,740,000 төгрөгний эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мөн эм тариа авсан зардал 84,399 төгрөгийг дээрх эмчилгээний зардалтай нэмж нийт 2,824,399 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Хохирогч О.О уг гэмт хэргийн улмаас 2,740,000 төгрөгний эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон нь эмнэлгийн баримтаар тогтоогдож байх ба түүний эрүүл мэндэд хэдийгээр хөнгөн зэргийг хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хөлийн шилбэ түлэгдэлтийн байдлаас шалтгаалан цаашид бүрэн эдгэрч нөхөн сэргээгдэх боломж бага, эмэгтэй хүний гоо сайхан, сэтгэл санааны хувьд учирсан хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болон эм тариа авсан зардал 2,824,399 төгрөгийг шүүгдэгч О.Эоос гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогч О.О нь энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч О.Э нь хохирогчид дээрх эмчилгээний зардлыг төлж барагдуулахыг зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасан болно.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,

Шүүгдэгч О.Э нь “харамсаж байна, уучлалт гуйсан, охинтойгоо амьдарч байгаа ба байнга машин жолоодож хөдөө явдаг, хүүхдээ эмчилгээнд Улаанбаатар хот руу 7 хоногт 1 удаа авч явж байгаа байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нь “торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,

Хохирогч О.О нь “тусгайлан гаргах саналгүй” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б тусгайлан гаргах саналгүй гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч О.Э-т 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ийг 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч О.Э-оос 2,824,399 /хоёр сая найман зуун хорин дөрвөн мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулан хохирогч О.О-д олгож, хохирогч О.О нь энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

          5. Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Э-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР