Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00051/И |
Дугаар | 154/ШШ2021/00099 |
Огноо | 2021-04-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2021/00099
2021 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 154/ШШ2021/00099 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант , **-р баг, М , гаалийн ** байр, *** тоотод оршин суух, Ажиллаж буй хаяг: Ховд аймаг, Булган сум дахь М х г /Ховд Булган сум **-р баг А Ярант боомт/ О.Б д холбогдох 19,870,398 /арван есөн сая найман зуун далан мянга гурван зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б аас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19,609,401.54 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 255,997.01 төгрөг нийт 19,870,398.55 /арван есөн сая найман зуун далан мянга гурван зуун ерөн найм,55 мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай. Зээлдэгч Отгонбаярын Б нь 2018 оны 12-р сарын 10-ны өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200306625/15-1357 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан, 20,000,000 / хорин сая / төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан байдаг. Зээлдэгч О.Б нь зээл авах үедээ Ховд аймаг Булган сум 4-р баг А / Ярант боомтод/ М х г байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг зээлийн барьцаанд цалингийн орлого, 6 ханатай гэр зурагт зэргийг барьцаалсан. Хариуцагч О.Б Ховд аймаг Булган сум 4-р баг А /Ярант боомтод/ М х г байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх тул Ховд аймаг Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. О.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 3,352,075.1 1 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ. Иймээс О.Б тай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 заалтад заасныг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 16,647,924.89
Зээл хүүгийн төлбөр 2,936,916.81
Нэмэгдүүлсэн хүү 24,559.84
Нийт зээл, хүүний төлбөр 19,609,401.54 төгрөг төлөгдөөгүй байна.
1.Иймд хариуцагч О.Б аас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19,609,401.54 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 255,997.01 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.
2.Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах,
3.Монгол улсын ИХШХШТухай хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: О.Б би 2018 оны 12 сард Төрийн банкнаас 20,000000 төгрөгнийн цалингийн зээл авсан болно. 2020 оны 04 сараас эргэн төлөлт хийгээгүй болно. Төрийн банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас төлөлт хийж чадаагүй. Хөл хорио тавигдаад нөхцөл байдал хэвийн болоход төрийн банкны зээлийг төлж барагдуулна. 2021 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь О.Б аас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19,609,401 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 255,997 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах, Монгол улсын ИХШХШ тухай хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 19,870,398 /арван есөн сая найман зуун далан мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг хариуцагч О.Б төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,977 төгрөгийн 127988 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 127998 төгрөгийг хариуцагч О.Б аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ