Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/292

 

2024     06          26                                          2024/ШЦТ/292

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Н.Д,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Б,

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг Овоотын **-** тоотод оршин суух Д.А-ийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Г.С-ыг согтуурсан байдлыг далимдуулан айфоне 13 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,070,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б нь өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, тухайн үед согтуу явж байгаад үзтэл карманд утас байхаар нь таньдаг хүндээ олсон юм гэж хэлээд 50,000 төгрөгөөр зарсан, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж,

Улсын яллагч Н.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогч Г.С, иргэний нэхэмжлэгч Э.М нар нь “нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул тэднийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:

- Хохирогч Г.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Дэнжийн Норжоо дэлгүүрийн урд явж байгаад нэг залуутай танилцаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 16 дугаар гудманд нэг монгол гэртээ айлд очсон. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би хэсэг хэвтэж байх үед миний айфоне 13 про макс загварын гар утсаар С.Б гэх залуу дуу сонсож байсан юм. Тэгээд хэсэг унтаад сэрээд харсан чинь нөгөө С.Б гэх залуу байхгүй миний гар утас байхгүй аваад гараад явсан гэж надад хэлсэн...2022 оны 06 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот Сайн электоникс гар утасны дэлгүүрээс айфоне 13 про макс маркийн гар утсыг 5,900,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. ..Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дэнж Норжоо дэлгүүрийн урд талд С.Б гэх залуутай анх танилцсан юм. Өмнө нь болж харж байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/

“...Тэр эрэгтэй намайг унтаж байхад миний айфоне 13 маркийн гар утсыг хулгайлж авч явсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гар утсаа хүлээж авсан. Гар утсаа аваад шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байна лээ. Ийм учраас надад цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

Иргэний нэхэмжлэгч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би С.Баас 50,000 төгрөгөө буцааж аваагүй. Шаардлагагүй, би С.Бад өгсөн 50,000 төгрөгөө буцааж авахгүй. Надад С.Бтай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

- Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян худалдааны төвийн хажууд Шанд руу анд таксинд суух гэж зогсож байсан чинь танил С.Б гэх залуу таарсан. Тэгээд такси байхгүй байхаар нь Согоот баг пирамид худалдааны төвийн урд талд ирсэн чинь С.Б айфоне 13 про макс загварын гар утас 50,000 төгрөгөөр авах уу гэж хэлсэн юм. Тэгээд цуг явж байсан залуу нь олсон гэж ярьж байсан юм. Тэгээд би дансаар шилжүүлэх гэсэн чинь данс байхгүй гэхээр нь АТМ орж 50,000 төгрөг авч С.Бад бэлэн өгсөн юм. С.Б манай нөхөртэй багын найзууд болохоор танидаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

- Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оноос хойш С.Б гэж залуу самранд явах гэж анх танилцаж байсан юм. Тэрнээс хойш манай гэрээр орж гардаг болсон юм. ...С.Б 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэг танихгүй урт үстэй залуутай ирж манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нөгөө танихгүй залууг тасраад унтсан чинь гар утсыг нь аваад манай гэрээс гараад явсан, нөгөө залуу нь сэрээд миний гар утсаар цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 19-р тал/

- Монгол Улсын Мэргэшсэн үннэлгээчин Д.Мягмарсүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай айфоне 13 про макс загварын гар утас 2,070,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 29-33-р тал/

- Яллагдагч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр танихгүй согтуу залуутай хамт Д.Агийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 16 дугаар гудамж руу очсон. Тэгээд би Д.А-ийн гэрт байхдаа танихгүй залуугийн гар утсан дээр дуу сонсож байгаад унтаад өгөхөөр нь утсыг нь авч гарсан. Тэгээд Согоот баг Пирамид төвийн гадаа танидаг хүнтэйгээ таарч 50,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/ болон түүний хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг Овоотын **-** тоотод хохирогч Г.Сы айфоне 13 про макс загварын гар утсыг нууцаар авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч С.Б-ын эд зүйл хулгайлан авсан үйл баримт нь:

Хохирогч Г.С-ы “...Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би хэсэг хэвтэж байх үед миний айфоне 13 про макс загварын гар утсаар С.Б гэх залуу дуу сонсож байсан юм. Тэгээд хэсэг унтаад сэрээд харсан чинь нөгөө С.Б гэх залуу байхгүй миний гар утас байхгүй аваад гараад явсан гэж надад хэлсэн. ...Тэр эрэгтэй намайг унтаж байхад миний айфоне 13 маркийн гар утсыг хулгайлж авч явсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гар утсаа хүлээж авсан. Гар утсаа аваад шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байна лээ. Ийм учраас надад цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.М-ийн “...Би С.Баас 50,000 төгрөгөө буцааж аваагүй. Шаардлагагүй, би С.Б-д өгсөн 50,000 төгрөгөө буцааж авахгүй. Надад С.Бтай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.М-ийн “...Тэгээд такси байхгүй байхаар нь Согоот баг пирамид худалдааны төвийн урд талд ирсэн чинь С.Б айфоне 13 про макс загварын гар утас 50,000 төгрөгөөр авах уу гэж хэлсэн юм. Тэгээд цуг явж байсан залуу нь олсон гэж ярьж байсан юм. Тэгээд би дансаар шилжүүлэх гэсэн чинь данс байхгүй гэхээр нь АТМ орж 50,000 төгрөг авч С.Бад бэлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.А-ийн “...С.Б 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэг танихгүй урт үстэй залуутай ирж манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нөгөө танихгүй залууг тасраад унтсан чинь гар утсыг нь аваад манай гэрээс гараад явсан, нөгөө залуу нь сэрээд миний гар утсаар цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг,

Монгол Улсын Мэргэшсэн үннэлгээчин Д.Мягмарсүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуулаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч С.Б-ын Г.С-ыг согтуурсан байдлыг далимдуулан айфоне 13 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч С.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

Хохирогч Г.С нь “гар утсаа биетээр авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж, 

Иргэний нэхэмжлэгч Э.М нь “нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж тус тус шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч С.Б нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нийт эдлэх ялыг тогтоох” гэсэн,

шүүгдэгч С.Б нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, шүүх миний хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг минь багасгаж өгнө үү” гэсэн тайлбар, санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч С.Б-д Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Шүүгдэгч С.Б-д  холбогдох шүүхийн шийдвэр 2024 оны 04 сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр болж, хяналтын хугацаа 2025 оны 05 сарын 02-ны өдөр дуусах байсан нь Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-ыг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж, уг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бад энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, өмнө тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, өмнө тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон нийт 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР