| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0286/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/287 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэр Гэзэг гэх газраас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр 1,888 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж, байгал экологид 707,603 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ч.А-ийн эзэмшлийн **-** ОРХ дугаартай Мазда Бонго тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Пг гээгдэл зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.П нь өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, өөр саналгүй” гэж,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
- Иргэний нэхэмжлэгч Б.М нь “шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:
Иргэний нэхэмжлэгч Б.М-ы “…Гэзэг гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ордог. Тухайн газарт хэрэглээний модны зөвшөөрөл олгогдож байсан. Түлээний модны зөвшөөрөл олгож байгаагүй. Уг газарт 2024 онд ямар ч зөвшөөрөл олгоогүй. Э.П гэх хүн мод бэлтгэх зөвшөөрөл болон гарал үүслийн гэрчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/
Гэрч Б.Мы “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хоногийн үүрэг гүйцэтгэж байхад Баянбулаг багийн нутаг дэвсгэрт **-** ОРХ улсын дугаартай цагаан өнгийн Мазда Бонго тээврийн хэрэгслийг шалган зогсооход жолооч Э.П нь мод бэлтгэх эрхийн бичиггүй, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймагт тээвэрлэн байсныг илрүүлэн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
Гэрч Ч.Аийн “…Би **-** ОРХ улсын дугаартай цагаан өнгийн Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг 2014 оноос эзэмшиж байгаад 2023 оны 10 дугаар сард Э.Пд 1,500,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед миний машин засвартай, асаж явдаггүй байсан. Тэгээд Э.П өөрөө янзалж авсан юм. Надаас авахдаа 1,200,000 төгрөгөө бэлнээр өгөөд 300,000 төгрөг үлдсэн. Тэр мөнгөө гүйцээж өгөхөөр нь Э.Пд нэрээ шилжүүлж өгнө гэж тохиролцсон юм...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
Орхон аймгийн сум дундын ойн ангийн дүгнэлтээр “Э.Пгийн бэлтгэсэн мод нь хүнд жинтэй, гадна шинж байдал нь давирхай гоожсон, нойтон шинэс мод болно. ...модны нийт тоо 7 ширхэг, модны нийт эзлэхүүн 1,888мкуб. Тухайн модыг шинээр бэлтгэсэн мод байна. Тухайн модыг ургаа болон унанги мод болохыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. ...экологи эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүн 707,603 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас,
- Мэргэшсэн үнэлгээчний 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/62 дугаартай “...цахилгаан модны хөрөө 40,000 төгрөг, Мазда Бонго маркийн авто машин 2,053,000 төгрөгийн үнэлгээтэй гэх дүгнэлт / хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч Э.Пгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.П нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэр Гэзэг гэх газраас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр 1,888 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Аийн эзэмшлийн **-** ОРХ дугаартай Мазда Бонго тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, байгаль орчинд 707,603 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Э.П нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэр Гэзэг гэх газраас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр 1,888 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж, байгал экологид 707,603 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Аийн эзэмшлийн **-** ОРХ дугаартай Мазда Бонго тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт нь:
иргэний нэхэмжлэгч П.Б.Мы “…Гэзэг гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ордог. Тухайн газарт хэрэглээний модны зөвшөөрөл олгогдож байсан. Түлээний модны зөвшөөрөл олгож байгаагүй. Уг газарт 2024 онд ямар ч зөвшөөрөл олгоогүй. Э.П гэх хүн мод бэлтгэх зөвшөөрөл болон гарал үүслийн гэрчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн сум дундын ойн ангийн дүгнэлт, мэргэшсэн үнэлгээчний 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/62 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.П нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, 35 дугаар зүйлийн 35.2.Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар... энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно” гэснийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэжээ.
“Ойн тухай” хуульд ойгоос мод бэлтгэх,ойг арчлах цэвэрлэх үйл ажиллагаа, ойд хориглох үйл ажиллагааны талаар заахдаа ... уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх” гэж,
28 дугаар зүйлийн 28.1-д “Ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ хуулийн 28.2.1-д заасан арчилгааг зөвхөн ойн мэргэжлийн байгууллага, цэвэрлэгээг ойн мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэн гэрээгээр хийнэ”гэж,
29 дүгээр зүйлийн 29.1.7-д “...иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах”ыг хориглох” гэж тус тус зааж хуульчилсан тул шүүгдэгчийн “ойг цэвэрлэсэн гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд ойг цэвэрлэх үйл ажиллагаа нь зөвхөн ойн мэрэгжлийн байгууллатай байгуулсан гэрээний үндсэн дээр хийгддэг ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж ойн санд хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч “шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.42-1.50см урттай 40-54см голчтой 7 ширхэг нойтон шинэс мод, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож, мөн хэрэгт хураан авсан **-** ОРХ улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2,053,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох саналтай гэж,
шүүгдэгч Э.П нь эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: торгох ял оногдуулж өгнө үү гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Э.П нь ойгоос 1,888 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж ойн санд 707,603 төгрөгийн шууд хохирол учруулсан байх ба учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Э.Пгээс 707,603 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн сан дахь дансанд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор... албадан гаргуулна“ гэж заасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт байх тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1.42-1.50см урттай 40-54см голчтой 7 ширхэг нойтон шинэс мод, 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,053,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Э.П-гээс 707,603 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн сан дахь дансанд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,053,000 /хоёр сая тавин гурван мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 75 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хураан авсан **-** ОРХ улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт байх тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1.42-1.50см урттай 40-54см голчтой 7 ширхэг нойтон шинэс мод, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР