Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/291

 

2024  06             25                                          2024/ШЦТ/291

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,   

улсын яллагч Ц.Л, 

шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн О.Ц-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Ц

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн **-** тоотод байрлах хашаа, байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч Н.Н.Гийн хүзүү, хоолойг боох, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэж, амбаараас сүх авч хүч хэрэглэхээр заналхийлж хүний халдашгүй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон,

мөн 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн **-** тоотод байрлах байшинд байрлах хохирогч Н.Огийн өмчлөлийн ТЛС загварын 49 инчийн зурагт, хөгжим сонсдог спикер зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 1,170,000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах гэмт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Цг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусдын орон байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж нэвтрэн орсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  тус тус зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ц.Л: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Б.Т нар: “ гэм буруугийн талаар маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх....” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад модны зах дээр очиж ажлаа хийсэн. Өдрийн цагаар гэрт аав Н.Г үлддэг. Тухайн өдөр аав Н.Г миний гар утас руу залгаад -танихгүй согтуу хүн орж ирээд намайг зодсон, мөн гэрийн эд зүйлийг эвдчихлээ гэхээр нь би модны захаас шууд гэртээ очиход хашаан дотор танихгүй эрэгтэй хүн, сүх барьчихсан зогсож байсан. Аав Н.Г хашаан дээрээ гарчихсан, хажуу айлын залуу өөрийн хашаанаас танихгүй эрэгтэйг хараад зогсож байсан ба хажуу айлын залуу цагдаад дуудлага өгсөн байсан. Би манай хашаанд байх танихгүй залуугаас юу болж байгаа юм бэ гэж асуухад хариулахгүй байсан. Аав Н.Г “байшинд танихгүй хүн орж ирэхээр нь би гэрээс гар гэхэд гараагүй, намайг зодсон гэж хэлсэн. Удалгүй дуудлагын дагуу цагдаа нар ирээд нөгөө залууг дагуулж явсан. ...Тухайн үед аав Н.Гийн амнаас цус гарсан. Зүүн дээд талын уруул хавдсан, цээж хэсгээр нь хөхөрсөн байсан.. одоо хавдсан, хөхөрсөн хэсэг нь зүгээр болсон боловч цээж хэсгээр нь өвдөөд байгаа. ...манай гэрийн би өөрөө худалдан авч байсан ТЛС загварын 49 инчийн зурагтын дэлгэц хагарсан, спикерийг шидэж гол хэсгээр нь салгасан байсан. О.Ц гэгчийг танихгүй. Өмнө харж байгаагүй, манайд орж ирж байгаагүй....” гэх мэдүүлэг,...” гэх мэдүүлэг, /хэргийн 34 дүгээр хуудас/

Хохирогч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 14-15 цагийн хооронд би байшиндаа ганцаараа байхад танихгүй, архи уучихсан эрэгтэй хүн орж ирсэн. Би тэр эрэгтэйд хандаж “юун хүн бэ, манай гэрээс гар” гэхэд юм дуугарахгүй байсан. Би байшингийн хаалгыг онгойлгож, тэр эрэгтэйд “манай гэрээс гар” гэхэд шууд миний хүзүү хэсгийг гараараа боомилж, нүүр болон цээж хэсэгт олон удаа цохьсон. Би тэр залуугаас зугтаж, баруун талын хоосон хашаанд ороход нөгөө залуу манай байшингаас гараад амбаар луу орчихсон. Би өөрийнхөө хашаанд орж байшингийн хаалгыг  гаднаас нь цоожлох үед нөгөө залуу манай амбаарт байсан сүхийн барьчихсан гарч ирээд намайг ална гэж хөөсөн. Би хашааны модон дээр гарч суугаад хүмүүсээс тусламж гуйсан. Мөн охин Н.О руу залгаж, болсон үйл явдлын талаар хэлж хурдан ирээрэй гэсэн. удалгүй охин Одмаа гэртээ ирсэн. Хажуу талын айлын залуу цагдаад дуудлага өгсөн байсан. Охин Одмаа ирсний дараа байшиндаа ороход хананд өлгөчихсөн байсан зурагтыг унагааж, дэлгэцийг нь хагалчихсан, хар өнгийн спикерийг газар шидээд дундуур нь салгачихсан байсан. Тухайн үед миний уруул хавдсан, цээж хэсгээр өвдөж байсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэцэд хор уршиг учраагүй тул энэ талаар тогтоолгохгүй... гэх мэдүүлэг, /хэргийн 21 дүгээр хуудас/

Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 сарын 06-ны өдөр би төрсөн эцэг Чулуунбаатарын гэрт хоёр хүүхдээ үлдээчихсэн байсан. Өдөр 14-16 цагийн хооронд хүүхдүүдээ авах гээд аав Чулуунбаатарын гэр болох Булаг багийн 25-11 тоот хашааны гадаа очиход танихгүй, согтуу эрэгтэй хүн хашааны харалдаа зогсож байсан. Би аавын гэрт ороход ээж Н “гадаа нэг согтуу хүн хашааны хаалга татаад байна” гэж хэлж байсан. Цай уугаад сууж байхад хажуу талын хашааны Н.Г ах “намайг аллаа” гээд хашгирсан. Би байшингаас гарахад Н.Г ах хашааны модон дээр гарчихсан, туслаарай, намайг аллаа гээд байсан. Н.Г ахын хашаан дотор гудамжинд байсан танихгүй, согтуу залуу орчихсон, гартаа сүх бариад алнаа гээд хэлж байсан. ...Н.Г ахын нүүр, хүзүү хэсгээр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 28-29 дүгээр хуудас/

Арвижих эстимэйт ХХК-ний 2024-04-12-ны өдрийн №М1100-1461 дугаартай “Спикер 90,000 төгрөг, ТЛС 49 инчийн зурагт 1,080,000 төгрөгийн...” үнэлгээтэй байна гэх үнэлгээний тайлан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн **-** тоотод байрлах хашаа, байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч Н.Н.Гийн хүзүү, хоолойг боох, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэж, амбаараас сүх авч хүч хэрэглэхээр заналхийлж, Н.Огийн өмчлөлийн ТЛС загварын 49 инчийн зурагт, хөгжим сонсдог спикер зэрэг эд зүйл эвдэж 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд эдгээр үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.

 

Шүүгдэгч О.Ц нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, бусдын орон байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж нэвтрэн орсон үйл баримтууд нь;

Хохирогч Н.О-ийн “...Аав Н.Г байшинд танихгүй хүн орж ирэхээр нь би гэрээс гар гэхэд гараагүй, намайг зодсон гэж хэлсэн. ...Тухайн үед аав Н.Гийн амнаас цус гарсан. Зүүн дээд талын уруул хавдсан, цээж хэсгээр нь хөхөрсөн байсан.. ...манай гэрийн би өөрөө худалдан авч байсан ТЛС загварын 49 инчийн зурагтын дэлгэц хагарсан, спикерийг шидэж гол хэсгээр нь салгасан байсан...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Н.Гийн “...Би байшингийн хаалгыг онгойлгож, тэр эрэгтэйд “манай гэрээс гар” гэхэд шууд миний хүзүү хэсгийг гараараа боомилж, нүүр болон цээж хэсэгт олон удаа цохьсон. Би тэр залуугаас зугтаж, баруун талын хоосон хашаанд ороход нөгөө залуу манай байшингаас гараад амбаар луу орчихсон. Би өөрийнхөө хашаанд орж байшингийн хаалгыг  гаднаас нь цоожлох үед нөгөө залуу манай амбаарт байсан сүхийн барьчихсан гарч ирээд намайг ална гэж хөөсөн. Би хашааны модон дээр гарч суугаад хүмүүсээс тусламж гуйсан. ...Охин Одмаа ирсний дараа байшиндаа ороход хананд өлгөчихсөн байсан зурагтыг унагааж, дэлгэцийг нь хагалчихсан, хар өнгийн спикерийг газар шидээд дундуур нь салгачихсан байсан. Тухайн үед миний уруул хавдсан, цээж хэсгээр өвдөж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Д-ын “...Цай уугаад сууж байхад хажуу талын хашааны Н.Г ах “намайг аллаа” гээд хашгирсан. Би байшингаас гарахад Н.Г ах хашааны модон дээр гарчихсан, туслаарай, намайг аллаа гээд байсан. Н.Г ахын хашаан дотор гудамжинд байсан танихгүй, согтуу залуу орчихсон, гартаа сүх бариад алнаа гээд хэлж байсан. ...Н.Г ахын нүүр, хүзүү хэсгээр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, Арвижих эстимэйт ХХК-ний 2024-04-12-ны өдрийн №М1100-1461 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д “Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөдрөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “орон байр халдашгүй байна”, 2-д “орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна” гэж тус тус заасан.

 

            Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгодог.

                       

Шүүгдэгч О.Ц Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн **-** тоотод байрлах хашаа, байшинд буюу тухайн орон байранд нэвтрэх эрхгүй атлаа орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж Н.Н.Гийн хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй байдал, орон байраа өмчлөх, эзэмших, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, дураараа авирласан идэвхитэй үйлдэл нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох үйлдэл хийх явцдаа хохирогч Н.Гийн хүзүү, хоолойг боох, цээж рүү нь цохих зэргээр бие мах бодид халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байдал нь хүч хэрэглэсэн шинжийг хангаж байх ба амбаараас сүх авч ална гэж хөөсөн нь хүч хэрэглэхээр заналхийлсэнд тооцогдох ба эдгээр байдлууд нь мөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх үйлдэл хийх явцдаа бусдын эд хөрөнгө болох хохирогч Н.О-ийн өмчлөлийн зурагт, спикер зэрэг эд зүйлсийг эвдсэн идэвхитэй үйлдлээр хохирогч Н.Огийн өмчлөлийн зурагт, спикерийг зориулалтын дагуу дахин ашиглах боломжгүй болгосон, энэ үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,170,000  төгрөгний хохирол учруулсан байдал нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож, бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй боловч тухайн болсон үйл явдлыг санахгүй байгаа гэж мэдүүлсэн тул гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн талаарх хууль зүйн ойлголтыг тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэгтний гэм бурууг санаатай болон болгоомжгүй гэсэн хоёр хэлбэрт ялгаатай авч үздэг. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг дотор нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж хоёр төрөлд хуваадаг. Хөнгөмсгөөр найдсан болгоомжгүй хэлбэр нь аливаа хүн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас бусдад хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа тухайн хор уршгийг учруулахгүй байж чадна хэмээн тооцсон байдаг. Харин хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэр нь аливаа хүн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах эрсдэлийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн байдаг. Тодруулбал, мэдэлгүйгээр цохино, өшиглөнө, өргөж унагаана гэсэн сэтгэхүйн харьцаа огт байдаггүй.

Гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд ба шууд бус санаатай гэсэн хоёр төрөлд ангилдаг. Шууд санаатай гэм буруугийн хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлахын сацуу учрах хохирол, хор уршгийг хүсэж бий болгосон байдаг. Харин шууд бус санаатай гэм буруугийн хэлбэр нь хайхрамжгүй хандсан гэм буруугийн хэлбэртэй нэлээд төстэй боловч ялгарах гол шинж нь өөрийнхөө хууль бус үйлдлийг ухамсарлахын зэрэгцээ бусдад хохирол, хор уршиг учрах эрсдэлтэйг мэдсээр байж хор уршигт зориуд хүргэсэн буюу үйлдлээ зориуд үргэлжлүүлсэн байх явдал байдаг.

 

Шүүгдэгч О.Ц хохирогч Н.Г-ийн эрх чөлөөнд халдаж, хүзүү хоолойг нь боож, цээж рүү нь цохисон үйлдэл хууль бус болох нь өөрт нь илэрхий бөгөөд тухайн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирч болох эрсдэлийг мэдсээр байж, хор уршигт зориуд хүргэсэн шалтгаант холбоотой, санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Иймд О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байхад эрхэд халдаж дураараа авирлаж зодож хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч О.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Ц нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээний байдал нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Хохирогч Н.О, Н.Г нар нь “нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч О.Ц нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээнний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн,

Шүүгдэгч О.Ц нь “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч О.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, өндөр насны тэтгэвэрт удахгүй гарах, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,850,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.  

 

 Шүүгдэгч О.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын орон байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нийт ялыг таван мянга найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,850,000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч О.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч О.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР