Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2024/00204

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00936 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01052 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох

ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022.11.14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, уг гэрээний үүрэг болон алдангид 334,984,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“С” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022.11.14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, уг гэрээний үүрэг болон алдангид 334,984,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00936 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас нийт 117,909,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгон, үлдсэн ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022.11.14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, 217,075,673 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,903,074.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 747,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01052 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,243,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2022.03.01-ний өдөр 22/437 тоот албан бичгээр худалдагчийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичгээр гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналаа “Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудад байрлах АИ-92, АИ-95, дизель түлшийг 1 литр тутмыг ШТС-д мөрдөгдөж байгаа үнээр, “Т” уурхайгаас “Г” боомт хүртэлх зам дагуу АИ-92 бензиныг 1 литр 2,700 төгрөг, дизель түлшийг 1 литр 3,100 төгрөг” байхаар илэрхийлж худалдан авалтын үнийн дүнгээс 3 хувийг хөнгөлөх талаар тусгасан. 2022.04.08-ны өдрийн 1/355 тоот хариу албан бичгээр хариуцагч тал “...гэрээнд өөрчлөлт хийж ШТС-д тухайн үед мөрдөгдөж байгаа үнээс 3 хувийн хөнгөлөлт үзүүлье гэсэн байна. Тус хөнгөлөлтийг 5 хувь болгох саналтай байна” гэдэг хариу өгсөн үйлдлээрээ хэлцэл хийгдсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг буруу үнэлж тухайн хэлцлийг хийгдээгүй гэдэг байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн” бол хэлцэл хийсэнд тооцох бөгөөд худалдагчаас хүргүүлсэн өөрчлөлт хийх үнийн дүнд ямар нэгэн санал ирүүлээгүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа ба худалдагчийн урамшууллын хувийг өгөх болзол тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд нэгэнт байгуулагдсан гэрээний дагуу гэрээний үнийг өөрчлөх урьдчилсан нөхцөл бүрдсэн, тэрхүү өөрчлөх саналаа нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн ба нөгөө талаас үнийн өөрчлөлттэй холбоотой хариу ирүүлээгүй нь дуугүй хүлээн зөвшөөрөх зарчмын хүрээнд хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал бий болсон байна.

Талуудын хооронд тооцоо нийлсэн актаар “2022.01.01-ний өдрөөс 2022.10.31-ний өдрийг дуустал өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “Т” ХХК нь 230,466,273 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав” гэж тохирсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-д зааснаар талуудын тооцоо нийлсэн баримт нь хэлбэрийн шаардлага хангасан. Хэрвээ 2 шатны шүүхийн дүгнэсэн хуучин үнийн тооцооллоор дүгнэвэл хэрэгт өгсөн баримтын хүрээнд 2022.08.01-ний өдрөөс 2022.10.26-ны өдрийн хооронд нийлүүлсэн шатахууны нийт үнэ 130,634,250 төгрөг болох ёстой бөгөөд хариуцагчийн “78,606,201 төгрөг төлнө” гэх тайлбар үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 217,075,673 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00985 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7.Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2021.07.20-ны өдрийн “Дараа төлбөрт байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах” ХХАГ01/13/12 тоот гэрээнд нэмэлт оруулсан 2022.11.14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, шатахууны төлбөр нийт 221,844,354 төгрөг, алданги 113,140,620 төгрөг, нийт 334,984,974 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс 78,606,201 төгрөгийн шаардлагыг маргаагүй ба үлдэх шаардлагыг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...талууд гэрээний үнийг өөрчлөөгүй...” гэж тодорхойлсон.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан “Т” ХХК-аас 117,909,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний 7.2-т “Талууд харилцан тохиролцож бичгээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг болно.” гэж тохиролцсон, гэрээний зүйл болох шатахууны үнэ өссөн үндэслэлээр талууд үнийг харилцан тохиролцож өөрчилсөн үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж, 2021.07.20-ны өдрийн гэрээнд заасан үнээр хариуцагчийн төлөх ёстой 78,606,201 төгрөг, алданги 39,303,100 төгрөгийг хангах нь зүйтэй...” гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн байна.

9.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2021.07.20-ны өдрийн гэрээнд “С” ХХК нь “Т” ХХК-ийн захиалгын дагуу дараа төлбөрт Байгууллагын ** картаар хариуцагчид шатахуун нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан үнийг төлөх, гэрээний хугацаа 2022.07.19 хүртэл, Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн сумуудад байрлах Шатахуун түгээх станцад АИ-92 түлш 1,500 төгрөг, АИ-95 түлш 2,200 төгрөг, Дизель 2,290 төгрөг, “Т” уурхайгаас “Г” боомт хүртэлх зам дагуу АИ-92 түлш 1,950 төгрөг, дизель түлш 2,130 төгрөг гэж, гэрээний 2.6-д “...худалдан авагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3%-аар тооцож алданги төлнө ...” гэж, гэрээний 7.2-т талууд харилцан тохиролцож гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн нөхцөлүүд тусгагджээ.

Гэрээний хугацаа 2022.07.19-нд дууссан боловч талууд 2022.10.31 хүртэл дараа төлбөр төлөх нөхцөлөөр шатахуун нийлүүлж, хариуцагч хүлээн авсан үйл баримтыг талууд маргаагүй.

Зохигчийн хооронд үүссэн үүргийн дээрх харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

10.Талууд гэрээний дагуу харилцан үүргээ биелүүлж байсан ба 2022.08.01-2022.10.31 хүртэл хугацаанд нийлүүлсэн шатахууны тоо хэмжээ, төрлийг маргаагүй, гагцхүү үнийн талаар маргаж, нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн баримт (2022.01.01-2022.10.31 хүртэл хугацааны өгч авалцсан зүйлийг нийлж үзэхэд 230,466,273 төгрөг – 1хх 45), “Т” ХХК-аас мэйлээр ирүүлсэн нэмэгдсэн үнийн дүн бүхий 2022.11.14-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулах санал (1хх 22, 23)-ыг хүлээн авснаар гэрээнд өөрчлөлт оруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч “...шатахууны үнэд өөрчлөлт оруулаагүй, уг гэрээний саналыг эрх бүхий этгээд явуулаагүй, тухайн үед компанийн захирал гадаадад гарсан нь баримтаар тогтоогддог, нягтлан бодогч байгууллагыг төлөөлөх эрхгүй, бид шатахууны үнийг өөрчлөөгүй...” гэж мэтгэлцсэн байв.

Үүнээс үзвэл шатахууны үнийн талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

11.Шатахуун нийлүүлэх талуудын харилцаанаас үзвэл 2021.07.20-ны өдрийн гэрээнд хамааралгүй боловч шатахууны үнийн талаар бичгээр хэлцэл байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан баримт хэрэгт авагджээ. (1хх 18-19)

“С” ХХК-ийн зүгээс газрын тосны хомсдол, Орос-Украйны дайн зэргээс үүдэлтэй хүнд нөхцөл байдлууд үүссэн байдлаас шалтгаалж шатахууны үнэд зайлшгүй өөрчлөлт оруулах талаар хариуцагч талд удаа дараа санал хүргүүлсэн, 2022.08.31-ний өдрийн талуудын уулзалтад нэхэмжлэгч нь энэ талаар саналаа илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан боловч “Т” ХХК-ийн ажилтнууд “...удирдлагад танилцуулсны дараа тодорхой шийдвэр гаргана...” гэсэн нь уулзалтын протоколд тусгагдсан, 2022.11.14-ний өдөр хариуцагчийн нягтлан бодогч С.Б-н *** цахим шуудангийн хаягаас нэхэмжлэгч талд ирүүлсэн нэхэмжлэгч талын боловсруулсан “Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 тоот гэрээ”-ний нэмэлт гэрээний төсөл гэх баримтад хариуцагчийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тухайн этгээд нь тэр үед гадаадад байсан үйл баримтыг дүгнэхэд хариуцагчийг “үнийн санал”-ын талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж үзэх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

Талууд үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллагын нягтлан бодогч С.Б-н тооцоо нийлсэн баримтыг эргэлзээтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

12.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.” гэж заасан. Гэрээний 7.2-т талууд харилцан тохиролцож гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулна гэж, 7.1-д “энэхүү гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус тусгасан байх тул хэлцлийг дуугүй байснаар зөвшөөрсөн гэж үзэхийн тулд талуудын гэрээгээр тохирсон дээрх нөхцөлийг харгалзан үзэх учиртай. Гэрээний талууд аль аль нь бизнес эрхлэгч этгээдүүд байна.

Иргэний хуулийн үндсэн зарчим нь эрх тэгш байх, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхээр хамгаалуулах байдаг бол арилжааны эрх зүйн үндсэн зарчим нь харилцаанд оролцогч талуудын ашгийн төлөөх зорилгыг хамгаалах, гэрээний эрх чөлөө, хэлцэл хийхэд түргэн шуурхай, хялбар, зардал багатай байх, хэлцлийн хэлбэрийг тохирох, хэлцлийн найдвартай байдлыг хангах, гадаад илэрхийлэлд итгэх буюу хэлцэлд итгэх итгэлийг хамгаалах, хариуцлагатай байх зарчмуудыг гол болгодог байна.

Арилжааны харилцаанд худалдаачин түүнд хандсан саналд хариу өгөөгүй бол саналыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог зарчим үйлчилдэг бол иргэний эрх зүйд “хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж гэрээнд урьдчилан тохиролцсон байхыг шаарддагаараа ялгаатай.

Арилжааны зарчмын дагуу нэхэмжлэгчийн зүгээс шатахууны үнэд өөрчлөлт оруулахыг хүссэн саналыг нь хариуцагч хүлээн аваад хариу өгөөгүй үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд гэрээний тохиролцоо, үүнээс гадна хэрэв үнийг өөрчилсөн бол шатахуун хүлээлгэн өгөх үед үнийг дахин сануулах мэдэгдэх боломжтой нөхцөл байдлаас үзэхэд талууд тохиролцоонд хүрсэн буюу үнийн өөрчлөлтийн талаар хэлцэл байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал, “Т” ХХК нь “С” ХХК-ийн 2022.03.01, 2022.04.12-ны өдрийн саналд хариу өгөөгүй байгаа (1хх 46, 47-48) боловч талууд гэрээндээ “шатахууны үнийг харилцан тохиролцож гэрээндээ бичгээр нэмэлт өөрчлөлт оруулна” гэж хатуу тохирсон, “С” ХХК 2023.08.01-2023.10.31 хүртэл хугацаанд шатахуун нийлүүлэхдээ хүлээлгэн өгсөн баримтад үнийн өөрчлөлтийг тусгаагүй, 2023.08.03-ны өдрийн уулзалтаар хариуцагч тал үнийн талаар шийдвэр гаргаагүй, удирдлагад танилцуулахаар болсон зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулсан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00936 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01052 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.19-ний өдөр төлсөн 1,243,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН