Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2021/0021

 

 

 

                              

 

 

                                                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2020/0027/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Дуртмалсайхан нар” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын гаргасан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжтай 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газарт “Дуртмалсайхан нар” ХХК-ийн захирал *******д танилцуулснаар олж мэдсэн бөгөөд очиж захирамжтай танилцаж эрхээ зөрчигдсөнийг олж мэдэн, эс зөвшөөрч нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын гаргасан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамж нь Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журам зөрчин, урьдчилан мэдэгдэл хүргүүлэлгүй манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн. Манай компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 0291581 дугаар захирамжаар 156.34 га газрыг эзэмших эрх авсан бөгөөд манай компани 2008 оноос хойш энэ газарт хөрөнгө оруулалт хийж эзэмшсээр ирсэн. Баянгол сумын Засаг дарга нь манай эзэмшлийн талбайгаас зарим хэсгийг буцаан авахаар манай компанитай харилцан зөвшилцөж, урьдчилан мэдэгдэж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/89 дугаар захирамжаар тус газрын зарим 71.34 га газрыг хураан авч, 84.30 га газрыг манай компанид үлдээхээр шийдвэр гаргасан бөгөөд Засаг дарга С.Ариунбат нь тухайн үед “энэ 71.34 га газрыг хураалгасан тул дахин танай газраас хураахгүй” гэж бидэнд итгэж үнэмшүүлсэн. Гэтэл уг газраас ахин 54.30 га газар хураан авахаар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/140 дугаар захирамжаар манай эзэмшлийн газрыг мод тарьсан 30га газраар баталгаажуулж 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 0291581 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд “Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Манай компанитай зөвшилцөөгүй нэг ч удаа урьдчилан мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй тайлбар нотлох баримт авалгүй” манай компанийн газар эзэмших эрхийг хураан авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан гомдол тус тус гаргасан.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох” 1/703 тоот албан бичгээр үүрэг даалгавар өгснөөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/205 дугаар захирамж гарган манай компанийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг сэргээсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нь дахин 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, 29.2, 29.3, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.4, 20.3, 20.4 дэх заалтуудыг буруу хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Манай компани нь эзэмшсэн газартаа хөрөнгө оруулалт хийсэн, газар эзэмших нөхцөл журмын дагуу эзэмших үүргээ хуульд заасны дагуу биелүүлсэн. Тухайлбал 2020 онд эзэмшиж буй газартаа ногоон тэжээл, чацаргана тарьсан боловч хөрс нь атаршиж гүйцээгүйгээс шалтгаалан холимог тэжээл нь ургаагүй бөгөөд дараа жил тариа, жимс тарихаар бэлтгэсэн болно. Манай эзэмшсэн газар урьд өмнө нь төмсний талбай байсан, үржил шим муутай жимсний мод тариалахаар шинжилгээ өгдөг боловч ургах бололцоогүй гэсэн дүгнэлт удаа дараа гарч байсан бөгөөд эзэмшиж байгаа газартаа өөрөөр нь атаршуулж ногоон тэжээл тарих ажлыг эхлүүлж тарьсан. Уг газарт манай компани өөрийн хөрөнгөөр тог татуулсан, худаг барьсан талбайгаа хагалуулсан, торон хашаа татуулсан, 30.000 ширхэг чацарганы суулгац авсан, худгийн байшин барьсан, 15 тоннын усны сав 2 ширхэг авсан шонгийн мод худалдаж авсан, азот, кали, фосфор, кальци, магни зэрэг төрлийн 30 кг-аар савласан 250 ширхэг бордоо хэрэглэсэн. Талбайдаа тариалалт хийлгэхдээ Баянгол сумын Онцгой байдлын хэлтсээр холбогдох горимын дагуу тариалалт хийлгэсэн бөгөөд 2016 онд эзэмшлийн талбайдаа уринш хийсэн шинжилгээ өгсөн боловч жимс тарих хэмжээнд үржил шим нь хүрээгүй байна гэж дүгнэсэн тул би жимс тарихаа хойшлуулсан. Урд чацаргана тарьсан газраа манай компани нь их хэмжээний хөрөнгө оруулж 400 ширхэг тошлой жимсний мод тарьсан боловч ургаагүй. Ногоон тэжээл тарих гэсэн боловч ургах боломж муу байсан бөгөөд манай компани хашаагаа бүрэн татаж ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байтал бидэнд урьдчилан мэдэгдэл хүргүүлэлгүйгээр газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамж нь Авлигын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын журмыг зөрчин 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/140 дугаар захирамжийг агуулгаар нь сэргээн манай компанийн эрхийг зөрчиж хүнд суртал, чирэгдэл учруулж байна. Манай компани энэ газартаа шон зоож, хашаа татаж ажлаа эхлүүлж бүрэн ашиглахаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хөрөнгө оруулалт хийж газартаа хашаагаа барьж 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дууссан байсан. Манай компани нь 85 га газартаа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалтанд төмөр 8.400.000 төгрөг, тор 12.869.000 төгрөг, хоол тээврийн зардал, хүн хөлсөлсөн зардал 5.548.000 төгрөг, нүх ухагч 280.000 төгрөг, ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэлд 1.090.000 төгрөг, чиглүүлэгч 192.000 төгрөг, 11 жилийн хугацаанд манаачийн хөлсөнд 66.000.000 төгрөг, нийт 94.379.000 төгрөгийн зардал гаргасан байна.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан тухай: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дугаар захирамжид дурдсан 1. нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Дуртмалсайхан нар” ХХК-ийн захирал *******д танилцуулснаар олж мэдсэн бөгөөд энэ тухай баримт болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын газрын даамалын бүртгэл хяналтын дэвтрийн хуулбарыг хуулбар үнэн даруулж хэрэгт хавсаргав. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ шуудангаар гаргасан бөгөөд шуудангийн баримтыг эх хувиар хэрэгт хавсаргав. “Дуртмалсайхан нар” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар батлуулж хавсаргасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрээний хуулбарыг хавсаргав. Иймд Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамж гаргасан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нотлох баримтаар хүргүүлснээр танилцлаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамж нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж “Дуртмалсайхан нар” ХХК-ийн эзэмшиж буй 52 га газрыг *******д олгосон байгаа нь “Дуртмалсайхан нар” ХХК-йн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн дээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус сумын нутаг “Дуртмалсайхан нар” ХХК нь 2008 онд 156.34 га газар эзэмшилээр авсан боловч хэсэгчлэн 2009 оноос хойш олон жил ашиглаагүй газрын төлөв байдлыг доройтуулж элсний нүүлтэд оруулсан тул сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/89 дугаар захирамжаар 46 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож сумын Засаг даргын санаачлагаар “Бороо гоулд” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн хөтөлбөрт хамруулж элсний нүүлтийг зогсоох мод тарих ажлыг эхлүүлж 90 хувийн ургалттай ойн төгөл мод үржүүлгийн газар бий болсон. Тухайн компани нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл анх авсан газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын захирамжид заасан хугацаанд шинэчлүүлээгүй шинээр газрын гэрчилгээ авч гэрээ байгуулаагүй байна.

Мөн 2017 оноос хойш тухайн газрыг мод тарих зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлүүд жил бүр давтагдаж байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тухай тайлбарыг хүргүүлэв.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... “Дуртмалсайхан нар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай албан бичигтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. “Дуртмалсайхан нар” ХХК нь 2008 онд 156.34 га газрыг тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар газар эзэмшиж 2009-2010 онд 30га талбайд 7000 ширхэг чацаргана тариалснаас хойш 2020 оныг хүртэл нэмж жимс жимсгэний тариалалт хийгдээгүй. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 20.2.4-т “тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах”, 20.2.6-т “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх”, 20.2.8-т “өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх” гэх зэрэг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үүргийг биелүүлээгүй, дарга удирдлагууд нь сум орон нутагтаа хамтын ажиллагаа байхгүйгээс дур мэдэн тариалангийн талбайг хэсэгчлэн атаршуулсан.

2. “Дуртмалсайхан нар” ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хариу тайлбарт “156.34 га газрыг 2008 оноос хойш зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж ирсэн” тухай бичсэн нь зөвхөн 30 га талбайн тариалалтаар нийт 156.34 га талбайг ашиглаж байсан мэтээр илэрхийлсэн байна.

3.Сумын Засаг даргын 2017 оны А/89 дугаар захирамжаар 71.34 га газрыг хураан авч 84.3 га газрыг баталгаажуулсан. 2017-2019 оны хооронд дахин 3 жил тухайн газарт нэмж тариалалт хийгээгүй (2 жил тариалалт хийгээгүй тохиолдолд хэсэгчлэн хураах эрх үүсдэг), 2020 онд ******* 500 ширхэг чацаргана, тариалсан гэх мэдээг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөдөө аж ахуйн тасагт өгсөн нь улсын мэдээ тайлан гаргаснаас хойш ирсэн тул статистик тоон мэдээлэлд ороогүй, 84.3 га талбайгаас өмнө тариалагдсан 30 га талбайн тариалалт хэвээр үлдэж, 54.3 га талбайн ашиглалтгүй байна.

4.Сэлэнгэ аймгийн Засаг даргаас “Дуртмалсайхан нар” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэх хүрээнд биш, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/140 дугаар захирамжийн хууль зүйн заалтууд нь захирамжийн төслөөс зөрж байсан тул хүчингүй болгох шийдвэр  ирүүлсэн болно.

5. “Дуртмалсайхан нар” ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн 2-т бичсэнээр газрын гэрээ, гэрчилгээ шинэчлэх, дүгнүүлэх нь газар эзэмшигчийн үүрэг учраас газрын албанаас шаардах шаардлага байхгүй, зөрчил гаргаж байгаагүй гэснийг үгүйсгэж, газрын хөрсний үржил шимийг бууруулж, элсжүүлэн, төлөв байдлыг бууруулсны улмаас тухайн газар атаршсан бөгөөд энэ нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн хариу тайлбар гаргаж байна.

Иймд хариуцагч талын зүгээс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/158 дугаар захирамжийг хуулийн хүрээнд гаргасан учраас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/205 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд ******* 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Дуртмалсайхан нар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт гуравдагч этгээд *******ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь 2008 оноос эхлэн эзэмшиж байсан ба түүнээс хойш газрынхаа ихэнхи хэсэгт ямар нэгэн тариалалт хийгээгүй болно. Миний зүгээс сум орон нутгийн удирдлагад хүсэлт тавьснаар сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжаар миний бие нь мод тарих болон үржүүлгийн чиглэлээр 52 га газар эзэмших болсон. “Дуртмалсайхан нар” ХХК нь миний болон нутгийн ардуудын мэдэхээр эзэмшсэн газрынаа ихэнхи хэсэгт тариалалт болон жимсний мод тариалсан зүйл байхгүй. Тухайн газар нь нэхэмжлэгч байгууллагаас шалтгаалан хөрс муудаж атаршиж эхэлсэн байх гэж үзэж байна. Тийм учраас сумын Засаг даргын зүгээс дараалан газрыг нь хураан авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжихгүй байгааг илэрхийлж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд *******ээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”... “Дуртмалсайхан нар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт гуравдагч этгээд *******ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжаар надад олгосон 52 га газрыг миний зүгээс хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон. Учир нь миний эзэмшиж буй газарт нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК нь огт мод болон бусад зүйлийг тариалаагүйг энэ нутагт амьдарч байгаагийн хувьд мэдэж байгаа юм. Нэгэнт сумын Засаг даргын хуулийн дагуу гарсан захирамжаар нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн газрын тодорхой хэсгийг хурааж авсан тул надад эзэмшүүлсэн захирамж нь мөн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК анх шүүхэд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/205 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дуртмалсайхан нар ХХК-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар захирамжаар[1] Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг, төв замын баруун талд байрлах, нэгж талбарын 18579414324522 дугаар бүхий 156.34 га газрыг 15 жилийн хугацаатай, тэжээлийн ургамал, жимс жимсгэний мод тарих зориулалтаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрээ[2] байгуулж, гэрчилгээ[3] олгосон байна.

Улмаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/158 дугаар захирамж[4] гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.3 г, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.2, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.4, 20.3, 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Дуртмалсайхан нар ХХК-ийг 2009 онд 30 га газарт жимсний мод тарьж үлдсэн газрыг ашиглалтгүй удаж, газрын төлөв байдлыг доройтуулж, элсэн бүрхэвч үүсгэсэн (газрын төлөв байдлыг хамгаалах зорилгоор 2017 онд дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 46 га газрыг хурааж Бороо гоулд ХХК ойн зурвас бий болгосон), 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэрэг шалтгааныг үндэслэн мод тарьсан 30 га газрыг Дуртмалсайхан нар ХХК-ийн эзэмшилд хэвээр үлдээж үлдсэн газар болох 80.34 га газрыг хурааж, сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, Дуртмалсайхан нар ХХК-ийн эзэмшлийн газрыг мод тарьсан 30 га газраар баталгаажуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК нь ...эзэмшсэн газартаа хөрөнгө оруулалт хийсэн, газар эзэмших нөхцөл журмын дагуу эзэмших үүргээ хуульд заасны дагуу биелүүлсэн, ... Сумын Засаг даргын А/158 дугаар захирамж Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, ...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журам зөрчин, урьдчилан мэдэгдэл хүргүүлэлгүй манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн... гэж маргадаг.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/44 тоот албан бичигт хавсаргасан баримт болох Дуртмалсайхан нар ХХК-ийн 2008-2020 оны талбай ашиглалтын лавлагаа[5], Шүүхээс дахин шинжээчээр томилогдсон Хөдөө аж ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт[6]-д...жил бүр чацаргана тариалж байсан 30 га талбайгаас бусад талбайд тариалалт хийгдээгүй... зэргээс үзвэл Дуртмалсайхан нар ХХК-ийн тариалсан талбайн хэмжээ 2008-2020 онд нийт талбайн 30 га газарт чацаргана тариалснаас үлдсэн газартаа тариалалт хийгээгүй.

Дуртмалсайхан нар ХХК-ийн Газрын төлөв байдлыг дахин шинжээчээр томилогдсон Хөдөө аж ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт[7]-д...атар газартай харьцуулан доройтлын зэргийг тодорхойлж үзэхэд элсэн хучаас үүсээгүй, хөрсний хими болон физик үзүүлэлтүүд ямар нэгэн доройтолд өртөөгүй байсан... гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан тус сумын тариалан, атаршсан, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны ажил гүйцэтгэсэн тайлан /2012, 2017 он/[8] болоод шүүхээс нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-ийг талбайн түүх хөтөлсөн баримт болон газрын хөрсний шинжилгээ хийлгэж байсан эсэхийг тодруулахад, тус компанийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Тайлбар гаргах тухай[9],  2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Тайлбар гаргах тухай[10], 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тайлбар гаргах тухай[11] албан бичигт тус тус талбайн түүх хөтөлсөн баримт болон талбайн газрын хөрсний шинжилгээ хийлгэж байсан баримтаа гээгдүүлсэн, хайгаад олохгүй байна гэсэн тайлбар өгдөг. Тариалангийн талбай ашиглалтын талаар 2008-2020 онд өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн тариалалтын жагсаалт гаргасан боловч нийт талбайн 30 га газраас өөр газарт тариалалт хийгээгүй талаар дурджээ.

Үүнээс үзвэл Дуртмалсайхан нар ХХК нь Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “... хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу тухайн газарт агрохимийн шинжилгээ хийлгүүлнэ.”, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6“таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх” гэж тус тус заасан үүргээ зөрчиж, улмаар тариалангийн нийт талбайн 30 га-д чацаргана тарьснаас бусад талбайд тариалалт хийгээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4“Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.” гэж заасны дагуу Дуртмалсайхан нар ХХК-ийн тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх”, 54 дүгээр зүйлийн 54.2-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд хөрсийг хамгаалах, түүний үржил шимийг бууруулахгүй байх арга хэмжээ байнга авч, хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу тухайн газарт агрохимийн шинжилгээ хийлгүүлнэ.” 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тус тус заасан газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурьдсан баримтаас гадна Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Газрын даамлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... Дуртмалсайхан нар ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрээг 2009, 2013, 2017 онуудад дүгнэж байсан бөгөөд 2013 оны гэрээ дүгнэсэн тухай тэмдэглэлийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оноос хойш шинэчлүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй гэх тайлбар, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас Дуртмалсайхан нар ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж тус компанийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-ийн тариалангийн газрын хэмжээ 2017 онд анх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын А/89 дүгээр захирамжаар[12] 85 га болж багассан бөгөөд түүнээс хойш 2019 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын А/140 дүгээр захирамжаар[13] эзэмшлийн газрыг мод тарьсан 30 га газраар баталгаажуулж шийдвэрлэснийг сумын Засаг дарга хуулийн заалтыг захирамжийн төслөөс зөрж, буруу бичигдсэн гэсэн үндэслэлээр өөрөө хүчингүй болгож 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/205 дугаар захирамж[14] гаргасан байдаг.

Үүнээс үзвэл хариуцагч 2008 онд нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-ийн анх эзэмшиж байсан тариалангийн 156.34 га талбайн хэмжээ нь маргаан бүхий акт гарах үед сумын Засаг даргын 2017 оны А/89 дүгээр захирамжаар 85 га болж багассан атал 2020 онд А/158 дугаар захирамж гаргахдаа нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-ийн  мод тарьсан 30 га газрыг түүний эзэмшилд хэвээр үлдээж, үлдсэн 80.34 га газрыг хурааж, нэхэмжлэгчийг нийт 110.34 га газартай байсан мэт шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэдийгээр хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга маргаан бүхий актдаа газрын хэмжээг бодит байдлаас зөрүүтэй дурьдсан, Дуртмалсайхан нар ХХК-ийн эзэмшил газрын асуудлаар 2017, 2019, 2020 онд захирамж гаргах бүртээ анх 156.34 га талбайгаар эзэмшүүлсэн 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй зэрэг нь учир дутагдалтай боловч энэ нь нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-иас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: ...Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, Дуртмалсайхан нар ХХК-ийн эзэмшиж буй 52 га газрыг *******д олгосон нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна гэж маргадаг.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Дуртмалсайхан нар ХХК-ийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон Баянгол сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-ийн хураагдсан гэх 80.34 га газрын 52 га газрыг[15] гуравдагч этгээд *******д эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/205 дугаар захирамж[16]-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 56, 2018 оны 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн газар тариалангийн салбарт олон жил ажилласан ******* нь давуу эрхээр 100 га газар эзэмших хүсэлт ирүүлснийг хянаж үзээд Хараа 1-р баг, Бор толгойн ар (төв замын баруун тал-хураагдсан талбай)-д байрлах 52 га газрыг мод тарих, үржүүлэх зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.4.3“энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “29.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.” гэж тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гуравдагч этгээд *******д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Дуртмалсайхан нар ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндөөгүй байна.

Иймд Дуртмалсайхан нар ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан Хөдөө аж ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургуулиас ирүүлсэн шинжээчийн зардалд 2.075.300 төгрөгийг улсын төсвөөс урьдчилан төлсөн байна.  

Иймд шинжээчийн зардалд улсын төсвөөс урьдчилан төлсөн төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заанаар нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК-иар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.6, 20.2.11, 20.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/158, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий “Дуртмалсайхан нар” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан орчуулгын зардалд улсын төсвөөс урьдчилан төлсөн 2.075.300 төгрөгийг нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК-иар нөхөн төлүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дуртмалсайхан нар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 60-р тал

[2] Хавтаст хэрэг-1, 61-62-р тал

[3] Хавтаст хэрэг-1, 80-р тал

[4] Хавтаст хэрэг-1, 81-р тал

[5] Хавтаст хэрэг 1, 147-р тал

[6] Хавтаст хэрэг 2, 206-207-р тал

[7] Хавтаст хэрэг 2, 206-207-р тал

[8] Хавтаст хэрэг 1, 61-72-р тал

[9] Хавтаст хэрэг 1, 136-137й-р тал

[10] Хавтаст хэрэг 2, 50-51-р тал

[11] Хавтаст хэрэг 2, 112-113-р тал

 

 

[12] Хавтаст хэрэг-1, 146-р ху

[13] Хавтаст хэрэг-1, 145-р ху

[14] Хавтаст хэрэг-1, 144-р ху

[15] Хавтаст хэрэг-1, 88-р ху

[16] Хавтаст хэрэг-1, 82-р ху