| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0257/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/271 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
Улсын яллагч Н.Д,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ү, түүний өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Боржигон овогт Дашбалжирын Д.От холбогдох эрүүгийн 24250000***** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.О нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 20 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Пинк дэлгүүрийн урд төв асфалтан зам дээр Очир ундраа ОМЗ ББСБ-ын эзэмшлийн тоёота пробокс загварын **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. д, 3.5.а, б, в, г, 9.3.а, 9.4, 9.4.а, 9.5, 12.1, 12.2, 12.3, 27.2.в дахь заалтуудыг зөрчиж, зам дээр хэвтэж байсан хохирогч Б.Эыг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон,
Улмаар Б.Эыг Тоёота Пробокс загварын **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрч амь насыг хохироосон жолооч Д.О нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Оыг Монгол Улсын замын хөдлөгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын орхиж зутсаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Д “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэхгүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Д.О “нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээж, ойлгож гэмшиж байна” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ү: “нэмж мэдүүлэх зүйл байхгүй, оршуулгын зардал авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй адил байр суурьтай байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Хавтаст хэргээс улсын яллагч:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-25-р тал/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27-р тал/
- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-33-р тал/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36-р тал/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...тоёота пробокс загварын тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр хойш харуулан байршуулж үзлэгийг явуулахад копутны баруун урд талын ирмэг дотогшоо бага зэрэг хонхойсон, баруун талын крылоны дээд ирмэг гадагшаа тэнийсэн, гуперны доод хормой гол, баруун хэсгээр хугарсан, хугарсан хэсгийн үлдсэн ирмэг нь шинэ байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийг зориулалтын өргөгчөөр дээш өргөж үзэхэд баруун урд талын гэрлийн доод суурь хагарсан, баруун талын гуперны урд хэсэг тасарч салсан, салсан хэсэг нь шинэ, гуперны урд хэсэг хугарсан мөртэй, баруун гуперны дотор тал хавирч, гадна шороо арилж цайрсан мөртэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ..” гэх тэмдэглэл /хх-ийн 37-44-р тал/
- Тээврийн хэрэгслийн эд ангид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...тухайн урагдсан хэсгээс гурвалжин дүрс үүсгэж дээд талаараа 0,4 см, доод талаараа 0,4 см доод талаараа 0,4 см хэмжээтэй хоёр тийш урагдсан байх ба дээд, доод урагдсан суурийг хооронд нь хэмжиж үзэхэд 0,5 см байх ба тухайн гурвалжин хэсгийн үзүүрт цагаан өнгөтэй хөвөн, бараан өнгийн утас мэт зүйлс тогтсон байсныг фото зургаар бэхжүүлэн харьцуулах шинжилгээнд зориулж хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 51-53-р тал/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр Булган аймгийн Хангал сум руу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчим яваад 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой ажлаасаа ирсэн. Тухайн үед би "Бадархундага" эмнэлэгт хэвтэж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад талийгаач нөхөр, хадам ээж, хадам дүү нар надад хоол цай авч ирж өгөөд явсан. 22-ны өдрийн орой 18 цагийн орчим талийгаач нөхөр минь ганцаараа надад хоол, цай авч ирж өгсөн. 23-ны өдрийн өглөө 10 цагийн орчим талийгаач нөхөр минь надад хоол, цай авч ирж өгсөн. Би тухайн үед дусал тариа хийлгэж байсан болохоор би өрөөнөөсөө гараагүй. Талийгаач халуун саваа султгаад өг гэж хаалган завсраар хэлэхээр нь би хажуу талын орон дээр хэвтэж байсан хүнийг гуйж халуун савыг нь султгуулаад өгсөн. Үүнээс хойш талийгаачтай, уулзаж, утсаар яриагүй. Орой нь 19 цаг өнгөрч байхад манай хадам ээж Сайндаа над руу утсаар яриад Б.Э чам руу ярьсан уу. Гэртээ харьсан байна уу хүүхдээ асуугаад өгөөч. Зам дээр нэг хүн осолд орсон байна гээд яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг хашаанд тусдаа амьдардаг хүү Мөнхбаатар руу залгаад аав чинь гэртээ харьсан уу гэхэд хүү минь би хөдөө явж байна гэж хэлсэн. Тэгээд хэргийн газар дээр нь дүүтэй нь хамт очсон чинь нөхөр маань осолд орж амь насаа алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р тал/
- Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 11 цагийн орчим эхнэртээ өгөх хоол, цайгаа аваад манай гэрээс гарч явсан. Би өөрөө гадуур ажилтай байсан болохоор талийгаачийг манай гэрээс гарч явсаны дараа удаагүй гэрээсээ гарч явсан. Эргээд 15 цагийн оричм гэртээ ирэхэд талийгаач жоохон халамцуу манай гэрт ирчихсэн байж байсан. Манайхаас авч явсан хоол, цайны халуун саваа авч ирж өгсөн байх. Эргээд 17цаг 40 минутын орчим хүүхдээ аваад ирэхэд талийгаач явчихсан байсан. Тухайн үед ээжээсээ талийгаачийг хаашаа, хэзээ явсаныг нь асуугаагүй. Би бодохдоо гэртээ харих гээд явсан юм байна гэж бодсон. Гэтэл шөнө 20 цагийн орчим аймгийн Цагдаагийн газраас нэг алба хаагч яриад талийгаачийг зам тээврийн осолд орж нас барсан гэдгийг манай ээжийн гар утас руу залгаж хэлсэн...Талийгаач ахын минь гэр Эрдэнэ багт үйл ажиллагаа явуулдахг Пинк дэлгүүрээс ертөнцийн зүгээр урд зүгт байдаг. Талийгаач ах минь ер нь 100 граммын Ерөөл нэртэй архийг л дандаа ууж явдаг юм. Тэр өдрийн орой манай гэрт орж ирээд тийм архи уугаад шилийг нь үлдээгээд явсан байсан. Эхнэртээ хоол өгөх гэж яваад эргээд ирэхдээ л архи уучихсан байсан...нилээд согтуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63-р тал/
- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Нөхөр ажлаасаа ирж намайг аваад Дэнж рүү хүүхдээ авах гээд явж байсан. Пинк дэлгүүр рүү уруудах замд машины гэрэлд харагдах төдийд хүн ч юм уу юу ч мэдэгдэхгүй хөндлөн шуудайтай хувцас шиг зүйл харагдсан. Тэгээд жаахан яваад хүн хэвтэж байна гэж хэлсэн. Би нөхөртөө урд хүн байна шүү гэж хэлсэн. Тормоз дарсаар байгаад тулаад очсон. Тэгээд нөгөөдөх чинь сандраад хүн харагдахгүй байна гээд машинаа хойш нь ухраасан, ухрах үед ард машин дуут дохио өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр машинаас буусан. Би очиж хараагүй, нөхөр очиж тэр хүнийг харсан, хоёр цагдаа бууж ирээд машины зураг тэнд байсан зургийг авсан. Тэгээд тэр хоёр цагдаа эмнэлэг цагдаад дуудлага өг гэж хэлээд явсан. Тэгээд манай нөхөр эмнэлэг, дараа нь цагдаад дуудлага өгсөн...харагдахгүй байсан, хүн мөргөчихсөн үү гэхэд нөхөр үгүй гээд ухарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68-р тал/
- Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 18 цаг 30 минутын орчим ажлаа тараад хадам аавын гэрт очиж хүүхдээ авсан. Тэгэхэд хадам ээж орой болчихсон юм чинь та хоёр ааваараа гэртээ хүргүүлчих гэж хэлсэн. Тэгээд хадам аав Д.О-ын эзэмшлийн **-** УНЛ улсын дугаартай тоёота пробокс автомашинтай хүү бид хоёрыг гэрт хүргэж өгөхөөр гарсан. Хадам аавын хашаанаас гараад нарийн гудамжаар явж байгаад засмал зам руу нийлээд Пинк дэлгүүрийн тийшээ явсан. Пинк дэлгүүрийн урд талаар гараад явж байсан чинь зам дээр хүн хөндлөн хэвтэж байсан. Би хөөе аав наана чинь хүн хэвтэж байна гэсэн чинь аав жолоогоо зүүн тал руугаа дараад замын хашлага мөргөөд нэг талынхаа дугуйн дээр дэнжигнээд хөрвөөх гэж байсан, манай хүүхэд уйлсан, тэр үед аав жолоогоо хажуу тийш дараад замаас буусан. Замаас буугаад шууд манай гэрт очиж манай гэрт бид 3 орж, аав гал түлж өгөөд хадам аав гэртээ харина гээд гараад явсан. ..Зам дээр хөндлөн хэвтэж байсан, хөл нь хашлага руу хараад, толгой нь зам руугаа хараад хэвтэж байсан...зам дээр хэвтэж байсан хүн цэнхэр өнгийн ажлын хувцастай байсан, хөндлөн хэвтэж байсан, нүүр ам нь хаашаа харж байсныг анзаарч хараагүй, тэр үед айж сандарсан, хүүхэд маань уйлаад дуугай болохгүй байхаар нь бууж хараагүй юмаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р тал/
- Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү С над руу залгаад “наад гуравыг чинь явж байсан чинь зам дээр нь хүн хэвтэж байсан гэнээ, аав тэгээд замын хажуу тал руу ороод бараг онхолдох шахсан юм бишүү” гэж ярьсан. Тэгэхээр нь би шууд гар утсаа салгаад бэр Болорцэцэгийн гар утас руу залгаад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь “ээж бид нарыг явж байсан чинь зам дээр нэг хүн хэвтэж байсан, би зам дээр хүн хэвтэж байна гэсэн чинь аав хажуу тийшээ дараад унах дөхсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав чинь хаана байна гэсэн чинь аав сая гэр рүүгээ явсан гэж хэлсэн. Тухайн үед нөхөр гар утасгүй явсан байсан болохоор нөхөртэйгээ утсаар ярьж чадаагүй шууд нөхөр маань цагдаагийн газар дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/
- Гэрч И.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ертөнцийн зүгээр урд талаасаа хоёр суудлын автомашин ирж зогсоод араас нь урд гуперын доод хэсэг нь салж унасан, цагаан өнгийн пробокс загварын тээврийн хэрэгсэл ирээд зогссон. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход жолооч гэх эрэгтэй хүн ганцаараа явж байсан, тэр хүн дээр очоод хаанаас хаашаа явж байгаа талаар асуухад хүүхдээ хүргэж өгөөд буцаад явж байна гэдэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг тухайн хэрэгт сэжиглэж жолоочийг нь хэргийн газарт ажиллаж байсан эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн...машинынх нь урд гуперын доод тал нь унасан, хажуу талын крыло хонхойсон байхаар нь сэжиглэж шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р тал/
- Гэрч О. Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би хүн хэвтэж байна даа гэж бодсон. Гэтэл миний урд явж байсан тээврийн хэрэгсэл тухайн хүнийг хараагүй тулж очоод зогссон. Тэгээд ухрах үйлдэл хийсэн. Тэр машиныг ухрах үйлдэл хийхэд нь би ч гэсэн мөн урхах үйлдэл хийгээд зогссон. Тэгэхэд миний урд явж байсан машины жолооч талаас эрэгтэй хүн, нөгөө талын талын суудал дээрээс нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Б бид хоёр зам дээр хэвтэж байсан хүн дээр яваад очиход тэр хүний толгой зүүн зүгт, хөл нь баруун зүгт харсан байдалтай, хөл, толгой хоёр нь хагас нумарсан юм шиг байдалтай харагдсан.Би өөрөө тэр хүн рүү ойртоогүй. Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Б тэр хүнийг харсан. Би нөгөө машины дугаарыг харсан. Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Б нөгөө машины жолооч руу цагдаа руу залга гэж хэлээд, өөрөө гар утсан дээрээ хэд хэдэн зураг дарж аваад бид хоёр цаашаа хөдлөөд явсан. Дөнгөж хөдлөөд явахад зам дээр өөр машины гуфер хэвтэж байсан...Миний бодож байгаагаар яг тулаад л зогссон байх гэж бодож байна. ямар ч байсан тэр хүн дээгүүр нь дайрч гараагүй, хэрэв дайрсан бол машин дээш доош болж оволзоод мэдэгдэх байсан, тийм зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82-р тал/
- Гэрч П.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жамсран зам дээр хүн хэвтэж байна гэж хэлэхэд нь өндийхөд бид хоёрын урд явж байсан Тоёота Прус-20 загварын саарал өнгийн машин зогсоод ухрах үйлдэл хийж зогсоод жолооч талын хаалгаар намхан нуруутай эрэгтэй хүн бууж ирсэн. Жолооч талын хажуу талын суудал дээрээс нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Тэгэхэд нь Жамсран бид хоёр машинаас буугаад газарт хэвтэж байсан хүн рүү ойртож очиход нүүр нь дээш харж, толгой нь ертөнцийн зүгээр зүүн зүгт, хөл нь баруун зүгт харан байрласан эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүний хэвлий цээж хэсгээр нь цааш түлхэсэн мэт бага хэмжээтэй нумарсан байдалтай байсан. Приус-20 маркийн машинаас бууж ирсэн эмэгтэй жолооч залуу руу юу болчихвоо чи хараагүй юм уу гэхэд гэнэт л харагдлаа гэж хэлж байсан. Тухайн үед бид хоёр яаралтай ажилтай явж байсан болохоор цагдаагийн газарт дуудлага өгөөрэй гэж хэлээд газарт хэвтэж байсан хүн болон тухайн машины зургийг гар утсан дээрээ дарж аваад цаашаа явсан. Жамсран бид хоёрыг хөдлөөд явахад замын эсрэг талд цагаан өнгийн машины гуфер зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай шинжээчийн “...Б.Э-ын цогцост баруун чамархайнаас гавлын суурь хэсэг рүү үргэлжилсэн цөмөрсөн хугарал, баруун чамархайнаас урагш суурийн баруун дунд хонхор, баруун ухархайн дээд хана, тахиан залаа яс, арагш чулуулаг яс, турк эмээл, тахиан залаа яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн суурь, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доор цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай, суурь зүүн тал бөмбөлгийн чамархай, духны хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэгт тархины эдийн няцрал. Баруун 4, 9-р хавирганы хугарал, баруун бөөрний угт шарх, цус хуралт, гол судас, баруун уушги, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт, 1 шүдний булгарал, баруун чамархай, баруун, зүүн хацар, баруун, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, үзүүр, зүүн угалз, дээд уруулд зулгаралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт зулгаралт, баруун тохойд зулгаралт, цус хуралт, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн шагайд зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэвтээ, суугаа, босоо аль ч байрлалд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3,8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. Талийгаач нь гавал тархи цээж хэвлийн хаварсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 101-112-р тал
- Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт "...шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Хэргийн газрын үзлэгээр 7 гэж дугаараар тэмдэглэж авсан эд зүйлс" гэсэн уутанд байх 5 ширхэг, “Хэргийн газрын үзлэгээр 8 гэж дугаараар тэмдэглэж авсан эд зүйлс" гэсэн уутанд байх 3 ширхэг саарал өнгийн хуванцрууд нь **-** УНЛ улсын дугаартай Тоёота Probox DX маркийн тээврийн хэрэгслийн баруун урд их гэрлийн гэрлийн тусгалын өнцгийн тохиргооны доод хэсэг мөн байна, тээврийн хэрэгслийн цагаан өнгийн буферын хэсэг гэх зүйл **-** УНЛ улсын дугаартай Тоёота Probox DX маркийн тээврийн хэрэгслийн урд бамбай, баруун урд далбааны хэсэг мөн байна, хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх 32. 5x18x0.32 см хэмжээтэй мөнгөлөг өнгийн саарал өнгийн хуванцар эд ангийн хэсэг 84-22 УНС улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд бамбай (буфер)-н хэсэг мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Хэргийн газрын үзлэгээр 7 гэж дугаараар тэмдэглэж авсан эд зүйлс” гэсэн хаягтай уутанд байсан 4 гэж дугаарласан буюу 15х10х1.1 мм хэмжээтэй саарал өнгийн хуванцар **-** УНЛ улсын дугаартай Тоёото Probox DX маркийн тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийн хагарсан хэсгүүдтэй материалын ерөнхий шинж тэмдэг, бохирдолт зэргээрээ төсөөтэй боловч зах ирмэгээрээ эвлэж нэг бүхэл хэсгийг үүсгэхгүй байна. “Хэргийн газрын 2 гэж дугаараар тэмдэглэж авсан эд зүйлс” гэсэн хаягтай уутанд байсан 192х8.42х3.1 мм хэмжээтэй, “UB”,”MOTO” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хаймар (резин) мэт зүйл **-** УНЛ улсын дугаартай Тоёото Probox DX маркийн тээврхийн хэрэгсэл, 84-22 УНС улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эд анги болон гэмтэлтэй эд ангийн хэсгүүдтэй бүхэл хэсгийг үүсгэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 117-125-р тал/
- Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №5918 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1,2,3 шинжилгээнд ирүүлсэн "Д.О" гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Д.О" гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй... гэх дүгнэлт /хх-ийн 149-151-р тал/
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №701 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн сэмэрдэсүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Тээврийн хэрэгслийн цагаан өнгийн буферийн төмөртэй хэсгээс бэхжүүлсэн сэмэрдэс. 2024.01.19 232400007 дугаартай хэрэг” гэж хаягласан шинжээчийн /2/-гэж дугаарласан сэмэрдэс, "Тээврийн хэрэгслийн цагаан өнгийн буферийн хуванцар хэсгээс бэхжүүлсэн сэмэрдэс. 2024.01.19, 232400007 дугаартай хэрэг.” гэж хаягласан шинжээчийн /2/-гэж дугаар сэмэрдэснүүд "Б.Эын хувцасны үзлэгээр хураан авсан дээж. 2023.11.23” гэх хаягтай шинжээчийн /3/-гэж дугаарласан хар хөх өнгийн даавуун эдлэлийн хэсэгтэй гадаргуун үзүүлэлт, өнгө, өргөний диаметрийн хэмжээ зэргээрээ тохирч байна. Харин тунгалаг өнгийн вискоз ширхэгт, улаан өнгийн химийн ширхэгт зэрэгт хөх өнгийн даавуун хэсэг нь зэргээрээ тохирохгүй байна, гадаргуун үзүүлэлт, өнгө, өргөний диаметрийн хэмжээ зэргээрээ тохирохгүй байна.." гэх дүгнэлт /хх-ийн 156-163-р тал/
- Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн “...Очир Ундраа ОМЗ ББСБ-н эзэмшлийн Япон улсад 2014 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй Монгол Улсад 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр орж ирсэн **-** УНЛ улсын дугаартай NСР********* арлын дугаартай суудлын автотээврийн хэрэгсэл нь кузов, бүхээг /өнгө үзэмж/ муу, урд талын салхины шил хагарсан, урд талын буфер хамгаалалт хагарсан, хаалганы түгжээ бариул байхгүй, зүүн талын арыг харах толь хагарсан, хөдөлгүүрийн хаалт копот хонхойж гажсан, шаврын хаалт крыло хонхойж урагдсан, бүртгэлийн дугаарын нэг гэрэл асахгүй, хянах самбар дээр гурван төрлийн анхааруулах гэрэл ассан зэрэг гэмтлүүд үүссэн нь стандарт шаардлага хангахгүй байна. Дугуйнуудын загвар, хээ хэмжээсүүдийн хувьд өөр, өөр өвлийн улиралд ашиглахад тохиромжгүй дугуйнууд байна. Дугуйнуудын загвар, хээ, хэмжээсүүдийн хувьд өөр өөр өвлийн улиралд ашиглахад тохиромжгүй дугуйнуудтай байгаа нь стандарт шаардлагад нийцэхгүй байна. ..Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээр 7200 cd, хол дээр 3500 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээр 11400cd хол дээр 11600cd /стандарт 10.000-225.000cd/ байгаа нь стандарт шаардлагад нийцэхгүй байна. Зүүн талын ойр болон холын гэрлийн тусгал стандарт шаардлагад нийцэж чадахгүй байна. Харин баруун талын хол болон ойрын гэрэл стандарт шаардлагад нийцэж байна. ...Уг тээврийн хэрэгсэл дээр үүссэн эвдрэл, гэмтлийг осол болохоос өмнө үүссэн гэмтлүүд, харин урд талын бамфер хамгаалалт хагарсан нь осол болох үед үүссэн байна гэж тогтоолоо...” гэх дүгнэлт /хх-ийн 216-224-р тал/
- Зам тээврийн ослын шалтгаан тогтоох шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “...Амь хохирогч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрсөн байх үндэслэлтэй байна. Үүнд:
Амь хохирогч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйл: Явган зорчигчийн үүрэг. 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна. Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна.
Тайлбар: Нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн захаар явах тохиолдолд дээрх заалтыг мөрдөхгүй байж болно/ гэсэн заалтын зөрчсөн байх үндэслэлтэй байна.
5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг: 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: б/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Тоёота пробокс маркийн **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд:
3. Жолоочийн үүрэг, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ.
9.Анхааруулах дохио ба таних тэмдэг, 9.3. Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
ІІ. Ослын зогсолтын тэмдэг 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мен дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед:
9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.
12. Тээврийн хэрэгслийн хурд, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж явааачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна
27.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг, 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараа хүүргийг хүлээнэ:
в/ тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. /дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1, 3.3, 3.6, 5.3 дахь заалтыг харах/
Тоёота Приус-20 загварын 84-22 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд:
12.Тээврийн хэрэгслийн хурд, 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
27.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг, 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараа хүүргийг хүлээнэ: в/ тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. /дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1, 3.3, 3.6, 5.3 дахь заалтыг харах /хх-ийн 230-234-р тал/,
- Яллагдагч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.…Пинк дэлгүүрийн уулзвар өнгөрөөд явж байхад замын гэрэлтүүлэггүй зорчих хэсэг дээр хүн хэвтэж байсан. Би машины гэрлээ ойрын гэрлээс холын гэрэл рүү шилжүүлээд зүүн гар тал руугаа дараад замын хашлага дээгүүр гараад замын зүүн талын жалга руу буугаад цаашаа явсан. Хоёр хүүхдээ гэрт нь хүргэж өгөөд ирсэн чинь цагдаа нар ирчихсэн хэргийн газарт ажиллаж байсан. …Бэр маань аав зам дээр хүн хэвтэж байна гэж хэлсэн. Тэгэхэд нь машиныхаа гэрлийг холын гэрэл дээр шилжүүлсэн. Миний хувьд зам дээр хэвтэж байсан хүнийг яг тулж очоод харсан. Машинаа зогсоох боломжгүй байсан болохоор хажуу тийш нь дараад гарсан. Тэр хүний толгой ертөнцийн зүгээр зүүн тийшээ хараад хэвтэж байсан. Би тэр хүнийг машиныхаа урд талаар л мөргөсөн байх. Тухайн үед жолооч талынхаа урд талаар л мөргөсөн байх. Тухайн үед жолооч талынхаа урд дугуйгаар л нэг юм даваад явчихсан. Миний машины буфер салаад унасан. Тэ хүний биеийн аль хэсэг рүү мөргөснийг сайн мэдэхгүй байна…яг тухайн үед жолооч талын урд дугуйнд нэг юм тулаад мөргөөд дайраад гарсан. Би замаас гараад машинаа зогсоогоогүй. Тухайн үед хоёр хүүхэд орилж хашгираад би өөрөө мөн сандарсан болохоор цаашаа шууд яваад хоёр хүүхдээ гэрт нь хүргэж өгөөд эргэж ирсэн…Би тэр үед ойролцоогоор 40 орчим км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. ...машинаа зогсоох арга хэмжээ авах боломж олдоогүй. …миний ойрын хараа муу, хараа муутай болохоор л холоос харж чадаагүй иулж очоод харсан байх…” гэх мэдүүлэг /хх-ийн 246-248-р тал/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд жолоочийн согтуурал шалгасан баримт, амь хохирогчийн согтуурал шалгасан баримт, 230 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримтууд болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Б.Тулга нар тусгайлан шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Д.О нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 20 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Пинк хүний дэлгүүрийн урд төв асфалтан зам дээр Очир ундраа ОМЗ ББСБ-ын эзэмшлийн тоёота пробокс загварын **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам дээр хэвтэж байсан хохирогч Б.Эыг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Д.О нь Монгол Улсын замын хөдлөгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын орхиж зутсаасан болох нь:
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн эд ангид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Үийн “...23-ны өдрийн өглөө 10 цагийн орчим талийгаач нөхөр минь надад хоол, цай авч ирж өгсөн. Би тухайн үед дусал тариа хийлгэж байсан болохоор би өрөөнөөсөө гараагүй. Талийгаач халуун саваа султгаад өг гэж хаалган завсраар хэлэхээр нь би хажуу талын орон дээр хэвтэж байсан хүнийг гуйж халуун савыг нь султгуулаад өгсөн. Үүнээс хойш талийгаачтай, уулзаж, утсаар яриагүй. ...Тэгэхээр нь нэг хашаанд тусдаа амьдардаг хүү Мөнхбаатар руу залгаад аав чинь гэртээ харьсан уу гэхэд хүү минь би хөдөө явж байна гэж хэлсэн. Тэгээд хэргийн газар дээр нь дүүтэй нь хамт очсон чинь нөхөр маань осолд орж амь насаа алдсан байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Энхтөгсийн “...Тэгээд 11 цагийн орчим эхнэртээ өгөх хоол, цайгаа аваад манай гэрээс гарч явсан. ...Эргээд 15 цагийн оричм гэртээ ирэхэд талийгаач жоохон халамцуу манай гэрт ирчихсэн байж байсан. ...Эргээд 17цаг 40 минутын орчим хүүхдээ аваад ирэхэд талийгаач явчихсан байсан. Тухайн үед ээжээсээ талийгаачийг хаашаа, хэзээ явсаныг нь асуугаагүй. Би бодохдоо гэртээ харих гээд явсан юм байна гэж бодсон. Гэтэл шөнө 20 цагийн орчим аймгийн Цагдаагийн газраас нэг алба хаагч яриад талийгаачийг зам тээврийн осолд орж нас барсан гэдгийг манай ээжийн гар утас руу залгаж хэлсэн...Талийгаач ахын минь гэр Эрдэнэ багт үйл ажиллагаа явуулдаг Пинк дэлгүүрээс ертөнцийн зүгээр урд зүгт байдаг. Талийгаач ах минь ер нь 100 граммын Ерөөл нэртэй архийг л дандаа ууж явдаг юм. Тэр өдрийн орой манай гэрт орж ирээд тийм архи уугаад шилийг нь үлдээгээд явсан байсан. Эхнэртээ хоол өгөх гэж яваад эргээд ирэхдээ л архи уучихсан байсан...нилээд согтуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Д-ын “...Пинк дэлгүүр рүү уруудах замд машины гэрэлд харагдах төдийд хүн ч юм уу юу ч мэдэгдэхгүй хөндлөн шуудайтай хувцас шиг зүйл харагдсан. Тэгээд жаахан яваад хүн хэвтэж байна гэж хэлсэн. Би нөхөртөө урд хүн байна шүү гэж хэлсэн. Тормоз дарсаар байгаад тулаад очсон. Тэгээд нөгөөдөх чинь сандраад хүн харагдахгүй байна гээд машинаа хойш нь ухраасан, ухрах үед ард машин дуут дохио өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр машинаас буусан. ...Тэгээд манай нөхөр эмнэлэг, дараа нь цагдаад дуудлага өгсөн...харагдахгүй байсан, хүн мөргөчихсөн үү гэхэд нөхөр үгүй гээд ухарсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Б-ийн “...Пинк дэлгүүрийн урд талаар гараад явж байсан чинь зам дээр хүн хөндлөн хэвтэж байсан. Би хөөе аав наана чинь хүн хэвтэж байна гэсэн чинь аав жолоогоо зүүн тал руугаа дараад замын хашлага мөргөөд нэг талынхаа дугуйн дээр дэнжигнээд хөрвөөх гэж байсан, манай хүүхэд уйлсан, тэр үед аав жолоогоо хажуу тийш дараад замаас буусан. Замаас буугаад шууд манай гэрт очиж манай гэрт бид 3 орж, аав гал түлж өгөөд хадам аав гэртээ харина гээд гараад явсан. ..Зам дээр хөндлөн хэвтэж байсан, хөл нь хашлага руу хараад, толгой нь зам руугаа хараад хэвтэж байсан...зам дээр хэвтэж байсан хүн цэнхэр өнгийн ажлын хувцастай байсан, хөндлөн хэвтэж байсан, нүүр ам нь хаашаа харж байсныг анзаарч хараагүй, тэр үед айж сандарсан, хүүхэд маань уйлаад дуугай болохгүй байхаар нь бууж хараагүй юмаа....” гэх мэдүүлэг,
- Гэрч С.С-ын “...Манай хүү Сайнбаяр над руу залгаад “наад гуравыг чинь явж байсан чинь зам дээр нь хүн хэвтэж байсан гэнээ, аав тэгээд замын хажуу тал руу ороод бараг онхолдох шахсан юм бишүү” гэж ярьсан. Тэгэхээр нь би шууд гар утсаа салгаад бэр Болорцэцэгийн гар утас руу залгаад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь “ээж бид нарыг явж байсан чинь зам дээр нэг хүн хэвтэж байсан, би зам дээр хүн хэвтэж байна гэсэн чинь аав хажуу тийшээ дараад унах дөхсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав чинь хаана байна гэсэн чинь аав сая гэр рүүгээ явсан гэж хэлсэн. Тухайн үед нөхөр гар утасгүй явсан байсан болохоор нөхөртэйгээ утсаар ярьж чадаагүй шууд нөхөр маань цагдаагийн газар дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг
- Гэрч И.М-ий “...ертөнцийн зүгээр урд талаасаа хоёр суудлын автомашин ирж зогсоод араас нь урд гуперын доод хэсэг нь салж унасан, цагаан өнгийн пробокс загварын тээврийн хэрэгсэл ирээд зогссон. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход жолооч гэх эрэгтэй хүн ганцаараа явж байсан, тэр хүн дээр очоод хаанаас хаашаа явж байгаа талаар асуухад хүүхдээ хүргэж өгөөд буцаад явж байна гэдэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг тухайн хэрэгт сэжиглэж жолоочийг нь хэргийн газарт ажиллаж байсан эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн...машинынх нь урд гуперын доод тал нь унасан, хажуу талын крыло хонхойсон байхаар нь сэжиглэж шалгуулсан...” гэх мэдүүлэг
- Гэрч О. Ж-ийн “... Би хүн хэвтэж байна даа гэж бодсон. Гэтэл миний урд явж байсан тээврийн хэрэгсэл тухайн хүнийг хараагүй тулж очоод зогссон. Тэгээд ухрах үйлдэл хийсэн. Тэр машиныг ухрах үйлдэл хийхэд нь би ч гэсэн мөн урхах үйлдэл хийгээд зогссон. Тэгэхэд миний урд явж байсан машины жолооч талаас эрэгтэй хүн, нөгөө талын талын суудал дээрээс нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Б бид хоёр зам дээр хэвтэж байсан хүн дээр яваад очиход тэр хүний толгой зүүн зүгт, хөл нь баруун зүгт харсан байдалтай, хөл, толгой хоёр нь хагас нумарсан юм шиг байдалтай харагдсан.Би өөрөө тэр хүн рүү ойртоогүй. Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Б тэр хүнийг харсан. Би нөгөө машины дугаарыг харсан. Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Б нөгөө машины жолооч руу цагдаа руу залга гэж хэлээд, өөрөө гар утсан дээрээ хэд хэдэн зураг дарж аваад бид хоёр цаашаа хөдлөөд явсан. Дөнгөж хөдлөөд явахад зам дээр өөр машины гуфер хэвтэж байсан...Миний бодож байгаагаар яг тулаад л зогссон байх гэж бодож байна. ямар ч байсан тэр хүн дээгүүр нь дайрч гараагүй, хэрэв дайрсан бол машин дээш доош болж оволзоод мэдэгдэх байсан, тийм зүйл болоогүй...” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Б-ий “...Жамсран зам дээр хүн хэвтэж байна гэж хэлэхэд нь өндийхөд бид хоёрын урд явж байсан Тоёота Прус-20 загварын саарал өнгийн машин зогсоод ухрах үйлдэл хийж зогсоод жолооч талын хаалгаар намхан нуруутай эрэгтэй хүн бууж ирсэн. Жолооч талын хажуу талын суудал дээрээс нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Тэгэхэд нь Жамсран бид хоёр машинаас буугаад газарт хэвтэж байсан хүн рүү ойртож очиход нүүр нь дээш харж, толгой нь ертөнцийн зүгээр зүүн зүгт, хөл нь баруун зүгт харан байрласан эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүний хэвлий цээж хэсгээр нь цааш түлхэсэн мэт бага хэмжээтэй нумарсан байдалтай байсан. Приус-20 маркийн машинаас бууж ирсэн эмэгтэй жолооч залуу руу юу болчихвоо чи хараагүй юм уу гэхэд гэнэт л харагдлаа гэж хэлж байсан. Тухайн үед бид хоёр яаралтай ажилтай явж байсан болохоор цагдаагийн газарт дуудлага өгөөрэй гэж хэлээд газарт хэвтэж байсан хүн болон тухайн машины зургийг гар утсан дээрээ дарж аваад цаашаа явсан. Жамсран бид хоёрыг хөдлөөд явахад замын эсрэг талд цагаан өнгийн машины гуфер зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №29 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №5918 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №701 дугаартай шинжээчийн дүгнэлт, - Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн ослын шалтгаан тогтоох шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт, Д.Оын яллагдагчаар мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч болон шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал сэрэмжтэй байдал, техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн самбаачлах чадвар дутмаг байдал, мөн амь хохирогч Б.Э замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж зам дээр хэвтэж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог ба уг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтаар шүүгдэгч Д.О Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Пинк дэлгүүрийн урд үзэгдэлт хангалтгүй нөхцөлд авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, мөн жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг холбогдох дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан хохирогч Б.Э-ыг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон болох нь тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч Д.О нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл хийж, үүнээс үүдэн хүний амь насыг хохирсон тохиолдолд тухайн гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолооч Д.Оын буруутай үйлдэл болон хохирогч Б.Эын үхэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Жолооч Д.О хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих болон автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргүүдийг үйлдэхдээ санаатайгаар үйлдсэн байх ба энэ үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үйлдэлд болгоомжгүйгээр хандсан байна.
Иймд шүүгдэгч Д.Оыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Д.Оын буруутай үйлдлийн улмаас Б.Э амь хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй боловч,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ү шүүхийн хэлэлцүүлэгт “оршуулгын зардалд 15,000,000 төгрөгийг авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэж тайлбар гаргасан тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож, тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандаас “Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний насны байдал болон эхнэрийнх нь биеийн байдал тааруу өвчтэй, 14 настай хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулэ өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах талаар тусгайлан гаргах саналгүй...” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ү, түүний өмгөөлөгч Б.Тулга нар“ тусгайлан гаргах саналгүй” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус оногдуулж, уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.От шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг,
шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус түүнд мэдэгдэж,
шүүгдэгч Д.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гуфер, амь хохирогчийн хатаасан цус, 84-22 дугаартай тээврийн хэрэгслийн хамгаалалтын хэсэг, цахилгааны машин 2 ширхэг, бичил мөр 2 ширхэг, амь хохирогчийн хувцаснаас дээж болгон авсан 2 хэсэг сэмэрдэс, долоон хэсэг хагархай хуванцар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн Д.Оын ****** дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн төвд хүргүүлэхээр, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.О-т шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Д.О энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан гуфер, амь хохирогчийн хатаасан цус, 84-22 дугаартай тээврийн хэрэгслийн хамгаалалтын хэсэг, цахилгааны машин 2 ширхэг, бичил мөр 2 ширхэг, амь хохирогчийн хувцаснаас дээж болгон авсан 2 хэсэг сэмэрдэс, долоон хэсэг хагархай хуванцар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст дааргаж, хэрэгт хавсарган ирүүлсэн Д.О-ын ****** дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР