Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00060/И |
Дугаар | 154/ШШ2021/00109 |
Огноо | 2021-05-17 |
Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 154/ШШ2021/00109
2021 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 154/ШШ2021/00109 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Б дүүрэг, ** дугаар хороо, цагдаагийн академи, гудамж *** дугаар байр *** тоотод оршин суух, Г овогт Д ын Б / РД: / нэхэмжлэлтэй
Хүү А.Ц ийн нас барсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анхны хүүгээ 2002 оны 5 сарын 5-ны өдөр төрүүлсэн. Тухайн үед би Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид соёлын төвийн даргаар ажиллаж байсан.2005 оноос хойш Улаанбатар хотод өөр цэргийн ангид шилжин ирж ажилласан.
2003 оны 1 сарын 3-ны өдөр Үенч сумаас хүүгээ аваад Уушигийн застав орохоор явж байгаад техникийн бүрэн биш байдлын улмаас осол болж хүү А.Ц нас барсан. Ховд аймаг Булган сум дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 сарын 02-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэж жолооч болох Л.Содномдаржаа нь шүүхээр шийтгэгдэж ял авсан.
Тухайн цаг үед сэтгэл санааны хямралтай сэтгэл зүйн хувьд хүнд байсан учир шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Гэтэл ослын улмаас нас барсан хүү А.Ц нь Монгол улсын Иргэний бүртгэлээс хасагдаагүй бүртгэлтэй байна. Энэ байдлаа улсын бүртгэлээс асуухад шүүхээр нас барсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн.
Иймд хүү Амарбаярын Ц /ПК 02250112/ регистртэй нас барсаныг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ховд аймгийн Үенч сумын хөх үзүүр багт оршин суух Г овогт Д ын Цэрэнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин оролцож байна. Д.Б нь миний төрсөн эгч Улаанбаатар хотод байгаа учир шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй байна.
Д.Б нь Ховд аймгийн Үенч суманд Хилийн цэргийн 0130 дугаар ангид Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад шилжээд мөн цэргийн ангид Соёлын төвд ажиллаж байгаа. Хүү А.Ц нь 2003 онд авто ослын улмаас нас барсан.Тухайн осол гаргасан жолооч нь шүүхээр шийтгэгдэж шийтгэл авсан. Яагаад улсын бүртгэлээс хасагдаагүй болохыг сайн мэдэхгүй байна. Шүүхийн тогтоолоор иргэний бүртгэлээс хасагдаагүй байсан байна. Одоо энэ хүүхэд байхгүй тухайн үед ослын улмаас нас барсан учир Иргэний бүртгэлээс хасаж өгөхийг хүсье гэв.
Гэрч: Тайжууд овогт Олзтойн Эрдэнэчулууны шүүхэд гэрчээр мэдүүлсэн....Д.Б нь Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид Соёлын төвд соёл хүмүүжлийн ажилтнаар ажиллаж байсан. Манай нөхөр Д.Жаргалсайхан санхүү албаны тооцооны нягтлангаар ажиллаж байсан. Нас барсан оныг сайн мэдэхгүй байна. 2000 оны үед Д.Б нь хүү А.Ц ын хамт авто осолд орж хүүхэд нь нас барсан.
Тухайн үед автын осол хийсэн жолооч Л.Содномдаржаа нь шүүхээр шийтгэгдэж байсныг сайн мэднэ. Цэргийн ангийн Иргэний бүртгэл нь Үенч сумын бүртгэлд харъяалагдан бүртгэгдэж байсан. Яагаад иргэний бүртгэлээс хасагдаагүй өнөөдрийг хүртэл байсныг би сайн мэдэхгүй бүртгэлийн ажилтан Ш.Түвшинжаргал ажиллаж байсан. Хүүгээ авто ослын улмаас алдсан, нэг нас хүрээгүй хүүхэд байсныг сайн мэдэж байна гэх мэдүүлэг, 2003 оны 06 сарын 02-ны өдрийн 12 дугаартай Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 126/000276 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж шинжлэн судалсан болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хүү А.Ц ийг 2003 оны 1 сарын 3-ны өдөр авто ослын улмаас нас барсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Нэхэмжлэгч Д.Б нь хүү А.Ц ын хамт авто осолд орж хүү А.Ц нь нас барсан бөгөөд нас барсныг Улсын бүртгэлд бүртгэж хасалт хийгээгүйн улмаас хүү А.Ц нь өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлд бүртгэлтэй байх тул улсын бүртгэлээс хасалт хийлгэхийн тулд хүү А.Ц ыг 2003 оны 1 сарын 3-ны өдөр авто осолд орж нас барсан болохыг шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б нь хүү А.Ц ийг нас барсан байдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж шүүхээс үзлээ.
Нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу тус хэрэгт авагдсан 2003 оны 06 сарын 02-ны өдрийн 12 дугаартай Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шийтгэх тогтоолд...Л.Содномдаржааг А.Ц ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь уг ослын хэргийн улмаас 2002 оны 05 сарын 01-ны өдөр төрсөн Амарбаярын Ц нас барсан болох нь тогтоогдож байна.
Мөн гэрч О.Эрдэнэчулууны гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 70200 төгрөг төлснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 135.3 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Амарбаярын Ц ыг 2003 оны 01 сарын 03-ны өдөр авто ослын улмаас нас барсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ