Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/239

 

2024     05           28                                          2024/ШЦТ/239

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,    

Улсын яллагч Ж.Б,

Шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2325002****** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Э

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч “Н Д Г” ХХК-ийн захирал ажилтай Баянцэцэгийн Б.Э нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дүгээр зүйлд заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна” 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлд заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэх нийтлэг заалтуудаа биелүүлээгүйн улмаас тус компаний “CFC” захиалгат түргэн хоолны газрын тогооч ажилтай Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *** хотхоны **Ббайрны 1 давхрын 1 тоотод байрлах ажлын байрандаа гурил зуурагч төхөөрөмжинд гараа хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь “баруун атгаалын дээд хэсгийн тайралт” бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд болон талуудын санал, дүгнэлт тайлбар

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оноос хойш хувиараа хоолны газар нээгээд компани нээгээд ажиллаж байна. ...Одоо Эрдэнэтэд 2 салбартай. 20 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Ирэх 06 сард Дархан-Уул аймагт салбараа нээж байна. Өмнө нь ийм муу зүйл болно гэж бодож байсангүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаанд ахлах тогооч хяналт тавих үүрэгтэй байдаг. Тэр зарчмаараа явж байсан. Тухайн гурил зуурах машиныг аваад сар гаруй болж байсан. Өдөрт 20 гаруй кг гурил зуурдаг учир ажилчдынхаа ажлыг хөнгөлөх үүднээс тэр машиныг авсан. Хохирогч эгч тэнд байнга гурилаа зуурдаг байсан. Манайд пиццаны тогооч зөвхөн пиццагаа хийх үүрэгтэй байдаг. Гурил зуурагчийг зөвхөн Б.Б эгч ажиллуулдаг байсан. Ийм хэцүү өдөр өөрийн эрхгүй ирсэн. Эгчийнхээ эрүүл мэндэд тийм зүйл болсон нь миний буруугаас болсон гэж бодож байгаа. ...Цаашдаа илүү хянамгай сэрэмжтэй бүх зүйл дээр хяналттай, албан ёсны зарчимаар ажиллаж байхыг хичээж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүйгэсэн агуулга бүхий  тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн: “Гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно.гэсэн тайлбарыг,

Улсын яллагч Ж.Батбаатар “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс улсын яллагч:

- Мөрдөн шалгах туршилт хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 - Хохирогч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум  Хүрэнбулаг багийн Амарсу хотхоны 1 давхарт байрлах CFC түргэн хоолны газарт ажилдаа өглөөний 09 цаг 50 минутын орчим ирсэн. Би ажилдаа ирснийхээ дараа пиццаны гурил зуурагч машиндаа хуурай гурил хийгээд дээрээс нь гурил зуурах орцуудаа устай хольж хийгээд гурил зуурагч төхөөрөмжөө ажиллуулсан. Төхөөрөмжөө ажиллуулж байгаад зуурагдаж байсан гурилаа харах үед нялцгай шингэн болсон байхаар нь би хуурай гурил нэмж хийгээд үргэлжлүүлээд гурил зуурагч төхөөрөмжөө ажиллуулсан. Удалгүй би зуурагдаж байсан гурилаа нүдээрээ харах үед гурил зуурагдаж дууссан байх шиг байсан. Энэ үед би төхөөрөмжөө унтраагаад гурилынхаа хатуу зөөлөнг нь гараараа шалгаж үзээд зуурагдсан гурилаа төхөөрөмжнөөс гарагж авах гээд гараараа гурилаа татаж байх үед гурил зуурагч төхөөрөмж нь гэнэт ажиллаад миний гар төхөөрөмжинд нь хавчуулагдаад төхөөрөмжний гол эргэдэг төмрийг миний гар ороогоод гараад ирсэн. Энэ үед миний гар маш их өвдөөд яс нь хугарч байгаа нь надад сонсогдоод орилох үед манай ээлжинд хамт ажиллаж байсан Нямдолгор гэх тогооч эмэгтэй ирээд гурил зуурагч төхөөрөмжийг унтраасан. Тэгээд манай ажлын хүмүүс хамгийн эхэнд захирал Б.Э руу залгаад хэлсэн араас нь эмнэлэг, онцгой байдлын алба хаагч нар ирсэн. Тэгээд миний гарыг Б.Э захирал Онцгой байдлын алба хаагч нартай хамтраад миний гарыг төхөөрөмжнөөс салгаж авсан. Би гараа гурил зуурагч төхөөхөмжнөөс салгаж авсныхаа дараа эмнэлэгт очиж хагалгаанд ороод баруун гарныхаа тохой мөр хоёрын дундуур тайруулсан...Би “Н Д Г” нэртэй хуулийн этгээдэд 2021 оны 12 дугаар сараас хойш угаагчаар ажилд ороод 2022 оны 06 сараас тогоочоор ажиллах болсон...”гэх мэдүүлэг, /хх-н 18-19-р тал/,

 “...Цаашид энэ илрээд байгаа шинж тэмдгийг мэргэжлийн эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх зэрэгт гарах зардлыг гаргуулах шаардлагатай байна. Миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас гэм буруутай хүнээс дараах зүйлийг нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хор хохиролд шинжээчийн дүгнэлтээр 15,000,000 төгрөг, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 14,400,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх цалингүй байсан хугацааны цалин хөлсд 5,600,000 төгрөг, эмнэлгийн байгууллагад очиж үйлчлүүлсэн тээврийн хэрэгслийн зардалд 3,000,000 төгрөг нийтдээ 38,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид хиймэл гар хийлгэх зардал болон цалин хөлсний зөрүүг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг, /хх-н 24-р тал/,

- Гэрч Б.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Орхон аймгийн Онцгой байдлын газраас над руу холбогдоод та нар ээж дээрээ очсон уу, биеийн байдал нь хэр байна гэж хэлсэн, би энэ үед гайхаад би очоогүй байна. Улаанбаатар хотод байдаг яасан юм бол гэж асуухад ,ээж чинь ажил дээрээ гурил зуурагч машинд гараа хавчуулсан гэж хэлээд гар утсаа тасалсан. Би сандраад ээжийн дугаар руу холбогдоод ярихад хамт ажилладаг эмэгтэй нь гар утсыг нь аваад ээж чинь махны машинд гараа авчихлаа, одоо эмнэлэг дээр хагалгаанд орох гээд байж байна гэж хэлсэн... Манай ээж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Наадам центер гэх нэртэй газрын хажуу талын “CFC” нэртэй шарсан тахианы газарт 2 жил орчим тогоочоор ажилласан....” гэх мэдүүлэг, /хх-н 26-р тал/,

- Гэрч С.Мандалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 08-ны өглөө. ...орой дахиж эмнэлэг дээр ирэх үед би эгчийг харахад баруун талын гар нь тохой мөр хоёрын дундуур тайрсан байдалтай байсан. Би төрсөн дүү Энхцогзолоос нь цагдаад мэдэгдсэн юм уу гэж асуухад нөгөө ажлын газраас нь захирал нь мэдэгдсэн, санаа зоволтгүй гэж хэлсэн байсан гэж надад хэлсэн. Тэгээд би эмнэлгээс яваад маргааш нь дахиж холбогдож цагдаагаас холбогдсон талаар асуухад үгүй гэж хариулах үед нь эгч Болороогийн төрсөн охины хамт ирж цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Манай эгч ажил дээрээ гурил зуурагч төхөөрөмжинд гурил зуурагдаж байгаад төхөөрөмж нь амарж байх үед гурилныхаа хатуу зөөлнийг шалгах гээд гараа хийх үед төхөөрөмж ажиллаад гараа хавчуулаад гар нь ямар ч гарах боломжгүй болоод Онцгой байдлын алба хаагч нар ирж гарыг салгаж авсан талаар хүнээс сонссон...” гэх мэдүүлэг, /хх-н 29-р тал/,

- Гэрч Н.Нямдолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед ажилдаа ирсэн, 11 цаг хүртэл бэлтгэл ажилаа хийдэг. Тухайн өдөр тогооч Б.Б, бургерны тогооч Батбямба, угаагч Уранцэцэг, касс Золбоо миний бие нар ажилдаа ирсэн. Б.Б нь ажилдаа ирээд гал тогооны өрөөнд пиццаны гурилыг гурил зуурагч машин руу хийгээд гурил зуурч байсан, энэ үед би тахианы махаа хэрчиж бэлдэж байсан. Энэ үед угаагч Уранцэцэг, тогооч Батбямба нар орилсон, би юу болсон юм бол гэж бодоод эргээд харсан чинь Б.Б эгч гурил зуурагч машин руу баруун талын гараа хийчихсэн, доош нь тонгойсон байсан, энэ үед би гүйж очоод гурил зуурагч машиныг унтраах товчлуурыг мушгиж унтраасан. Энэ үед гар нь гарах боломжгүй орчихсон байсан болхоор би захирал Б.Э руу залгаж яриад болсон асуудлыг хэлсэн, касс Золбоо түргэн тусламж дуудсан юм. Удалгүй захирал Б.Э ирсэн, араас нь эмч нар ирсэн, эмч нар ирээд Болор-Эрдэний гарыг нь гаргах боломжгүй байсан болхоор захирал Б.Э Онцгой байдлын алба хаагч нарыг дуудсан. Хэсэг хугацааны дараа Онцгой байдлын газрын алба хаагч нар ирсэн боловч Б.Б-ий гурил зураагч машин руу орсон гарыг гаргаж чадаагүй, энэ үед захирал Б.Э нь гурил зуурагч машины эд ангийг  нь тайлж байгаад гаргасан. Ингээд Болор-Эрдэнийг эмнэлэг рүү аваад явсан юм. Гурил зуурагч машин нь мушгиж эргүүлдэг товчлууртай, голд нь байрлуулахаар унтардаг хоёр талруу нь эргүүлэхээр баруун болон зүүн тал руу эргэдэг юм. Б.Б эгч эмнэлэгт хэвтэж байх үед нь би эргэж очих үед гурил зуурагч ажиллаж байх үед товчлуурыг нь эргүүлж унтраахдаа давуулаад эргүүлж, машин зогсох үед нь унтарсан гэж ойлгож гурилаа авахаар гараа хийтэл машин ажилласан гэж хэлж байсан.... Тухайн машиныг анх авч ирсны дараа захирал Б.Э хэрхэн ажиллах талаар зааж, төхөөрөмжийг ажиллаж байх үед гараа хийхгүй байх талаар хэлж байсан, заавал унтраасны дараа гурилаа авч байх талаар хэлсэн. Уг машиныг хэрхэн ажилладаг талаар мөн хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 35-36-р тал/,

- Гэрч Н.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөдөлмөр, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан гэж байгаагүй, ерөнхийдөө миний бие ажилтай байх хугацаандаа нийт ажилтнууддаа амаар зааварчилгаа өгөөд ажилладаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 38-р тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 621 дугаартай: “...Б.Б-ийн биед баруун гарын атгаалын дээд хэсгээр тайрагдсан байдал тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болосн гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Баруун гарын атгаалын дээд хэсгээр тайрагдсан байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 75% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-н 40-42-р тал/,

            - Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаартай: “...Б.Б-ий сэтгэцэд гэмт хэргийн улмаас Дасан зохицохуйн хам шинж, сэтгэл хөдлөлийн илрэлийн шинжүүд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах нэн шаардлагатай...” гэх дүгнэлт, /хх-н 47-49-р тал/,

 

- Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай:”...”Найм дахь гараг” ХХК-ийн захирал Б.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. 35 дугаар зүйлийн 35.1-д /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина./заасан заалтуудыг зөрчсөн байна. Хохирогч Б.Б нь цахилгаан тоног төхөөрөмжийг унтраасны дараа гурилыг гаргаж аваагүй болон Хөдөлмөрийн аюудгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт, /хх-н 55-57-р тал/,

- Яллагдагч Б.Эын өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-н 70-р тал/,

- “Н Д Г” ХХК-ийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн дүрэм, аюулгүй ажиллагааны санамж, зааварчилгаа, /хх-н 93-107-р тал/,

- Үйлдвэрлэлийн осол, хурц хурдлогыг судлан бүртгэсэн акт, /хх-н 108-109-р тал/,

- Хохирогч Б.Б-ий 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Н Д Г” ХХК-тай байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээ, /хх-н 110-112-р тал/,

- Онцгой байдлын албанаас аврах ажиллагааны илтгэх хуудас, /хх-н 114-120-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс 2023 оны 11 сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, 2023 оны 11 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт, 8 дахь гариг компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол төлбөр төлсөн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эын буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд “Н Д Г” ХХК-ний захирал Б.Э түргэн хоолны газрын захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна”, “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэх нийтлэг заалтуудаа биелүүлээгүйн улмаас тус компаний “CFC” захиалгат түргэн хоолны газрын тогооч ажилтай Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *** хотхоны **Ббайрны 1 давхрын 1 тоотод байрлах ажлын байрандаа гурил зуурагч төхөөрөмжинд гараа хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь “баруун атгаалын дээд хэсгийн тайралт” бүхий хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт нь:

- Мөрдөн шалгах туршилт хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 - Хохирогч Б.Б-ий өгсөн: “...Удалгүй би зуурагдаж байсан гурилаа нүдээрээ харах үед гурил зуурагдаж дууссан байх шиг байсан. Энэ үед би төхөөрөмжөө унтраагаад гурилынхаа хатуу зөөлөнг нь гараараа шалгаж үзээд зуурагдсан гурилаа төхөөрөмжнөөс гарагж авах гээд гараараа гурилаа татаж байх үед гурил зуурагч төхөөрөмж нь гэнэт ажиллаад миний гар төхөөрөмжинд нь хавчуулагдаад төхөөрөмжний гол эргэдэг төмрийг миний гар ороогоод гараад ирсэн...”гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Солонгын өгсөн: “....Орхон аймгийн Онцгой байдлын газраас над руу холбогдоод та нар ээж дээрээ очсон уу, биеийн байдал нь хэр байна гэж хэлсэн, би энэ үед гайхаад би очоогүй байна. Улаанбаатар хотод байдаг яасан юм бол гэж асуухад ,ээж чинь ажил дээрээ гурил зуурагч машинд гараа хавчуулсан гэж хэлээд гар утсаа тасалсан. Би сандраад ээжийн дугаар руу холбогдоод ярихад хамт ажилладаг эмэгтэй нь гар утсыг нь аваад ээж чинь махны машинд гараа авчихлаа, одоо эмнэлэг дээр хагалгаанд орох гээд байж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Мандалмаагийн өгсөн: “...орой дахиж эмнэлэг дээр ирэх үед би эгчийг харахад баруун талын гар нь тохой мөр хоёрын дундуур тайрсан байдалтай байсан.. ...Манай эгч ажил дээрээ гурил зуурагч төхөөрөмжинд гурил зуурагдаж байгаад төхөөрөмж нь амарж байх үед гурилныхаа хатуу зөөлнийг шалгах гээд гараа хийх үед төхөөрөмж ажиллаад гараа хавчуулаад гар нь ямар ч гарах боломжгүй болоод Онцгой байдлын алба хаагч нар ирж гарыг салгаж авсан талаар хүнээс сонссон...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Нямдолгорын өгсөн: “...Энэ үед угаагч Уранцэцэг, тогооч Батбямба нар орилсон, би юу болсон юм бол гэж бодоод эргээд харсан чинь Б.Б эгч гурил зуурагч машин руу баруун талын гараа хийчихсэн, доош нь тонгойсон байсан, энэ үед би гүйж очоод гурил зуурагч машиныг унтраах товчлуурыг мушгиж унтраасан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Эрдэнэ-Очирын өгсөн: “...Хөдөлмөр, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан гэж байгаагүй, ерөнхийдөө миний бие ажилтай байх хугацаандаа нийт ажилтнууддаа амаар зааварчилгаа өгөөд ажилладаг байсан...” гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 621 дугаартай: “...Б.Б-ийн биед баруун гарын атгаалын дээд хэсгээр тайрагдсан байдал тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болосн гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Баруун гарын атгаалын дээд хэсгээр тайрагдсан байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 75% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

            - Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт,  “Н Д Г” ХХК-ийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн дүрэм, аюулгүй ажиллагааны санамж, зааварчилгаа,  Үйлдвэрлэлийн осол, хурц хурдлогыг судлан бүртгэсэн акт, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Н Д Г” ХХК-тай байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Онцгой байдлын албанаас аврах ажиллагааны илтгэх хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн талаар хуульчилсан, 1 дэх хэсэгт Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол. гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ. 

 

Иймд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.ЭХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна”, “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэх нийтлэг заалтуудыг биелүүлээгүйн улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруурсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учирсан бөгөөд хохирогч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрт 38 сая төгрөг нэхэмжилнэ гэж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрт нийт 31,000,000 төгрөг авч, өгөлцөхөөр тохиролцсон бөгөөд 21,000,000 төгрөгийг авсан. Үлдэх 10,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцохгүй.” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.Э нь “хохирол төлбөрт хохирогчийг эмчилгээнд авч явах үед 3,600,000 төгрөгийг, бэлнээр 21,000,000 төгрөгийг тус тус өгсөн. Цаашид 10,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бид тохиролцсон, хохирогчийг компанидаа авч ажиллуулж байгаа” гэж тайлбарласан тул шүүхээс хохирогч, шүүгдэгч нарын хохирлын талаарх тохиролцсон байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эаас 10,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хохирол төлбөр төлсөн байдлыг, хэрэг гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нийтийн хоолны үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн “Б.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хохирол төлбөр төлсөн байдлыг, хэрэг гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцож, Б.Э-т торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялаас чөлөөлж өгч, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү.” гэх

Шүүгдэгч Б.Э “ийм зүйл болсонд харамсаж байна, өөртөө их дүгнэлт хийж байгаа, хичээж ажиллана, амьдралд арай ойр дүнгээр торгож, цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг минь хасахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн, гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гурил зуурагч машиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурил зуурагч машин 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 10,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б- д олгосугай.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР