Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/278

 

2024    06           14                                          2024/ШЦТ/278

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Г

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн *-**-** тоот гэртээ эхнэр А.Быг хэл үгээр доромжлох явцад хохирогч Н.А нь “та миний багшийг хэл үгээр доромжиллоо” гэж өмөөрөх үед нь хохирогчид “чамд миний амьдрал ямар хамаатай юм” гэж хэлж маргалдан улмаар хохирогчийн толгойн тус газарт нь шилэн цомоор цохиж эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагчаас “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

Шүүгдэгч Д.Г нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргасан.

Хохирогч Н.А нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Н.Агийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн *-**-** тоотод Д.Г гэх айлд А.Б, Эрдэнэбаяр нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэр шөнө гаднаас Д.Г ороод ирсэн. Орж ирснээ бид нарт шууд дургүй байгаагаа илэрхийлсэн биеийн хэлэмж харагдсан. А.Б гэх хүн миний цэцэрлэгийн багш байсан. Урьд өмнө нь багшийгаа нөхөртөө зодуулдаг гэж сонсож байсан. Тийм болохоор нь би Д.Г гэх хүнд хандаж “та яагаад багшийг минь цохиж зодоод байдаг юм бэ, өмөөрч хамгаалах хүн байдаг юм шүү” гэхэд “чамд ямар хамаатай юм бацаан минь” гээд барьцалдаж авсан. Тэр үед хажууд байсан Эрдэнэбаяр, А.Б багш нар салгасан. Тэгсэн миний толгой руу чихрийн тавгаар цохиод авсан. Миний толгойноос цус гараад би тогтоох гэж нойл ороод гараад иртэл гал тогооны өрөөндөө хоёр хутга барьчихсан намайг ална гэж хэлсэн. Тэгтэл А.Б багш одоо боль хүн амины хэрэг гарах нь гээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

- Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би шавь нартайгаа уулзаад хоолонд орцгоосон. Тэгээд тэндээсээ гараад караоке орсон. Тэгээд тараад харьцгаасан. Гарч ирсний дараа бусад шавь нар маань яваад Эрдэнэбаяр, Н.А бид гурав манайд очиж юм ярьж сууж байсан. Нөхөр гаднаас орж ирээд бид гурвыг хараад нэлээн дургүй янзтай байсан. Тэгсэн манай шавь Н.А нь манай нөхөрт хандаж “та яагаад багшийг зовоогоод байгаа юм бэ, таныг цохиж, зоддог сурагтай байна” гэхэд нөхөр уурлаад “чамд ямар хамаатай юм” гээд тэр хоёр барьцалдаж авсан. Тэгсэн чихрийн тавгаар Н.Агийн дух руу цохиж аваад цус гарсан. Шилэн цомыг би чихрийн таваг болгоод орж гарсан хүмүүст идээ барьдаг юм. Тэгээд бид айж сандраад цусыг дарсан. Би чи яаж байгаа юм бэ хүний хүүхэд аллаа шүү дээ гэхэд нөхөр гал тогооны өрөө рүү ороод хутга бариад гараад ирсэн. Би хараад чи чинь хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Эрдэнэбаяр цагдаа дуудсан байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- Гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би А.Б багштай Calm дотор уулзаж өдрийн хоол идэж байтал А.Б багшийн шавь нар болох Нандинчимэг, Тэмүүжин, Эрдэнэжаргал гурав ирээд хамт хоол идэцгээсэн. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад бид орой караоке орохоор болж Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sugar баарны караокед орцгоосон. Эрдэнэжаргал харин ороогүй яваад өгсөн. Тэр үед Н.А ажлаасаа буугаад ирсэн. Ирээд бид нартай хоёр гурван цаг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, юм ярьж сууцгаасан. Тэгээд цаг нь дуусаад бид бүгдээрээ харих гээд гарцгаасан. Нандинчимэг, Тэмүүжин хоёр эхнэр нөхөр болохоор цуг машинаас буугаад гэртээ харьсан. Н.А бид хоёр А.Б багшийн гэрт хамт очсон. Тэнд очоод юм яриад сууж байтал гаднаас нөхөр нь хаалга онгойлгоод ороод ирсэн. Орж ирэхэд нь бид мэнд мэдсэн. Тэгсэн Д.Г ах хот руу тэмцээнд яваад медиалтай ирсэн гэхээр нь бид мэнд хүргэсэн. Тэгээд та нааш суугаач хамтдаа юм яръя гэхэд биднийг үл тоогоод ирэхгүй байсан. Тэгсэн А.Б багшид уурлаад үглээд үг хэлээр доромжлоод, намайг ирэхэд хоёр залуутай архи дарс уулаа янхан, банзал, гичийгээр нь дуудаад пизда гэж хэлээд байсан. Тэгсэн Н.А... ер нь яагаад багшийг минь хэл үгээр хэмлээд, доромжлоод байдаг юм гэхэд Д.Г чамд миний амьдрал ямар хамаатай юм гэхэд надад хамаатай, хамгийн их хамаатай би багаасаа энэ хүнээр өсгүүлсэн шавь байна гэж хэлээд заамдаж авсан. Тэгтэл Д.Г нь шилэн цомоор Н.Агийн дух хэсэгт нь цохиж цус гаргасан. Тэгээд бид цусыг тогтоох гээд байж байтал Д.Г гал тогооны өрөөндөө орчихсон хоёр хутга гартаа бариад ална гээд зогсож байсан. А.Б багш чи одоо болиоч дээ хүүхэд аллаа шүү дээ гээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “…1. Н.А-гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг шарх нь мэс заслын оёдолтой тул ямар хүчийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 4. Уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай “…Д.Г-ын биед зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. 4. Уг цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

- Д.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогоор надаас хохирол мөнгө, төгрөг нэхээгүй. Цаашид хохирол нэхэмжилбэл би төлнө…” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Гын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

 

Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Н.А нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч Д.Г-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Гад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

6. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР