Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00119

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00119

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн. ** настай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн **-р хороо, хувьсгалчдын гудамж ** тоотод оршин суух, /РД:     / Б   овогт Ц  гийн Ц  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Явдалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ц   нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1983 онд Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургууль төгсөөд хөдөө гарч аав, ээжийн хамт Туяа нэгдлийн Цэцэг гол багт 1990 он дуустал малчин байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг өрхийн тэргүүний нэр дээр бичдэг байсан. Иймд миний Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Явдалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц  гийн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Ц.Ц   нь амьдралын шаардлагаар Улаанбаатар хот шилжин суурьшиж Улаанбаатар хотоос ирэх боломжгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.Ц   нь сургуулиа төгсөөд эцэг эхийн хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Иймд шүүхэд ирүүлсэн баримтуудыг үндэслэн 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Ц   нь 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Ц  гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 220 тоот...Ховд аймгийн Мөст сумын 3-р бригадын 1982-1990 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх лавлагаа,

Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс нэгдлийн гишүүдэд олгож байсан хөдөлмөрийн хөлсний 1983-1990 оны түүвэр жагсаалт,

Гэрч Бэсүүд овогт Чулууны Цэцэгмаагийн шүүхэд гэрчээр өгсөн:...Ц.Ц   нь Ц   гэдэг айлын бага охин. 1983 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадад хонь, ямаа 1991 он хүртэл маллаж байсан. 1987 онд тус багийн иргэн Зоригоо гэдэг залуутай айл гэр болон үргэлжлүүлэн тасралтгүй малаа маллаж байсан. Би тухайн үед тус сумын Ахуй үйлчилгээний төвд нягтлангаар ажиллаж байсан. Ц.Ц   нь манай хувийн хэдэн бог мал маллаж байсан учир би сайн мэднэ. Насаараа мал маллаж байгаа хүн. Ц.Ц   нь сайн малчин байсан гэх мэдүүлэг,

Гэрч Хөх овогт Дашцэрэнгийн Лхагвадоржийн шүүхэд гэрчээр өгсөн:... Ц.Ц   нь 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би Ц.Ц  тэй айл саахалт байдаг, ах дүү хамаатан садан хүмүүс учраас малчнаар ажиллаж байсныг сайн мэднэ. Хүүхэд цагаасаа мал маллаж байгаад нэгдэл тараад малаа хувьдаа аваад маллах болсон гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.Ц  г 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б   овогт Ц  гийн Ц  г 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Ц  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ