Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/758

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Хулан, 

улсын яллагч: С.Энхням,

шүүгдэгч ********** /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч **********т холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******** овогт ******** ********** /регистрийн дугаар: ********/,

Монгол Улсын иргэн, ********-ны өдөр ********* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 1-10 настай хүүхдүүдийн хамт ********** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ***** байрлах “******” хүнсний дэлгүүрт хохирогч **********тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт ярилцаж байхдаа хоорондоо маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, газарт унагаж нүүр рүү нь цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо, Толгойтод байрлах “*******” хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч **********ыг хөлөөрөө өшиглөлөө гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, газарт унагаж нүүр рүү нь цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

-Хохирогч **********ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үеэл **********гийн дэлгүүр болох Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо ********** дэлгүүрт орой 00 цагийн үед найзуудтайгаа орж идэж уух юм авахаар ортол **********, эхнэр Саруука, **********той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм. Тэгээд намайг хамт уух уу гэхээр нь би найзуудтайгаа хамт тухайн газарт орж **********, эхнэр Саруука, ********** нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхад ********** нь хуучны дурсамжаа яриад намайг дээрэлхээд тохуурхаад байсан юм. Энэ шалтгаанаас болж бид хоёр ам зөрсөн бөгөөд над руу ********** дайраад ам хэлээд доромжлоод над руу босож ирээд шууд миний үснээс зулгааж, газарт унагааж миний нүүр рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, ********** миний үснээс зулгаагаад тавихгүй байхад тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. Тэгэхээр нь би шууд тухайн дэлгүүрээс гарч эгч ********** руу залгаж дуудсан. Удалгүй эгч ирээд надтай уулзахаар нь би болсон явдлыг нь бүгдийг нь хэлсэн. Тэгээд тухайн дэлгүүр рүү ороод **********той уулзахад ********** мөн урдаас агсраад ам хэлээр доромжлоод байхаар нь тэндээс гараад явж байхад ардаас ********** гарч ирээд “намайг их том болжээ чи” гэж хэлээд үснээс зулгаахад хүргэн ах салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,  

-Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нөхөр ****** болон найз ******** уулзаж сууж байгаад орой 00 цагийн үед ***** үеэлийн дэлгүүр рүү ойр зуур идэх юм авахаар ороход тэнд танил ********** эхнэр ***** болон **********той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд бид гурвыг хамт сууж юм ярья гээд байхаар нь бид гурав тэд нартай юм ярьж архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглээд сууж байхад тэнд байсан ********** нь найз ******* руу босож ирээд чи битгий далжганаад байгаарай сургуульд байхад би чамайг хамгаалдаг байсан би атаман байсан гээд орилж чарлаад байхаар нь бид гурав явахаар болоод би босоод хувцсаа нөгөө өрөөнөөс аваад өмсөөд гарч ирэхэд газарт ********** ********** хоёр үсдэлцээд хэвтэж байсан бөгөөд тэр үед ********** **********ы нүүр рүү хэд хэдэн удаа цохиод байхаар нь манай нөхөр арай гэж тэр хоёрыг салгаад **********ыг аваад тэндээс гарсан. ********** **********ыг цохиж зодсон зүйл байхгүй, **********ын үснээс харилцан зулгаагаад чарлаад хэвтэж байсан. Харин ********** **********ы нүүр рүү гараараа хэд хэд цохиж зодоод үснээс нь аймар зулгаагаад байсан. **********ыг салгаад авахад нүд нь хөхөрсөн, үс нь аймар сэгсийж арзайсан ширэлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

-гэрч А.**********гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн **********тоотод ********** нэртэй хүнсний дэлгүүрийг Саранзаяагийн хамт ажиллуулдаг. 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эхнэр болон бэр **********ын хамт дэлгүүрээ хаасны дараа оройн 00 цагийн үед Ханикан нэртэй пиво 2,2 ширхгийг ууж дуусаад сууж байхад гаднаас үеэл ********** орж найз ********** нөхрийн хамт орж ирсэн. Ингээд бид нар хүүхдүүд унтаж байна дэлгүүр рүү орж сууцгаая гээд дэлгүүр рүү ороод 1 шил Эдэн нэртэй 0,7 граммын архийг нэг нэг хундага уугаад сууж байхад ********** **********дэрлэсэн хэвтэж байгаад хөлөөрөө **********ын хөл рүү хөлөөрөө заагаад хараал хэлээд байсан. ********** **********ыг болиоч дээ гэхэд тоохгүй урдаас нь хараал хэлээд байсан. Ингээд ********** **********ын үснээс үсдээд тэр хоёр харилцан үснээсээ зулгааж газарт унаж үстэлцээд орилоод байсан юм. Ингээд бид нар тэр хоёрыг арай гэж салгасан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Гэрч Ц.**********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн орой **********тоот гэртээ байхад манай дүү ********** над руу залгаад намайг зодчихлоо гээд уйлаад залгахаар нь би шууд **********ы байгаа газар болох Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо Толгойтод байх ********** хүнсний дэлгүүр рүү очиход манай дүү ********** нь дэлгүүрийн гадаа үс арзайсан, мулзарсан, хоёр куртикний ханцуй нь битүү шороо болж салсан урагдсан байхаар нь би дүүгээ яасан талаараа асуухад ********** намайг зодож үснээс зулгааж газарт унагаасан гэхээр нь би дүүгээ өмөөрч дэлгүүр дотор нь ороход ********** нь согтуу байдалтай миний урдаас өөрөөсөө болж зодуулсан дүү чинь, ********** чи ах эгч хоёроо хараад дуу орчиж гэх мэтээр ёжлоод хэл амаар дайраад биеэ өмөөрөөд байхаар нь бид нар явахаар гарсан. Тэгтэл ардаас гарч ирээд ********** хэл амаар доромжлоод миний нүдэн дээр дахин **********ы үснээс ********** зулгаагаад байхаар нь би болиоч гэж хэлээд арай гэж салгаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч эмч ****** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *******дугаартай:

“...1. **********ы биед баруун доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.  

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч **********ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн үед найз **********гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ****** тоотод агаарт гарахаар хүүхдүүдийн хамт очсон. Ингээд орой хүүхдүүдээ унтуулчихаад ********** түүний эхнэр ***** хамт 2, 2 пиво ууж дуусгаад байж байхад ********** найз **********, **** нар гаднаас орж ирсэн. Ингээд *****, **********, **********, ********** нар жижиг шилтэй архи уугаад сууж байсан бөгөөд тухайн үед **********гийн хөлийг ********** дэрлэж хэвтэж байгаад босож ирээд гутлаараа миний хөлийг 8-9 удаа өшиглөж жийгээд бохир болгоод байсан. Тэгэхээр нь чи болио, арай дэндлээ, согтуу байлаа гээд битгий ингээд бай гэж хэлээд өмдөө гөвөхөд ********** шууд босож ирээд намайг хэл амаар доромжлоод шууд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би харилцан **********ы үснээс зулгааж хамт газар унасан. Тэр үед тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. Тэгтэл ********** өөрөө намайг мөргөж дайраад байсан нүүр ам нь тэрнээс болж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 59 дэх тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ********** нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч эмч ******** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4209 дугаартай дүгнэлтээр хохирогч **********ы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ********** нь хохирогч **********ыг хөл рүү өшиглөсөн гэх шалтгаанаар маргалдаж, үснээс нь зулгааж, нүүр рүү нь цохиж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч **********ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч **********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч **********ы учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч ********** нь хохирогч **********тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт ярилцаж байхдаа хоорондоо маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, газарт унагаж нүүр рүү нь цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Уг торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч ********** нь бусдад төлөх төлбөргүй байна...” гэсэн дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гурван гэрч худлаа мэдүүлэг өгсөн байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ********** нь гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч **********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ажил эрхлэлт, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суудаг зэргийг нь харгалзан үзлээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч **********ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар **********т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********** цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА