Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2023/02949/И |
Дугаар | 001/ХТ2024/00191 |
Огноо | 2024-10-01 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/00191
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/000645 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00959 дүгээр магадлалтай,
Б.М-н нэхэмжлэлтэй
“О” ХХК-д холбогдох
Илүү цагийн хөлс 5,948,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 5,948,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00645 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-н хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн хөлс 5,948,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00959 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 92 дугаар зүйлд “Уртын ээлжийн” зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотой энэхүү хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн ба ажилтан Б.М нь тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-д заасан илүү цагийн хөлсөө тооцуулан авах эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтны эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, ажилтны хуулиар олгогдсон эрхийг дордуулсан гэж үзэж байна. Энэхүү маргааныг шийдвэрлэсэн магадлал нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.1.Тодруулбал, магадлалын 4.5-д “... Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгч Б.М-н 14 хоногийн хугацаанд 168 цаг ажилласныг хуульд заасан 14 хоногийн (24x12=336 цаг) хугацаанд бүтэн амруулсан байх тул нэхэмжлэгчид дээрх журмын 9.2.3-т заасны дагуу илүү цагийн хөлс олгогдох үндэслэлгүй байна” хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар тухайн хуулийн зохицуулалт, харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл,
-Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хязгаарыг заасан /92.3/
-12 цагаар ажиллахыг зөвшөөрсөн боловч энэ тохиолдолд хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан ээлжээр ажиллах ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар олгохыг шууд зааж өгсөн /92.3, 87.2/
-Хуулийн 87.2-т заасанчлан ээлжээр ажиллах ажлын нэг удаад ажиллах ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109.1-д заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж хөлс төлөхийг тодорхой заасан байна. /92.3, 109.1/
Шүүхийн магадлалд тайлбарласнаар авч үзвэл, хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 87 дугаар зүйлийн, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг шууд иш татаж оруулах шаардлагагүй ба уртын ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тогтоож, 92 дугаар зүйлийн 92.4-д зааснаар ажил амралтыг зохицуулах боломжтой байсан. Гэтэл хуулиар тусгайлан зохицуулсан нөхцөлийг дордуулж ажилтанд хуулиар олгосон буюу 92.4-д заасан амралтыг илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраасан хугацаа гэж механикаар тооцож багтааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажилтан 14 хоногт кемпэд байрлаж ажиллаад хуулиар олгосон амралтын хугацаандаа амарсныг ажил олгогчоос тогтоож өгсөн амралт мэтээр дүгнэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан нөхөн амрах хугацаа нь ажил олгогчоос олгох амралт байдаг ба хуулийн 92.4-д заасан амралт нь хуулиар ажилтныг амрахад зориулж тогтоосон амралт юм. Ажил олгогч ажилтныг амрах ёстой хугацаанд нь ажиллуулснаа нөхөж амраах байдлаар ажилтны эрхийг хангах ойлголтыг 92.4-д заасан амралттай ижилсүүлж түүнд багтааж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Магадлалын 4.4-д “... Талууд уртын ээлжээр 14 хоног ажилласан ажилтныг амралтын 14 хоногийн ажилласан ажилтныг амралтын 14 хоногийн хугацаагаар нөхөн амруулаагүй, мөн нэг сард 168+цагаас илүү цагаар ажиллуулсан бол илүү цагийн хөлс төлөхөөр хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон, хөдөлмөрийн дотоод дүрэм, журамд заасан” гэж дүгнэсэн тухайд:
Хуулийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 92.4-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан хатуу тогтоож өгсөн. Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Энэ нь ажилтанд хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92.3-д заасан зорилго тодорхой харагдана. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар уртын ээлжийн тусгай зохицуулалтын хэм хэмжээ гэдгийг анхаарч үзэхгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
4.3.Давж заалдах шатны шүүх хуулийн зорилго, үзэл баримтлалыг анхаараагүй тухайд: Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар “Уртын ээлжээр ажиллах ажлын цаг”-ийн зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ ажил амралтын цагийн харьцаа тэнцүү байх зарчмыг баримталсан нь хуулийн 92.4, 92.5 дахь хэсгээс тодорхой харагдана. Тодруулбал, ажилтан ажил үүргээ 14 хоног биечлэн гүйцэтгээд 14 хоног амрахаар зохицуулсан. Ажилтан кемпэд 14 хоног 12 цагаар ажиллахдаа дараагийн өдрийн ажлаа хийхийн тулд амарч байгаа буюу тухайн амралтын цагийг энгийн ажлын горимоор ажиллаж, амарч байгаа ажилтантай харьцуулан тооцох боломжгүй юм. Учир нь тухайн ажилтан кемпэд байх хугацаандаа дараах нөхцөл, хязгаарын хүрээнд байдаг. Зарим хэсгээс дурдвал,
-Амралтын цагийг өөрийн хүссэнээр нийгмийн харилцаанд шууд орох, гэр бүл, найз
нөхөдтэй зарцуулах боломжгүй;
-Ажлын газарт буюу кемпэд байгаа тул бусад хамтран ажиллагч, ажил олгогчийн өмнө дүрэм журмаар тогтоосон үүрэг хүлээх, зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл үр дагавартай;
-Зөвхөн дараагийн ээлжийн ажлаа гүйцэтгэхийн тулд хооллох, унтаж амрах, ажил олгогчоос гаргаж өгсөн чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл боломжийн хүрээнд байх;
-Кемпэд гаргасан аливаа зөрчлийг ажлын байранд гаргасан зөрчилд тооцдог бөгөөд кемп нь ажил олгогчийн хяналтын хүрээнд байдаг. Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг тэнцүү байх зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-д зааж өгсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагаар ажилласан ажлын цагийг хуульд заасан амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд “Уртын ээлжээр ажиллуулах” зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд заасан эерэг үр дагавар бүхий тусгай зохицуулалт юм. Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтан болон ажил олгогчид сөрөг үр дагаврыг үүсгээгүй харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг тодорхой болгож хуульчилж өгсөн.
Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00942 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хянаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацаа багтан тооцогдож байгаа тул нөхөн амруулсан гэж үзэж байгаа. Иймд илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндэслэлээ “...2021 оны Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх заалтыг хууль тайлбарлах системчлэлийн болон агуулгын логикоор авч үзэхэд, хуулийн 92.3 дах заалтад хуулийн 87, 109.1 дэх заалтын агуулга багтсан байна.
Мөн хуулийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл өдөрт 8 цаг, уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар заасан. Иймээс 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цаг гэж үзэх бөгөөд хуулийн 109.1-д заасан урьдчилсан нөхцөл болох илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгох агуулгыг багтаасан байна.
Гэхдээ хууль тогтоогч хуулийн 92.4-д “уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж зохицуулсныг 92.3-д заасантай уялдуулан хэрэглэхэд уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг, сард 168 цаг ажиллах, ердийн ажилтны өдөрт 8 цагаар сард 168 цаг ажиллах ерөнхий нөхцөлд уялдуулан тооцоолох байдлаар уртын ээлжийн ажилтан 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар зааснаас үзэхэд илүү цагаар ажиллуулснаа хуулийн дагуу амруулах байдлаар хуулиар зохицуулсан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.М-н 2022 оны 10, 11, 12 дугаар саруудад, өдөрт 4 цагаар, сар бүр 56 цагаар илүү цагаар ажилласныг ажил олгогч тухайн сар бүрд нь 14 хоног амруулах байдлаар нөхөн амруулсан байх тул илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй” гэсэн агуулгаар дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх маргааны үйл баримтад 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
11.Нэхэмжлэгч Б.М нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуульд заасан урьдчилсан шийдвэрлүүлэх журмын дагуу, тогтоосон хугацаанд зохих этгээдэд буюу компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст, дараа нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж хариу авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, улмаар шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.1.8-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
12.Нэхэмжлэгч Б.М нь “О” ХХК-д өрмийн оператораар ажиллаж, сард 1183.92 ам.долларын үндсэн цалинтай, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болох нь зохигчийн хооронд байгуулагдсан 2019.07.10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2022.03.15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь уртын ээлжээр буюу 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдөрт 12 цагаар ажилласан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин тухайн 12 цагийн 4-г нь илүү цаг гэж үзэх, ажилтан 14 хоног амарснаар илүү цаг ажиллуулсан хугацааг нөхөн амруулсан гэж үзэх эсэхэд зохигч маргаж мэтгэлцжээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
13.2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж тус тус заажээ.
Энэхүү зохицуулалтад уртын ээлж гэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны онцлог нөхцөл бүхий горимыг тодорхойлж өгсөн байна. Ажилчдыг уртын ээлжээр ажиллуулах горимыг уул уурхай, олборлох салбарын ажил олгогч, мөн түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохыг хуулийн 92.1, 92.2-т зааснаас гадна хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг хуулийн 92.4, 92.5, 92.6-д тус тус журамласан байна.
14.2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 87 дугаар зүйлийн 87.2-т зааснаас үзэхэд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байх, мөн энэ журам ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд адил хамаарч байна.
Харин ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 цаг хүртэл цагаар ажиллуулахаар уртасгаж зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохыг хуульд тодорхойлон заажээ.
15.”О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан “ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам”-ийн 9.2.3-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж заажээ.
Энэ журмаас үзвэл уртын ээлжээр ажиллах ажилтныг илүү цаг ажиллуулсан учраас 14 хоногийн амралтаар уг илүү цагийг нөхөн амруулсан гэх утга байх боловч энэ нь хуулийн агуулгад нийцсэн тохиолдолд дагаж мөрдөх хэм хэмжээ болно.
Хуульд нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ингэхдээ илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаар илүүгүй байх, харин амрах хугацааг 14 хоног гэж тогтоосон. Хэрэв илүү цагийг нөхөн амраах замаар тооцож 14 хоног гэсэн хугацааг тогтоосон бол уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэсэн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан зохицуулалт хуульчлагдахгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “нөхөн амруулаагүй бол” гэх ойлголтыг уртын ээлжийн ажилтанд ажил амралтын цагийн харьцааг тоон утгаар нь /168:336/ тайлбарлаж хэрэглэх боломжгүй нь тус хуулийн 92.3-т заасан зохицуулалтаас илэрхий байх тул хуулийн илт тодорхой заалтыг шүүх үгүйсгэх хуулийн үндэслэлгүй болно. Иймээс уртын ээлжийн 14 хоног ажиллуулж, 14 хоног амрааж байгаа нь ажилтныг ердийн ажлын цагаас илүү ажиллуулсны хариуд нөхөн амрааж буй шинжийг агуулсан зохицуулалт гэсэн шүүхүүдийн дүгнэлт буруу байна.
Хуульд уртын ээлжид ажилласан ажилтныг 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш орон гэрээс хол газарт тусгай тогтоосон журмын дагуу ажил олгогчийн хяналтын хүрээнд нэг ээлжээр ажилласантай холбоотой гэж үзэх ба харин илүү цагийн нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусдаа 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчилсан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас нөхөн амруулахыг зохицуулсан бол ингэж тасралтгүй ажиллахдаа илүү цагаар ажилласан бол хэрхэх тухай үр дагаврыг хуулийн 92.3-т зааснаар зохицуулах нь оновчтой байна.
16.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж заасан.
Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан байна. Энэ утгаар хариуцагч байгууллагын “Ажлын цагийн тухай журам”-ын 9.2.3-д заасан “... сард 168 цаг дотор ажилласан бөгөөд илүү цагийг 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно...” гэх татгалзал нь хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээнд нийцээгүй.
17.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын /2021 оны/ төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба уртын ээлжээр 14:14 болговол одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах талаар дурдаж, 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг ажиллах боломжтой гэж өөр өөр агуулгаар хэлэлцэж байсан боловч хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэх хэм хэмжээг үзэл баримтлалын үүднээс хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийг /2021 оны/ дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ” гэж, 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна” гэж тус тус зохицуулсан байх тул уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтын хувьд 14:14 гэж хуульд тогтоосон хэдий ч цалин хөлс нь өмнөхөөс буурах үндэслэлгүй байна.
18.Мөн “О” ХХК болон “О” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны “Хамтын гэрээ”-ний 2.13-д “Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар Талууд харилцан тохиролцов” гэж заасан байх ба талууд хуулийг хэрхэн ойлгох тухайд эргэлзээтэй байсан нөхцөл байдал тогтоогджээ. Уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх тохиролцоо нь хуульд нийцээгүй байна.
19.Иймд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй гэж үзнэ.
20.2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1,5-олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдлээс бүрдсэн байна.
Хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1,2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирчээ.
2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын хөлс /7,290,712+21,451,121+8,085,154=36,826,987 төгрөг/-ийг ажилласан 520 цагт хувааж нэг цагийн хөлсийг 70,821.13 төгрөг гэж тооцон, сар бүр 56 цаг, 3 сард 168 цаг илүү ажилласан гэж үзэж, илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстой тул үүний 1-г олгосон гэж үзээд, 0,5-ыг 5,948,975 төгрөг тооцоолж шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00959 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 5,948,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “О” ХХК-аас 110,133 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА