Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1880

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/01623 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү үнэ 9 900 000 төгрөг, түрээсийн төлбөр 1 200 000 төгрөг, нийт 11 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Буянбадрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнх-Ачит

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Сод-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бэлтгэн нийлүүлэгч А ХХК-ийн 45.88 м.кв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв тутмыг 2 500 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд байрны төлбөр болох 114 700 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу бүрэн төлсөн болно. Гэтэл тус компани нь гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 11 дүгээр сард байр хүлээлгэн өгөөгүйгээс сарын 400 000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын    01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд 1 600 000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарсан. Мөн худалдан авсан байр маань тусгай зөвшөөрөл бүхий “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 41.4126 м.кв буюу 4 47 м.кв-ийн зөрүү гарсан, 45.88 м.кв байрыг 2 500 000 төгрөгөөр захиалан хариуцагч компанитай гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-т зааснаар буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн байгаа. Тус 1001 тоот байр нь 41.920 м.кв талбайтай гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн хэмжилтээр гэрээнд заасан хэмжээнээс 3.960 м.кв дутуу байгаа. Үүнийг 2 500 000 төгрөгөөр тооцож 9 900 000 төгрөг, байр түрээслэсэн 1 200 000 төгрөг, нийт 11 100 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Б2 байрны 1-р орцны 1001 тоотод оршин 45.88 м.кв талбай бүхий орон сууцанд 114 700 000 төгрөгөөр хөрөнгө оруулж бариулсан байдаг. Дээрх орон сууцны зураг төслийг Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсаны үндсэн дээр орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу бариулсан. Тухайн үед Д.Г нь өөрийн захиалах гэж байгаа орон сууцны өрөөний доторх зохион байгуулалт, өрөө тус бүрээр харуулсан дэлгэмэл машстаб зурагтай танилцан хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд 1 600 000 төгрөгөөр байр түрээслэж амьдарсан гэжээ. Нэхэмжлэгч Д.Гын байр түрээслэх эсэх нь манайд ямар ч хамааралгүй байрны түрээсийн төлбөр мөнгө төлөх үүрэг манайд үүсээгүй. Орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээс тооцохоор гэрээнд заасан, тэнхлэгээс тооцсон хэмжилт хийсэн дүгнэлтээр 45.88 м.кв талбайн хэмжээнээс илүү 53.086 м.кв гэж гарсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 45.88 м.кв орон сууц захиалах гэрээ байгуулсан. 110 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэрээний 1.3-т талбайг тэнхлэгээс тооцсон болно гэж заасан байдаг. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тэнхлэгээс тооцсон талбай нь 53.83 м.кв байсан. Үүнээс доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч тал эхлээд байрны түрээсийн 4 сарын мөнгө нэхэмжилж байсан ч үүнийгээ 3 сарын түрээсийн мөнгө болгож багасгасан. Орон сууц түрээслэсэн гэрээ нь бодит байдалд хийгдсэн эсэх нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Д.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 9 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Год олгож, шаардлагаас үлдэх 1 247 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гын түрээсийн төлбөр 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас шинжээчийн зардал 110 000 төгрөгийг нөхөн гаргуулж “Гегагранд” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 173 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "Гегагранд"  ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл Хотхон, 104-р байр, 1001 тоот орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцоход гэрээнд заасан хэмжээнд хүрч байгааг мэргэжлийн баг баталгаажуулсан байдаг. Бид талуудын харилцан тохирч байгуулсан гэрээний дагуу доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх гэрээнд зааснаас өөрөөр орон сууцны барилгын доторх талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартын дагуу хийсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Нэхэмжлэгч Д.Г нь орон сууцыг хүлээж авах үедээ орон сууцны талбайн хэмжээг нүдээр харж, тогтоох боломжгүй боловч хэрэв талбайн хэмжээг гол нөхцөлөө болгож байгаа бол мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх, дутаж байгаа бол орон сууцыг хүлээн авсанд тооцохгүй гэж татгалзах боломжтой. Талбайн хэмжээ дутуу байсан ч Д.Г уг эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байгаагаас үзэхэд орон сууцыг байгаа байдлаар нь худалдаж авсан гэж үзэх үндэслэл болж байна. Нэгэнт байгаа байдлаар нь орон сууцыг сонгож, худалдаж авсан бол гэрээний зүйлийг тэр байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуульд доголдлыг арилгуулах, эсвэл доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах замаар худалдан авагчийн эрхийг хамгаалахаар заасан байх ба гэрээний зүйл орон сууцны талбайн хэмжээ анхнаасаа гэрээнд зааснаас бага байсан тул доголдлыг арилгах боломж угаасаа байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан талбайн хэмжээнд хүрээгүй ч нэхэмжлэгч Д.Г орон сууцыг байгаа байдлаар нь сонгон авсан тул доголдолтой гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм. Хэрэв гэрээний гол нөхцөл гэж үзсэн бол орон сууцны талбайн хэмжээг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, орон сууцаа хүлээн авах, энэ байдлаар орон сууцаа аваагүй тул худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардах эрхээ алдсан. Уг орон сууцны талбайн хэмжээ дутуу байсан тохиолдолд доголдлыг арилгах боломжгүй, доголдлыг арилгах зардал гарахгүй тул уг хэмжээгээр үнийг бууруулах шаардлага ч хангагдах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч А ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү үнэ 9 900 000 төгрөг, түрээсийн төлбөр 1 200 000 төгрөг, нийт 11 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч А ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулж, А ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт баригдах орон сууцны Б2 байрны 1-р орцны 1001 тоотод байрлах 45.88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, Д.Г нь гэрээнд заасан төлбөрт 114 700 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлж орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.  /хх 15-19/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан 45.88 м.кв биш 41.920 м.кв болох нь “Гегагранд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх 232-238/

 

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Хэрэв худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгах, эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухай төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, харин худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч Д.Г доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон, худалдагч А ХХК гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг үүссэн боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх хууль хэрэглэх замаар дүгнэж чадаагүй нь алдаатай болжээ.

 

            Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог. Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар зохицуулсан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Г нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр орон сууцыг хүлээн авсан байх ба орон сууцны талбайн хэмжээ бага болохыг тухайн үед мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбай дутуу талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

           

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч А ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүрэг буюу орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас 4 сар байр түрээслэсэн гэж 1 600 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх түрээсийн төлбөр төлж байснаа нотолж чадаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/01623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 225.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан орон сууцны талбайн зөрүү үнэ 9 900 000 төгрөг, түрээсийн төлбөр 1 200 000 төгрөг, нийт 11 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч А ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 350 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН