Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00123

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00123

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, РД:   , Б   овогт Б  гийн Т  гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Т   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан. 1991 онд Ахуй үйлчилгээний комбинат тараад хоршоо болоход би Булган хоршоонд ороод оёдолчин хийж байсан. 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан юм.

Иймд миний 1982-1994 онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т   нь Улаанбаатар хотод амьдардаг. Манай нөхрийн дүү юм. Б.Т   нь 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинат болон Булган хоршоонд оёдолчноор ажиллаж байсан. Иймд Б.Т  гийн 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Булган хоршоонд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Т  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.Т   нь 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Булган хоршоонд оёдолчноор ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

-хүсэлт гаргагч Б.Т  гийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:...Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар оёдолчноор авч ажиллуулав, Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Булган хоршооны оёдолчноор ажиллуулав, Булган хоршооны 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар нийт ажилчдын хүсэлтээр Булган хоршоо тарав гэх тамга бүхий бичилтүүд

- Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын Минжит Булган цогцолбор сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 тоот албан бичиг,

- Б.Цэндхорлоогийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад үсчинээр ажиллаж байсан. Б.Т   нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан. Оёдлын тасаг нь 20 гаруй ажилтантай байсан. Монгол дээлийн тасаг нь дотроо хоёр хэсгээр ажилладаг байсан. Б.Т   нь ажлын хувцас, хүүхдийн хувцас оёдог тасагт байсан. Оёдолчид хийснээс хамаарч цалин авдаг байсан ба ажлын нормоо сайн биелүүлбэл 350 төгрөгний цалин авдаг байсан. Б.Т   нь 1982 оноос 1994 оныг дуустал ажилласан. Бид хоёр хамт ажиллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг,

- Т.Оюунчимэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан. Б.Т   нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан. Ахуй үйлчилгээний комбинатын даргаар Б.Сүхтэй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба Н.Т  гийн хүсэлтээр Б.Цэндхорлоо, Т.Оюунчимэг нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд Н.Т  гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б   овогт Б  гийн Т  гийн 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Булган хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ