Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00124

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00124

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Д** багт оршин суух, РД:    , Ж    овогт Д   гийн Б   гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа хүсэлт гаргагч Д.Б    нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б    шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1984 онд 10 дугаар ангиа төгсөөд 1984 оны 10 дугаар сараас Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад хими цэвэрлэгээний индүүчин, гуталчнаар ажилд ороод 1990 он хүртэл ажилласан. 1990-1994 онд ХААН банкны Ховд аймгийн Булган сум дахь хэлтэст болон Ардын банкны тооцооны төвд цэвэрлэгчээр ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Б   гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.Б    нь 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад хими цэвэрлэгээний индүүчнээр, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад гуталчнаар, 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ХААН банкны Ховд аймгийн Булган сум дахь хэлтэст цэвэрлэгчээр, 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ардын банкны тооцооны төвд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- хүсэлт гаргагч Д.Б   гийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:...Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 88 дугаар тушаалаар хими цэвэрлэгээний индүүчнээр ажиллуулав, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр тушаалаар гутлын тасагт гуталчнаар ажиллуулав, мөн 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн гуталчны үүрэгт ажлаас чөлөөлж, Булган сумын банкны салбарын мэдэлд шилжүүлэв, Банкны хяналтын даргын 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтийг харгалзан байгууллагын цэвэрлэгчээр авч ажиллуулав, Булган тооцооны төвийн эрхлэгчийн 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар Банкны харъяалал өөрчлөгдсөн тул Ардын банкны тооцооны төвд цэвэрлэгчээр авч ажиллуулав гэх тамга бүхий бичилтүүд,

- Т.Оюунчимэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Д.Б    нь 1984 онд 10 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Булган сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан. Нийтийн аж ахуй үйлчилгээ нь дотроо оёдлын, гутлын, хими цэвэрлэгээний, зурагчин, үсчин гэх мэт олон тасагтай байсан. Д.Б    нь гутлын тасагт ажиллаж байсан ба энэ тасаг 20 гаруй ажилтантай байсан. Гутлын тасгийн даргаар Бадамцэцэг ажиллаж байсан. Д. Б    нь 1984 оноос 1990 он хүртэл ахуй үйлчилгээнд ажилласан. Д.Б    нь 1990 оноос хойш ХААН банкинд үйлчлэгчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

- Б.Дариймаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1974 оноос эхлэн ХААН банкны Ховд аймгийн Булган сум дахь хэлтэст ахлах теллерээр ажиллаж байсан. Д.Б    нь 1990 оноос эхлэн ХААН банкны Ховд аймгийн Булган сум дахь хэлтэст цэвэрлэгчээр ажилд орсон юм. ХААН банк нь 13 ажилтантай байсан. ХААН банкны захиралаар Д.Баатаржав ажиллаж байсан. Д.Б    сайн ажилтан байсан ба байгууллагын шагналаар шагнуулж байсан. 1990 онд банкны нэр өөрчлөгдөж Ардын банкны тооцооны төв болсон. Д.Б    1990-1994 онд ХААН банкны Ховд аймгийн Булган сум дахь хэлтэс болон Ардын банкны тооцооны төвд цэвэрлэгчээр ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж    овогт Д   гийн Б   гийн 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад хими цэвэрлэгээний индүүчин, гуталчнаар, 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ХААН банкны Ховд аймгийн Булган сум дахь хэлтэст цэвэрлэгчээр, 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ардын банкны тооцооны төвд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ