Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00125

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00125

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Д*** багт оршин суух, Б   ийн Ц   д холбогдох 6,303219 төгрөг гаргуулахыг хүссэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын Далт багийн иргэн Б   ийн Ц    нь сум хөгжүүлэх сангаас 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тарвас тариалах төсөл бичиж 5.000.000 /таван сая/ төгрөгийг гурван жилийн хугацаагаар зээлийн гэрээ байгуулж авсан байна. Гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг 160255401 тоот дансанд төлвөрлүүлээгүй тул төрд учирсан 6.303 719 /зургаан сая гурван зуун гурван мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж егнө үү. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,31 дүгээр зуйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурор нэхэмжлэл гаргаж байна. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн гухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 14.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц    нь шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2016 онд сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгний хүнсний ногоо тариалахаар зээл авсан. Зээлийн мөнгийг 2016 оны 06 сарын 10-нд 1000000 төгрөг, 2016 оны 09 сарын 02-нд 4000000 төгрөг төлөхөөр авсан. Зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн байгаа. Энэ зээлийг 2021 оны 09 сарын 20-ны өдөр 50 хувь, 2021 оны 12 сард 50 хувь хувааж төлөхөөр прокурор Б.Оюунцэцэгтэй ярьж тохиролцлоо. Би энэ зээлийг газар тариалан эрхлэх зориулалтаар ашиглаж байсан. Гэвч 2020 онд тус суманд баригдаж буй дулааны станцын газарт миний эзэмшлийн газар орж сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Энэ компанитай ярилцаж миний орлого олох боломжийг хаасан явдлыг иргэний хувьд шүүхэд хандах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын 6,303219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц    төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлага 6,303219 төгрөгийг хариуцагч Б.Ц    төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар нь 115,801 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 115,801 төгрөгний тал хувь болох 57,900.5 төгрөгийг хариуцагч Б.Ц   гаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ