| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00103/И |
| Дугаар | 154/ШШ2021/00126 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 154/ШШ2021/00126
| 2021 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 154/ШШ2021/00126 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн. ** настай, Ховд аймгийн Булган сумын Д*** багт оршин суух, /РД: / Б овогт М ын Ц ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн туслах аж ахуйд мужаанаар ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод цэргийн алба хаагаад 1983 оны 06 дугаар 18-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1983 оны 08 дугаар 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Жаргалын зам нэгдэлд мужаанаар ажилласан. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 он хүртэл Жаргалын зам ХК-д мужаан, цехийн ахлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Жаргалын зам ХК-нд 1995-2000 он хүртэл ажиллаж байсан талаар архивын лавлагаа байхгүй байна.Тухайн үед нэгдлийн мужаан нь 700 гаруй нэгдлийн гишүүдэд тавилга хийж өгөх, хашаа хороог засаж янзлах зэрэг ажил хийж байсан бөгөөд нэгдлийн туслах ажилчид нь 40 гаруй ажилчид байсан гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Ц нь 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн туслах аж ахуйд мужаанаар, 1983 оны 08 сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдэлд мужаанаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалын зам ХК-д мужааны цехэд мужаанаар, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Жаргалын зам ХК-д мужаан цехийн ахлагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагатай холбогдуулан:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 357 тоот архивын лавлагаа,
1978 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс М.Ц ид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
1979 онд Жаргалын зам нэгдлээс М.Ц ид олгосон Талархалын бичиг,
1985 онд Жаргалын зам нэгдлээс М.Ц ид олгосон Баярын бичиг зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Гэрч Ители овогт Данькийн Аманбайгийн шүүхэд гэрчээр өгсөн:.... М.Ц нь 1978 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдэлд мужаанаар ажиллаж байгаад 1980 -1983 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ 1983 оноос 1994 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан. 1994 онд нэгдэл тараад Жаргалын зам ХК болоход мужаанаар, тасгийн эрхлэгчээр 2000 он хүртэл ажиллаж байсан. Би 1980 оноос эхлэн Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-нд нягтлангаар тус тус 2000 он хүртэл ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэл нь 1995 онд тараад 2000 он хүртэл Жаргалын зам ХК байсан. 2000 оноос хойш Түмний зам компани болон үйл ажиллагаа явуулсан. Тус компани захирлаар М.Баавдай ажиллаж байсан. Жаргалын зам компани нь 40 гаруй ажилтантай байсан. Цөөн тооны малчид, ногоочид, мужаан зэрэг туслах ажилтанууд ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Авж овогт Жамъянжавын Гантөмөрийн шүүхэд гэрчээр өгсөн:... М.Ц нь 1983 онд цэргээс халагдаж ирээд Булган сумын Жаргалын зам нэгдэлд тасралтгүй мужаанаар ажиллаж байгаад 1995 онд нэгдэл тараад Жаргалын зам ХК болоход мөн л мужаанаар 2000 он хүртэл ажиллаж байсан. Би 1980 оноос 2004 он хүртэл Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-нд зоо техникч, түүхий эдийн нярав, зочид буудлын нярав зэрэг ажил хийж байсан. Намайг ажилд анх ороход М.Ц нь ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэлд малчид 700 гаруй, ногоочид 100 гаруй, захиргаан аж ахуйн ажилтан 50 гаруй хүн ажилладаг байсан. Жаргалын зам ХК болоод 40 гаруй ажилтан үлдсэн. Малчид нь малаа хувьдаа аваад тарсан. Тухайн компанид 4 мужаан ажиллаж байсан гэж мэдүүлсэн байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.Ц ийг 1978 оны 08 сарын 01-ны өдрөөс 1980 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн туслах аж ахуйд мужаанаар, 1983 оны 08 сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдэлд мужаанаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалын зам ХК-ны мужаан цехэд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Жаргалын зам ХК-д мужаан цехийн ахлагчаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн ...1995-2000 онд Жаргалын зам ХК-д ажиллаж байсан байдлын талаархи баримтууд байхгүй архивын лавлагаагүй гэх тайлбар зэргийг үндэслэн 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Жаргалын зам ХК-д мужаан цехийн ахлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид мужаан цехийн ахлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт М ын Ц ийг 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн туслах аж ахуйд мужаанаар, 1983 оны 08 сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдэлд мужаанаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалын зам ХК мужааны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Ц ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ