Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/687

 

   2024         07          16                                     2024/ШЦТ/687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Х-ийн Мт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2024 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game агеna” гэх нэртэй тоглоомын газарт тоглож байсан хохирогч А.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар өөрийн гар утсандаа баталгаажуулан нэвтэрч, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан,

мөн дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 7,184,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************* дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч А.Аийн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, хохирогч А.Аийн “Хаан банкны 5028699862” дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-р хуудас/, Хас банкны 5003951200 дугаартай яллагдагч Х.Мын эзэмшлийн дансны хуулга /хх-ийн 47-р хуудас/, шүүгдэгч Х.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.          

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Х.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Х.М нь 2024 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game агеna” гэх нэртэй тоглоомын газарт тоглож байсан хохирогч А.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар өөрийн гар утсандаа баталгаажуулан нэвтэрч, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан,

мөн дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 7,184,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.Аийн: “...Би 2024 оны 03 сарын 08-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хорооллын Game arena нэртэй пи си тоглоомын газар үйлчлүүлэхээр орсон тэгтэл вип 3-4 дүгээр компьютер суусан тэгтэл миний хажуугийн ширээн дээр 20 орчим настай хар куртиктэй туранхай залуу сууж байсан бөгөөд тэр залуу сүүлийн хэд хоног өдөр бүр үйлчлүүлж байхыг би харсан тэгээд тэр залуу би хоол идээгүй гээд байхаар нь ундаа хоол авч өгсөн тэгээд би оройжингоо сууж тоглосон бөгөөд 16 цагийн үед би гар утасныхаа симийг жижиг гар утсанд хийгээд тэр утсаа тамхины өрөөнд гар утсаа цэнэглээд үлдээсэн тэгээд 21 цагийн үед цэнэглэсэн гар утсаа авсан. Тэгтэл миний хажууд байсан залуу олон удаа босож яваад буцаж ирээд байсан. Тэгээд би 00 цагийн үед өөрийн хажууд сууж байсан залууд 26 дугаартай компьютер дээр хоногийн мөнгийг нь төлж өгчхөөд гэртээ харьсан. Тэгээд би 08 цагийн үед миний фейсбүүк рүү Tseegii Tse гэсэн хаягаас надад нэг сарын хугацаа өгчих би чамд 8,000,000 төгрөг өгье үнэхээр уучлаарай цагдаад битгий хэлээч 2- уулаа уулзъя гэсэн чат бичсэн байсан бөгөөд бид хоёр өчигдөр тоглосон пи си тоглоомын газартаа уулзсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний хаан банкны 5028699862 тоот данснаас авсан байсан эхний 2 сая төгрөгийг 1xbet-н мөрийтэй тоглоомын хас банкны 5000662642 тоот гэсэн данс руу гүйлгээний утга нь 409713365 гэсэн утгатай гүйлгээ хийсэн байсан бөгөөд дараа нь 5003951200 тоот данс руу 2,000,000 төгрөгөөр нэг удаа 4,000,000 төгрөгөөр нэг удаа 1,100,000 төгрөгөөр нэг удаа, мөн 79,000 төгрөгийг нэг удаа шилжүүлсэн байсан дараа 5700472472 тоот данс руу 5,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. Мөн анхны 1xbet-н данс руу 2,000,000 төгрөг шилжүүлээд түүнийгээ тоглоод 3,000,000 төгрөг болгож өсгөсөн юм шиг байгаа юм түүнийгээ татаж аваад 2,000,000 төгрөгийг нь буцааж миний данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

- Хохирогч А.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 5028699862 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-р хуудас/,

- Шүүгдэгч Х.Мын эзэмшлийн Хас банкин дахь 5003951200 тоот дансны хуулга /хх-ийн 47-р хуудас/,

- Шүүгдэгч Х.Мын яллагдагчаар өгсөн: “... Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороолол орчимд байрлах Гэйм Арена цахим тоглоомын газарт тоглож байсан ба танил болох А нь хамт сууж тоглож байсан юм. А нь тухайн тоглоомын газарт тоглож байгаад гэртээ харьж амарч байгаад буцаж ирж тоглож байсан юм. Би тухайн тоглоомын газрын ВИП-3 өрөөний 5 дугаар компьютер дээр сууж байсан ба миний хажууд А сууж байсан юм. Танил болох А нь компьютер дээр онлайн покер тоглодог ба компьютерын интернэт хөтөч ашиглан өөрийн Хаан банкны аппликейшн руу нэвтэрч ордог юм. Би Аийн интернэт банкны нэвтрэх нууц үгийг харж цээжилсэн байсан юм. Шөнө 02 цагийн үед А нь нокиа загварын гар утсаа үлдээгээд ариун цэврийн өрөө орох үед нь би өөрийн гар утсанд түүний интернэт банкийг бүртгүүлж нэвтэрсэн ба гар утсанд нь баталгаажуулах код ирэх үед ирсэн кодыг нь хийж баталгаажуулж амжилттай нэвтэрсэн юм. Удалгүй А гэр рүүгээ явсан ба би түүний интернэт банк руу нэвтэрч орж 04 цаг 48 минутад 2.000.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5003951200 дугаарын данс руу шилжүүлэн авсан, үүний дараа 05 цаг 42 минутад 4,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан, 06 цаг 23 минутад 1,180,000 төгрөгийг шилжүүлсэн. Би А гэх хүний интернэт банкны нэвтэрч ороод Насанбат Гэрэлчулуун гэсэн данс эзэмшигчтэй 5000662642 тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн уг данс 1xbet гэх цахим мөрийтэй тоглоомын агентын данс байсан ба дараа нь дахин өөрийн ха банкны 5003951200 тоо данс руу 4,000,000 төгрөг шилжүүлээд би өөрийн данснаас Хаан банкны Д.Баасандорж гэсэн данс эзэмшигчтэй 5431136515 тоот данс уу 4,000,000 төгрөг шилжүүлсэн уг данс нь мөн адил 1xbet rэх цахим мөрийтэй тоглоомын агентын данс байсан. Дараа Аийн данснаас өөрийн хас банкны 5003951200 тоот данс руу 1,100,000 төгрөг шилжүүлээд би өөрийн данснаас хаан банкны 5431136515 тоот данс руугаа 1,100,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Аийн данснаас өөрийн хас банкны 5003951200 тоот данс руу 79,000 төгрөг шилжүүлж аваад Хаан банкны 5431136515 тоот данс руу шилжүүлэн өгсөн. Энэ данс нь 1xbet гэх цахим мөрийтэй тоглоомын агентын данс байсан. Уг мөн адил 1xbet гэх цахим мөрийтэй тоглоомын агентын данс байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг шаарддаг бол мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдал хангагдасан байхтай холбоотой харилцааг зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т: “кибер орон зай” гэж интернэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар гэж тодорхойлжээ.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т: “мэдээллийн систем” гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг ойлгохоор заасан байна.

Интернэт банкны цахим хаяг нь дээрх хуульд зааснаар мэдээллийн системд хамаарах ба интернэт банкны цахим хаяг хэрэглэгч тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй, үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан гэж үзнэ.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Х.М нь 2024 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game агеna” гэх нэртэй тоглоомын газарт тоглож байсан хохирогч А.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар өөрийн гар утсандаа баталгаажуулан нэвтэрч, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан, мөн дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 7,184,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Мын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

   Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад 7,184,000 төгрөгийн хохирол /хх-ийн 13, 47 дугаар хуудас/ учирснаас шүүгдэгч А.М нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Х.Маас 7,184,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ад олгох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.Мыг нийт 7,184,000 төгрөгийг хохирогч А.Ад төлөх төлбөртэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг гаргасан.

            Шүүх шүүгдэгч Х.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 6 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Х-ийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,  

мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан  6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.Мын нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба шүүгдэгч Х.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Маас 7,184,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ад олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ