Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1892

 

 

 

 

 

 

 

 

 

 Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах , Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2018/00287 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Ат холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 567 392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-206 тоот зээлийн гэрээгээр                  4 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох      1 537 500 төгрөг дээр нэмээд 8 462 499 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай “цалингийн зээл”-ийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Н.Аийн тэтгэврийн данснаас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 64 000 төгрөг, 03 дугаар сарын 16-ны өдөр 62 000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 63 000 төгрөгийг тус тус татаж, нийт 189 000 төгрөгийн төлөлт хийгдсэнийг үндсэн зээлээс хасч тооцсон. 5 756 398 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж зээлийн хүү 3 090 109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493 885 төгрөг нийт 3 583 995 төгрөгөөс татгалзаж үндсэн зээл 1 983 393,81 төгрөг гаргуулахыг хүсч байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2010 онд 4 000 000 төгрөгийн цалингийн зээл авсантай маргахгүй. Харин 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр урьд зээлийн үлдэгдэл дээр нэмж 8 377 900 төгрөгийн цалингийн зээл аваагүй. Миний бие 2006 оноос хойш “Сонин зул” хоршооны захирал асан Н.Чойжхорлоо гэгч эмэгтэйн дэлгүүрт өдрийн 5 000 төгрөгийн цалинтайгаар худалдагчийн ажил эрхэлж ирсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй юм. Н.Чойжхорлоо маш их өр зээлтэй байсны улмаас миний нэр дээр зээлийн баримт бүрдүүлж өөрөө хөөцөлдөж танил талаа ашиглан зээл гаргаж авсан. Х ХХК миний нэр дээр өөр хүнд зээл олгосон нь буруутай учраас би зээлийг төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Х ХХК-ийн хариуцагч Нямжавын Алтанцэцэгээс 1 983 393 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Н.Аээс зээлийн хүү 3 090 109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493 885 төгрөг, нийт 3 583 995.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 503 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Банк зээлдэгчтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийг түүний дансанд шилжүүлэн олгосон бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрөө өөрөө захиран зарцуулж бусдад дамжуулсан нь зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлдэгч өөрөө гэрээний нэг талын хувьд зээл авах, олгох үйл ажиллагаанд оролцсон. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу “...өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар ...” гэсэн нь зээлдэгчийн өөрийн энэхүү ухамсарт үйлдэлд хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Банк энэхүү хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээний дагуу Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасанаар зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч хариуцагч Н.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 756 389 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж, 1 983 393 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг зээлийг өөр хүн авсан гэж маргажээ.

            Зохигчид 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Х ХХК нь 4 000 000 төгрөг зээлдүүлсэн, улмаар 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1 537 500 төгрөг дээр нэмж 8 462 499 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд цалингийн орлого, телевизор, хөргөгч, угаалгын машин, гэрийн бусад эд хогшил зэргийг барьцаалсан байна. /хх 56-60, 78/

            Хариуцагч Н.А нь дээрх зээлийн гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан нь үндэслэлгүй болно. Барьцаат зээлийн гэрээнд болон зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримтад хийсэн гарын үсгийн шинжилгээгээр хариуцагч Н.Аийн гарын үсэг мөн болох нь тогтоогджээ. Түүнчлэн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Х ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна. /хх 106, 225-231/

            Гэвч нэхэмжлэгч нь зээлийг олгохдоо Х ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэглээний зээлийн журам”-ыг зөрчсөнөөс талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болжээ.

            Хүчин төгөлдөр бус гэрээний шаардах эрхийн үндэслэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.Аээс зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 1 983 393 төгрөгийг шаардах эрхтэй байна.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж хариуцагч Н.А нь 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 10 243 059 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул энэхүү гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2018/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х ХХК-иас төлсөн 46 684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН