| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 103/2020/0813/Э |
| Дугаар | 1003 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1003
103/2020/0813/Э
2020 08 13 2020/ДШМ/1003
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1327 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 48 дугаартай эсэргүүцлээр Б.Б-т холбогдох эрүүгийн 1805014830563 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-, 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:..../,
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 217А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;
Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31-75 тоотод иргэн Л.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зэвсэг хэрэглэн түүний хэвлийн хөндий, бугалга, сарвуунд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Б-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн байна.
Үүнд: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д монгол хэл, бичиг мэдэхгүй яллагдагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй талаар хуульчилжээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Б.Б- нь “...би нэгдүгээр анги төгссөн, үсэг мэднэ, уншиж, бичиж чадахгүй” гэж, өмгөөлөгч М.Алтанцэцэг “...миний үйлчлүүлэгч Б.Б- бичиг, үсэг мэдэхгүй, өгсөн мэдүүлгээ нэг бүрчлэн уншаагүй, мөрдөгч зур гэхээр нь гарын үсэг зурсан талаараа надад хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн, яллагдагч Б.Б-ээс 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулалгүй мэдүүлэг авсан байна. /хх 113-119/. Монгол хэл, бичиг мэдэхгүй, боловсролгүй, нэгдүгээр анги төгссөн яллагдагч Б.Б-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцуулсан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөний дээр түүний өмгөөлөгч авах эрхийг нь эдлүүлээгүй, өмгөөлөгчийг огт оролцуулалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн эрхийг хязгаарласан байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна гэж заажээ.
Хэрэгт хураагдсан хувцас болон хутганд үзлэг хийсэн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Дөлгөөнтамирыг оролцуулсан /хх 35-36, 41/ бөгөөд мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Дөлгөөнтамир нь Б.Б-т холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт явуулж хэрэг бүртгэлийн хугацаа сунгуулах мөрдөгчийн тогтоолууд үйлдсэн /хх 8-17/, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийн хугацаа сунгуулах шаардлагатай талаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн /хх 109-р хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцсон нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй гэж шүүх үзэв.
Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаар мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Э-аас нэг л удаа мэдүүлэг авснаас /хх 62-64/ өөрөөр мэдүүлэг, тайлбар аваагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эдлэх эрхийг тодорхой заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулахаар, 1.3-т мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргах тухай түүний эрхийг эдлүүлээгүйн дээр хуулийн 32.1 дүгээр зүйлд хавтаст хэргийн материал танилцуулах, хэргийн оролцогчоос мөрдөн шалгах ажиллагааны аль ч үед гомдол, хүсэлт гаргах тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасныг тус тус ноцтой зөрчсөн байна. Хохирогчийн хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр мөрдөн байцаалтыг дуусгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нотолж, тогтоож чадаагүй байна гэх үндэслэлүүдээр Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Б.Б- нь “...би нэгдүгээр анги төгссөн, үсэг мэднэ, уншиж, бичиж, чадахгүй...” гэж, өмгөөлөгч М.Алтанцэцэг “...миний үйлчлүүлэгч Б.Б- бичиг үсэг мэдэхгүй, өгсөн мэдүүлгээ нэг бүрчлэн уншаагүй, мөрдөгч зур гэхээр нь гарын үсэг зурсан талаараа надад хэлсэн...” гэж мэдүүлсэн байх боловч мөрдөн байцаалтад яллагдагчийн гэр бүлийн хамаарал бүхий Н.Лхагвацэцэгээс “...нөхөр минь 4 анги хүртлээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуульд суусан гэж надад хэлдэг...”, “...бага насандаа Хо Ши Мин-ий нэрэмжит сургуульд сурч байгаад төгссөн. Хэдэн онд төгссөнийг бол би мэдэхгүй байна...” гэж түүний боловсролын талаар мэдүүлдэг, мөн урьд Б.Б- нь 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус тус Баянгол дүүргийн шүүхээр ял шийтгүүлсэн байх бөгөөд шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “...бага боловсролтой...” талаар дурдсан зэргээр Б.Б- нь “...монгол хэл, бичиг мэдэхгүй...” гэх нөхцөл байдал нь эргэлзээтэй байна. Яллагдагч Б.Б-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулан гарын үсэг зуруулж байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “...яллагдагчийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. ...Би өмгөөлөгч аваагүй байгаа. Өмгөөлөгч авч байгаад мэдүүлэг өгнө. Одоо мэдүүлэг өгөхгүй...", 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “...яллагдагчийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Би өмнөх мэдүүлэг дээрээ өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө гэсэн боловч өмгөөлөгч авахаа больсон. Өөрийгөө өмгөөлж оролцохоор болсон учир одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” гэж мэдүүлсэн. Мөн мөрдөн байцаалт, прокурорын шатанд “..бичиг үсэг мэдэхгүй, өгсөн мэдүүлгээ нэг бүрчлэн уншаагүй, мөрдөгч зур гэхээр нь гарын үсэг зурсан, өмгөөлөгчийн хамтаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцох хүсэлттэй...” талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаж байгаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн эрхийг хэрхэн хязгаарлаж, зөрчсөн эсэх нь тодорхойгүй байна.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Э-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авахдаа хохирогчийн эдлэх эрх үүргийг нь танилцуулан мэдүүлэг авсан бөгөөд “...эмчилгээний төлбөр нэхэмжилж, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх...” талаар мэдүүлсэн боловч учирсан хохирлын талаар баримт гарган өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулаагүй, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах болон нотлох баримт гаргуулах тухай хүсэлт бичгээр гаргаж өгч байгаагүй. Мөн хохирогч Л.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр улсын хилээр гараад одоог хүртэл хилээр орж ирээгүй болох нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн албан бичигээр тогтоогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв шүүхээс “учруулсан хохирлын хэр хэмжээг" бүрэн бодитой хянан хэлэлцэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно..” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж яллагдагч Б.Б-ийн гэм бурууг шүүхээр хянан хэлэлцэж хэргийг шийдвэрлэх боломжтой.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж заасан бөгөөд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шүүх эмнэлгийн дүгнэлт, хохирогч Л.Э- болон хэрэг гарах үед хамт байсан гэрч Б.Э-, Д.Бямбасүрэн, П.Энхбаяр, И.Мөнхбаатар нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар Б.Б- нь Л.Э-ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримтыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Харин хэрэгт хураагдсан хувцас болон хутганд үзлэг хийсэн ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр бол нотлох баримтаар тооцолгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлан дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...яллагдагч Б.Б-ийн эхнэрийн мэдүүлэгт “манай нөхөр хэддүгээр анги төгссөнийг мэдэхгүй” гэсэн. Б.Б- нь “бага боловсролтой” гэж мэдүүлсэн. Бага боловсролтой гэдгийг 1 дүгээр анги төгссөн гэж үзэх үү, 4 дүгээр анги төгссөн гэж үзэх үү. Үсэг мэддэг болохоос уншиж чадахгүй гэдгээ мэдүүлсэн. Хавтас хэрэгт байгаа бүх ажиллагаа хууль бус. Хавтас хэргийн 28 дугаар талд хутганд үзлэг хийсэн. Үүнийг би өөрийн үйлчлүүлэгчид үзүүлэхэд “тухайн үед миний авч явсан хутга биш байна” гэсэн. Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй” гэсэн атлаа эд мөрийн баримтаар 18.5 см урттай хутгыг хэргийн хамт хүргүүлэв гэсэн байна. Яллагдагч хавтас хэрэгт байгаа гэрэл зургийг “миний барьж байсан хутга биш” гэж мэдүүлсэн, шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2251 дүгээр дүгнэлтэд “хурууны хээ таарахгүй байна” гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр хар өнгийн бариултай цагаан өнгийн 00-ын цаасаар ороосон цус мэт зүйлээр бохирлогдсон хутга гэсэн байхад хэрэгт байгаа гэрэл зургаас харахад хар иштэй нь тохирдоггүй. Хуульд зааснаар хөндлөнгийн гэрч нь хэрэгт хамааралгүй хүн байх ёстой. Хавтас хэргийн 33 дугаар талд эд хөрөнгө хураан авсан тэмдэглэлд Г.Одбаяр, н.Чинбат гэсэн атлаа гэрийн хаяг нь байхгүй. Хавтас хэргийн 34 дүгээр талд Хосбаяр гэсэн хэрнээ овог, нэр байхгүй. Хавтас хэргийн 35 дугаар талд үзлэг хийсэн тэмдэглэлд Дөлгөөнтамир, Энхтөр гэсэн хэрнээ хаяг, утас, регистрийн дугаарууд байхгүй. Хавтас хэргийн 41 дүгээр талд хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд Энхтөрийн гарын үсэг өөр. Хавтас хэргийн 33 дугаар талд эд зүйл хураан авсан тэмдэглэл зөрүүтэй. Гэрэл зураг хөндлөнгийн гэрчийн гарын үсэг байхгүй. Хавтас хэргийн 105 дугаар талд мөрдөгчийн тэмдэглэлд хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч М.Дөлгөөнтамир гэж гарын үсэг зурсан нь хавтас хэргийн 35 дугаар талд зурагдсан М.Дөлгөөнтамирын гарын үсэг зурсантай тохирч байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бус явагдсан. Хохирогч анхан шатны шүүх хуралдаан болох үед Монгол Улсад ирсэн байсан. Миний үйлчлүүлэгч хохирогчтой уулзаад хохирол төлбөрийн талаар ярилцсан. Хэрэв хутганд хийсэн үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж үзэж, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх тул хэрэгт цугларсан нотлох баримтууд болон яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн Б.Б-ийг гэм буруутай эсэх асуудлаар дүгнэлт хийх боломжтой байна.
Шүүгчийн захирамжинд заасан “...Б.Б- нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уншиж, бичиж чадахгүй талаараа мэдүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагаанд түүний өмгөөлөгч авах эрхийг нь эдлүүлээгүй, өмгөөлөгчийг огт оролцуулалгүйгээр яллагдагчийн эрхийг хязгаарласан байна. ...” гэх асуудлын тухайд, мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Б.Оюунгэрэлийг оролцуулсан /хх 100/, Б.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө “..өөрийгөө өмгөөлж оролцохоор болсон учир одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” /хх 117/ гэж тус тус мэдүүлсэн байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хамт оролцсон байгаа зэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгч авах эрхийг нь эдлүүлээгүй, өмгөөлөгч огт оролцуулалгүйгээр хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан гэж үзэхээргүй байна.
Мөн захирамжинд заасан “...мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Э-аас нэг л удаа мэдүүлэг авснаас өөрөөр мэдүүлэг, тайлбар аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхийг зөрчсөн. ...” гэх асуудлын тухайд, Л.Э-ыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор тогтоож, эрх үүргийг нь танилцуулж, мэдүүлэг авсан /хх 60-64/ байх бөгөөд тэрээр 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр гарч буцаж орж ирээгүй талаарх /хх 185/ лавлагаа хэрэгт авагдсан байх бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийг Монгол Улсад буцаж ирсэн гэх тайлбарыг гаргаж байх тул анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой.
Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцож байсан мөрдөгч М.Дөлгөөнтамирыг, хэрэгт хураагдсан хувцас болон хутганд үзлэг хийсэн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх асуудлын тухайд, шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1327 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хяан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН