Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2024/00201

 

 

C ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01143 дугаар шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01097 дугаар магадлалтай            

C ий нэхэмжлэлтэй,

Б т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг          

Хариуцагчийн өмгөөлөгч С ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч C , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б , хариуцагч Б , хариуцагчийн өмгөөлөгч С , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч C  нь хариуцагч Б т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01143 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар С , Б  нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц ийг эх C ий асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б ээр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б ээс 159,401,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч C д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч C д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01097 дугаар магадлалтай: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 210/МА2024/01097 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалтын дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байр, 9 тоот, 3 өрөө орон сууцыг талууд Б аас 2019.09.30-ны өдөр худалдан авч, 2019.10.03-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн, C , Б  нарын хамтран өмчлөх дундын өмч болох нь тогтоогдсон” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь маргаан бүхий орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй буюу тэдний хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоос бий болсон үл хөдлөх эд хөрөнгө биш тул шүүхийн шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй гомдолтой байгаа болно. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Н гаас 2019.09.29-ний өдөр зээлийн гэрээгээр зээлж Н гийн Хаан банкны ...  тоот данснаас Б ийн Хаан банк дахь ...  дугаарын дансанд 2019.09.30-ны өдөр шилжин орсон 110,000,000 төгрөгийн зээлийн мөнгөөр байр авсан юм. Б  зээлж авсан 110,000,000 төгрөгөө шилжин орж ирсэн даруйд нь буюу 2019.09.30-ны өдрийн 17 цаг 45 минутаас 17 цаг 54 минутын хооронд байрны эзэн Батжаргалын дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн нь тогтоогддог. Дээрх баримтаар маргааны зүйл болох 3 өрөө байрыг зээлийн мөнгөөр авч Н д 100,000,000 төгрөг төлөх өр үүссэн нь тогтоогддог. Монгол Улсын Дээд шүүхийн 2017.12.25-ны өдрийн 30 дугаартай “Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал” гэх зөвлөмжид гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн эд хөрөнгийн маргаанд тэдгээрийн бусдад төлөх төлбөр өрийн асуудлыг шийдэх талаар тодорхой заасан. Уг зөвлөмжид “Өр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай тул хуваагдах хөрөнгөд хамаарна. Шүүх тухайн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн өрийг гэрлэгчдийн хооронд тэнцүү хуваах зарчим баримтална” гэж тодорхойлсны дагуу Н гаас зээлсэн 100,000,000 төгрөгөө адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй байсан учраас Б , C  нар н.Тд итгэмжлэл олгон Н д байрыг шилжүүлэн өгсөн байдаг. Дээр дурдсан баримтаар Н д төлөх 110,000,000 төгрөгийн өрөндөө 3 өрөө байрыг шилжүүлэн өгч бусдад төлөх өрийн асуудлаа дуусгавар болгосон нь нотлогддог. Гэтэл өрөнд өгөгдсөн 3 өрөө байрыг зах зээлийн ханшаар 191,625,000 төгрөгт үнэлэн 2 хүнд оногдох 127,750,000 төгрөгийг Б ээс гаргуулан C д олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 210/МА2024/01097 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, 127 сая төгрөг гаргуулах заалтыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024.07.04-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00936 тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч С ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч C  нь хариуцагч Б т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийг хүлээн зөвшөөрч, харин дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

7. C , Б  нар гэр бүл болсноо 2015.09.02-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 2015.11.18-ны өдөр хүү Ц  төрсөн, гэрлэлтээ цуцлуулахыг гэрлэгчид харилцан зөвшөөрсөн, хүү Ц  эх C тэй хамт амьдарч байгаа, түүнийг эхийн асрамжид үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, талууд маргаагүй байх тул анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Ц ийг эх C ий асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр эцэг Б  хүү Ц д тэтгэлэг төлөхөөр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасан байна.

8. Нэхэмжлэгч C нь гурван эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлон хүү болон өөртөө ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан байна. 

А. Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, ... тоот ...  бүртгэлийн дугаартай орон сууц,

Б. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москва гудамж, ... тоот ...  бүртгэлийн дугаартай орон сууц,

В. Тоёота кровн маркийн ...  улсын дугаартай автомашин.

Хариуцагч Б  “...Чингэлтэй дүүрэг, ... 9 тоот ...  дугаарт бүртгэлтэй орон сууцыг зээлээр аваад, мөнгөө төлж чадаагүй тул зараад ахдаа зээлсэн мөнгөө өгсөн, түүнчлэн Баянгол дүүрэг, ... 60 тоот орон сууц нь бидний хамтран амьдрахаас өмнө бий болсон миний хуваарьт хөрөнгө, харин автомашин нь явдаггүй эвдэрсэн тул задлаад зарсан...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

9. Баянгол дүүрэг, ...60 тоот ...  дугаарт бүртгэлтэй орон сууцны тухайд 2015.09.07-ны өдөр хуримаа хийхэд хариуцагчийн ээж бэлэглэсэн тул дундын эд хөрөнгө гэж нэхэмжлэгч тайлбарлах бөгөөд хариуцагч нь биднийг хуримаа хийхээс өмнө ээжийн надад өгсөн хуваарьт хөрөнгө гэж талууд маргасан байна.

Анхан шатны шүүх “...гэрлэгчид 2015.09.02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2015.11.18-ны өдөр хүү Ц төрсөн, маргаан бүхий орон сууц нь Б ийн нэр дээр 2015.08.11-ний өдөр бүртгэгдсэнээс үзэхэд тэдний хуримд зориулж бэлэглэсэн гэх байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2015.08.11-ний өдөр C 7 сартай жирэмсэн, гэрлэгчид хамтран амьдарч байсан, 2015.09.07-ны өдөр хуримаа хийсэн зэргээс үзэхэд уг орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасны дагуу тэднийг анх гэр бүл болоход зориулагдсан гэрлэгчдийн дундын эд хөрөнгө” гэж дүгнэсэн байна.

Улмаар Чингэлтэй дүүрэг, ... тоот хаягт байрлах орон сууц 2019.10.03-ны өдөр C , Б  нарын өмчлөлд бүртгэгдсэн тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, дундын эд хөрөнгийг хуваах нь зүйтэй гэж үзээд, Чингэлтэй дүүрэг, ... тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ 191,625,000 төгрөг, Баянгол дүүрэг, ... тоот орон сууцны зах зээлийн үнэлгээ 47,476,579 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нийт 239,101,579 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, хариуцагч Б ээс 159,401,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч C д олгох нь  хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ. 

Түүнчлэн “хариуцагч Б  нэхэмжлэгч C д 2022 онд Акуа маркийн автомашиныг 15 сая төгрөгөөр худалдан авч өгсөн, үүнийг нэхэмжлэгч C зарсан талаар зохигч маргаагүй тул Тоёота кровн маркийн ... улсын дугаартай автомашиныг дундын эд хөрөнгөд хуваарилахгүй” гэсэн үндэслэлийг заажээ.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлоор хэргийг хянаад “... шүүх хоёр орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэн, орон сууцыг үнэлсэн дүгнэлтийг үндэслэн гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг хуваарилж шийдвэрлэсэн ба автомашинтай холбоотой шаардлагыг маргаагүй гэж үзэн хуваарилаагүйд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал нь Баянгол дүүрэг, ... тоот, нэг өрөө орон сууцтай холбоотой гаргасан гомдлоосоо татгалзсан тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй” гэж үзсэн. Харин Чингэлтэй дүүрэг, ... тоот орон сууцыг бусдад худалдсан үйл баримт тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь дундын өмчөөс ногдох хэсгийг зах зээлийн үнээр тооцож хуваарилахад саад болохгүй, ...анхан шатны шүүх ...  тоот орон сууцанд үнэлгээ тогтоосон үнэлгээчний дүгнэлтийг үндэслэн, гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.             

11. Хариуцагчийн өмгөөлөгч С ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

11.1. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргасан байх бөгөөд хариуцагч нь Баянгол дүүрэг, ... тоот, нэг өрөө орон сууцтай холбоотой давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр гэр бүлийн гишүүдэд хуваарилсан хэсгийг хэвээр үлдээнэ.

11.2. Хариуцагч Б  нь Чингэлтэй дүүрэг, ... тоот орон сууцыг ах Н гаас 110,000,000 төгрөг зээлж худалдаж авсан, улмаар зээлээ төлж чадаагүйн улмаас өр төлбөртөө тооцож, байрыг шилжүүлсэн, уг хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хэрэгт /1хх-86 тал/ Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.03.30-ны өдрийн 543 дугаартай албан бичиг авагдсан байна.  

11.3. Хариуцагч талын гаргасан гомдолд заасан “...өрөндөө 3 өрөө байрыг зах зээлийн ханшаар 191,625,000 төгрөгт үнэлэн 2 хүнд оногдох 127,750,000 төгрөгийг Б ээс гаргуулан C д олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, ... өр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай тул хуваагдах хөрөнгөд хамаарна. Шүүх тухайн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн өрийг гэрлэгчдийн хооронд тэнцүү хуваах зарчим үйлчлэх ёстой” гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс 3 өрөө сууцыг анх авахдаа бусдаас зээлсэн 110,000,000 төгрөгийн өрийг гэрлэгчид хамтран хариуцах үүрэгтэй, энэ нь гэрлэгчдийн эрх, үүргийн хуваарилалтад нийцэх тул  уг хөрөнгийг үнэлсэн 191,625,000 төгрөгөөс бусад өрийг хасаж, 81,625,000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хуваана. 

Үүнээс гэр бүлийн нэг гишүүнд 27,208,333 төгрөг ногдох тул 54,416,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч C болон хүү Ц нарт олгох нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцэх бөгөөд Баянгол дүүрэг, ... тоот, нэг өрөө орон сууцны үнэлгээ 47,476,579 төгрөгөөс эх, хүү хоёрт ногдох хэсэг болох 31,651,052 төгрөгийг нэмж, нийт 86,067,718 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

12. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч С ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01097 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...159,401,052 төгрөгийг” гэснийг “...86,067,718 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

                                                                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                                    Д.ЦОЛМОН