Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 153

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч М.Гантулга,

шүүгдэгч, хохирогч Г.Отгонбаатар, Н.Баттогтох, тэдний өмгөөлөгч М.Түмэннаст,

шүүгдэгч, хохирогч П.Нармандах, Ч.Үржинтогтох, тэдний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн менежментийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 31 дүгээр гудамжны 512 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ДО93011214/ Бэсүд маань овогт Гомбын Отгонбаатар,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ДО92042231/ Жажуна овогт Намнансүрэнгийн Баттогтох,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа автомашин засдаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 69 айлын 5-56 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ИХ84021610/ Тайж нар овогт Паламын Нармандах,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Чанар” авто сервист ажилладаг, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 8 дугаар гудамж 260 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УШ89042412/ Шавихан овогт Чулуунбаатарын Үржинтогтох нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022420 дугаар 185/2017/0177/Э хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                       

Шүүгдэгч Г.Отгонбаатар, Н.Баттогтох нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лазер” караоке баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч П.Нармандах, Ч.Үржинтогтох нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Нармандах, Ч.Үржинтогтох нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лазер” караоке баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Отгонбаатар, Н.Баттогтох нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Отгонбаатарын: Хэргийн талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчийн хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.Баттогтохын: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч П.Нармандахын: Шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ч.Үржинтогтохын: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Үржинтогтохын: ...Би 5 буудлын орчим авто засварын газар ажиллуулдаг. 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ажилчдынхаа хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Лазер” бааранд орсон. Бааранд сууж байгаад би тамхи татахаар гарсан. Намайг гарахад Нармандахын эхнэр Сувдаа болон түүний найз эмэгтэй хоёр руу нэг согтуу залуу очоод хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би яваад очсон, тэгтэл тэр залуу намайг үгийн зөрүүгүй, гараараа нүүр рүү цохисон, намайг унангуут нүүр рүү өшиглөсөн. …Нармандах гарч ирээд салгах гэж байгаад өөрөө тэр залууд зодуулсан гэсэн. Манай хэд намайг зодсон хүнийг хөөж байгаад замын нөгөө талаас барьсан гэсэн. Тэр залууг барьчихсан байсан чинь цагдаа ирсэн...,

Тэр залуу бас нэг залуутай хамт хоёулаа явж байсан. Намайг бол арай л өндөр, хар царайтай нүүрэндээ сэвхтэй залуу нь зодсон. Нөгөөх нь намайг зодоход оролцоогүй. Тэр нь Нармандахыг зодсон гэсэн. Тэр хоёр архи уусан байсан, гэхдээ гайгүй согтолттой байсан. Сүүлд нь сонсоход Сувдааг найз хүүхэнтэйгээ гадаа байж байхад намайг зоддог залуу гудамжинд шээж байсан гэсэн. Тэгээд Сувдаа “болиоч гудамжинд шээлээ” гэж хэлсэн чинь уурлаад Сувдааг хэл амаар доромжилж байсан юм байна лээ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Нармандахын: ...Би 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэр Сувданчимэг, түүний найз Содоо, манай найз Үржинтогтох, Эрдэнээ нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Лазер” бааранд орсон. Манай эхнэр Сувданчимэг, Содоо нар тамхи татахаар гарсан. Тэгээд манай эхнэрийг гарахад үл таних хүний нэг нь баарны гаднах явган хүний зам дээр шээсэн гэсэн. Тэгэхэд манай эхнар “чи болиоч ээ, наана чинь шээдэггүй юм” гэж хэлсэн гэсэн. Тэр үед манай найз Үржинтогтох гарч ирж таарсан гэсэн. Тэгэхэд шээсэн гэх хүн нь Үржинтогтохыг зодож байсан. Би очоод “хөөе болиоч ээ” гэхэд өөдөөс тэр шээдэг залуутай хамт явсан залуу нь миний өөдөөс нүүр рүү пивоны шилээр цохисон. Тэр үед нь би манараад, юу болж байгааг мэдээгүй. Нэг харсан чинь шээдэг залуу нь зам хөндлөн гараад зугтаасан. Бааран дотроос Эрдэнээ гарч ирээд бид нар тэр залууг хөөж барьж авсан. Тэгээд цагдаа ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Отгонбаатарын: ...Би 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Баттогтохтой уулзаад эхлээд Дэнжийн мянгын караокед пиво уучихаад тэндээс гараад шөнө 00 цагийн үед “Лазер” бааранд ороод хоёр хоёр пиво захиалж авч уусан. Тэгээд найз Баттогтох “энд чимээтэй байна, гараад машинд чинь сууж байя” гээд гарсан. Би нилээн сууж байгаад гадаа тамхи татахаар гартал Баттогтохыг хэдэн хүмүүс зодож байсан. Тэгэхээр нь би “болиоч, юу болоод байгаа юм” гэхэд араас нэг нь толгой руу пивоны шилээр цохисон. Эргээд хартал нэг залуу нь намайг өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь би газарт хэвтээд өмсөж явсан савхин курткээрээ нүүрээ хамгаалж бүтээж хэвтсэн. Тэгэхэд дээрээс 2-3 удаа өшиглөж байгаад больсон. Би налуу шороо руу унаад гулгаад босоод ирсэн чинь Баттогтохыг 3-4 залуу хөөгөөд зам хөндлөн гарч байсан. Замын баруун талд гараад Баттогтох баригдсан тэгээд тэр хүмүүс Баттогтохыг унагаачихсан өшиглөөд зодож байсан. Тэгээд цагдаа ирсэн... Яг хэдэн хүн зодсоныг бол мэдэхгүй, би уруугаа хараад хэвтчихсэн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Баттогтохын: ...Би 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Отгонбаатарын хамт “Лазер” бааранд ороод 4 шил “Сэнгүр” пиво захиалж авч уусан. Тэгээд би Отгонбаатарт “энд чимээ ихтэй байна, гараад машинд чинь сууж байя” гээд гарсан. Гараад уг баарны баруун талд гараад хашаа руу шээгээд зогсож байсан чинь нэг эмэгтэй “наад руугаа битгий шээгээд бай, болиоч” гэсэн. Тэгэхээр нь би машин руу алхсан тэгтэл тэр эмэгтэй араас юм хэлээд байсан. Би “дуугүй бай, чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлчихээд эргээд харсан чинь тэр эмэгтэй араас татсан. Тэгэхээр нь би зүгээр явчихсан. Гэтэл баарнаас 2 үл таних залуу гарч ирээд “чи яагаад байгаа юм бэ” гэхээр нь би “яагаа ч үгүй ш дээ” гэсэн. Нэг залуу нь намайг бариад авахаар нь би цээж рүү нь түлхчихсэн юм. Гэтэл цаанаас нь 3-4 хүн гарч ирээд машины хажууд намайг унагаагаад зодсон, тэгэхэд Отгонбаатар баарнаас гарч ирээд нэг залуутай нь барилцаж аваад ноцолдож байсан. Отгонбаатарыг газар унагаасан. Тэгэхээр нь би зам хөндлөн гарч зугтаасан чинь миний араас 2-3 хүн хөөгөөд замын баруун талд баригдсан. Тэр хүмүүс намайг унагааж байгаад “яасан овоо юм бэ, алаад хаячихъя” гээд үсдэж байгаад өшиглөж зодсон. Тэгээд цагдаа ирсэн... Тэр эмэгтэйтэй маргалдсанаас болж зодсон байх... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Эрдэнэ-Очирын: ...2016 оны 09 дүгээр сарын 11-ний орой манай найз Үржинтогтох утсаар дуудсан. Намайг яваад очиход Үржинтогтох, Нармандах, түүний эхнэр Сувдаа, Содоо нартай бид хэд 5 буудлын “Лазер” бааранд орсон. Бид нар ороод пиво авч ууцгаасан. Жоохон бүжиглэсэн. Сувдаа, Содоо, Үржинтогтох нар тамхи татах гээд гарсан. Араас нь Нармандах гарсан. Хэсэг хугацааны дараа баарны хаалганы орчмоос гараараа даллаад дуудаад байсан. Тэгэхээр нь би гараад очсон чинь Үржинтогтохын толгойноос нь цус гарчихсан нүүр нь нил цус болчихсон, толгойгоо гараараа дараад сууж байсан. Нармандах нь бас нил цус болчихсон газар хэвтэж байсан. Хажууд нь хоёр хүн байсан. Арай биерхүү хар үстэй залуу нь гартаа пивоны шил барьчихсан, нөгөөдөх нь зүгээр зогсож байсан. Содоо салгаж байсан. Арай биерхүү залуу нь доошоо гудамж руу зугтаасан, нөгөө залуу нь зам хөндлөн гараад зугтаахаар нь би араас гүйж очиж замын нөгөө талаас барьж авсан. Тэгтэл цагдаа ирсэн. Нөгөө залууг нь хэн ч хөөгөөгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сувданчимэгийн: ...2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нөхөр Нармандах, түүний найз Үржинтогтох, манай найз Содоо бид нар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлалтай “Лазер” бааранд орж үйлчлүүлсэн. 00 цаг өнгөрч байхад манай найз охин Содоо бид хоёр салхилахаар баарнаас гарсан. Баарны гадна талд бид хоёрыг юм яриад байж байтал хажуу талд явган хүний зам дээр үл таних нэг согтуу эрэгтэй хүн шээгээд зогсож байсан. Би тэр хүнийг “чи яагаад явган хүний зам дээр шээгээд байгаа юм бэ” гэсэн чинь “би хаанаа шээнэ чамд ямар хамаатай юм бэ, дуугүй бай” гээд бид хоёр дээр ирээд хэрүүл хийгээд зогсож байтал араас Үржинтогтох гарч ирээд “яасан бэ, юу болоод байгаа юм” гээд хэлэхийн завдалгүй ууж байсан пивоныхоо шилээр баруун хөмсөгнийх нь дээр цохиод авсан. Бид хоёр “болиоч ээ” гээд салгах гээд байж байсан чинь араас манай нөхөр Нармандах гарч ирээд салгах гэсэн чинь урдаас нь пивоны шилээр нүүр рүү нь цохисон. Нүднийх нь доод хэсгээс цус гарсан. Тэгээд бид нар “та нар чинь хүн алчихлаа” гэсэн чинь нөгөө шээсэн залуу зам хөндлөн гараад зугтаасан бид нар араас нь хөөгөөд барьж авсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Ганболдын: ...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Алтдын гол” ХХК-ийн “Лазер” караокены бааранд зохион байгуулагчаар ажилладаг, энд ажиллаад 4 жил болж байна. Би 2016 оны 09 сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг руу хувийн ажлаар яваад 2016 оны 09 сарын 13-ны өглөө ирсэн. ...Манайх гаднаа 2 ширхэг хяналтын камертай, бичлэгээ 7 хоног хадгалдаг. Тэр үеийн бичлэг одоо байхгүй, 7 хоноод автоматаар устаад байдаг... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-106-107/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №12833 тоот:

  1. Үржинтогтохын биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч М.Отгонбаатар гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №12834 тоот:

  1. Нармандахын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Отгонбаатар гэсэн дүгнэлт /хх-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №12784 тоот:

  1. Отгонбаатарын биед тархи доргилт, зулай, зүүн чамархай, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын шарх, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №12782 тоот:

  1. Баттогтохын биед тархи доргилт, зулай, зүүн чамархай, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын шарх, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-34/,

 

Шүүгдэгч Н.Баттогтохын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/,

Шүүгдэгч Г.Отгонбаатарын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-83/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-84/,

Шүүгдэгч П.Нармандахын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/,

Шүүгдэгч Ч.Үржинтогтохын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-94/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.      

Шүүгдэгч Г.Отгонбаатар, Н.Баттогтох нарыг согтуугаар, бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лазер” караоке баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч П.Нармандах, Ч.Үржинтогтох нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

            Шүүгдэгч П.Нармандах, Ч.Үржинтогтох нарыг согтуугаар, бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лазер” караоке баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Отгонбаатар, Н.Баттогтох нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Отгонбаатар, Н.Баттогтох, П.Нармандах, Ч.Үржинтогтох нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-75,82,87,95,/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Отгонбаатар, Н.Баттогтох, П.Нармандах, Ч.Үржинтогтох нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байдлуудыг харгалзан албадан ажил хийлгэх ял оногдуулав.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гомбын Отгонбаатар, Намнансүрэнгийн Баттогтох, Паламын Нармандах, Чулуунбаатарын Үржинтогтох нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар Гомбын Отгонбаатар, Намнансүрэнгийн Баттогтох, Паламын Нармандах, Чулуунбаатарын Үржинтогтох нарыг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Г.Отгонбаатар, Н.Баттогтох, П.Нармандах, Ч.Үржинтогтох нар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Отгонбаатар, Н.Баттогтох, П.Нармандах, Ч.Үржинтогтох нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Отгонбаатар, Н.Баттогтох, П.Нармандах, Ч.Үржинтогтох нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Отгонбаатар, Н.Баттогтох, П.Нармандах, Ч.Үржинтогтох нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ү.ТҮМЭНЖАРГАЛ