Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2017/0039

 

 

 

 

Монгол улсын нэрнйн өмнөөс

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, шүүгч Д.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Б нар нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

 

“С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдаанаас гарсан бүх тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргалсайхан, иргэдийн төлөөлөгч А.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Бнар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл,*******, өмгөөлөгч У.Болдхүү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С аймагт явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 16, Ардчилсан нам 16 төлөөлөгч тус тус сонгогдон маргаантай байсан Дарьганга сумын 3 дугаар тойрогт явагдсан дахин сонгуулийн дүнгээр П.Мөнхжаргал үнэмлэхүй ялалт байгуулж, төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу түр үнэмлэхээ авсан төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, энгэрийн тэмдгийг гардуулж ёсчлох үүрэгтэй. Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид дээрхи асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж намын бүлгүүдийн хооронд маргаан үүссэн. Хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жилд 1-2 удаа хуралддаг, олонхын зарчмаар асуудлаа шийдвэрлэдэг улс төрийн институт. Иймд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулах талаар зөвшилцөх уулзалт хийх, хүсэлт хүргүүлсэн. Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол хуралд оролцох боломжгүй гэдэг хүндэтгэн үзэх шалтгаанаа Ардчилсан намын зүгээс Хуралд мэдэгдсэн. Ингээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 01/29 дүгээр албан бичгээр тус асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй гэсэн албан бичгийн хариуг өгсөн. Монгол ардын намын бүлэг 16 төлөөлөгчтэйгөөр ээлжит гуравдугаар хуралдааныг ирц бүрдээгүй байхад зохион байгуулж аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны төсвийн төсөл, 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Сонгуулийн үр дүнгээр 17 төлөөлөгч сонгогдож олонх болсон манай намын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтуудыг тусгах бүх нөхцөл боломжийг хааж, улмаар хурлын ирц бүрдээгүй байхад хуралдуулж, хүч түрсэн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн нь манай намд саналаа өгсөн ард түмэн, сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхэд халдаж, эрх ашгийг нь хохироосон хууль бус үйлдэл юм. Энэхүү 2017 оны 02 сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар “аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.” 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “ энэ хуулийн 24.1, 24.2-т заасан “саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг илэрхий зөрчсөн. Хуралдааны тов мэдэгдсэн албан бичиг, 3-р хуралдааны мөрийн хөтөлбөр 2-оос өөр ямар нэг баримт бичиг манай намд, төлөөлөгч бид нарт өгөөгүй. Энэ төсөв, тогтоолуудыг батлахдаа Ардчилсан намын төлөөлөгчдөөс ямар ч санал аваагүй, манай намын мөрийн хөтөлбөрөөс нэг ч зүйл, заалт оруулаагүй. Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихдээ тухайн суманд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажпыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулж шийдвэрлүүлэх гэж ард түмний итгэлийг авч сонгогдсон. Гэтэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, иргэдийн итгэсэн итгэлийг ажил болгон хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа нь бидний эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийн Хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж гомдолд дурдагдаж буй бодлогын баримт бичгийг хэлэлцээгүй нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн “төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх,” 17 дугаар зүйлийн “тэгш хүртээмжтэй байдлыг хангасан эсэх, 19 дүгээр зүйлийн 19.2.1 хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд” гэж заасан зарчим, шаардлагуудыг тус тус зөрчсөн. Иймд С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хүчингүй болгож, тус Хурлаар шийдвэрлэсэн С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах” тухай 01 дүгээр, “аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаар, “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаар, “аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 04 дүгээр, “аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх, тус Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргалсайхан нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 19- ний өдөр Монгол улс даяар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болсон. Уг сонгуулиар МАН 17 суудал, АН 16 суудлын санал авсан. Апиваа асуудлыг хуралдаан дээрээ сууж өөрийн хувийн эрх ашиг болон нам, сонгосон ард иргэдийнхээ эрх, ашгийн төлөө дуугарч асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл өөрсдийнх нь төлөө саналаа өгсөн сонгогчдынхоо төлөө хуралд яагаад суухгүй байгааг би ойлгохгүй байна, ард түмнээ гэж бодсон бол хуралдаандаа суух л ёстой байсан. Хуралд суухгүй гэсэн бичгийг 1 цаг 20 минутын өмнө өгч байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан 2017 оны 02 сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхлэхэд хуралдаанд Ардчилсан намаас 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-т “ хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх” ..-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Харин төлөөлөгч Д.Шижирбаатар, Б.Ганцогт нар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт 32 төлөөлөгчөөс 2 нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас оролцох боломжгүй. 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй. 16 төлөөлөгч ирж 50 хувийн ирцтэй олонх бүрдсэн тул хуралдааныг хуралдуулсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтад нийцсэн. Харин Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдаанд оролцоогүй нь төрийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн бие даан шийдвэрлэх, шударга ёсыг хангаж, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, итгэлийг нь авч сонгогдсон иргэдийг төлөөлөх, төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах иргэдийн эрхийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн нь хууль бус үйлдэл болсон. Аймгийн төсөв, Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж батлах нь аймаг орон нутгийн болон иргэд олон нийтийн эрх ашигт нийцсэн, цаг хугацааны хувьд хойшлуулах ямар ч боломжгүй, зайлшгүй хэлэлцэж баталвал зохих ач холбогдол бүхий асуудал байсан учраас хурлыг хуралдуулж зохих шийдвэрийг гаргасан. Төсөв хэлэлцсэн, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж тавьчихсан. Аймагт хийгдэх ажпууд дээр тендер зарлагдаад ажлууд нь эхлээд явж байгаа. Энэ бухнийг хэн хариуцах вэ? Хурлын дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй. Хурал хууль ёсны бөгөөд гаргасан шийдвэрүүд нь аймгийн ард иргэдийн эрх ашигт нийцсэн, аль нэг байгууллага, иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулаагүй, тэр дундаа Ардчилсан намын болон Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашгийг хөндөөгүй, хохирол учруулаагүй тул хуралдааныг хууль бусад тооцох, шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй. Гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад холбогдох баримт, мөрийн хөтөлбөр, төсвийн төслийг хуралдаан болохоос 1-ээс дээш хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд Хурлын ажлын албаны ажилтнууд хариуцсан чиглэлээр тарааж өгсөн, төлөөлөгчдөд материал өгөөд гарын үсэг зуруулаагүй байсан, тарааж өгсөн тухай мэргэжилтнүүдийн илтгэх хуудас хавтас хэрэгт авагдсан байгаа. 3 дугаар хуралдааны материалд шүүхээс үзлэг хийхэд хавсаргасан баримтууд байгаагүй, дараа нь мэргэжилтнүүдэд байхаар нь С аймгийн шүүхийн шүүгчид хэлэхэд Төв аймгийн шүүхэд өг гэсэн. Би хөдөө ажлаар явж байгаад ирээд л наашаа ирсэн, нотариатаар батлуулаагүй болохоор материал баримт авч ирээгүй. Хэлэлцэх асуудалд холбогдох материалыг тарааж өгөхгүйгээр хийдэг Хурал гэж байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч А.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хуралдаанаар хэлэлцэх баримтуудыг нэхэмжлэгч нарт өгөөгүй юм байна. Үүнийг үндэслээд шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нараас С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдаанаас гарсан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах” тухай 01 дүгээр, “аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаар, “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаар, “аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 04 дүгээр, “аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг аймгийн Ардчилсан намд, нэхэмжлэгч нарт өгөөгүй, тус хуралдааны ирц бүрдээгүй байхад хуралдсан, Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж, иргэдийн итгэлийг авч сонгогдсон бидний тухайн суманд хийх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажпыг мөрийн хөтөлбөр, төсөвт оруулж шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн” хэмээн тайлбарласан байна.

Шүүх нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 10 дугаар тогтоолоор ээлжит 3 дугаар хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулахаар товлон, хэлэлцэх асуудлыг баталсан. Хурлын төлөөлөгч нарт болон С аймаг дахь Монгол ардын нам, Ардчилсан намд ээлжит хуралдааны товыг тус мэдэгдэж, хуралдааны хөтөлбөрийг хүргүүлсэн нь С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01/46 тоот албан бичиг, ээлжит 3 дугаар хуралдааны хөтөлбөр зэргээр тогтоогдож байна. Харин тухайн ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг нэхэмжлэгч нарт болон С аймаг дахь Ардчилсан намд хүргэж өгөөгүй болох нь Захиргааны хэргийн шүүхээс С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хадгалагдаж буй 2017 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдааны материалд хийсэн үзлэгийн “ээлжит 3-р хуралдаанаар хэлэлцсэн асуудлын төсөл, судалгаа, тайлан, төлөвлөгөөний төсөлтэй холбоотой материалууд байхгүй” гэсэн тэмдэглэл, явуулсан баримт бичгийн бүртгэлийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 53, 54, 55 дугаарт аймгийн Монгол ардын нам, аймгийн Ардчилсан нам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт, хуралдааны материал хүргүүлэв, хуудасны тоо-1” гэж тэмдэглэсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах үүрэг бүхий С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, түүний ажпын албыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “энэ хуулийн 24.1, 24.2-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй болно.

Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 19- ний өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай" 01 дүгээр тогтоолоор 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Дарьганга суманд 2016 оны 10 дугаар сарын 19-нд явуулсан дахин сонгуулиар олонхийн санал авсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг ээлжит 3 дугаар хуралдаан хуралдах үед хүлээн зөвшөөрөөгүй байсан тул тухайн хуралдаанд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн нийт 32 төлөөлөгч оролцох эрхтэй байсан байна.

С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанд тус Хурлын нийт 32 төлөөлөгчөөс Ардчилсан Намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгч хүрэлцэн ирснээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон “Хурлын хороо байгуулах тухай”, аймгийн Засаг даргын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах”, 2016 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны үндсэн чиглэл”, 2015 /2016/ оны төсвийн гүйцэтгэл”, “2017 оны төсвийн төсөл” зэрэг 5 асуудлыг хэлэлцэн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудаар тус тус баталжээ.

Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгч ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэрэгтэй хуульд заасан хугацаанд танилцаагүйгээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, 12.1.4-д...хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах, 12.1.9-д сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг ...эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжпах... гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлтэй. Үүнээс үзвэл эдгээр 16 төлөөлөгчийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасныг зөрчөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжит 3 дугаар хуралдаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайн хуралдаанд ирвэл зохих 32 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч хүрэлцэн ирсэн, 16 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байх тул тус хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Ийнхүү С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3-д тус тус заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, “...үйл ажиллагаанд ил тод нээлтэй байх” зарчмыг зөрчсөн байх тул тус хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд тус хуралдаанаас батлан гаргасан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах” тухай 01 дугаартай, “аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаартай, “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаартай, “аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 04 дугаартай, “аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 05 дугаартай тогтоолууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасантай нийцэхгүй байна. Иймд эдгээр тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаан болон тус хуралдаанаас батлан гаргасан С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 16- ны өдрийн “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах” тухай 01 дүгээр, “аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаар, “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаар, “аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 04 дүгээр, “аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Бнарт олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ч.ОДСҮРЭН

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ХАЖИДМАА

                                  ШҮҮГЧ                        Д.ЗОРИГТБААТАР