Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2021/01839

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/01839

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Б овогт М-ыэ О /РД: ........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Ж овогт Б-ын Б /РД: ......./-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.О миний бие 2015 онд Б.Бтай танилцаж тухайн оноосоо хамтран амьдарсан. Бид 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 1107000348 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин Б.М 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Б.Б бид 2 хувийн асуудлаас үүдэн 2018 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Шүүхэд хандахаасаа өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Б.Бтай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжиндаа авч эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Мийг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие М.Оийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Мд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.О нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Б.Бад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.О, хариуцагч Б.Б нар 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр охин Б.М төрсөн байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин Б.Мийг эх М.Оийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай харшлахгүй.

 

Зохигчийн дундаас төрсөн хүүхэд эхийнхээ асрамжинд байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр охин Б.Мд хариуцагч Б.Бааас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт М-ын О /РД: ......./, Ж овогт Б-ын Б /РД: ......../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Б.М /РД: ....../-ийг эх М.Оийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас охин Б.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР