Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/шш2021/01813

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/01813

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... дүүрэг, ....... дугаар хороо, Бадрал ... дүгээр гудамж, ........... тоот хаягт оршин суух, ..........овогт ............-ын ............./РД: ...................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ......... дүүрэг, .......... дугаар хороо, ................гудамж, ............ дугаар байр, .........тоот хаягт оршин суух, ............ овогт ...........-ын ............... /РД: ............/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагч ................, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч................ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ..................... нь 2015 оноос оюутан болж өөрийн эх ...............гийн хамт ............... дүүргийн ........... дугаар хороо, ............... гудамж, ................. дугаар байр ............. тоотод амьдарч байсан бөгөөд эх .............. нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4-т Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаа үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ гэж заасны дагуу тухайн орон сууц нь эд хөрөнгийн хамт ..................т шилжих ёстой. Гэвч 2019 оны 11 дүгээр сараас хариуцагч болох ............ уг орон сууцыг бусад эд хөрөнгийн хамтаар хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд одоог хүртэл тус байранд амьдарч байна. Нэхэмжлэгчийн зүгээс өмч хөрөнгөө авах талаар шаардахад тухайн орон сууцыг буцаан өгөхгүй гэж татгалзсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлийн эзэмшилтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах эсвэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигч нь хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэх гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан байдаг. Хариуцагч нь бид нарын ээжийн хашаа байшинг зарж захиалгын гэрээ хийж орон сууцыг авч өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 520/07 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тухайн компани болон ..................... нарын хооронд хийгдсэн хэлцэлд 25,077,820 төгрөгийг бэлнээр тушаасан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Ээжийг нас барсны дараа эгч ................. Америкаас ирээд нөхөр нь өөр хүнтэй гэр бүл болсон шалтгаанаар эгчийг байранд оруулсан. Гэтэл 2007 оны 05 дугаар сарын 11-нд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын 1129 дугаартай тодорхойлолтод Баасанхүү түүний охины хамт, ам бүл 2 гэжээ. Мөн 2007 оны 09 дүгээр сарын 17-нд ................... болон .............. нарын өмчлөлд тухайн орон сууц бүртгэгдсэн. Өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа олгоно гэж Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг нотариатаас олгосон. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т Энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тодорхой заасан байдаг. Иймд .......... дүүргийн .............. дугаар хороо, Чингүнжавын гудамж, ......... дугаар байрны ....... тоот орон сууцыг ...............гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч ..........гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би энэ байр .............т ямар ч хамаарал байхгүй, түүнд өгөхгүй гэсэн зүйл надад байхгүй. Муу ч сайн ч эгчийн минь хүүхэд, хэтэрхий бас хүнийг үгүйсгээд та нар буруу ташаа ойлголттой яваад байх шиг байна. Манай хүргэн ах ...... .......... чи л авах гээд дайраад байна. Энэ 100 хувь миний хүүгийн хөрөнгө гэж хэлээд байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Эгчийн минь оролцоо байгаа. Тухайн үед би Америк улсад ажиллаж амьдарч байсан нь үнэн. Ямар ч байсан эгчийнхээ захиасыг тодорхой хэмжээнд биелүүлье гэхэд цаг хугацаа орох гээд байна. Өнөө маргаашдаа шийд гаргах боломжгүй байна. Эгч ....... Америкаас хүрч ирэхээр нь хоорондоо ярилцахад цаг хугацаа орох гээд байна гэдгийг удаа дараа шүүх хурал дээр ч хэлж байсан. Миний эгч ........тай хэдэн жил амьдарч, эд хөрөнгө булаалдах үр хүүхэдтэй үлдсэндээ баярлаарай гэж ............. хэлье. Өнөөдөр өөрсдийн эрхийг мэддэг юм байна, тэгвэл үүрэг гэж байх ёстой биздээ. Миний эгч 4 сар тасралтгүй өвдсөн, бид нар өдөр, шөнөгүй эмнэлгээр үүрч гүйсэн. Яагаад энэ хугацаанд .......... ээжийгээ нэг удаа эргэж ирээгүй юм, яагаад 1 удаа аяга халуун цай хийгээд өгчихөөгүй юм бэ. Тэгвэл миний эгч баярлах л байсан. Эмчилгээний зардал хэдэн төгрөг гарсан гэж бодож байна. Ах, дүү бид нар л тал талаасаа боломж бололцоогоороо мөнгө нийлүүлж, өөрийнх нь олж ирсэн мөнгөн дээр нь нийлүүлж туслаад эмчлүүлээд гүйж байсан. Ганц үг хэлэхэд миний эгч өнөөдрийг хүртэл ...... гэдэг хүнд голдоо ортол гомдсон. Интермед эмнэлэгт хэвтэж байхад ......... өөрөө ирж уулзахдаа 20 минут буруу харж суугаад юм дуугаралгүй гараад явсан, намайг зөрөөд ороход эгч маань наад хүн чинь намайг шалгах гэж ирж байгаа юм. Өөр юмаар ирээгүй гэж хэлээд уйлж байсан. Би таньтай учир зүйгээ ололцъё гэж бодож ирсэн, намайг хүн бишээр харьцаж та загнасан. Таны санаа оноог сонсъё, ганц миний эгчийн захисан юм нь энэ орон сууцыг хүүд минь нэг юм болгоод үлдээчихээрэй. Түүнээс өөр хүний гараар оруулмааргүй байна. Миний хүү өөрийн гэсэн юмтай явж байвал миний хүүд хэрэгтэй гэж л эгч минь захиж, энэ бүгдийг бий болгосон. Түүнээс хүний тоглоом болгох гэж бий болгоогүй шүү. Хүүд маань л өгөөрэй гэж захисан. Тэр байдлыг ч гэсэн ........... ахад хэлж байсан. Эгч маань 2 жилдээ битгий хөдөлгөөрэй гэсэн учраас учир байдлаа тайлбарлаж байсан. Энэ байдлыг шүүгч та хүлээж аваад ямар нэгэн шийд гаргах байх гэж бодож байна.

 

............ ХХК-тай .......... гэрээ байгуулах үед ээж нь элэгний хүнд өвчтэй байсан учир айлд өвчтэй хүн байлгаад яахав гээд мал, хашаа, байшинг нь зараад 7 хүүхэд нь мөнгө нийлүүлж нийт 25 сая төгрөгийг бүрдүүлж ........гийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тэр үед нь дагуулж явсан хүн нь .......... юм. Энэ орон сууцыг 2007 оны 05 дугаар сард улсын бүртгэлийн газарт ........ өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулах хүсэлтийг дангаараа гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ үед нөхөр нь өөр гэр бүлтэй болсон, мөн .......... уушгины хавдартай болсон учир эх нь өөртэйгөө хамт түүний нэрийг бүртгүүлсэн, 2 хүний өмчөөр бүртгэгдсэнд маргахгүй. Уг байр нь 7 хүүхдэд ижил хуваагдах ёстой байтал нотариатч зөвхөн ........... өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Нотариатын үйлдэлд бусад хүүхдүүдийн өвлөх эрхээс татгалзсаныг лавлаагүй байсан. Энэ байранд өнөөдрийг хүртэл .......гийн хүүхдүүд амьдарч байсан. .........ын зүгээс одоо амьдарч байгаа хүмүүсийг байрнаас нь гаргах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ., Нотариатын тухай хуулийн 4.3-т Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. гэсэн заалтуудыг ............. нотариатч зөрчсөн нь Нотариатын танхимын лавлагаагаар тогтоогдож байна. ........., .......... нар нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т Зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаарх хэргийг өөр шүүгч шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана., мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3, 65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан байдаг. Иймд нөгөө талд хянагдаж байгаа хэргийн шийдвэрийг гарах хүртэл энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч ................д холбогдуулан хууль бус эзэмшлээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, тэдгээрийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч .............ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох талаар хуульчилжээ.

 

.......... дүүргийн ............. дугаар хороо, ........... гудамж, ........ дугаар байрны ........... тоот хаягт байрлах 53.6 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ............. регистрийн дугаартай ......... овогт ..........ын .........р болох нь эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч ............ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны дагуу өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэхээр хуульчилжээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, ........... ХХК болон .......... нарын хооронд байгуулсан Орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-гээр ......... дүүргийн ........ дугаар хороо, .............ын гудамж, ............ дугаар байрны .......... тоот хаягт байрлах 53.6 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон, 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр ......, ....... нар бүртгүүлж, улсын бүртгэлийн ............ дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ. Улмаар хамтран өмчлөгч .......... 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан тул 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ........ орон сууцыг нэг хүний өмчлөлд бүртгүүлсэн. Өмчлөгч .......... 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч ..........ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ....... дугаар өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн улсын бүртгэлийн газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ...... дүүргийн ........ дугаар хороо, ...........ын гудамж, ........ дугаар байрны .......... тоот хаягт байрлах 53.6 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ..........ыг бүртгэж, ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /Хавтаст хэргийн 85 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар үүсдэг ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийн зохицуулалт нь нэхэмжлэгч ........ нь улсын бүртгэлийн үнэн зөвийн талаар маргаагүй л бол гуравдагч этгээдийн хувьд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв үзнэ. Хэдийгээр хариуцагч ............ нь ... маргаан бүхий орон сууцны .........д ногдох хэсгийг түүний төрүүлсэн хүүхдүүд бүгд өвлөх эрхтэй байхад нотариатч ......... нь зөвхөн .......д өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгснөөр бусад өвлөгчийн эрхийг зөрчсөн. Одоо тус шүүхэд ..........ийн охин .........., .......... нар нэхэмжлэл гаргасан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байх боловч тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэгч ........., ............ нарын нэхэмжлэлтэй хариуцагч ............т холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн .......... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгосон ба Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ............ дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын өмгөөлөгч .............гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Иймд нэхэмжлэгч ........ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ....... дүүргийн ......... дугаар хороо, ..........ын гудамж, ......... дугаар байрны ........... тоот хаягт байрлах 53.6 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч ........гийн эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч .....ын өмчлөлийн ...........дүүргийн .......... дугаар хороо, .........ын гудамж, ........ дугаар байрны .......... тоот хаягт байрлах 53.6 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч .........гийн эзэмшлээс чөлөөлөсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ........... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ........гаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР