Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1893

 

 

 

 

 

 

 

 

 

С.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Мт холбогдох,

 

Гэрээний үүрэгт төлсөн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс, алдангид нийт 17 400 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Давааням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Жаргалантын аманд байрлах өөрийн газар дээр 21 600 000 төгрөгөөр тохиролцож Ж.Мөнхбаяраар хашаа бариулсан ба ажлын хөлсөнд 10 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 11 600 000 төгрөгөө өгч чадаагүй байтал 2017 оны 05 дугаар сарын 17-нд Д.М хашааг дур мэдэн буулгаж явсан тул өгсөн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг Д.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь С.Чтой харилцан тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 15 хоногийн хугацаанд Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам нэртэй газарт 400 метр урттай төмөр хашааг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хариуцагч С.Чт хүлээлгэн өгсөн. Ингэхдээ талууд гэрээний дагуу ажлын нийт үнийг 20 100 000 төгрөгөөр харилцан тохиролцсон ба хариуцагч С.Ч нь уг төлбөрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг Хаан банк дахь Д.Мөнхбарын 5029640817 дугаарын дансаар, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр автомашины үнийг 5 500 000 төгрөгөөр тооцон тус тус төлсөн буюу нийт 8 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Мт төлсөн. Ингээд Д.М, С.Ч нар ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулах үүднээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус гэрээг бичгээр үйлдэн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн ба ингэхдээ гэрээнд уг ажлын тухайн өдрийн үлдэгдэл төлбөр 11 600 000 төгрөгийг гэрээний 3.1 дэх хэсэгт зааж баталгаажуулсан. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний 10.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан ба уг хугацааг дуусмагц гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч С.Чоос үлдэгдэл төлбөр болох                   11 600 000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг төлбөрөөс огт төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч С.Чоос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 11 600 000 төгрөг, гэрээний 10.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу алдангид 5 800 000 төгрөг буюу бүгд 17 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Маас      10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Чт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 900 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Чт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч С.Ч болон хариуцагч Д.М нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан "Ажил гүйцэтгэх" гэрээний 8.3 дахь хэсэгт "Талуудын хооронд маргаан гарвал талууд үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт хандан маргаанаа шийдвэрлүүлнэ" гэж заасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дахь хэсэгт "Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн" гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дахь хэсэгт "...65.1.1...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай...шүүгч захирамж гаргана" гэж заасныг зөрчин хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг бүх талаас нь бүрэн шинжлэх, хууль тогтоомжийг зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Д.Мт холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, нийт 17 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж”,уг гэрээгээр гүйцэтгэгч нь 400 метрийн урттай төмөр хашааг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 21 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон, гэрээнд ажлын хөлсийг 11 600 000 төгрөг гэж тусгасан байх боловч хэн аль ажлын нийт хөлсийг 21 600 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг авсан болох нь 5 500 000 төгрөгт тооцож Тоёота Веросса маркийн автомашиныг Д.Мын өмчлөлд шилжүүлж өгсөн автомашины худалдах, худалдан авах гэрээ, үлдэгдэл 4 500 000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан талаар талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 5-7, 15, 26/

 

            Нэхэмжлэгч С.Ч нь гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 11 600 000 төгрөгийг төлөөгүйгээс хариуцагч Д.М нь хийж гүйцэтгэсэн ажил болох захиалагчийн газар дээр баригдсан, түүний эзэмшилд байсан төмөр хашааг буулган авч явсан үйлдлийг анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь зөв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж дүгнэн хариуцагч Д.Маас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Чт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдолдоо “талуудын хооронд маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заасан байхад шүүх харьяаллын бус хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн” гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 8.3-т “талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг арбитраар шийдвэрлүүлэхээр” тохиролцсон боловч энэ талаараа хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй байхаас гадна нэхэмжлэгчээс ажлын хөлс, алдангид нийт 17 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан байх тул хэргийн харьяалалтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх хүлээж аваагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

       Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Маас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.ДАВААДОРЖ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН