Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2024/00226

 

М.М, Б.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2024/00149 дүгээр шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 214/МА2024/00011 дүгээр магадлалтай,

М.М, Б.Э нарын нэхэмжлэлтэй,

Д.З-д холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М, Б.Э, М.Э нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Э өөрөө болон М.М-ийг төлөөлж хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч М.Г, түүний өмгөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М, Б.Э нар Д.З-д холбогдуулан З.М-ээс Д.З-д орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн 2022.10.24-ний өдрийн бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн Б аймаг, Б сум, 5 дугаар баг, Ж Х М-ын 3 дугаар гудамж, 30* дугаар байр, ** дугаар орц, ** тоотод байрлах 78.72 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М.М, Б.Э, М.Э, З.М нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М, Б.Э, М.Э нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2024/00149 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 126 дугааp зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан 3.М, Д.З нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай “үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б аймаг, Б сум, 5 дугаар баг, Ж Х М-ын 3 дугаар гудамж, 30* дугаар байр, *** дугаар орц, ** тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь З.М, Б.Э, М.М, М.Э нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.М, Б.Э, М.Э нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тус тус тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 437,750 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.Зоос 210,600 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 214/МА2024/00011 дүгээр магадлалаар: Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2024/00149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М.М, Б.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 437,750 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч М.М, Б.Э нарт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “…Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь 127 дугаар зүйлийн 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх, гэж тодорхой заасан бөгөөд маргаан бүхий орон сууцыг 3.Мөнхсүлд гэрлэхээс өмнө олж аваагүй бөгөөд гэрлэлтээ батлуулж 2 хүүхэд төрсний дараа буюу 2018.08.20-ны өдөр гэр бүлийн ахуй амьдралыг дээшлүүлэх, дэлгүүрийг гэрлэгчид ажиллуулж үр ашгаар нь гэр бүлийн 4 гишүүнийг амьдруулах зорилгоор бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг. Гэрлэлт цуцлуулах тухай өргөдлийг анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2022.09.30-ны өдөр Б.Э гаргасан бөгөөд 3.М эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасны дараа буюу 2022.10.24-ний өдөр төрсөн эцэгтээ бэлэглэж байгаа нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-д “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх байсныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Давж заалдах шатны шүүгч магадлалаа тайлбарлахдаа 3.М-ийн хуваарьт хөрөнгө тул анхан шатны шүүх бусдын хуваарьт хөрөнгөд халдаж байгаа нь үндэслэлгүй гэж амаар тайлбарласан. Гэтэл Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө”, 126.3-д “Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ цэн нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно”,126.4-д “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж зохицуулсан. 3.М-ийн нэр дээр эцэг эх ах эгч нараас нь бэлэглэж байгаа эд хөрөнгийг гэр бүлийн хамтын амьдрал, үр хүүхдүүдэд нь зориулж нөхрийн талаас өгч байгаа хөрөнгө бөгөөд энэ хөрөнгийг гэр бүлийн дундын өмчөөр тогтоож байгаа анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Түүнчлэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцооны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна”, 128.2-д “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, 128.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 129.3-д “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж тодорхой зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй нь хууль хэрэглээний зөрүүг бий болгож байна.

4.2. Монгол улсын дээд шүүхийн 2007.12.17-ны өдрийн зөвлөмжид “…Харин өмчлөгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцлийн улмаас гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гэр бүлийн гишүүн болон гэрлэгчээс учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй байна. Иймд шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.2, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалтыг хооронд нь харьцуулан үзэж тухайн тохиолдол бүрд зөв хэрэглэх учиртай болно” гэжээ. Монгол улсын дээд шүүхийн 2013.12.23-ны өдрийн Гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар тоймд “гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд ногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Эдгээр зөвлөмж, тайлбараас үзэхэд 3.Мөнхсүлд нь эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсний дараа гэр бүлийн дундын эд хөрөнгөө хуваалгахгүйн үүднээс эцэгтээ бэлэглэж байгаа үйлдлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Мөн дээд шүүхийн тоймын 1.4.18-т “хэн нэгнийх нь талаас гэрлэгчдийн хурим дээр орон сууцны түлхүүр гардуулан өгсөн үйл баримтын талаар дүгнэлт хийж уг хуваарьт эсхүл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тодорхойлохдоо шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3,127 дугаар зүйлийн 127.1.2 зохицуулалтыг анхаарч байх нь зөв юм” гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх дээд шүүхийн тайлбар тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.10-ны өдрийн 001/ШХТ2024/01101 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.Э өөрөө болон М.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар гаргасан гомдлыг хянаж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Нэхэмжлэгч М.М анх Д.З-д холбогдуулан Б аймаг, Б сум, 5 дугаар баг, Ж Х М-ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78.72 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ, “...Ээж Б.Э, аав З.М нарын гэрлэлтийг шүүх цуцлах үед аав өөрийн өмчлөлд бүртгэлтэй, бидний олон жил амьдарсан орон сууцыг өвөө Д.З-д шилжүүлснийг мэдсэн боловч намайг 18 насанд хүрэхээр өмчлүүлэхээр тохиролцсон учир ээж эд хөрөнгийн маргаантай холбоотой нэхэмжлэлээс татгалзсан, үүнийг шүүх баталгаажуулсан. Гэвч орон сууцыг шилжүүлж өгөхөөс татгалзсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ. /хх-1-2-р тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.М нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “...2022 онд ээж, аав гэрлэлт цуцлуулах маргаан шүүхэд байх үед З.М орон сууцыг өөрийн эцэг Д.З-д бэлэглэж гэрээ байгуулснаас биднийг орох оронгүй болгож эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэл зааж, З.М-ээс Д.З-д орон сууцыг бэлэглэсэн 2022.10.24-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн байна. /хх-70-р тал/

М.М-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний ээж Б.Э итгэмжлэлийн үндсэн дээр оролцсоноос гадна тэрээр 2024.03.14-ний өдрийн шүүх хуралдаанд хамтран нэхэмжлэгчээр оролцох, хамтран хариуцагчаар З.Мийг татах, улмаар түүнийг Монгол Улсад байгаа эсэхийг тогтоолгохоор Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар өөрчилсөн байна.

Үүнд: З.М-ээс Д.З-д орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх /орон сууц, түүний өргөтгөлийн хамт улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх/ эд хөрөнгийг бэлэглэсэн 2022.10.24-ний өдрийн бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Б.Э, М.М, М.Э нар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүсчээ. /хх-179-180-р тал/

Шүүх хүсэлтээс Б.Эг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилснийг хүлээн авсан, харин хариуцагчаар З.Мийг оролцуулах болон түүний  хилээр орсон, гарсан тухай  лавлагаа авах хүсэлтийг хангахаас татгалзаж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.З нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа Б.Э, М.М, М.Э нарын мэдэлд байгаагүй. Б.Эг бэр болохоос өмнө Д.З-ын гэр бүлийн гишүүдийн дундын өмч байсан. Бусад гишүүд татгалзаж, Д.Мөнхсүлдийн нэр дээр орон сууцыг шилжүүлсэн нь банкнаас зээл авахад зориулагдсан, 3.Мөнхсүлдийн гэр бүлд бэлэглэсэн зүйл байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахдаа Б.Э эд хөрөнгийн талаарх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэжээ.

Дээр дурдсанаас үзвэл, Б.Э, М.М нарын Д.З-д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус  болохыг тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгө нь З.М-ийн гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсныг тогтоолгох агуулгатай нэхэмжлэл, түүний үндэслэлийн хүрээнд зохигч мэтгэлцсэн байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол  давж заалдах шатны шүүх маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь З.М-ийн хуваарьт хөрөнгө болох нь тогтоогдсон гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхүүд өөр өөр шийдвэр гаргаж хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасны улмаас зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх  боломжгүй гэж дүгнэв.

9. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд маргааны зүйл болсон орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх 2000 оноос  Д.З, С.Ц, З.М  нарын өмчлөлд, 2007 онд өмчлөгчөөр З.И, З.У, З.А нар нэмэгдэж нийт 6 өмчлөгчтэй болсон, 2019 онд хамтран өмчлөгч нар хасагдаж улсын бүртгэлд З.М дангаар өмчлөгчөөр бүртгэгдсэн.

З.М, Б.Э нар 2004.05.23-ны өдөр  гэрлэлтээ бүртгүүлсэн,  тэдний гэр бүл 2 хүүхдийн хамт 2008 оноос маргааны зүйл болсон орон сууцанд Д.З-ын гэр бүлийн хамт амьдарч, 2011 оноос үйлчилгээний зориулалттай хэсэгт ажиллуулж байсан дэлгүүрийг үргэлжлүүлэн ажиллуулсан, З.М, Б.Э нарын гэрлэлтийг  2023.02.15-ны өдөр цуцалсан шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон, уг  маргааны явцад Б.Э орон сууц, үйлчилгээний зориулалттай хэсгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан, энэ хооронд орон сууцыг З.М нь эцэг Д.З-д шилжүүлсэн байсан боловч “хүү М.М-ийг сургуулиа төгсөхөөр эцэг Д.З-оос авч өгнө” гэсэн хариуцагч Д.М-ийн бичгээр гаргасан тайлбар, энэ талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.Э эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлээс татгалзсан, үүнийг шүүх шийдвэртээ заасан, дээрх үйл баримт тогтоогджээ.

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж засахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Э хамтран нэхэмжлэгчээр оролцож, нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг Д.З-д холбогдуулан гаргаж тухайн гэрээг байгуулсан З.Мийг  хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь буруу байна.

Тодруулбал, шүүх дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргахдаа, “...нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлно, М.Мийн нэхэмжлэлтэй Д.З-д холбогдох иргэний хэрэгт З.Мийг хамтран хариуцагчаар татаж оролцуулаагүй байна. ...шүүхээс хэргийн оролцогч биш этгээдийн ...хилээр орсон, гарсан лавлагаа авах шаардлагагүй...” гэсэн үндэслэл заасан нь хуульд нийцээгүй.

М.М, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй  холбоотой хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Д.М болох талаар нэхэмжлэгч нар хүсэлт гаргасан атал шүүх тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй, түүний байр суурийг сонсохгүйгээр бэлэглэлийн гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийж, улмаар түүний үр дагаврыг шийдвэрлэх нь учир дутагдалтай юм.

Нөгөө талаар, З.М нь Монгол Улсад байхгүй, Солонгос улсад ажиллаж байгаа гэх боловч энэ нь түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх үндэслэл болохгүй, шүүх шаардлагатай зохих ажиллагааг хийх байжээ.

Б.Эгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Д.Мөнхсүлд нь шүүхэд бичгээр тайлбараа ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэхэд өөрийн дүү З.Итгэлбаярт итгэмжлэл олгон оролцуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсоноос үзвэл тэрээр хамтран хариуцагч эцэг Д.Зоор дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байна.

Түүнчлэн шүүх хоёр улсын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, эсхүл иргэний хэргийн талаарх олон улсын конвенцид заасны дагуу хоёр орны төв байгууллагаар дамжуулан тухайн улсад байгаа хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах, тайлбар авхуулах зэрэг ажиллагааг  хийж болно.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

11. Үүнээс гадна нэхэмжлэгч нар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоос гадна ямар үр дагавар, үр дүнг хүссэн болохыг шүүх тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчихгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шүүх нэг мөр шийдвэрлэх буюу  процесс хэмнэлттэй байх, тодорхой байх зарчимд  нийцнэ.

12. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2024/00149 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 214/МА2024/00011 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Э 2024.07.16-ны өдөр төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ                       

ШҮҮГЧИД                                                            Н.БАТЗОРИГ

                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                    Д.ЦОЛМОН