Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 155

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ш.Насанжаргал,

шүүгдэгч Б.Энхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг /ҮД:2432/,

хохирогч Б.Гүррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 80а байрны 109 тоотод оршин суудаг, “B SOUND” ХХК-нд ажилладаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: ГЙ85102013/ Хонгодор овогт Бямбасүрэнгийн Энхбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725020018 дугаар 185/2017/0138/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Энхбаяр 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө согтуугаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөн нуур” зочид буудлын зүүн талд, гудамжинд иргэн Б.Гүррагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь “дээд доод эрүүний ясны зөрөөтэй, зүүн нүдний ухархайн дээд доод дотор хана, 2 талын гайморын хөндийн урд хана, хажуу хана, хамар ясны цөмөрсөн далд хугарлууд, баруун зүүн нүдний зовхи, хацар эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаярын: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гүррагчаагийн: Энэ хэрэгт нэмж өгөх баримт байхгүй. Цаашид шүд хийлгэх зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Энхбаярт оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

           

хавтаст хэргээс: Мөрдөн байцаалтад хохирогч Б.Гүррагчаагийн: ... баарнаас гарч байхад Энхбаяр хүнтэй маргалдах гээд байхаар нь Мягмар бид хоёр Энхбаярт “хүнтэй маргалдахгүй шүү, одоо боль боль” гэж хэлсэн. Тэгээд би харья гэхэд Энхбаяр над руу агсраад… …заамдаж аваад зодох гэж дайрахаар нь би Энхбаярын гарыг тавиулах гээд гаран дээрээс нь бариад дугтарсан чинь …толгой руу цохиход нь би газар унасан. ...Тэгээд цаанаас Мягмар ирж салгасан намайг зөвхөн Энхбаяр л намайг зодсон. Батжаргал ирээд салгасан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Батжаргалын: ... Тэгээд явахаар болоод гараад байж байсан чинь юунаас болсон юм. Энхбаяр , Мягмар нар муудалцаад барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгасан. Салгасан чинь Гүррагчаа Энхбаяр луу “чи яагаад байгаа юм” гээд дайрсан чинь Энхбаяр Гүррагчааг цохиод унагасан. …Энхбаяр Гүррагчааг дээш нь харуулсан цохиж байхаар нь би гүйж очоод Энхбаярыг цааш нь түлхчихээд Гүррагчааг татаад босгосон чинь хамарнаас нь цус гоожсон байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Мягмарын: ...баарнаас гарахад л Энхбаяр зүгээр явж байгаа хүмүүстэй маргалдах гээд байхаар нь би “Энхбаяр аа битгий маргалд аа” гээд хэлсэн чинь Энхбаяр миний үгэнд дургүйцээд маргалдах гээд байхад Энхбаяртай хамт ирсэн залуу намайг салгаж аваад гэрлэн дохионы тийшээ алхаж очоод тамхи татаад үлдсэн. Цаана Энхбаяр, Гүррагчаа, Батжаргал нар үлдсэн. Тэгээд тамхи татаад зогсож байхад цаана пид гэх чимээ гарахаар нь харсан чинь Гүррагчаа газар унасан байхаар нь би яваад очиход Батжаргал цаанаас утсаар ярьж байгаад эргээд зэрэг ирээд Гүррагчааг босгосон. Тэгээд л Батжаргалд уурлаад “найзаараа хүн зодууллаа, аятайхан байлгахгүй яасан юм бэ” гэсэн чинь Батжаргал “би яаж мэдэх юм бэ” гэхээр нь би түргэн дуудъя гэж бодоод утсаа гаргаж ирсэн чинь миний утас асаагүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Баянсангийн: ...Энхбаяр Гүррагчааг яг тэр буланд гараараа нэг удаа цохиод унагахаар нь би очиж салгаад ...Энхбаярыг Батжаргал ахтай явуулчихаад нөгөө залууг нь аваад үлдсэн. Тэгсэн чинь Гүррагчаа Энхбаярын араас гүйж очиж цохиулж унаад дахиад 2-3 удаа нүүр лүү нь цохиж харагдахаар нь би “Батжаргал ах аа наад хоёроо салгаач” гэж хэлсэн. … Гүрээ босож ирэхэд хамар амнаас нь цус гоожсон ярьж чадахгүй байна гээд байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Туяагийн: ...Би сар өдрөө санахгүй байна. Шөнө гэртээ унтаж байхад манай хүү Гүррагчаа гаднаас энгэр заам, гутал, хувцас бүх юм нь цус болсон байдалтай орж ирсэн. Тэгээд босоод юу болов гэж асуухад манай хүү “хүнд зодуулсан” гэж хэлж чадахгүй байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,

 

Мөрдөн байцаалтад Б.Энхбаярын яллагдагчаар: ...Гүррагчаа над руу янз янзын юм яриад дайраад байхаар нь би Гүррагчаагийн нүүр хавьд нь гараараа нэг удаа цохиход бас хойшоогоо унасан. …Гүррагчаа намайг заамдаад мушгиад унагахаар нь би өөрийг нь зөрүүлж боогоод хойш нь түлхэхэд …хойшоогоо унахаар нь би “дээрээс нь гараараа 5-6 удаа цохиход хамраас нь цус гарахаар нь би хаячихаад явсан”... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №541 тоот:

  1. Б.Гүррагчаагийн биед дээд, доод эрүүний ясны зөрөөтэй, зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор хана, 2 талын гайморын хөндийн урд хана, хажуу хана, хамар ясны цөмөрсөн далд хугарлууд, баруун, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ /хх-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №535 тоот:

  1. Б.Гүррагчаагийн биед дээд, доод эрүүний ясны зөрөөтэй, зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор хана, 2 талын гайморын хөндийн урд хана, хажуу хана, хамар ясны цөмөрсөн далд хугарлууд, баруун, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, дээд эрүүний зүүн 1-р шүд, баруун 2,3-р шүд, доод эрүүний зүүн 1, 2, 7, 8-р шүд, баруун 1, 2-р шүдний булгарал бүхий гэмтлүүд учирчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх 9 шүдний булгарал гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.4-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 25%-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ /хх-93-94/,

 

Б.Гүррагчаагийн өвчний түүхийн хуулбар /хх-43-51, 53-56/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-38/, ажил байдлын тодорхойлолт /хх-63/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Б.Энхбаяр 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хохирогч Б.Гүррагчаатай архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан Б.Гүррагчааг зодож биед нь …дээд, доод эрүүний ясны зөрөөтэй, зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор хана, 2 талын гайморын хөндийн урд хана, хажуу хана, хамар ясны цөмөрсөн далд хугарлууд, баруун, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, дээд эрүүний зүүн 1-р шүд, баруун 2,3-р шүд, доод эрүүний зүүн 1, 2, 7, 8-р шүд, баруун 1, 2-р шүдний булгарал бүхий гэмтлүүд учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 535 тоот дүгнэлт /хх-93-94/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад гэрч Г.Батжаргал, гэрч О.Мягмар, гэрч Г.Баянсан нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдон нотлогдов.

Иймд шүүгдэгч Б.Энхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Энхбаяр ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдож байна.

            Хохирогч Б.Гүррагчаа шүүгдэгч Б.Энхбаярын гэм буруутай үйлдлийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардлаа хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Энхбаяраас нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч Б.Энхбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа боловч хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл эдгэрч илааршаагүй, гэм хорын хохирол бүрэн арилаагүйг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Бямбасүрэнгийн Энхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Бямбасүрэнгийн Энхбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Энхбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хохирогч Б.Гүррагчаа энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Энхбаяраас нэхэмжлэн авах эрхтэйг дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Энхбаяр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Энхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ