Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Бийн Бт холбогдох эрүүгийн 2417000000072 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ........... ХХК-нд техникийн тоо бүртгэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Г... аймгийн ........ сумын ......... дүгээр баг, ......... тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Бийн Б /РД:................./,

                                                                                   Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бизнес хөгжлийн төвийн гадна талд, тус сумын цагдаагийн хэсгийн байранд, мөн машин дотор дэд ахлагч Г.З, Б.Б нарын хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, улмаар Г.З, Б.Б нарын нүүрэн тус газар гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эсэргүүцэн, Г.З, Б.Б нарын биед халдаж, хууль сахиулагч нарыг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бт холбогдох Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000072 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч Г.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө багцаагаар 00 цагийн үед Шивээговь сумын цагдаагийн хэсэгт Шивээговь сумын 2 дугаар баг, Бизнес хөгжлийн төвд хүмүүс зодолдож муудалцаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу би, замын цагдаагийн зохицуулагч дэд ахлагч Б.Б, ахлах ахлагч Т.Х-ийн хамт уг дуудлага мэдээлэл өгсөн газар очсон. ...Гэтэл Б цагдаагийн муу лалрууд ирчихсэн юм уу гэсэн. Тухайн үед би Бт цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлох нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл болохыг хэлсэн бөгөөд зөрчлийн шинжтэй үйлдлээ зогсоох талаар Цагдаагийн албаны хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар шаардлага тавьтал миний шаардлагыг биелүүлээгүй ба намайг үргэлжлүүлэн хэл амаар доромжилсоор байсан... Мөн албаны 01-02 ГСО улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлд Бийг суулгах гэтэл миний баруун шанаа, хүзүү хэсэг рүү хавсарч нэг удаа гараараа алгадсан. ...Тэгээд Бийг цагдаагийн хэсэг дээр авч ирээд согтолтын зэргийг шалгахаар дэд ахлагч Б дрейгэр багаж руу Бийг үлээлгэх гэтэл Б согтолтоо шалгуулахаас зайлсхийж дрейгэр багаж руу үлээхгүй байсан бөгөөд Б дэд ахлагч Бгийн баруун шанаа хэсэгт гараа хагас атгаж байгаад 1 удаа цохисон... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14 дүгээр хуудас/,

3. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед дэд ахлагч Г.З, ахлах ахлагч Т.Х бид нар ажлаа хийж байтал гэнэт Б гэдэг эмэгтэй гарч ирээд “муу сайн шээснүүд юу хийж байгаа юм” гэж хэлсэн. Ер нь Б бид нарыг маш их хэл амаар доромжилж салаавч гаргах зэрэг үйлдэл гаргаж байсан. ...мөн Б нь Г.Згийн баруун талын шанаа орчимд нэг удаа гараараа алгадсан. ...Тэгээд Бийг цагдаагийн хэсэг дээр авч ирээд согтолтын зэргийг шалгах зорилгоор би дрейгэр багаж руу Бийг үлээлгэх гэтэл Б согтолтоо шалгуулахаас зайлсхийж дрейгэр багаж руу үлээхгүй байсан бөгөөд Б миний баруун шанаа хэсэгт гараараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

4. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаартай дүгнэлтэнд:

- Г.Згийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 55 дугаар хуудас/,

5. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 166 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 59 дугаар хуудас/,

6. Шивээговь сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаярын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо /хх-ийн 64-67 дугаар хуудас/

7. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/38 дугаартай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, албаны үнэмлэхний хуулбар /хх-ийн 69-81 дугаар хуудас/

8. Албаны энгэрийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40, 41-47, 51-52 дугаар хуудас/

9. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Шивээ-Овоо ХХК-ний хүний нөөцийн албаны тодорхойлолт, Т.С, Т.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 101-104 дугаар хуудас/

10. Шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бизнес хөгжлийн төвийн гадна талд, тус сумын цагдаагийн хэсгийн байранд, мөн машин дотор дэд ахлагч Г.З, Б.Б нарын хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, улмаар Г.З, Б.Б нарын нүүрэн тус газар гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эсэргүүцэн, Г.З, Б.Б нарын биед халдаж, хууль сахиулагч нарыг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн хууль сахиулагч гэдэгт цагдаа, дотоодын цэрэг, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Г.З, Б.Б нарын мэдүүлэг, гэрч Л.Б, Э.Т, Т.Х, С.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Бийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.З, Б.Б нар нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүгдэгч Б.Бт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Иймд Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Бийн Бийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.АРИУНЖАРГАЛ