| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/02287/И |
| Дугаар | 102/шш2021/01929 |
| Огноо | 2021-08-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 102/шш2021/01929
| 2021 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2021/01929 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б-ын Н /РД: ..../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Хандгайтын ... тоот хаягт оршин суух, Б овогт Д-ийн Ө /РД: ..../-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Өтай 2015 онд танилцаж 2017 оноос хамтран амьдарсан. Бидний хүү Ө.Бат нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тайвань улсад төрсөн. Д.Ө нь компьютер тоглоомонд чөлөөт бүх цагаа зарцуулдаг байсан тул хүүг төрсөн цагаас эхлэн бидэнд анхаарал тавьж хүүгээ өсгөх үүрэг хариуцлагаас зугтааж ирсэн. Мөн хамтран амьдарсан хугацаандаа санхүүгийн маргаантай байдаг байсны улмаас бид Монголд ирсэн цагаас буюу 2020 оны 7 дугаар сараас эхлэн тусдаа өрөөнд амьдарч, 2021 оны 6 дугаар сараас эхлэн тусдаа байранд амьдарсан. Хүү Ө.Бат нь одоогоор өөрийн эмээгээрээ асруулж байгаа хэдий ч цаашид хүүхэд асрагчаар асруулах болон бусад зардлыг би ганцаар төлөхөд хүндрэл учирч байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2015 онд танилцаж, 2017 оноос Тайвань улсад хамт амьдарч эхэлсэн. Хүүхэд төрснөөс хойш анхаарал тавьж чадаагүй нь үнэн. Би эхлээд салахгүй гэж хоорондоо ярилцах гэсэн боловч Б.Н өөр хүнтэй болсон. Иймээс хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Өт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.Ө нар 2015 онд танилцаж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү Ө.Батыг төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2021 оны 6 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа ба хариуцагч Д.Ө нь хүү Ө.Батыг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.
Хариуцагч Д.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Өаас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Н нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул хүү Ө.Батыг эх Б.Нгийн асрамжинд үлдээж, эцэг Д.Өаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ө.Бат /РД: ..../-ыг эх Б.Н /РД: УШ97100121/-гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ө.Батыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Д.Өаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР