Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2021/01930

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01930

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 94 дүгээр байр, 48 тоот хаягт оршин суух, З овогт Ч-ийн А /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9А байр, 44 тоот хаягт оршин суух, Т овогт Ц-ийн Б /РД: ..../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А миний бие эхнэр Ц.Бтай 2009 онд танилцаж, улмаар бид 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас том охин А.Э 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, бага охин А.А 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Бид анх 2009 онд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа танилцсан бөгөөд 2014 онд бид Монголдоо буцаж ирсэн. Бидний хооронд үүссэн харьцаа, зан байдлын таарамжгүй харилцааны улмаас бид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос эхлэн бид тус тусдаа амьдарч эхэлсэн. Түүнээс хойш бид дахин эвлэрч хамтран амьдрах гэж оролдож байгаагүй бөгөөд тус тусдаа амьдраад 6 жил болж байна. Тиймээс цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ц.Бгаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн хоёр охиноо ээжид нь үлдээгээд хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр тусдаа амьдраад 6 жил болж байна. Хоёр охиноо би өөрийн асрамжинд авч, Ч.Аөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ц.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Ц.Б нар 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр охин А.Э, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр охин А.А нар төрсөн байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин А.Э, А.А нарыг эх Ц.Бгийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай харшлахгүй.

 

Зохигчийн дундаас төрсөн хүүхдүүд эхийнхээ асрамжинд байх тул хүүхдээ асрамжилж байгаа хариуцагч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр А.Э, А.А нарт нэхэмжлэгч Ч.Аөөс тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Гонин овогт З овогт Ч-ийн А /РД: ..../, Т овогт Ц-ийн Б /РД: ..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Э /РД: ..../, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.А /РД: ..../-нарыг эх Ц.Бгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Аөөс охин А.Э, А.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР