Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******ын *******эд холбогдох эрүүгийн 2436003290146 дугаартай, 178/2024/0157индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, ээж дүү нарын хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  10 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* ургийн овогт *******ын *******,

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь ******* аймгийн ******* сумын Шар харгана гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б.*******ы 7 тооны буюу олон тооны үхрийг нууцаар өөрийн үхэртэйгээ нийлүүлэн хууль бусаар авч хохирогчид 4,400,000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

     1.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)

            - Хохирогч Б.*******ы  өгсөн "... 2022 оны 08 сарын 05-ны өдөр ******* сумын Шар харгана гэх газарт манай 14 тооны баруун чих нь дөрөөвч зүүн чих нь араасаа ухам имтэй хазгай эвэртэй хоо үхэр 4 настай, мухар улаан халзан эр үхэр 4 настай, шовгор эвэртэй хоо халзан эр үхэр 4 настай, шовгор эвэртэй хүрэн хязаалан эр үхэр, мухар хар алаг дөнжин эм үхэр, шовгор эвэртэй улаан гунжин эм үхэр, далий эвэртэй хоо гунжин эм үхэр вэртэй хар алаг гунжин эм үхэр, нуруу нь хар тарлан бяруу эр, улаан хазгай эвэртэй эр бяруу, шовгор эвэртэй хос бяруу, хүрэн гуна, хар халзан гуна, эвэртэй улаан халзан гуна гэсэн 14 тооны үхэр алдаад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын"Сургана" гэх газрын ойролцоо *******ын ******* гэх залуугийн үхэр дотор миний алдсан үхрийн нэг болох мухар улаан халзан үхэр нь байсан. Энэ талаар өөрөөс нь тодруулж асуухад миний алдсан үхрийг авсан нь үнэн гэсэн. Тэгэхээр нь намайг хохиролгүй болгож өг гэхэд за гээд мухар улаан халзан, хоо үхэр хоёрыг амьдаар нь буцааж өгсөн, үлдсэн 12 тооны үхрээс өөр 8 үхрээр оронд нь тооцож өгсөн. Үлдсэн үхрийг адуугаар тооцож төлье гэхээр нь би өөрийн найз Даваанаагаас 1 азарга авсан тэрний оронд 1 азарга өгөөд үүгээр нь 2 үхэр гэж тооцсон. Тэгээд үлдсэн 2 үхрийг нь тус бүр сая төгрөгөөр үнэлж 2 сая төгрөг бэлэн авсан...", Одоо надад өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг Т.******* нь барагдуулсан, Т.*******ийг миний зүгээс шалгуулах шаардлагагүй гэж үзэж байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19-р хуудас)

-Гэрч Ч.*******ийн өгсөн “...Би Б.*******д 2022 оны 05 сарын сүүлээр өөрийн адуунаас хөх халтар зүсмийн сартай азарга 2,5 сая төгрөгөөр тооцоод намар нь 2 адуу авахаар тохиролцсон...”, “...2022 оны 10 билүү 11 сарын үеэр Т.******* ******* сум дээр байж байх үед ирээд би хулгайн асуудалд орооцолдчихлоо Б.*******аас чи 2 адуу авах авлагатай юм байна, чи манай хүрэн азаргыг шохоорхоод байсан *******аас авах 2 адууныхаа авлагын оронд миний хүрэн азаргыг авчих гэхээр би за тэгье гэхэд Т.******* би танайд өөрөө хүрэн азаргаа хүргэж өгнө гээд явсан. Дараа нь Б.******* над руу залгаад *******ийн хулгайн хэргийн талаар яриад Би *******ээс авах ёстой 2 тооны үхрийг миний чамд өгөх ёстой хөх халтар адууны өртөг 2 адууг ******* чамд өгөхөөр тохирсон чамд энэ талаар хэлсэн үү гэж асуусан. Би *******тэй тохирсон байсан болохоор 2 адууныхаа оронд Т.*******ээс адуу авахаар болсон хоёулаа тохирлоо гэж ярьсан..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 33-35 хуудас)

-Гэрч З.ы өгсөн “...тухайн үед манайх ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Зараа гэх газарт байх үед миний танил эгч над руу залгаад манай нутгийн залуу болох ******* үхэр туугаад гол руу орж байгаа чи надад Нэмхээгээс нэг үхэр /үхрийн зүс зааж хэлээгүй, өөрт нь өгөх ёстой гэж байсан гэх/ дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Хасгийн амны ойролцоо байх Гэж гэх газарт очоод *******ээс 1 тооны хүрэн зүсмийн гунан үхэр аваад түүнийг нь ******* сумын урд лагерд байх хашаанд нь тууж аваачиж өгсөн. Тухайн үхрийг ямар имтэй байсан талаар сайн санахгүй байна, анзаарч хараагүй. Тухайн үед ******* барагцаагаар 40 гаруй үхэр тууж явсан байх яг тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. ******* өөрийн тууж явсан үхрээс харж байгаад энэ овоо тарган юм байна гээд тэр үхрийг барьж өгсөн...” гэх мэдүүлэг, ( хавтаст хэргийн 37-р хуудас)

                 -Гэрч Ц.ийн өгсөн “...Манайх ******* аймгийн ******* сумын Лодой гэх газар хөдөө мал дээрээ байж байхад Б.******* гэх миний танил залуу ирээд эгчээ манайх намар 14 тооны үхрээ алдаад хайж байх хугацаанд *******ээс асуухад мэдэхгүй гээд байсан чинь танай үхэр дотор миний мухар улаан халзан үхэр байна. Тэгэхээр нь би *******ээс чи манай үхрийг авсан байна, олж өг гэсэн чинь би төлж өгнөө гэж хэлсэн гээд манайд ирсэн. Яг хэд хоносон гэдгээ санахгүй байна би өөрийн эзэмшлийн үхрээс өөрийн 95-43 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ Б.*******ы манай үхэрт байсан 1 тооны үхэр болон өөрийн үхрээс 7 тооны үхэр /зүсийг нь одоо сайн хэлж мэдэхгүй байна/ нийт 8 тооны үхрийг аваачиж өгсөн. Өөрийн аваачиж өгсөн үхрийн талаар хэлбэл 1 сувай эм үхэр бяруутайгаа, 2 тооны гунжин үхэр, 2 тооны шүдлэн насны халтар, хүрэн бяруу гэсэн 7 тооны үхрийг өөрийнх нь мухар халзан үхэртэй хамт аваачиж өгсөн..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 39-41-р хуудас хуудас)

                 -Гэрч Т.гийн өгсөн “...Манай нөхөр над руу залгаад Т.******* авсан мөнгөнийхөө оронд үхэр аваачиж өгье гэж байна гэж хэлсэн. 2022 оны 09 сарын 30-ны үеэр Т.******* надтай холбогдоод манайх гол руу нүүж байна, би үхрээ туугаад явж байна зам тосоод нөгөө үхрээ аваарай гэж хэлэхээр нь би тухайн үед ажил ихтэй завгүй байсан болохоор зүс таних нутгийн дүү Хүдэрээ /нэрийг нь бүтнээр нь мэдэхгүй гэх/ "Бариад байж байгаач би ажлаа тараад очоод авъя гэтэл сумын төвийн хажууханд байдаг "Гэж" гэх нэртэй газраас Т.*******ээс Хүдэрээ очиж авсан. Тэгээд сумын төвд оруулж ирээд манай өөрийн аавын хашаанд буулгаад тухайн үед аавын хашаанд байсан залуучууд гаргасан байсан. Ямар ямар залуучууд байсныг нь мэдэхгүй байна.."."...Улаан хүрэн зүстэй үхэр байсан сүүлд нь аавын хашаан дотор хог дээр байхад нь л ширийг нь харсан. Толгойг нь анзаарч хараагүй, ямар им тамгатай байсныг нь хараагүй. Өдрөөр авч ирсэн, дээрээс нь Т.******* нь бас өөрөө их үхэртэй айлын залуу болохоор нь би сэжиглээгүй...3ун 500,000 төгрөг авлаа гэж манай нөхөр надад хэлж байсан...." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 49-р хуудас)

                 -Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн ХВЦ-24-129 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 55-58-р хуудас),

-Хохирогч Б.*******гийн 5 дахь удаа дахин өгсөн ...шинжээчийн дүгнэлтэд 8 гэж дугаарласан хар халзан гунан 3 настай эр үхэр буцаж гүйж ирсэн үхэр байгаа юм. Гэтэл алдагдсан 7 үхэртэй хамт үнэлгээ гаргагдсан байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-р хуудас)

-Шүүгдэгч Т.*******ийн өгсөн”...2022 оны 09 дүгээр сарын эхээр манайх ******* сумын ******* багийн нутаг “Лодойн тохой” гэх газраас өвөлжөө рүүгээ нүүсэн.Өвөлжөө рүүгээ нүүхдээ “Хасгийн ам” гэх газарт байсан 7 тооны үхрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлж туугаад “Лодойн тохой” гэх газарт очсон. Тухайн тууж явсан 7 тооны үхрээс 1 тооны хүрэн зүсмийн үхрийг гэх хүнд өгсөн.Үлдсэн 6 тооны үхрээс нэг хоо ягаан эр үхэр ижилдээ гүйгээд очсон байсан.Үлдсэн 5 үхрийг өөрийнхөө үхэр дотор байлгаж байтал 4 үхэр нь алдагдчихсан, нэг мухар шар үхэр нь манай үхэрт байсныг үхрийн эзэн Б.******* ирж харсан.Б.*******ы алга болсон гэх 14 тооны үхрээс 7 тооны үхэр нь ижилдээ гүйгээд оччихсон гэсэн. Би өөрийн тууж явсан 7 тооны үхрийг өөрийн 7 үхрээр төлж барагдуулсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас)

-Гэрч Т.ын өгсөн...одоогоос 2,3 жилийн өмнө Т.******* надаас 500,000 төгрөг зээлчих, би оронд нь үхэр өгье гээд авсан.Намайг Өмнөговь явсны ард Т.******* манай эхнэрт зээлж авсан мөнгөний оронд гээд нэг үхэр авчирч өгсөн байсан.Надад хулгайнх гэж хэлээгүй. Т.******* өөрөө их олон үхэртэй болохоор би өөрийнх нь үхэр гэж ойлгосон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116-р хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан  байна.

 1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч Т.******* нь ******* аймгийн ******* сумын “Хасгийн ам” гэх газарт байсан Б.*******ы өмчлөлийн 7 тооны үхрийг өөрийн үхэртэйгээ нийлүүлэн авч олон тооны үхэр хулгайлсан  гэмт хэргийн үйл баримтууд  тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Т.******* нь мөнгө олох болон өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын олон тооны бод малыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

Эрүүгийн хуульд “олон тооны мал” гэдэгт наймаг бог, хоёр бод түүнээс дээш малыг заасан. Шүүгдэгч Т.*******ийн  7 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “ олон тооны мал хулгайлж”  гэх хүндрүүлэх нөхцөлийн шинжийг хангасан байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Т.*******ийн үйлдэл нь  бусдын бэлчээрт байгаа мал сүргээс долоон тооны бод малыг /үхрийг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүй буюу хууль бусаар авсан үйлдэл нь шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байна гэж үзлээ

 

2.3. Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн онцлог байдал, тэр дундаа бод малыг өдөр тутамдаа дагаж малладаггүй, малчдын малдаа анхаарах үүрэг хариуцлага сул зэрэг нөхцөл байдал нь мал хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат “ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.******* нь 08 сарын 05-наас хойш алдсан үхрээ хайж байсан нь тогтоогддог. Шүүгдэгч Т.******* мал хулгайлсан гэх нотлох баримт тогтоогддоггүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ” гэж маргасан боловч хохирогч, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...алдуул малын бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завшсан бол” гэж завших гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

Алдуул мал завших гэмт хэргийн тухайд гэмт этгээд  бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж захиран зарцуулсан байдаг.

Шүүгдэгч Т.*******ийн хувьд хохирогч Б.*******ы 7 тооны үхрийг өөрийн үхэрт нийлүүлж тууж авч явсан нөхцөл байдал тогтоогдож байгаа нь мал хулгайлах гэмт хэргийн сэдэлтэй болохыг тодорхойлж байна.

2.4. Иймд шүүгдэгч Т.*******ийг бусдын олон тооны мал хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2.5. Хохирогч Б.******* “миний 7 үхрийг Т.******* үхрээр нь төлсөн.Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 108 дугаар хуудас) гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Т.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Т.*******ийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 119-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 120-127-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 130-р хуудас),оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 131-р хуудас),гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 132-р хуудас),******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 133-р хуудас),******* аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 134 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь гэрлэлтээ цуцлуулсан ганцаараа  амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан, хохирогч Б.*******д учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгч Т.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах гэх санал, тайлбар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат: “Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж  өгнө үү” гэх санал, тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр барагдуулсан байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргасан болон хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс: Шүүгдэгч Т.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 2236003290146 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******эд оногдуулсан 02(хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2236003290146 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС