| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 182/2018/01025/И |
| Дугаар | 001/ХТ2024/00177 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/00177
А , “Н ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/03403 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00749 дүгээр магадлалтай
А , “Н ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Г ” ХХК, “П ” ХХК-д холбогдох
“П ” ХХК, “Г ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож,
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “П ” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Г ” ХХК-ид даалгах,
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Н " ХХК-д шилжүүлэхийг “П ” ХХК-д даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А , “Н ” ХХК нь хариуцагч “Г ” ХХК, “П ” ХХК-д холбогдуулан “П ” ХХК, “Г ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “П ” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Г ” ХХК-ид даалгах, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Н " ХХК-д шилжүүлэхийг “П ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/03403 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “П ” ХХК, “Г ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ... дугаартай тусгай зөвшөөрлийг “П ” ХХК-д шилжүүлэхийг “Г ” ХХК-ид даалгаж,
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ... дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч "Н " ХХК-д шилжүүлэхийг хариуцагч "П " ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 280,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 182/ШЗ2018/004290 тоот захирамж, 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/15825 тоо захирамжаар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ... дугаартай тусгай зөвшөөрлийн талаар авсан шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00749 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/03403 шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “П ” ХХК, “Г ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “П ” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Г ” ХХК-д даалгах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Н " ХХК-д шилжүүлэхийг “П ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч “Н ” ХХК, А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 210/МА2024/00749 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3 дах хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. 49.6 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай. Магадлалын Хянавал хэсгийн 5.2-д “Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно.”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж зохицуулжээ. Дээрх 2 үндэслэлээр ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох ба ийнхүү шилжүүлэх эсэхийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт заасан. Талуудын ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тохиролцоо хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй буюу тусгай зөвшөөрлийг хуулиар зөвшөөрөөгүй аргаар, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Энэ тохиолдолд талуудын тохиролцоо нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул ... тоот ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг нэхэмжлэгч “Н ” ХХК шаардах эрхгүй юм” гэжээ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм. Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцааг бид эрх зүйн маргаантай харилцаа гэж үздэг. Эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлохын тулд нэхэмжлэлийн болон хариу тайлбарын үндэслэлийг нарийн судалж, талуудын хэн алины байр суурийг тогтоох, үндэслэл тус бүрийг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээг олох, нэхэмжлэл, тайлбарын үндэслэл, эрх зүйн хэм хэмжээний агуулга (гипотез, диспозици, санкци)-д тохирч буй эсэхийг шалгах, хэргийн нөхцөл байдал тодорхой болсон эсэхийг шалгах, хэргийн нөхцөл байдал эрх зүйн ямар хэм хэмжээний агуулгад тохирч буй шалгах ажиллагааг хэлдэг. Талуудын хооронд болсон эрх зүйн маргаантай харилцаа болон шүүхийн нотолгоо нь эрх зүйн харилцаа үүсэх (хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцох, гэрээ байгуулах), өөрчлөгдөх (талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах), дуусгавар болгох (гэрээг дуусгавар болгох) бодит үйл баримтын талаарх мэдээлэл, мэдлэгийг олгох зорилгоор шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэж буй логик-эрх зүйн ажиллагаа юм. Нэхэмжлэгч болон хариуцагч талын эрх зүйн маргаантай харилцаа нь “Н ” ХХК болон “П ” ХХК нарын хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ” бөгөөд энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ юм. Иймд “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ”-ний үндэслэл, хэргийн нөхцөл байдал нь эрх зүйн хэм хэмжээний агуулгад тохирч буй эсэхийг шүүх буруу тодорхойлжээ.
“Н ” ХХК болон “П ” ХХК нарын хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ” нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан шаардлагын хүрээнд байгуулагдсан. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд хараат болон охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохыг хуулиар зөвшөөрсөн байх тул “Н ” ХХК нь “П ” ХХК-ийн 50 хувийг хувьцааг ашигт малтмалын газраас 2015.09.14-ний өдөр зарласан, ... кодтой Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах ... га бүхий Улаан цохио нэртэй талбайд Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохын өмнө шилжүүлэн авсан.
Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцогч “П ” ХХК нь “Н ” ХХК-ийн хараат компани, харин “Н ” ХХК нь “П ” ХХК-ийн толгой компани юм. Тиймээс харилцан хамаарал бүхий буюу толгой компани болох “Н ” ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлэх талаар талуудын хооронд байгуулсан “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн шаардах эрх нь эрх зүйн хэм хэмжээний агуулгад нийцэж буй эсэхийг буруу тодорхойлсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт заасныг үндэслээд “Н ” ХХК болон “П ” ХХК нарын хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь мөн тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тус Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт заасан ажиллагаа нь мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасны дагуу өргөдлийг хүлээн авсны дараа хийгдэх ажиллагаа байхыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулагдахад төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд гагцхүү байгуулагдсан гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасан өргөдлийг, хавсаргах материалын хамт хүлээлгэн өгөх, түүнийг төрийн захиргааны байгууллагаас мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргахаар үйл ажиллагааны дараалал тогтоох байдлаар хуульчилсан байхад “Н ” ХХК болон “П ” ХХК нарын хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ” нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж тодорхойлсон нь давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж, эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас мөн нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж буруу дүгнэсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.1-д “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-Д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ” гэж тайлбарласан. Гэтэл “Н ” ХХК болон “П” ХХК нарын хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ” нь Ашигт малтмалын тухай хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдохгүй бөгөөд харин ч хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн “Н ” ХХК нь “П ” ХХК-ийн 50 хувийг эзэмших замаар түүний толгой компани болж, хараат компаниасаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах шаардлагыг хангасанд дүгнэлт хийгээгүй. Мөн тус Улсын Дээд Шүүхийн тогтоолын 5.2-т “Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй” гэж тайлбарласан. Тиймээс “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ” нь агуулгын хувьд байж болох хэлцэлд хамаарна. Иймээс дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.6 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Хоёр. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүүтэй хэрэглэсэн талаар: Магадлалын Хянавал хэсгийн 7-д “Нэхэмжлэгч А нь “Н ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлийн асуудлаар шаардлага гаргах эрхгүй тул түүний нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно” гэжээ. Харин анхан шатны шүүхийн 182/ШШ2023/03403 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1-д “Н ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2015.09.17-ны өдрийн 01 тоот тогтоолоор А 35 хувь, А 30 хувь, Ш 35 хувийн хувьцааны хөрөнгийн хэмжээтэй үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар А ийг томилж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2015.09.29-ний өдөр гэрчилгээ олгосон байна. Иймд нэхэмжлэгч А нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед “Н ” ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн үйл баримтаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдал өөрчлөгдөөгүй гэж үзэхээр ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцсоноор нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч А ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн хувьд хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж тус заасан байхад магадлалд нэхэмжлэгч А ийг хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний зүйлийг шаардах эрхгүй гээсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж, 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч А нь хариуцагч “П ” ХХК, “Г ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.12.09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тухайн хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээ, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд заасан хэм хэмжээтэй бүрэн нийцэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Н ” ХХК болон “П ” ХХК нарын хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулж шийдвэрлэсэн хэдий ч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах талаар дүгнээгүй магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд. Нотлох баримтыг үнэлэх талаарх шүүхийн ажиллагааны тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүхийн ажиллагааны талаарх Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Зөвлөмж нь нарийвчилсан зохицуулалт, тайлбарыг өөртөө агуулсан. Уг зөвлөмжийн Нэгдүгээр зүйл "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх заалт буюу шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэх заалтын тухай тайлбарлахдаа "Шүүх хэргийн оролцогчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг... ингэхдээ... шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин тэрээр өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг... Энэ үүднээс авч үзвэл шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг... шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтад эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй..." гэжээ. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийгээ нотлох байдлаар шүүхэд гаргаж өгсөн баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн татгалзал, түүний хариу тайлбар, хариу тайлбараа дэмжиж гарган өгсөн нотлох баримтууд, мөн хариуцагч “Г ” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын алинд ч тусгагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн 2008.10.10-ны өдрийн Зөвлөмжийн Нэгдүгээр зүйлийн 1.2-т "...тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр..." нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судалж, үнэлэх.... тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй... Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул "бодитойгоор харьцуулан үзэх" гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог." гэсэн байна.
Дөрөв. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч "П " ХХК болон "Г " ХХК-ийн хооронд 2015.12.09-ний өдөр байгуулсан "Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, түүний үр дагавар болох "Г " ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй тусгай зөвшөөрлийг "П " ХХК-д буцаан шилжүүлэхийг "Г " ХХК-д даалгах, улмаар уг зөвшөөрлийг "Н " ХХК-д шилжүүлэхийг "П " ХХК-д даалгах шаардлага гаргасан. "Н " ХХК болон "П " ХХК-ийн хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан "Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ". Уг гэрээний зорилго нь "Н " ХХК болон "П " ХХК "ашигт малтмалын газраас 2015.09.14-ний даваа гаригийн 09:04 цагт зарласан, ... кодтой Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах ... га бүхий Улаан цохио нэртэй талбайд Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад хамтран оролцох" гэж тодорхойлж, тухайн сонгон шалгаруулалтад геологи, геофизикийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа эрхэлдэг "П " ХХК-ийн нэрээр оролцох, үүнтэй холбогдуулан холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, "Н " ХХК нь сонгон шалгаруулалтад оролцохтой холбогдон гарах бүх зардлыг хариуцахаар тохирсон нь хамтран ажиллах явдал байсан. Өөрөөр хэлбэл, "П " ХХК нь мэргэжлийн байгууллагын хувьд сонгон шалгаруулалтад оролцох, "Н ” ХХК нь бүх зардлыг хариуцаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд "Н ” ХХК нь хувьцааг буцаан шилжүүлэх, "П " ХХК нь тусгай зөвшөөрлийг "Н" ХХК-д шилжүүлж, цаашид ашигт малтмалын ажил дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Дээрх тохиролцоог давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн үндэслэлгүй. Учир нь хууль зөрчсөн хэлцэлд тухайн хэлцлийн агуулга нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байхыг ойлгоно. Талууд хамтран ажиллах гэрээний гол зорилго бол тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр хэлцэл байгуулаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн хэлцлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 зөрчсөн гэж үзсэн нь буруу. Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглосноос бусад үйл ажиллагааг эрхлэх эрхтэй. Түүнчлэн, уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй. Давж заалдах шатны шүүх энэ уг үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний байгуулах, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахад төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах хэлцэлд хамаарахгүй болно. Давж заалдах шатны шүүх гэрээг буруу ойлгож, бүхэлд нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх хэлцэл гэж үзсэн нь буруу юм. Хэлцлийн яг ямар зүйл заалт Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн талаар дүгнээгүй. Магадлалд заасан Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь заалт нь хуулиар хориглосон хэм хэмжээ мөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнээд бусдыг үндэслэлгүй хөрөнгөжих үр дагаврыг бий болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь "Н " ХХК болон "П" ХХК-ийн хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан "Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ"-ний үүргээ зөрчиж гуравдагч этгээд болох "Г " ХХК болон "П " ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгах шаардлага байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн буруу тайлбарласан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А ийг "Г " ХХК болон "П " ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний талаар шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд магадлалд энэхүү үндэслэлийг тодорхойлоогүй байна. Нэхэмжлэгч А нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээдийн хувьд "Г" ХХК болон "П" ХХК-ийн хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс "Н" ХХК болон "П" ХХК нарын хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан "Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэх авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулж шийдвэрлэсэн хэдий ч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах эсэхэд огт дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийдвэр гараагүй. Тиймээс өнөөдөр хууль бусаар буюу сонгон шалгаруулалтын үнийг төлөх замаар өөртөө ... тоот ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан “Г” ХХК-д тус тусгай зөвшөөрөл хэвээр хадгалагдах үр дагавар бий болоод байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгах талаар маргааны хувьд тодруулж, дүгнэлт хийгээгүй нь бусдыг буюу “Г” ХХК-г үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн үр дагаварт хүргэж байна. Хэрэв “Н” ХХК болон “П” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.6 дахь хэсгүүдийг зөрчсөн гэх үзэх тохиолдолд мөн “П” ХХК болон “Г” ХХК нарын хооронд байгуулсан тус тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх учиртай. Давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийдвэрлээгүй нь Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 210/МА2024/00749 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2023.11.28-ны өдрийн 182/МА2023/03403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.02-ны өдрийн 001/ШХТ2024/00888 дугаар тогтоолоор нэхэмжлэгч А , өмгөөлөгч Д , Б нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “Н” ХХК, А нар нь хариуцагч “Г” ХХК, “П” ХХК-д холбогдуулан “П ” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.12.09-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “П” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Г” ХХК-д даалгах, мөн зөвшөөрлийг “Н” ХХК-д шилжүүлэхийг “П” ХХК-д даалгах шаардлага гаргасан байна
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “...“П” ХХК-тай 2015.09.21-ний өдөр “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ” байгуулснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад хамтран амжилттай оролцож, “П ” ХХК тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд энэ гэрээнд зааснаар сонгон шалгаруулалтын үр дүн гарсны дараа 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгөх үүргээ манай талаас бүрэн биелүүлсэн боловч хариуцагч “П” ХХК уг тусгай зөвшөөрлийг “Н” ХХК-д шилжүүлэхгүйгээр “Г” ХХК-д шилжүүлснээр маргаан үүссэн” гэж тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг даалгах шаардлагаа тайлбарласан.
Харин “2015.12.09-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан хэлцэл гэж тодорхойлон “... “П ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан, ... гэрээ байгуулах итгэмжлэл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч А ийг оролцуулаагүй, зөвшөөрөлгүй хийсэн” гэжээ.
Хариуцагч “П ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.3, 56.1.8, 56.1.9-д зааснаар 2015.12.09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардсан үндэслэл болон нотлох баримтыг гаргаагүй, ... 2015 оноос хойш “Г” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хуульд заасан шаардлагыг хангаж байгаа, ...хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2015 оноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбарлаагүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан.
Хариуцагч “Г” ХХК нь хариуцагч “П” ХХК-тай ижил байр суурьтайгаар маргасан байх бөгөөд “...тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмаар шилжүүлэн авч, одоогийн байдлаар 2 тэрбум гаруй төгрөгийг татвар хураамжид төлсөн, ...нэхэмжлэгч талаас асуудал үүсгэснээр эдийн засаг, цаг хугацааны хувьд ажил алдагдуулж байна, ...тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг даалгах үндэслэл болж байгаа 2015.09.21-ний өдрийн гэрээ нь иргэн, компанийн хооронд хийгдсэн учраас “П” ХХК нь “Н” ХХК-д уг зөвшөөрлийг шилжүүлэх үүрэггүй буюу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй, ... гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...тусгай зөвшөөрлийн эрхийн хураамж 300,000,000 төгрөгийг “Н ” ХХК төлөх үүргээ биелүүлээгүй, харин манайх төлсөн нь баримтаар тогтоогдож байгаа” гэсэн агуулгаар татгалзлаа тайлбарлажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч буй хоёр гэрээнд тус тусад нь дүгнэлт хийсэн байх бөгөөд 2015.09.21-ний өдрийн Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээний тухайд “ ... ашигт малтмалын хайгуул хийх, зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад хамтран оролцохоор тохиролцсон, ... хариуцагч “П ” ХХК нь сонгон шалгаруулалтад өөрийн компанийн баримт материалыг бүрдүүлэн шалгарч, ... ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг 2015.11.04-2018.11.04 хүртэл ... тоот гэрчилгээ олгогдсон, ...гэрээний агуулга нь хамтран ажиллах гэрээний шинжийг хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл болох ... ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч нар хариуцагч “П ” ХХК-аас шаардах эрхтэй байна. “Н” ХХК нь “П” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээний үүргээ гүйцэтгэж, “П” ХХК нь өөрийн хувьцаагаа хуулийн этгээдийн бүртгэлд шилжүүлэн бүртгэсэн болох нь тогтоогдож байна” гэж үзсэн.
Харин “П” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.12.09-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ”-ний тухайд “...”П” ХХК нь “Н” ХХК-тай байгуулсан 2015.09.21-ний өдрийн гэрээний үр дүнд бий болсон ашигт малтмалыг хайх ... тоот тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлэхээр худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч “Н” ХХК, түүнийг төлөөлөх этгээд болох А ийн зөвшөөрөлгүйгээр гэрээг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул тусгай зөвшөөрлийг хариуцагч “Г” ХХК нь “П” ХХК-д буцаан шилжүүлэх үүрэгтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн А нь “Н” ХХК-ийн 35 хувийн эзэмшигчээр анхнаасаа бүртгэлтэй, хувьцаа эзэмшигчийн хувьд “П” ХХК, “Г” ХХК-д холбогдуулан талуудын байгуулсан 2015.09.21-ний өдрийн гэрээний үүрэгт холбогдуулан 2018.04.16-ны өдөр шаардлага гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзжээ.
8. Давж заалдах шатны шүүх хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
8.1. “П ” ХХК, “Г ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.12.09-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ”-ний тухайд “ ... “Н ” ХХК болон “П” ХХК-ийн хооронд 2015.09.21-ний өдөр байгуулагдсан гэрээний зорилго биелэгдэж, улмаар “П” ХХК 2015.12.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа 82.5 хувийн ирцтэй хийсэн ба 50 хувийн хувьцаа эзэмшигч “Н” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч А , 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш нар оролцсон, энэ хурлаар ... ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Г” ХХК-д шилжүүлэхээр 82.5 хувийн саналаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт нийцсэн, хурлын энэ шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн, энэ хурлаар тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлэх бүрэн эрхийг М-д 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрхийг олгосноор “Г” ХХК-тай байгуулсан “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ”-гээр илэрхийлэгдсэн “П” ХХК-ийн хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй” гэж үзсэн.
8.2. Давж заалдах шатны шүүхээс “...хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаарх “Н” ХХК, “П” ХХК-ийн тохиролцоо хуульд нийцсэн эсэхийг анхаараагүйгээс үүрэг хүлээсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, хариуцагч “П” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон” гэж анхан шатны шүүхийг буруутгаад, “...гэрээний талуудын тохиролцоо нь хуулийн хүрээнд байх шаардлагатай ба талуудын ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хэлцэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй буюу тусгай зөвшөөрлийг хуулиар зөвшөөрөөгүй аргаар, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул талуудын тохиролцоо нь анхнаасаа эрх зүйн дагавар үүсгэхгүй учраас ... тоот ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг нэхэмжлэгч “Н” ХХК-ийг шаардах эрхгүй” гэж дүгнэсэн байна.
8.3. Нэхэмжлэгч А ийн тухайд түүнийг “... “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлийн асуудлаар шаардлага гаргах эрхгүй” гэж дүгнээд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
9. Нэхэмжлэгч А , өмгөөлөгч Д , Б нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Н” ХХК болон “П” ХХК-ийн хооронд 2015.09.21-нд байгуулагдсан “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ”-гээр талууд хамтран ашигт малтмалын газраас 2015.09.14-нд зарласан ... ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад геологи, геофизикийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа эрхэлдэг “П” ХХК-ийн нэрээр оролцох, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, “Н” ХХК нь холбогдон гарах бүх зардлыг хариуцахаар, түүнчлэн “П” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч М ын хувьцааг “Н” ХХК-д шилжүүлэх, сонгон шалгаруулалт дууссаны дараа тухайн хувьцааг буцаан шилжүүлэх, харин тусгай зөвшөөрлийг “Н” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохирч, улмаар “Н” ХХК нь улсын бүртгэлд 2015.09.29-ний өдөр бүртгүүлснээр “П” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.
Дээрх гэрээний зорилго биелэгдэж, “П” ХХК-д 2015.11.04-ний өдөр ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон боловч хариуцагч “П ” ХХК нь уг тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ “Г” ХХК-тай 2015.12.09-ний өдөр байгуулсан “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ”-гээр шилжүүлэхээр тохирч, улмаар Ашигт малтмалын газрын 2016.07.26-ны өдрийн 524 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Г” ХХК-д шилжүүлэн бүртгэснээр талуудын хооронд маргаан үүсжээ.
11. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд маргааны гол зүйл нь Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /... / тоот тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч эзэмших эрхтэй эсэх тухай асуудал байна.
12. Сонгон шалгаруулалтаар “П” ХХК нь ... ... гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг авснаар “Н” ХХК нь “П” ХХК-ийн 50 хувийн хувьцааг М-д шилжүүлэх, харин “П” ХХК тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг “Н” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх нь 2015.09.21-ний өдөр байгуулагдсан “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ”-ний гол тохиролцоо байх бөгөөд хоёр шатны шүүх энэхүү гэрээний дагуу шаардах эрхийн талаар эрх зүйн ялгаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөрөөр шийдвэрлэсэн байна.
13. Анхан шатны шүүх “...гэрээний агуулга нь хамтран ажиллах гэрээний шинжийг хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул ... ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч тал хариуцагч “П” ХХК-аас шаардах эрхтэй” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх “...тусгай зөвшөөрлийг хуулиар зөвшөөрөөгүй аргаар, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхээр тохиролцсон нь хүчин төгөлдөр бус тул эрх зүйн дагавар үүсгэхгүй учраас тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг нэхэмжлэгч “Н” ХХК шаардах эрхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
14. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж зааснаар маргааны зүйл болж буй хайгуулын тусгай зөвшөөрөл нь эдийн бус хөрөнгө мөн боловч энэ нь иргэний гүйлгээнд чөлөөтэй ордоггүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын журмаар олж авдаг өвөрмөц төрлийн эрх юм.
15. Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг “хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж, харин хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж тус тус тодорхойлоод, нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно гэсэн байна.
Түүнчлэн, тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох нь төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарахаар Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заажээ.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “...энэ хуульд заасан нөхцөл, журмыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, талбайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх” эрхтэй гэсэн эрх зүйн тусгайлсан зохицуулалт байна.
16. Нэхэмжлэгч “Н” ХХК болон хариуцагч “П” ХХК нь хамтран хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцохоор гэрээ байгуулсан ба “П” ХХК авсан тусгай зөвшөөрлөө “Г” ХХК-д шилжүүлсний дараа нэхэмжлэгч талаас Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан байна. Тус газрын 2018.04.17-ны өдөр гаргасан “Н ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А ийн гомдлын дагуу хийсэн ажлын тайлан”-д “...“П” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А нь тухайн хуралд оролцоогүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд гарын үсэг зураагүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг кадастрын хэлтэс хүлээн авч, шилжүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ. /I хх-163-166/
Дээрх тайлангаас үзэхэд “П” ХХК-тай 2015.09.21-ний өдөр байгуулсан Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг өөрт нь өгөх үүргээ зөрчиж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн тухай гомдлын үндэслэлдээ заагаагүй, гагцхүү “хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “Г” ХХК-д шилжүүлснийг буруу гэж үзсэн агуулгатай байна. Үүнээс үзвэл сонгон шалгаруулалтад “П” ХХК орж шалгарсан боловч “Н” ХХК 2015.09.21-ний өдрийн гэрээгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг шаардах эрхгүй гэдгээ мэдэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Түүнчлэн, хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад хоёр хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр оролцож, нэг тал нь нөгөө талдаа тусгай зөвшөөрлөө шилжүүлэх нөхцөлтэйгөөр оролцож байгаа тухай шалгаруулалтын дүнг гаргах эрх бүхий этгээдүүд мэдсэн тухай баримт болон сонгон шалгаруулалтад бүрдүүлж өгсөн материалын бүрдэлд “Н” ХХК-д хамаарах баримт байхгүй бөгөөд зөвхөн “П” ХХК-д тусгай зөвшөөрөл олгожээ. Иймээс нэхэмжлэгч тал хамтран ажиллахаар тохиролцсон гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг нөгөө талаасаа шаардах буюу тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй гэж үзэх нь Ашигт малтмалын тухай хуулийн тусгайлсан зохицуулалтад нийцэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад орох болзол шаардлагыг хангах боломжгүй байдлаа шаардлага хангасан хуулийн этгээдийн нэрээр тусгай зөвшөөрлийг олж авсны дараа харилцан шилжүүлэхээр тохиролцсон гэрээний нөхцөлийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийг маргааны зүйл болж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг хэн нэгэн этгээдээс шаардах эрхгүй гэж үзэх нь хайгуулын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч, уг зөвшөөрлийг бусдад шилжүүлэх харилцааг тусгайлан зохицуулсан /энэ тогтоолын 14,15/ Ашигт малтмалын хуульд нийцнэ.
Улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон “...“П” ХХК-тай 2015.09.21-ний өдөр байгуулсан “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ”-ний 3.2.7-д зааснаар “Н” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүрэгтэй болохыг даалгах” гэж тодорхойлсон тухайд дүгнэлт хийх шаардлагатай юм.
Уг гэрээний 3.2.7-д “Гэрээний 1.1-д заасан сонгон шалгаруулалтад амжилттай оролцож ... ... га бүхий ...талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч тал авсан тохиолдолд “П” ХХК-аар геологи, эрэл хайгуул, геофизикийн судалгааны ажлыг гүйцэтгүүлнэ. Өрөмдлөгийн ажлыг гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран гүйцэтгэнэ” гэж талууд тохирсон байх ба шилжүүлэгч нь “П” ХХК, шилжүүлэн авагч тал нь “Н” ХХК гэж гэрээндээ тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар “...хайгуул хийх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч тал авсан тохиолдолд “П” ХХК-аар геологи, эрэл хайгуул, геофизикийн судалгааны ажлыг гүйцэтгүүлнэ” гэж талууд тохиролцсоноос үзэхэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эсэх нь “П” ХХК-аас хамааралтай, хэрвээ шилжүүлсэн тохиолдолд “Н” ХХК нь “П” ХХК-аар “...ажлыг гүйцэтгүүлнэ” гэж тохирсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэж байна. Улмаар “...гэрээний дээрх нөхцөлийн дагуу “П” ХХК-аар хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсний хэмжээ 1,000,000 ам.доллараас багагүй хэмжээтэй” байхаар 3.2.8-д заажээ.
Тухайлбал, гэрээний дээрх тохиролцоогоор тусгай зөвшөөрлийг “П” ХХК нөгөө талдаа шилжүүлсэн тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хариу үүрэг үүсэхээс өөрөөр уг зөвшөөрлийг заавал шилжүүлэх үүрэг хариуцагч “П ” ХХК-д үүссэн гэж үзэхгүй тул “тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хариуцагч “П” ХХК-д даалгах шаардлагыг хангахгүйн зэрэгцээ хэрвээ талууд тусгай зөвшөөрлийг шууд шилжүүлэхээр тохиролцсон бол Ашигт малтмалын хуулийн дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй юм. Нөгөөтээгүүр, гэрээний 3.2.7-д заасан нөхцөлөөс үзэхэд талууд анхнаасаа тусгай зөвшөөрлийг шууд нэг тал нөгөөдөө шилжүүлэхээр тохиролцох боломжгүй гэдгийг харилцан зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
17. “Н” ХХК, “П” ХХК-ийн 2015.09.21-ний өдрийн гэрээний агуулга нь хамтран ажиллах гэрээний шинжийг хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэх эсэх тухайд талуудын хийсэн тохиролцооны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Н” ХХК-ийг тусгай зөвшөөрлийг хариуцагч “П” ХХК-аас шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний агуулга, нөхцөлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Н” ХХК-ийг тусгай зөвшөөрлийг хариуцагч “П” ХХК-аас шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
18. Харин нэхэмжлэлд заасан хоёр дахь хэлцэл буюу “П” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.12.09-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “П” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Г ” ХХК-д даалгах шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх “...”Н” ХХК-ийг төлөөлөх этгээд А ийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа компанийн хувьцаа эзэмшигчдийн эдлэх эрхийг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн эрхээс ялгаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт нийцсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А , өмгөөлөгч Д , Б нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00749 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А , өмгөөлөгч Д , Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч А ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч “Н ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН