Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 156

 

 

 

     

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч О.Баасанхүү,

шүүгдэгч Б.Уянга, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Тээврийн прокурорын газраас:                          

 

    Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, нөхөр, хүүхдүүд, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж 64 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЗЛ81020400/ Боржигон овогт Бархасын Уянгад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201724000051 дугаартай 185/2017/0178/Э индекстэй хэргийг 2017 оны  03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Б.Уянга Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн “Эх булаг” авто угаалгын газрын урд замд 2016 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Toyota Karina маркийн 04-79 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”

2.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч М.Цэндлодойгийн эзэмшлийн Мазда Демио маркийн 21-43 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 1.365.000 төгрөгийн шууд, 1.665.000 төгрөгийн нийт хохирол учруулсан, мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээрийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж, зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уянгын: 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 7 цагийн үед найзындаа очоод дөрвүүлээ нийлээд архи уусан. Тэгээд салхинд гараад юу болсноо санахгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа намайг зогсоосон гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ө.Түвшинжаргалын: ...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Бэлх 116 чиглэлд албан үүрэг гүйцэтгэж байсан. “Эх булаг” авто угаалгын газрын урд замд тээврийн хэрэгсэл шалгаж байхад араас түг хийгээд явчихсан. Нэг мэдэхэд нилээн хол газарт шидэгдэн унасан. Намайг мөргөсөн машин зогсолгүй тэр чигээрээ давхиад явчихсан. Дэслэгч Ганхуяг 21-43 УНТ улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад урдуур нь ороод зогсоох гэсэн боловч шууд очоод мөргөсөн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч М.Цэндлодойгийн: ...Автомашины хохирол нь үнэлгээгээр 1.665.000 төгрөг гарсан. Хохирлоо хүлээн авсан. Миний автомашиныг М.Сумъяасүрэн зөвшөөрөлтэй жолоодож явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Батжаргалын: ...Дамбадаржаагийн гүүр талаас цагаан саарал өнгийн автомашин ирж байсан. Уг автомашиныг дэд ахлагч Ө.Түвшинжаргал улаан модоор дохиход түүнийг замын гол хэсэг рүү мөргөчихөөд тэр чигтээ зогсолгүй явсан. Би машинаа асаагаад нөгөө машиныг ойролцоогоор 1 км гаран хөөж байгаад далан руу бууж байгаад явган очиж хаалгыг нь онгойлгож, жолооноос татаад жолоочийг хүчээр зогсоосон. Тэр машин манай цагдааг мөргөж газар унагасан, дэслэгч Ганхуягийн жолоодож явсан Мазда Демио маркийн 21-43 УНТ улсын дугаартай автомашиныг мөргөөд ослын газраас зугтаасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Сумъяасүрэнгийн: ...2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 23 цаг өнгөрч байхад Мазда Демио маркийн 21-43 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодоод найз Содбаяр нарын хамт Дарь Эх орохоор явсан. Найз Содбаяр машин жолоодож үзье гэхээр нь зөвшөөрөөд дөнгөж хөдөлтөл цагдаагийн машин гарч ирээд шалгаад, Цагдаагийн албаны алаг машинд Содбаярыг суулгаад өөрөө манай машиныг жолоодоод явж байсан. Зам дээр зогсож байсан цагдааг нэг машин мөргөхийг хараад урдуур нь дарж ороод зогсоох гэж байгаад мөргөлдсөн. Үнэлгээгээр гарсан 1.665.000 төгрөгийг мөргөсөн жолооч, цагдаа хоёр нийлж барагдуулсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-36-37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганхуягийн: ... “Мазда Демио” маркийн 21-43 УНТ улсын дугаартай автомашиныг шалгахад Содбаяр гэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явсан. Би уг автомашиныг жолоодоод Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү явж байхад “Эх булаг” авто угаалгын газрын урд замд шалгалт хийж байсан ахлах ахлагч Ө.Түвшинжаргалыг саарал өнгийн машин мөргөөд зогсолгүй зугтаахаар нь жолоодож явсан машинаа урдуур нь орж зогсоох гэтэл машины урд хэсэг рүү мөргөөд цааш зугтаасан. Э.Батжаргал араас нь хөөцөлдөж байж зогсоосон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43/,

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Содбаярын: ...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цаг өнгөрч байхад манай найз Сумъяасүрэн залгаад хоёулаа уулзъя гэхээр нь 25-р эмийн сангийн хажууд уулзаад 7-н буудал орж хүнээс юм авна гэхээр нь хамт явсан. Тэгээд 7 буудал руу явж байгаад нэг гудамж руу орохоор нь Сумъяасүрэнгээс найз нь нэг удаа машин жолоодоод үзээдэхье гээд гуйгаад 21-43 УНТ дугаартай авто машиныг жолоодоод дөнгөж хөдөлтөл урдаас нэг цагдаагийн алаг машин ирээд намайг зогсоогоод нэг цагдаа ах машин жолоодоод би алаг машинд суугаад цагдаагийн хэлтэс рүү нь явж байгаад эргээд хүрээд ирэхэд Сумъяасүрэнгийн машин мөргөлдчихсөн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53-54/,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ¹94 тоот:  

  1. Т.Карина маркийн 04-79 УБЛ улсын дугаартай авто машины жолооч Бархасын Уянга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а,б,в дэх заалт Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага / ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, мөн дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн.

  1. Мазда Демио маркийн 21-43 УНТ дугаартай авто машины жолооч Гансүхийн Ганхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дах заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн.
  2. Явган зорчигч /Цагдаагийн албан хаагч/ Өлзийбаатарын Түвшинжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Б.Батзориг гэсэн дүгнэлт /хх-75-76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №857 тоот:

  1. Ө.Түвшинжаргалын биед тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-60/,

 

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-7-8/, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-9/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-10/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-63-66/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №17/3352 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-69-72/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-98/, Улаанбаатар банкинд 300000 төгрөг тушаасан орлогын баримт

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-93/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-92/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-97/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэв.  

 

              Шүүгдэгч Б.Уянга 2016 оны 12 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.7а заалтыг зөрчин “Тоёота карина” маркийн 04-79 УБЛ дугаарын автомашиныг жолоодон явж замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5, 6.3 заалтууд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин зам тээврийн осол гаргасан атлаа зам осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдов. Шүүгдэгч Б.Уянгыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Б.Уянга ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-95/ нотлогдов.

              Шүүгдэгч Б.Уянга төрийн сангийн 100900005406 тоот дансанд эмчилгээний зардлын 300.000 төгрөг тушаасныг иргэний нэхэмжлэгч Ө.Түвшинжаргалд олгуулж, иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүгдэгч Б.Уянга гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэж 1.75 хувийн согтолттой байсан нь 2016 оны 12 сарын 25-ны 02 цаг 25 минутад жолоочийн согтуурал шалгасан магадлагаагаар /хх-10/ нотлогдож байна. Шүүгдэгч Б.Уянга анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

             

              Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Бархасын Уянгыг согтуугаар, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Бархасын Уянгыг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Б.Уянга цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

4. Б.Уянгаас Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ө.Түвшинжаргалд олгож, Иргэний нэхэмжлэгч Ө.Түвшинжаргал гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Уянгаас нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Уянгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, баривчлах ялыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Уянгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                   

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ