Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 966

 

2020        08           04                                            2020/ДШМ/966

А.Гд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/527 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1805034500296 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..................., 19....оны ......... сарын ...............ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын вохр мэргэжилтэй, “Хишиг Арвин” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 6-237 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

 

А.Г нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, итгэмжлэн хариуцаж байсан иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35.265.400 төгрөгийг авч, завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гийг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч А.Гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 1.120.000 төгрөгийг гаргуулан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 тоот харилцах дансанд олгож, шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 38.400.000 төгрөгийг хохирогч болох Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд төлсөн болохыг, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч А.Г нь гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч А.Гийн сүүлийн үйлдэл 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдэж дууссан байдаг. Иймд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Гийг ял шийтгэлээс чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч А.Гийг яллагдагчаар 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр татсан байдаг. Сүүлд яллагдагчаар татсан хугацаанаас эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэдэг нь үндэслэлгүй. Учир нь, яллагдагчаар татсан хугацаанаас эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэх хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Энэ хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж хэрэгжсэн. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ял шийтгэлээс чөлөөлөх боломжтой гэж үзэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч А.Г нь Гандантэгчэнлин хийдэд 35.265.400 төгрөгийн хохирол учруулчихаад төлөхгүй их удсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан. Буруутай үйлдэл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх прокурорын санал болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хоёр саналыг харгалзаж, торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Аль аль талын саналыг хангаж, шүүгдэгч А.Гд торгуулийн ял оногдуулсан. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьж байна. Одоо мөрдөгдөж буй хуульд яллагдагчаар татах хүртэлх хугацааг тоолно гэж заасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.Г нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35.265.400 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Батбаярын “...Манай Гандангийн номын бичээчээр ажиллаж байсан А.Г лам нь 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ном бичүүлсэн орлого болох 34.808.700 төгрөгийг хувьдаа завшиж, манай хийдийг хохироосон. Тэгээд энэ талаар өөрт нь хэлэхэд өөрөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, удахгүй төлнө, битгий цагдаад өгөөч гэж гуйгаад бичгээр хүсэлт гаргаж байсан. ...Манай санхүүгийн программд шинэчлэл хийгээд мөнгө дутсаныг олж тогтоосон. Мөнгө дутсаныг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол манай ерөнхий нягтлан бодогч Отгонбаатар гэж хүн шалгаж илрүүлсэн. ...Манай байгууллагад албан ёсны тавих тушаал байхгүй байсан. Үүнийг би ажилд орсноос хойш шинэчлэн гаргаж ирсэн. Үүгээр Гансэлэм нь тус хийдэд хурлын ламаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс туршилтын журмаар айлтгалын бичээчээр ажиллуулж байгаад 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс албан ёсоор ажиллуулж эхэлсэн юм. Ямар нэгэн албан ёсны шаардлага байдаггүй байсан. Гансэлэм нь хүмүүсийн айлтгал бичүүлэхээр өгсөн мөнгөнүүдийг ажлын цаг дуусмагц кассын няравт албан ёсоор хүлээлгэн өгч баримт үйлдэлгүй өөртөө хувьдаа аваад яваад байсан. ...” /хх 34-35, 37-38/,

гэрч Ш.Отгонбаатарын “...2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх кассын орлогоос 34.808.700 төгрөгийг кассын нярав Няндуучамбаад тушаах ёстой байсныг тушаагүй байсан. Тухайн үедээ Гансэлэм нь маргааш нөгөөдрөөс тушаана гэж худал хэлсээр байгаад өдийг хүртэл тушаагаагүй. Бид нар Гансэлэмийг бичээч хийлгэхийг нь болиулаад мөнгөө тушаахыг шаардсан. Тухайн үед ээжийг нь дуудаад уулзахад ээж нь бид нар мөнгийг нь төлнө, манай хүүхэд мөнгөө тушаах гээд явж байгаад алга болгосон гэж хэлсэн. Мөн Гансэлэм нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дансаар Гандантэгчэнлин хийдийн Худалдаа хөгжлийн банкны 499008397 тоот дансанд 10.000.000 төгрөгийг, мөн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгийг тус тус тушаасан. ...” /хх 42-43/,

гэрч Б.Няндуучамбын “...Гансэлэм манай Гандантэгчэнлин хийдийн хурлын лам бөгөөд 2017 онд манай айлтгалын бичээчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд кассын орлого болох 34.808.700 төгрөгийг надад тушаах ёстой байсныг тушаалгүй худал хэлж алга болсон. Тухайн үеийн орлогыг программаар хянадаг байсан. Яг тодорхой хянадаг хүн байгаагүй. Тэр үед манайх программаа шинэчилсэн юм. Тухайн үед кассын орлого гэж нэг өдөрт дунджаар 1 сая төгрөг ордог байсан. ...” /хх 44-45/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 190 дугаартай “...Шинжилгээгээр 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 35.265.405 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд үүнээс 14.500.000 төгрөгийг төлсөн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар А.Г нь 20.765.405 төгрөгийг төлж барагдуулахаар байна. ...” /хх 48-53/,

Аудитын шинжээчийн 02 дугаартай “...Айлтгалын бичээч А.Г нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хурлын бичээчийн ажлыг 2017 оны 2 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл гүйцэтгэж байх хугацаандаа 138.647.300 төгрөгийн орлогыг иргэдээс хурааж, 103.381.900 төгрөгийг тушааж, 35.265.400 төгрөгийг тушаагаагүй байсан байна. Дутуу тушаасан 35.265.400 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгийг тус тус Гандантэгчэнлин хийдийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499008397 дугаарын дансанд тушааж, 20.765.400 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй байна. ...” /хх 58-70/ гэх дүгнэлтүүд,

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн орлогын тайлан мэдээ, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх 26-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилжээ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Шүүгдэгч А.Г нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байхдаа иргэдээс ном бичүүлсний төлбөрийг бэлнээр хүлээн авах боломжийг ашиглан мөнгө завшсан нөхцөл байдал нотлогдсон байх тул А.Гийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэхээр нөхцөл байдал тусгагджээ.

Учир нь, шүүгдэгч А.Г нь албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын бэлэн мөнгөтэй харьцах боломж гарч энэ байдлыг ашиглан тэдгээрийг завшсан нөхцөл байдал байна.

Цаашид, анхан шатны шүүх “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн шинжийг дээрх тайлбарын хүрээнд хэрэглэхэд анхаарч ажиллавал зохино.

А.Гийн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хурлын бичээчээр ажиллаж байх хугацаандаа иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35.265.400 төгрөгийг завшсан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлөн өөрчлөхдөө үндэслэлийг тодорхой заагаагүй байх боловч шүүгдэгчийн хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар прокурор эсэргүүцэл бичээгүй, шашны байгууллагад ажил эрхэлж байсан зэргийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүхээс А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү” гэсэн шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/527 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/527 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ