Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 158/ШШ2022/0013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Бүрэгхангай сумын иргэн *******,

            Хариуцагч: Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Маналжавын Бадам нарын хоорондын “Бүрэгхангай сумын Засаг даргын захирамжаар Ц.Мөнхтулгыг Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, сумын Засаг даргын сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлэх” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Мөнхтулга, хариуцагч Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь Бүрэгхангай сумын Засаг даргад холбогдуулан “Бүрэгхангай сумын Засаг даргын захирамжаар Ц.Мөнхтулгыг Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, сумын Засаг даргын сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

  1. Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сумын Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтад заасны дагуу хүүхэд асрах чөлөөг 1 жилийн хугацаатай олгохыг хүссэн өргөдөл гаргаж, хариуцагчаас өргөдлийг хүлээн авч 1 жилийн хугацаатай чөлөө олгож шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “хүүхдээ хадам ээжээр асруулах болсон” үндэслэлээр анх хүссэн чөлөөний хугацаа дуусахаас өмнө эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг хариуцагч шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.
  2. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд дээрх маргааны талаар гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/352 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. Төрийн албаны зөвлөл нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангахгүй орхисон байх ба нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
  3. Нэхэмжлэлийн үндэслэл:
    1. Миний бие нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасныг Бүрэгхангай сумын Засаг дарга хуулийн хугацаанд шийдвэр гаргаж, хариу мэдэгдээгүй нь хууль бус эс үйлдэхүй,
    2. Дээрх сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас надад учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны албан тушаалын цалин, нэмэгдлийг гаргуулах нь зүйтэй гэж тодорхойлсон.  
  4. Хариуцагч Бүрэгхангай сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулгаас өмнө шүүхэд “Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан шаардлагын хүрээнд бид шүүх хуралдааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулж, хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр байсан.

 

5.2. Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Ц.Мөнхтулга 3 жилийн хугацаанд ажилдаа орохгүй, хүүхдээ асрана гэж тохирсон атлаа уг хугацаа дуусаагүй байхад ажилдаа орох шаардлага тавьж байгааг зөвшөөрөхгүй.

 

5.3. Мөн эвлэрлийн гэрээгээр ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан боловч одоо цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь хүүхэд асрах чөлөө гэж хүсэлтээ гаргасан боловч өөрөө нэхэмжлэлийн үндэслэлээ цалин, орлогогүй байна, эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас ажилдаа орох шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй тул Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай “Ц.Мөнхтулгад хүүхэд асрах чөлөө олгох тухай” захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрх Засаг даргад байхгүй. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө хүсэж, энэ чөлөөгөө эдэлж байгаа нь хууль ёсны дагуу байна. Хүүхдийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн байна гэдгийг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь Бүрэгхангай сумын Засаг даргад холбогдуулан “Бүрэгхангай сумын Засаг даргын захирамжаар Ц.Мөнхтулгыг Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, сумын Засаг даргын сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгчийн “Бүрэгхангай сумын Засаг даргын захирамжаар Ц.Мөнхтулгыг Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах” гэх шаардлага нь агуулгын хувьд хариуцагч сумын Засаг даргад “ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага гэж тодорхойлсон болно.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “сумын Засаг даргад хандаж ажилдаа эргэн орох тухай өргөдлийг гаргасан боловч Засаг дарга хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй нь хууль бус эс үйлдэхүй ба миний бие нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа эргэн орох хүсэлт гаргах эрхтэй. Хариуцагч миний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт ба энэхүү захиргааны актын улмаас би цалингүй хохирч байна” гэж;

4. Хариуцагч талаас “нэхэмжлэгч нь өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулсан атлаа гэрээний үүргээ зөрчиж, чөлөөний хугацаа дуусаагүй байхад ажилдаа орно гэсэн нь үндэслэлгүй, сумын Засаг даргын Б/26 дугаартай захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй тул ажилд нь эгүүлэн томилох боломжгүй” гэж тус тус маргажээ.

5. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдож, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар /ХХ-ийн 5 дугаар тал/ үүрэгт ажлаасаа халагдсан байх ба дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгавар болгосон байна.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Маргааныг шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийг баримталлаа.

8. Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга миний өргөдлийг шийдвэрлээгүй “эс үйлдэхүй хууль бус тул Бүрэгхангай сумын Засаг даргын захирамжаар Ц.Мөнхтулгыг Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилох шийдвэр гаргуулах” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөг 1 жилийн хугацаатай авахаар хүсэлт /ХХ-ийн 66 дугаар тал/ гаргасныг Бүрэгхангай сумын Засаг дарга хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжаар /ХХ-ийн 58 дугаар тал/ нэхэмжлэгчид 1 жилийн чөлөө олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-т заасны дагуу чөлөөтэй байх хугацаанд нэхэмжлэгчийн ажлын байрыг хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ.  

9. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сумын Засаг даргад хаяглан “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн томилуулах тухай” өргөдөл /ХХ-ийн 67 дугаар тал/ -ийг гаргасан боловч уг өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлэсэн эсэх талаараа нэхэмжлэгчид бичгээр мэдэгдээгүй гэдгээ хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Харин “нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилохгүй” гэх шийдвэрээ амаар хэлсэн гэж маргаж байх боловч энэ нь нотлогдохгүй байна.

   10. Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/06 дугаартай захирамж /ХХ-ийн 60 дугаар тал/ -аар нэхэмжлэгч Ц.Мөнхтулгыг ажлаас халж, нэхэмжлэгч нь энэхүү захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 4 дүгээр тал/ байгуулан маргаанаа дуусгасан нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай захирамж /ХХ-ийн 9-11 дүгээр тал/ -аар нотлогджээ.   

11. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа үйлдлээ “дээрх шүүгчийн захирамжаар баталгаажсан “Эвлэрлийн гэрээ”-нд нэхэмжлэгч 3 жил ажилдаа эргэн орохгүй гэж эвлэрсэн тул 3 жилийн хугацаанд ажилдаа орох эрхгүй” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөг 1 жилийн хугацаатай олгохыг хүсч, хариуцагч Хөдөлмөрийн тухай хууль/1999 оны/ -ийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.1-дэх заалтыг үндэслэн чөлөөг Б/26 дугаартай захирамжаар хүүхэд асрах чөлөөг 1 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийг “3 жил ажилдаа орох хүсэлт тавих эрхгүй” гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

12. “Эвлэрлийн гэрээ”-ний 4 дүгээрт “Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан хэдий ч нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь 0-3 насны хүүхэдтэй тул асран халамжлах, суралцах чиглэлээр 3 хүртэлх жил ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргахаар харилцан тохиролцлоо” гэсэн байх ба “3 хүртэлх жил” гэснийг 3 жилийн хугацааг заавал дуусгах үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм.

13. Хариуцагчийн нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын ажилдаа орох тухай өргөдлийг шийдвэрлэж хариу өгөөгүй үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан эс үйлдэхүйн шинжийг агуулсан, захиргааны акт байна.

14. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байх ба хариуцагч нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т “сумын Засаг дарга нь Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй” гэсний дагуу тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх эрхтэй, уг асуудлыг шийдвэрлэх албан тушаалтан тул нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх эрх хуулиар олгогдсон гэж үзнэ. Гэтэл хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах эрхтэй атлаа нэхэмжлэгчээс ирүүлсэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй.   

15. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан төрийн захиргааны албан тушаалтан байх ба хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэжээ.

16. Нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд үүссэн маргаан нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой байх ба маргаан нь хүүхэд асрах чөлөөтэй холбоотой үүссэн байх тул энэ талаар нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлах нь зүйтэй байна.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд хүүхэд асрах чөлөө олгох асуудлыг хуульчилсан байх бөгөөд 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна” гэж заажээ. Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө хүссэний дагуу хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай чөлөө олгож шийдвэрлэсэн ба чөлөөний хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байна.

18. Нэхэмжлэгч нь хүүхдээ асрах үндэслэлээр 1 жилийн хугацаатай чөлөө хүсч, чөлөөний хугацаа дуусаагүй байхад ажилдаа орох хүсэлт гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн авахгүй байх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа эцэг болон эх чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орохоор шаардах эрхтэй ба ажил олгогч түүнийг ажилд нь эгүүлэн томилох үүрэгтэй. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилдаа орох тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй орхигдуулж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй нь дээрх хуульд заасныг зөрчсөн, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг хуучин эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

19. “Сөрөг нөлөөлөл бүхий актын улмаас учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэснээс харахад маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчид үүрэг бий болгосон, эсхүл түүний эрхийг хязгаарласан шинжтэй байхыг ойлгоно. Хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчид ямар нэг үүргийг үүсгээгүй, эсхүл түүний хууль ёсоор эдлэж буй эрх, ашиг сонирхолыг хязгаарласан шинж байхгүй байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүйг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

20. Нэхэмжлэгч нь анх хүүхэд асрах чөлөө авахдаа Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/ -ийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хүсэлтээ гаргаж, чөлөө авсан байх ба тухайн үед чөлөөтэй байх хугацаанд тэтгэмж авах эсэх талаар хариуцагчтай харилцан тохироогүй байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг өөрт учирсан хохирол гэж тодорхойлсон боловч анх хүссэн чөлөөний хугацаа дуусаагүй, чөлөөтэй байх хугацаанд ажилдаа орохоор хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь бодитоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.

21. Хариуцагчийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх тухай нийгмийн хариуцлагын гэрээ”, “Баялаг хангадууд” нөхөрлөлийн ахлагч И.Энхтуяагаас сумын Засаг даргад гаргасан өргөдөл, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ”, “Баялаг хангадууд” нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүний жагсаалт, тойрох хуудас, газар хүлээлцсэн акт, сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл /ХХ-ийн 45-55 дугаар талууд/  зэрэг баримт нь энэ хэрэгт хамааралгүй, өмнө нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээгээр дуусгавар болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэрэгт хамааралтай баримт байх ба нэхэмжлэгч хариуцагч нар нь маргааны үйл баримтын талаар өмнө байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд заагдсан үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй гэж мэтгэлцэж байгаа боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, дуусгавар болсон маргааны үндэслэл болсон тайлбар, бичгийн нотлох баримтуудыг энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлээгүйг дурьдах нь зүйтэй.

22. Хариуцагчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгчид чөлөө олгосон Б/26 дугаартай захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул энэ захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрх хариуцагчид байхгүй учир нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн томилох боломжгүй” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Бүрэгхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай “Ц.Мөнхтулгад хүүхэд асрах чөлөө олгох тухай” захирамж нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт ба нэхэмжлэгч өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн ороход дээрх захирамжийг хүчингүй болгох хуулийн шаардлага байхгүй, түүнчлэн энэхүү захирамж нь нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлтэд хязгаарлалт тогтоох захиргааны акт биш юм.   

23. Шүүх нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын Бүрэгхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бүрэгхангай сумын Засаг даргын захирамжаар Ц.Мөнхтулгыг Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилох шийдвэр гаргахыг даалгах, сумын Засаг даргын сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын “Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хангаж, үлдсэн “сумын Засаг даргын сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т заасныг тус тус баримтлан Ц.Мөнхтулгын нэхэмжлэлийн шаардлагын “Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хангаж, үлдэх “сумын Засаг даргын сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХЖАРГАЛ