Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1894

 

 

 

 

 

 

 

 

 

А.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01209 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч В ХХК-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй программ хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Билэгсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Маналжав

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.  

Нэхэмжлэгч А.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр В ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Санхүү эрхэлсэн захирлын ажилд орсон. В ХХК 2017 оны эхнээс Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр гадаад улсын нягтлан болох бүртгэлийн SAP гэх программ хангамж ашиглаж эхэлсэн. Энэ программ хангамж нь Монгол Улсын татварын хуулийн дагуу ажиллаж чадахгүй, борлуулалтын бүтээгдэхүүний өртөг буруу тооцоолж, татвараас зугтах байдалд хүргэж байсан тул миний бие тухайн програмыг ашиглахыг эсэргүүцэж байсан. Ингээд эцэст нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр захирал Janos Lichtenberg нь намайг ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлж, ажлын байрнаас хөөж, компьютер, ширээ сандлыг хураан авч хөөсөн. Түүнээс хойш би дахин В ХХК-ийн ажлын байранд нэг ч удаа очоогүй, захирал Janos Lichtenberg руу утсаар ярьж, халагдах тушаалаа өгөхийг удаа дараа шаарддаг байсан. В ХХК нь миний халагдах тушаалыг өгөхгүй маш их хугацаа алдсаны эцэст 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр захирал Janos Lichtenberg намайг эргэж ажилдаа ор, орохоор чинь хална гэж заналхийлсэн боловч тухайн үед би 2 өдрийн эмнэлгийн магадлагаатай байсан тул дуусгаад очсон. Гэтэл миний ажлын байранд өөр хүн ажилд авч, миний компьютер, тавилга, төхөөрөмжийг ашиглаж байсан. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үндэслэлгүйгээр халсан тушаал өгсөн. Уг тушаалд намайг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралттай гэж худал бичсэн. Худал гэдэг нь ээлжийн амралтын тушаал байхгүй, надад ээлжийн амралтын мөнгө ороогүйгээр нотлогдоно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх программ хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй программ хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Маналжав болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангасан SAP санхүүгийн программ нь Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдсөн, татвараас зайлсхийх байдлаар бүртгэл, тооцоо хийдэг программ хангамж огт биш бөгөөд энэхүү программыг монголын томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглаад явж байна. Мөн манай компанид олон улсын Эрнст энд Янг аудитын компани жил бүр аудитын хяналт, шалгалт хийдэг бөгөөд манай санхүү, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоог хууль тогтоомж ба стандартад нийцсэн гэж дүгнэдэг. Иймээс нэхэмжлэгч манай компанийг татвараас зугтдаг, хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй, худал тайлбар байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа биеэр эдлэхээр болж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амралтын хоногийн маягт үйлдэж, гарын үсэг зурсан. Мөн өдрөө өөрт нь хариуцуулсан эд хөрөнгөө амралттай байх хугацаандаа компанид түр хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлсэн, ажлын байрнаас хөөсөн гэх мэтээр тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй. А.Өын хүсэлтээр түүний ээлжийн амралтын мөнгийг 2017 оны 6 дугаар сард урьдчилан шилжүүлсэн. Тэрээр ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусаад 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирэхгүй, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болоод бусад ажилчдад огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.4.10-д заасны дагуу А.Ө нь шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр ажил тасалсөн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэдэг үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20170822/133 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.Ө ээлжийн амралтын олговроо 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 24 хоног биеэр эдлэхээр амралтаа авсан. Нэхэмжлэгч санхүү эрхэлсэн захирал байсан учраас санхүүгийн бүх гүйлгээний зөвшөөрлийг өгдөг тул нягтлан бодогчид амралтын мөнгийг шилжүүл гэж даалгасан байдаг. Ингээд өөрийн ашиглаж байсан хөрөнгүүдийг хүлээлгэж өгөхөөр бүртгэл дээрээ бичээд хүлээлгэж өгсөн. Энэ нь ажилгүй болсон гэсэн ойлголт биш. Тэрээр 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өглөө 09 цаг 48 минутад цаг бүртгэлийн машинд хуруугаа уншуулаад цайндаа гарахдаа болон буцаж орж ирэхдээ хуруугаа уншуулсан. Ажилдаа 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирсэн гэдгээ мэдсэн ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй. Ажилдаа ирэхдээ өнгөрсөн хоёр өдөрт өвчтэй байлаа гээд акт өгөөгүй, ямар нэг өвчин зовлонгүй ажилдаа ирсэн. А.Ө ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад ажил хүлээлцэхгүйгээр шууд гарч явсан бөгөөд 3-4 цагийн дараа ажилдаа ирэхдээ би акттай байсан гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн авчирсан актыг харахад 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн байж өмнөх өдрийг нөхөж бичсэн байсан. Өмнөх өдрийн актыг нөхөж бичсэн талаар гомдлыг бид холбогдох байгууллагад гаргасан ба эмнэлгийн дарга, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн хэсгийн хороо, чанарын албанд гомдол гаргасан. Энэ гомдлын хувийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний албанд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн магадлагааны онош зөрж, алдаа зөрчил гаргасан тул эмчид арга хэмжээг авсан гэсэн хариуг албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. Ингээд А.Өын бидэнд авчирч өгсөн акт нь түүнийг өвчтэй байсан гэдгийг нотлож чадахгүй болж байгаа ба акт өгсөн эмч нь журмаа зөрчсөн, актын онош зөрсөн, хамгийн гол нь ажлаас чөлөөлсөн гэж тухайн актад зураагүй. Эмч хэлэхдээ урьдчилсан үзлэг хийгээд дээд шатны эмнэлэгт нарийвчилсан үзлэг хийлгэх тухай би бичиж өгсөн. Түүнээс биш энэ хүн ажлаа хийх боломжтой, боломжгүй талаар бичээгүй гэж байгаа. Ийм учраас А.Өын ажлаа тасалсан гэх хоёр өдрийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан гэж нэхэмжлэгч яриад байна. Яг энэ өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал байхгүй, тушаалыг өгсөн өгөөгүй гэдгийг нотлох баримт байхгүй, харин ч эсрэгээр ээлжийн амралтаа авсан гэдгийг нотлох ээлжийн амралтын хоногийн маягт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Өын В ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх программ хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй программ хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Намайг тус компанид ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл дээрх 82 дугаартай тушаал гарч байгаагүй бөгөөд уг тушаал нь шүүхэд зориулж нөхөж хийсэн тушаал юм. Учир нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орсноос хойш 1 жилийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусах байсан бөгөөд ажлын ачаалал их байснаас шалтгаалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр, ээлжийн амралтын олговрыг мөнгөөр авахаар ярилцсаны дагуу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр амралтын мөнгө болох 3 082 795 төгрөгийг авсан. Мөн хариуцагч компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу цалинг сарын бүрийн 15 болон 30-ны өдөр 2 хувааж авдаг бөгөөд миний хувьд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цалингийн урьдчилгаа 1 250 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 1 136 999 төгрөгийг авсан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин болон ээлжийн амралт биеэр эдлээгүйтэй холбоотой амралтын мөнгө нийт 6 687 549 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард авсан. Компанийн зүгээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цалингийн урьдчилгаа 1 250 000 төгрөг /ажлаас халсан өдөр/, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1 241 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 183 000 төгрөгийн "цалин" гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байсан. 2017 оны 06 сард өгсөн үндсэн цалин, амралтын олговор, 07 сарын цалин, 08 сарын 2 хоногийн цалинг өгсөн болох нь миний цалингийн дансны хуулга болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр бүрэн тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс ч энэ талаар маргаагүй болно.

..."Вюрт Монголиа" ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан "Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ"-ний 6.6-д "Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлаар ажил олгогчид хүлээлгэн өгч тооцоог дуусгана." гэж заасан. Уг заалтын дагуу гүйцэтгэх захирал Janos Lichtenberg-ийн шаардлагаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халагдсан буюу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гэрээний дагуу хүлээн авсан бүхий л эд хөрөнгийг гүйцэтгэх захиралд өөрт нь хүлээлгэн өгч, акт үйлдэн гарын үсэг зуруулж баталгаажуулсан билээ. Гэтэл хариуцагчийн зүгээс ээлжийн амралт олгосон гэх тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нөхөж хийхдээ дээрх эд хөрөнгө хүлээлцсэн актыг ээлжийн амралттай холбоотойгоор эд хөрөнгөө түр хүлээлцсэн мэтээр үндэслэлгүй тайлбарлаж байгаа болно. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Ө намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох "Вюрт Монголиа" ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна .

 

            Нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч В ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх программ хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй программ хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргалаас “нэхэмжлэгч А.Ө нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №183/ШЗ2017/09947 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардан авч, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч уг захирамж гарсанаас хойш 2 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхийн архивт шилжүүлсэн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүх уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. /хх 85, 97-98/

 

            Хариуцагчийн дээрх үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхийг тодорхойлох боломжтой байжээ.

 

            Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН