Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ..., ..., тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ..., ... овогт ... ... нарт холбогдох эрүүгийн 2417000000066 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... оны ...дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ..., ам бүл ..., эх хамт ..., Авто тээврийн хашаанд оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ... овогт ... ... /РД:/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ...оны ... дугаар сарын ...-ний өдөр ..., ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ..., ...ажилтай, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн ... оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ... овогт ... ... /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

Шүүгдэгч ..., ... нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ... эзэмшлийн Хаан банкны .... тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний автомат машинаас 4 удаагийн гүйлгээгээр 1 120 000 төгрөг, виза картны гүйлгээгээр 290 290 төгрөгийн гүйлгээг хийж нийт 1 410 290 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө 07 цаг болж байхад ... төмөр замын буудалд байна хүрээд ир ууя гээд түрүүлж залгасан. Би ажил төрлөө хаяаад очоод өдөржингөө уусан. ...бид 2 хуучин бас нэг ийм юм болж байсан. Тэрнээс болоод ийм үйлдэл болсон. Хэдэн жилийн өмнө ... 2 000 000 төгрөг алдсан. Би цагдаа сэргийлэх гэж явсан удаа байхгүй. ... нууцаар карт авсан асуудал байхгүй. Өөрт нь хэлээд авсан. 300 000 төгрөгийг ...ын картнаас аваад найздаа өгсөн. 200 000 төгрөг аваад хүнд зээлүүлсэн. 120 000 төгрөг аваад ээжийн дансаар дамжуулаад хохирол төлөхөөр явуулсан. ...бүгдийг нь мэдэж байсан. Би өөрт нь хэлж байгаад авсан. ...өөрөө санаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ухаантай байсан. Картнаас 500 000 төгрөгийг ...өөрөө өгсөн. Картны кодоо төмөр замын буудалд байхдаа ...өөрөө хэлсэн. 200 000 болон 300 000 төгрөгөөр авахад ... оролцоогүй. 500 000 төгрөг дээр бол ... оролцсон. Оргил буудалд ...бид хоёр хоорондоо муудалцсан. Түүнээс болж өргөдөл гаргасан. ...ын ах нь надад дүү нь бензингүй болчиж бензин хиймээр байна гэсэн. ...бензин хийж өгсөн талаар хэлээгүй. Хоол авахдаа мөнгө төгрөгийг нь хэлээгүй. Хийсэн хэргээ цагдаа шүүхээр явж байгаа юм чинь хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Амтат зоогийн гаднаас явах гэж байтал ... ах ирээд чамайг ... ах чинь дуудаад байна, яаралтай ирээрэй гэсэн гэхээр нь ... ах бид хоёр буудал руу орсон. Ах нь чамтай уулзаагүй удсан байна гэж тэвэрч авсан. Би явлаа шүү ахаа гэтэл чи өнөөдөр надтай хамт байчих жаахан ярих юм байна гэхээр нь ахаа би амжихгүй гэтэл ... ах стакантай архи авч ирэхээр нь уухгүй гээд түлхтэл миний энгэр лүү архи асгасан. ... ах хажуунаас чи болиоч хүүхэд уухгүй гээд байхад гэтэл ам руу хийж байгаад сүртэй юм бэ гээд хүчээр уулгасан. ... ах эхлээд ... ахад чи гараад ууж идэх юм аваад ир гэсэн. ... ах дэлгүүр ханилаад ирье гээд хамт яваад бид хоёр АТМ ороод 500 000 төгрөг бэлнээр аваад ... ахын өрийг өгсөн. “Дэлгэрэх” дэлгүүр ороод баахан ууж идэх юм аваад ... ахын буудлынх нь цаг дууссан гэхээр нь Оргил буудал руу явсан. Би шууд ороод унтаад өгсөн. ... ах ... хоёр найзууд юм шиг байсан. ... ах ... руу юу байна андаа, чи завтай байгаа бол дуулж болох уу гэж асуугаад бөөндөө Green house-т очоод ... ах өөрөө мөнгө төгрөгийг нь өгье гэсэн. Би пивонаас нь уугаад нилээн согтсон. 4 удаагийн гүйлгээ хийсэн гээд байгаа. Би эхний 500 000 төгрөг дээр л авсан. Хоол авхуулсан юм шиг байсан. Ерөөсөө тэд нарыг санахгүй байгаа. Өглөө нь ... ах залгаад ахын дүү чи хаана байна, өчигдөр юу болсон юм бэ гэхээр нь би болсон бүх процессыг хэлсэн. Тухайн картыг ... ах ууж идэх юм аваарай гээд өгч байхыг сонссон. Тухайн карт ... гэдгийг эхлээд мэдээгүй. ... ах ярьж байхдаа би энэ ...той мөнгө төгрөгийн асуудалтай гэсэн. Карт авсан нь миний буруу. Амрах байр луу хальт орж байснаа санаж байгаа. Хоол оруулж өгөхөд ... ах зүв зүгээр эрүүл байсан. Бичлэг дээр гарсан үйл явдлын тухайд бэлэн мөнгө авах гэж байгаа бол би бэлэн мөнгө барьж үзье л даа гээд далжганаж байсан. Тухайн үед ... ахын цалин л байх гэж бодоод баярласан. Гадаа шороо салхитай байсан болохоор малгай өмсөж нүүрээ нуусан. Би хоол бензин зэргийг нь хүлээн зөвшөөрсөн байна. ... ахаас уучлалт гуйсан. ... ахад 430 000 төгрөг өгсөн гэв.

3. Хохирогч Б....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад халуун усны буудлаас ...дэлгүүр явах үед над руу ... залгаж цуг явахаар болсон. Бид дэлгүүр орж ундаа, ус, лаазтай пиво гэх мэт зүйлс авахад 90 750 төгрөг болсон. Дэлгүүрийн касс нь дээр Хаан банкны виза карт уншуулаад пин код болох .... гэж хэлэхэд ... хажууд байсан. Халуун усны буудалд очоод бид 2 лаазтай пиво хувааж уугаад юм яриад сууж байхад ... таньдаг хүнээ дуудъя гэхээр нь би эхлээд яах юм бэ хоёулаа байя гэж хэлтэл ... утсаар яриад гадагшаа гараад орж ирэхгүй удаад байсан болохоор би өөрийн мэдэлгүй унтаад өгсөн. Өдөр 12 цаг өнгөрч байхад сэрэхэд ... үл таних 1 залуу дуудсан байсан. Тухайн залуутай танилцахад ... гэсэн. Тэгээд юм яриад сууж байтал ... надад хандан ахаа энэ буудал жижиг байна хонхорт Оргил нэртэй буудал явъя гэсэн. Тэгтэл хажуунаас ... тэгье андаа гээд бид гурав Халуун усны буудлаас цагаан өнгийн Toyota premio маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тухайн буудалд ороод ... ахаа гараад юм аваад ирье гээд Сэрүүн нэртэй 2 литрийн пиво 2 ширхэг авч ирсэн. Тухайн пивыг бид 3 хувааж ууж байхад ... би нэг гараад ирье гээд гадагшаа гараад 2 цаг гаруй болоод эргэж ирсэн. Би усанд ороод 2 цаг унтаад сэрэхэд ... сууж байхаар нь ... хаашаа явсан юм гэж асуухад гадаа хүнтэй уулзаж байгаа гэсэн. Би гадагшаа гарахад улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонх нь доош болоод ... намайг хүрээд ирээч гэхээр нь очтол ...ын найз гээд Цацаа, ... гэх нэртэй 2 эмэгтэй ирсэн байсан. Намайг Green house орох уу гээд 18 цагийн үед ..., ..., ..., Цацаа бид 5 Green house ороод тусдаа 1 өрөө авсан. Би Green house-д 120 000 төгрөг виза картаар төлсөн. Би ууж идэж тасраад маргааш өглөө би Оргил нэртэй буудалд ганцаараа сэрсэн. Утсаараа mobile bank руугаа ороод дансны үлдэгдэлээ үзэхэд миний дансанд 37 266 төгрөг үлдсэн байсан. Миний дансанд 1 509 006 төгрөг байсан. Миний виза карт үүрдэг жижиг хар цүнхэнд байсан. Цүнхэнд хийж байхыг ..., ... нар хоёулаа харсан. Миний данснаас 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг 50 минутад 500 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цаг 44 минутад 300 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 53 минутад 200 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 14 минутад 120 000 төгрөг нийт      1 120 000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авсан байсан. Харин намайг тасарсан байхад 276 290 төгрөг картаар уншуулсан байсан. Би гомдолтой байна, 1 396 290 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 5-7 хуудас/

4. Гэрч Э.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ...тай чатлаж хаана байгааг асуухад Оргил нэртэй буудалд ууж байна гэсэн. Чамтай уулзах хэрэгтэй байна гэхэд хүрээд ир гэхээр нь найз ... цуг очсон. Би ...тай уулзахдаа улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод арын суудалд ...ыг суулгаад ойр зуурын юм ярьж байтал буудлаас ...тамхи татаад гарч ирсэн. Би ...дуудаад арын суудал дээр суулгаад ойр зуурын юм ярьж байтал ...найз ойрд уулзаагүй юм чинь караоке оръё гэхээр нь 1 цаг оръё гэхэд буудлаас үл таних 1 залуу гарч ирээд би ..., ..., ..., нөгөө танихгүй залуу бид хэд Green house нэртэй караоке орж пиво уугаад дуулсан. ...ын төрсөн ах гээд ... машинтай ирээд бид 5-ыг аваад ...дэлгүүрийн гадна зогсоод машинд би ..., ..., бид 3 үлдээд ..., ..., ... нар 10-20 минут дэлгүүр ороод гарч ирээд Оргил буудал явах замдаа ногоон өнгийн хүнсний дэлгүүр дээр зогсоод ..., ...нар дэлгүүр ороод Сэнгүр нэртэй 2 литрийн пиво 2-ыг, лаазтай пиво 12 ширхэг худалдаж аваад гарч ирээд бид нар буудалдаа орсон. ... машиндаа үлдсэн. Буудалд бид нар пиво хувааж уугаад 2-3 цаг болсон байх үед ... хоол авч идье өлсөөд байна гээд хоол авахаар ..., ... хоёр яваад 20-30 минут болоод 4-5 ширхэг хоол бариад орж ирсэн. Тухайн хоолоо идэж дуусгаад ... дахиад гоймон идье гээд ах ...т захисан. Удалгүй ...ыг ах нь гаднаас дуудахаар нь ... гадагш гараад баахан хот дог оруулаад ирсэн. ... дүү ... руу залгаад буруу юм авсан байна гээд найз ...ийг буцаад гаргаж өгөөд юу ч үгүй буцаад орж ирсэн. Удалгүй ... бид 2 харилаа гээд ...ын машинтай хүргүүлсэн. ...их хэмжээний согтолттой байсан. Буудлаас ганц ч гараагүй. Хэн мөнгө гаргасныг мэдэхгүй байна. Би ...тай Green house-аас гараад байнга цуг байсан болохоор миний нүдэн дээр нэг ч хүнд виза картаа өгч байгаа болон пин кодоо хэлж байгаа харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/

5. Гэрч Д.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр найз ...тай цуг явж байхад ... ...тай чатлаж хаана байгааг асуухад Оргил нэртэй буудалд байна гэсэн. ...тай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод арын суудалд ...ын найз дүү гээд ...ыг суулгаад ойр зуурын юм ярьж байхад буудлаас ...тамхи татаад гарч ирсэн. ... ...дуудаад тээврийн хэрэгслийнхээ арын суудал дээр суулгаад ойр зуурын юм яриад байж байхад ...ойрд уулзаагүй юм чинь караоке оръе гэхэд Оргил буудлаас үл таних 1 залуу гарч ирээд бид 5 Green house нэртэй караоке орж пиво ууж дуулсан. ...ын ах гээд ... машинтай ирээд бид 5-ыг аваад ...дэлгүүрийн гадна зогсоод машинд би ..., ...бид 3 үлдээд ..., ..., ... нар 10-20 минут дэлгүүр ороод гарч ирээд ногоон өнгийн дэлгүүр лүү ..., ...нар ороод Сэнгүр нэртэй 2 литрийн пиво 2 ширхэг лаазтай пиво 12 ширхэг пиво худалдаж аваад гарч ирээд Оргил зочид буудалд бид нар орсон. Гадаа ... машиндаа үлдсэн. Буудалд бид 5 худалдан авсан пиво хувааж уугаад 2-3 цаг болж байх үед ... хоол авч идье өлсөөд байна гээд хоол авахаар би ... түүний ахтай цус явсан. Төмөр замын амрах байранд очоод ... машинаас буугаад 5 ширхэг хоол аваад гарч ирээд буцаад Оргил нэртэй зочид буудлын гадаа очоод машинд ... ахдаа хандан та явахгүй бид нарыг хүргэж өгнө шүү гээд халааснаасаа ногоон өнгийн Хаан банкны карт гаргаж ирээд та хүссэн юм аа авч идээрэй гэсэн. ... яах гэсэн юм гээд картын буцаагаад өгсөн. Буудалд ороод бүгд хоолоо хувааж идээд байж байхад ... ахиад өлсөөд байна гоймон идэх үү гээд ахыгаа дуудаад гараад юм өгөөд шууд буцаад ороод ирсэн. Удалгүй ах нь ... руу залгаад би гадагшаа гараад ...ын машин дээр очиход CU-ын ууттай юм өгөхөөр нь аваад буудал руу ороход баахан хот дог, өөр бусад зүйлс байсан. ... ах руугаа дахин залгаад буруу зүйл өгөөд явуулсан байна гаргаад буцаагаад өгчих гэхээр нь би гаргаж өгөхөд надад Хаан банкны ногоон өнгөтэй карт өгөхөөр нь би тухайн картыг нээх харалгүй шууд ...т өгсөн. Тэгээд удалгүй ... бид хоёрыг ..., ... 2 гэрт хүргэж өгсөн. ...их хэмжээний согтолттой байсан. Буудлаас ганц ч гараагүй. Тухайн үед хэн мөнгө гаргасныг мэдэхгүй байна. Би ...той Green house-аас гараад байнга цуг байсан болохоор миний нүдэн дээр нэг ч хүнд виза картаа өгч байгаа болон пин кодоо хэлж байгаа харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-22 хуудас/

6. Гэрч О.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед гэртээ байж байхад дүү ... залгаад ахаа би Green house-д байна хүргээд өгөөч гэсэн. Би хар өнгийн ...улсын дугаартай Grand mark-2 маркийн тээврийн хэрэгслээ унаад Green house-д очиход ..., ..., ..., үл таних 2 эмэгтэй гарч ирээд машинд суугаад тэд нарыг Оргил нэртэй зочид буудалд хүргэж өгсөн. Буудлаас ... гарч ирээд надад Хаан банкны карт өгөөд бензин хийгээд ир гээд явуулсан. Би Тес Петролиум шатахуун түгээх газраас 135 690 төгрөгөөр А92 бензин хийгээд Хаан банкны код гэхээр нь ... руу залгаад пин кодыг асуухад хэлсэн. Буцах замаараа CU орж электрон тамхи 2 ширхгийг  аваад Оргил буудалд очоод ... луу залгаад дуудсан. ... гарч ирээд картын аваад буцаад орсон, би гэр лүүгээ явсан. Шөнө 3 цагийн үед ... над руу залгаад намайг ирээд авчих гэсэн. Би Оргил нэртэй буудал дээр очиход ... танихгүй 1 эмэгтэй хүнтэй гарч ирээд төмөр замын амрах байрны цайны газрын гадаа очоод ... орж 5 хоол аваад буцаад Оргил нэртэй буудал явсан. Буудлын гадаа байж байхад ... 5 ширхэг гоймон аваад ир гэхээр нь CU ороод гоймон авах гэтэл мөнгө нь хүрэхгүй байсан учир CU-ээс 4 ширхэг хот дог аваад Оргил нэртэй буудалд очих үед 1 эмэгтэй гадна зогсож байхаар нь өгсөн. Удалгүй ... залгаад хүргээд өг гэхээр нь Оргил буудлаас ... танихгүй 2 эмэгтэйг авч гэр гэрт нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/

7. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “... бол миний төрсөн ах. ... нь зөөлөн, даруу, хүүхэд шиг зантай. Ах минь хүнд итгэмтгий, гэнэн, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй хүн. Үйлчилгээний газар олон жил ажилласан болохоор хүний эвийг маш амархан олдог. Баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэхдээ өөртөө тааруулж хэрэглэдэг, ямар нэгэн асуудал үүсгэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

8. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “... миний багийн найз. ... нь сэргэлэн цовоо, ямар нэгэн муу зуршилгүй хүн. Багаасаа чөлөөт бөх болон үндэсний бөхийн спортоор хичээллэсэн. Ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, хүнтэй эвтэй байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/

 

9. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 114, 115-116, 117-135 хуудас/

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 76, 79-88, 89, 92-102, 105-110 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Ануужин гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч ..., ... нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ...эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бэлэн мөнгөний автомат машинаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 1 120 000 төгрөг, виза картны гүйлгээгээр 290 290 төгрөгийн гүйлгээ хийж хохирогчид нийт 1 410 290 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд хохирогчийг зөвшөөрсөн гэж мэдүүлсэн боловч хохирогчийн өөрийн бичгээр гаргасан гомдол, тухайн цаг үед хамт байсан гэрч нарын мэдүүлгээр хохирогч зөвшөөрөл олгоогүй буюу шүүгдэгч ..., ... нар нь нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч ..., ... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...ын хувьд ...тай үйлдлээрээ  санаатай нэгдэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа тул шүүгдэгч ...ын үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд: ..., ... нарын хувьд 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ...эзэмшлийн Хаан банкны данснаас мөнгө хулгайлсан  гэх гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр шүүгдэгчийн нарын хувьд ялгамжтай хандаж үзнэ үү. Өөрөөр хэлбэл ...гийн үйлдэл оролцооны хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргах асуудалгүй. Харин ...ын хувьд гэмт хэрэг үйлдэх гэм буруугийн сэдэл байсан эсэх дээр эргэлзээтэй нөхцөл байдал байна. Өмгөөлөгчийн зүгээс тухайн виза картыг ашигласан, кодыг мэдсэн, ямар нэгэн байдлаар виза картыг захиран зарцуулахад ...ын оролцоо байхгүй гэж үзэж байна. Хаан банкны АТМ-ээс 500 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн камерын бичлэгээс харахад 18 настай амьдралд дөнгөж л хөл тавьж байгаа, зан байдлын хувьд төлөвшөөгүй хүн учраас тодорхой хэмжээнд гаргасан үйлдэл дээр нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Мөн 3 удаагийн гүйлгээ хийсэн боловч ...ын оролцоо байхгүй. Мөн гэрч О...., Д...., Э.... нарын мэдүүлгээр картыг ...т өгч байгаа хүн бол ... болох нь тогтоогдсон. Тухайн өдөр хамтдаа байх хугацаанд ... хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байсан юм уу гэдэг нь эргэлзээтэй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч ... нь ...тай бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ...эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний автомат машинаас 4 удаагийн гүйлгээгээр 980 000 төгрөг, виза картаар 290 290 төгрөгийн гүйлгээг хийж нийт 1 270 290 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ... нь ...тай бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ...эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний автомат машинаас 4 удаагийн гүйлгээгээр 860 000 төгрөг, виза картаар 290 290 төгрөгийн гүйлгээг хийж нийт 1 150 290 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

Яллах дүгнэлтэнд шүүгдэгч ..., ... нарыг 1 410 290 төгрөгийг авсан гэж дурдсан боловч Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ... нь хохирогчийн дансанд 140 000 төгрөг шилжүүлсэн ба 120 000 төгрөгийг өөрийн бусдад учруулсан хохирлыг төлөх зорилгоор бусад руу шилжүүлсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч ..., ... нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн шинжийг хангасан байх тул тус бүрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ..., ... нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ..., ... нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б...., гэрч Э...., Д...., О.... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хураагдаж ирсэн “2417000000066 дугаартай хэрэгт хавсаргах /1-KB/” гэсэн бичиглэл бүхий DVD дээрх бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгааг дурдлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан шүүгдэгч ...т хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт байсан эсэх нь эргэлзээтэй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Шүүгдэгч ... нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч ...тай хамт хохирогч ...Хаан банкны виза картаас бэлэн мөнгө авч тухайн өдөр захиран зарцуулсан, тухайн виза картын ашиглан өөрийн сэдлээр худалдаа үйлчилгээний төлбөр тооцооны гүйлгээг хийсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч ... нь оролцоогүй гэж эргэлзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 Мөн шүүгдэгч ..., ... нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүхээс дүгнэж, Прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч ...гийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд хохирогч ...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгөтэй болох хүслээс үүдэлтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Ануужин: Шүүгдэгч ..., ... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэж буй арга хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил ял оногдуулах, шүүгдэгч ...т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх гэсэн саналыг,

өмгөөлөгч Б.Батчимэг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирол төлбөрийг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү. ...д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Учир нь автомашин угаалгын газар түрээсээр ажиллуулж ээжтэйгээ амьдардаг. ...ын хувьд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас шүүх эрх хэмжээний хүрээнд оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч ..., ... нар нь бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ..., ... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн урьд ял шийтгүүлж байсан байдал, бусдад учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын ажил эрхлэлтийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд явахыг хориглох нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоолоо.

Мөн шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ...т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ..., ... нар нь хохирогч Б....   1 080 000 төгрөгийг хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба нэмж нэхэмжлэх хохиролгүй болох нь хэрэгт авагдсан ...өргөдлөөр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ..., ... нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн “2417000000066 дугаартай хэрэгт хавсаргах /1-KB/” гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ... овогт ... ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ...т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг, шүүгдэгч ...т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал сумуудын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ... нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

7. Шүүгдэгч ..., ... нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн “2417000000066 дугаартай хэрэгт хавсаргах /1-KB/” гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..., ... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА