Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ....нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417000000073 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл.., .. хамт .... оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... овогт .... .... /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ....нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ....нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан хугацаа дуусаагүй байхдаа дахин 2024 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Хас дэлгүүрийн хажуугийн уулзвараар .... улсын дугаартай Тоёота Пассо загварын тээврийн хэрэгслийг 1.84 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Н.....ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

3. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17-02 цагийн хооронд олон нийтийн цагдаа Хонгорзулын хамт замын хөдөлгөөнт эргүүлээр хуваарий дагуу үүрэг гүйцэтгэж байгаад Сүмбэр сум 1 дүгээр багт байрлах Хас дэлгүүрийн 4 замын уулзвар дээр 00:35 минутын орчим ....улсын дугаартай Passo маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гээд бичиг баримтаа үзүүлнэ үү гэхэд гэртээ орхисон байхгүй гэсэн. Тухайн хүний регистрийн дугаараар шалгахад энэ оны 5 сард эрх нь хасагдсан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер Alcomest7510 багажаар шалгахад 1.84 согтолтын зэрэгтэй гарсан. Тухайн хүнээс хаашаа явж байгаа талаар асуухад төмөр замаас хонхор орох гээд явж байна гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр авч ирэн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийж ....ийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Дотроо 1 хүнтэй цуг явж байхаар нь асуухад би зам дээрээс такси барихад энэ хүн хонхор явна гэж хэлээд авсан гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-7 хуудас/

4. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч .... хамт замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүргийг Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хас дэлгүүрийн уулзвар дээр тээврийн хэрэгсэл шалгаад зогсоож байгаад ....улсын дугаартай Passo маркийн тээврийн хэрэгслийг зогсоож бичиг баримтаа шалгуулна уу гэхэд бичиг баримт байхгүй гэртээ үлдээсэн гэсэн. Машины хаалгыг онгойлгоход үнэртэй ус цацсан байхаар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэхэд үгүй тараг уусан гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/

5. Ахлах ахлагч М.Анх-Эрдэний рапорт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 2, 4 хуудас/

6. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/232 дугаартай шийтгэврийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /х.х-ийн 36-38, 39 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 25 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Н.....ийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Н.....ийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон, шүүгдэгч ....нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ....нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тухайн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Н..... бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н..... оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н..... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА