| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0064/э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-07-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417000310058 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... овогт .... .... /РД: /, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..., хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч .... нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэл 443/216 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор “....” улсын дугаартай “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж урсгал сөрсний улмаас тухайн замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “....” улсын дугаартай “Sinotruck” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар ....амь насыг хохироож, ....биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинжээчийн дүгнэлт миний буруу гэж гарсан тул би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .... нь миний хуурай дүү. Бид хоёр хөдөөнөөс нэг гүү ачиж ирсэн. Хэд хоногийн дараа битүүний урьд өдөр .... машинтай ирээд Налайх руу гүү ачаад яваад өгөөч гэж гуйхаар нь би эхнэртээ ч хэлэлгүй явсан. Тархиндаа гэмтэл авснаас болсон байх би Налайх өнгөрснөөс хойш болсон явдлыг санахгүй байгаа. Хичээгээд ч санахгүй байна. Би 1982 онд жолооч болсон. Урьд нь осол гаргаж байгаагүй. Би эсрэг урсгалд орсноос осол гарсныг зөвшөөрч байна. Би архи уугаагүй байсан. Бид Сайншандаас 15-16 цагийн үед гараад 23 цагийн орчимд Налайх ороод гүүгээ буулгаад даагаа ачаад 00 цагийн үед буцаад гарсан. Уг нь очсон айлдаа хонох гэтэл хүнтэй байсан мөн адууг нь эцэнхий байна гээд асуудал гарахаар нь бид хоёр шууд буцсан. Би өөрийн буруугаас болж ийм үйлдэл гаргаснаа ойлгож гэмшиж байна. Би хүний асаргаанд орсон тул энэ байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
2. Хохирогч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд ачаа ачиж яваад Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн постон дээр унтаж байгаад 06:40 минутын үед сэрээд хөдөлсөн. Улаанбаатар хотоос Чойр луу явах эсрэг замд 1 машин явж байгаад өөдөөс их хурдтай гарч ирсэн. Би ертөнцийн зүгээр зүүн тал, жолоочийн гараар баруун гар тал руугаа шахаж явж байсан. Тэгтэл гэнэт 1 машин 2-3 удаа жолоогоо дараад өөдөөс жолооч талаас ороод ирсэн. Би машинаа гаргах гэтэл жолоо булаагдаад дийлдэхгүй замаас шууд ертөнцийн зүгээр зүүн тийш гарсан. Би машинаас буугаад нөгөө машин дээр очих гэтэл хөл мэдээгүй болоод газар сөхрөөд унасан. Би тухайн үед зам голлож хөдөлгөөнд оролцсон зүйл байхгүй. Тухайн үед цастай их хүйтэн байсан. Үзэгдэх орчин бол харагдахаар байсан. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Одоо 6 сар хэвтрийн дэглэм сахих болохоор эм тариагаа сайн авч чадахгүй байгаа. Миний биеийн байдал анх бэртэл гэмтэл авч байснаа бодвол эдгэж байгаа суухаар их өвддөг. Мөргөлдсөн хүн холбогдоогүй харин ар гэрээс нь 1 эмэгтэй хүн холбогдож биеийн байдал асуудаг. Ясанд сайн гээд Хятадаас эм авч өгсөн. Би ослоос болж олон сар хэвтэрт байсан. Баримтаар гаргаж өгсөн зүйлийг нэхэмжилж байгаа. Осол гаргасан хүн өөрөө эмчилгээний зардал өгдөг бол би эмчилгээ хийлгэнэ. Одоо ямар ч орлого байхгүй болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 20-22, 24-25 хуудас/,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрийн хүү болох ....тай 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр уулзахад Улаанбаатар хот руу адуу хүргэх ёстой унаа хайж байгаа талаар ярьж байсан. Тухайн үед хотод байдаг хүнтэй манай гүүгээр, хонгор хул зүсмийн даага солих байсан. Талийгаач шөнө 23 цаг өнгөрч байхад утсаар залгаж Налайх орж байна, 800 000 төгрөгөөр унаа хөлсөлж явсан гэсэн. Маргааш өглөө нь осол болсон талаар мэдсэн. Миний зүгээс гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүү ямар босоод ирэх биш ахиж энэ асуудлыг ярьмааргүй байна. Миний сэтгэл зүйн байдал маш хүнд байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30-31, 35, 37 хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... улсын дугаартай Sinotruck тээврийн хэрэгсэл манай байгууллагын тээврийн хэрэгсэл. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үндсэн ажил гүйцэтгэх гэрээ дээр нэмэлт гэрээ байгуулаад .... машинтай БНХАУлсын Эрээн хотоос сэлбэг хэрэгсэл тээвэрлэн хүргэх ажлаар явсан. Тэгтэл 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай компани ажилтан .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд орсон байсан. Тухайн ослоос болж .... улсын дугаартай машиныг кампани өөрөө “Хос стандарт” ХХК-наар хохирлын үнэлгээ хийлгэхэд 72 507 750 төгрөгний үнэ тогтоогдсон. “Ашид билгүүн” ХХК-ны 5 715 000 төгрөгийн үнэлгээтэй танилцлаа. “Хос стандарт” ХХК-аас гаргуулсан хохирлын үнэлгээг өгсөн. “Ашид билгүүн” ХХК-аас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 40-41, 43 хуудас/
5. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас сэлбэг ачаад 18 цагийн үед .... бид хоёр АОДЭ компаний машинтай гарсан. 04 цагийн үед Чойрт ирээд цагдаагийн постны зогсоол руу машинаа тавиад унтсан. Өглөө 06 цаг 44 минутын үед .... өөрийн машинаа унаад миний өмнө хөдөлсөн. Цагдаагийн пост өнгөрөөд 4-5 км зайд явж байх үед ....ийн машины бөгсний гэрэл гэнэт харагдахгүй болсон. Тэгтэл зам дээр цагаан өнгийн Бонго маркийн машин замын зүүн талд миний явах урсгалд зогсож байхаар нь би тойрч гараад замын урсгалдаа ороод зогстол ....ийн машин замаас гарсан байдалтай зогсож байсан. ....той уулзаад юу болсон талаар асуухад замын урсгал сөрөөд машин урдаас орж ирээд мөргөчихлөө гэсэн. Нэг хүн аваачээ гэж орилоод байхаар нь очтол машины жолооны ард талд нэг хүн хавчуулагдсан орилж байсан. Мөн нэг нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би цагдаагийн байгууллагад хандсан. .... бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. .... бид хоёр өөрсдийн урсгалд явж байсан. Бонго маркийн машиныг урсгал сөрж орж ирэхийг хараагүй. Би тухайн үед 50 км цагийн хурдтай явж байсан. .... миний урд явж байсан. Бид 2 ижилхэн цагийн хурдтай явж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 45-46 хуудас/
6. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “....ай 1987 оноос хойш хамт амьдарч байна. Одоо бид Дорноговь аймгийн Сайншанд суманд 1 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Бид хоёр тэтгэвэрээ аваад гэрт амьдардаг. .... хүнд үгүй гэж хэлж чаддаггүй байнга хүнд тусалж явдаг. Манай аймаг, сумын хүмүүс бүгд мэднэ. Хүнтэй муудалцаад байдаггүй, дөлгөөн зантай хүн. Архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэдэг. Тамхи татдаггүй. Тээврийн хэрэгслээ байнга унаж янзалдаг. Ер нь тээврийн хэрэгсэлтэй их ойр хүн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 55-56 хуудас/
7. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2672 дугаартай дүгнэлтэнд: “....ын биед зүүн духны дэлбэнгийн тархины няцрал, баруун талд духны хажуу хэсгээр тархины хатуу хальсан доорх цусан хараа, баруун шуу ясны далд хугарал, баруун шилбэ шаант ясны далд хугарал, цээжний баруун талын 9, 10 дугаар хавирганы хугарал, тархины няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цус хуралт, зүүн нүдэнд цус харвалт, баруун зүүн сарвууны хөлдөлт, дух, зүүн нүдний гадна булан чамархайд шарх, баруун өгзөгт цус хуралт, хамар, баруун хөмсөг, зүүн хацар, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн болон нам хэмийн үйчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. ....ын биед учирсан зүүн духны дэлбэнгийн тархины хатуу хальсан доорх цусан хараа нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун шуу ясны далд хугарал, баруун шилбэ шаант ясны далд хугарал, цээжний баруун талын 9, 10 дугаар сарын хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун, зүүн сарвууны хөлдөлт, дух, зүүн нүдний гадна булан чамархайн шарх, баруун өгзөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний цус харвалт, хамар, баруун хөмсөг, зүүн хацар, баруун хацрын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Сэвжидмаа гэжээ /1-р х.х-ийн 59-62 хуудас/,
8. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2827 дугаартай дүгнэлтэнд: ....биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Цолмон гэжээ. /1-р х.х-ийн 68-69 хуудас/,
9. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1336 дугаартай дүгнэлтэнд: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “.... 45 эр” гэж хаягласан хуруу шилтэй цус, “.... 61 эр” гэж хаягласан хуруу шилтэй цус тус бүрээс спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, дэслэгч Г.Золжаргал гэжээ. /1-р х.х-ийн 75-77 хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: ....цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтэл: хуйхны тархмал цус хуралт, гавлын орой болон суурь ясны цөмөрч бутарсан хугарал, нүүрний ясны хугарал, тархины эдийн тархмал няцрал, нурууны Th3,4 дүгээр нугламын хугарал, нугасны бүрэн тасрал, цээжинд баруун талын 1,2,3,4,5,6,7-р хавирга цээжний хөндий рүү нэвтэрсэн хугарал, зүүн талын 1,2,3,4,5,6-р хавирга цээжний хөндий рүү нэвтэрсэн хугарал, цээжний баруун хөндий дэх 570 мл цус хуралдалт, зүүн хөндий дэх 690 мл цус хуралдалт, баруун уушигны дээд дэлбэнгийн нэвтэрсэн шарх, зүүн уушигны дээд дэлбэнгийн урагдал, няцрал, баруун, зүүн уушигны эдийн тархмал няцрал, цус хуралт, гол судас дагасан цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язрал, цөсний хүүдийн ерөнхий цорго орчмын цус хуралт, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, баруун эгэм ясны хугарал, баруун шилбэний доод хэсэг шагайн үеэр бүрэн тасралт, баруун дунд чөмөгний дунд, доод хэсгийн ил хугарал, баруун өвдөгний бутарсан далд хугарал, баруун шуу ясны дунд хэсгийн далд хугарал, баруун гуяны дунд, доод хэсгийн гадна гадаргууд яс ил гарсан шарх, баруун чамархайд, духны үстэй хэсэгт, зүүн чамархайд, духны зүүн талд, зүүн хөмсөгт, дээд уруул хамрын баруун угалзаар, баруун гарын сарвуунд, баруун шилбэнд баруун гуянд, бэлэг эрхтний уг хэсэгт урагдсан шарх, хүзүүнд, баруун тохойд, баруун шууны хугарлын харалдаа, баруун сарвууны ар талд, зүүн мөрөнд, зүүн бугалгад, зүүн шуунд, зүүн гарын эрхий хурууны угаар, зүүн хөлийн тавхайн хацарт, доод эрүүнд, баруун хацарт, зүүн бугалгад, зүүн гарын 1,2,3,4-р хурууны угаар, баруун гарын сарвуунд, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтэл нь учирсан даруйдаа амь насанд аюултай. У..... нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. У..... нь О/I/ бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй. У..... нь толгой, цээж, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 83-86 хуудас/,
11. Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/2024 дугаартай дүгнэлтэнд: .... улсын дугаартай КИА-БОНГО маркийн тээврийн хэрэглсийн жолооч .... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд .... улсын дугаартай SINOTRUCK маркийн тээврийн хэрэгслийн жолооч ....нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. .... улсын дугаартай КИА БОНГО маркийн тээврийн хэрэгслийн жолооч .... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд .... улсын дугаартай КИА БОНГО маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас 68-54 УБУ улсын дугаартай SINOTRUCK маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд тухайн зам тээврийн осолд холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /1-р х.х-ийн 143-144 хуудас/,
12. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2294 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 924/9612 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р х.х-ийн 152-153, 159-161 хуудас/,
13. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /1-р х.х-ийн 3, 5-15, 16, 226-248 хуудас/,
14. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас барсны гэрчилгээний хуулбар /1-р х.х-ийн 91-107 184-186, 2-р х.х-ийн 5 хуудас/,
15. АОДЭ ХХК-ны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/401 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, захирлын тушаалын хуулбарууд /1-р х.х-ийн 203, 204, 205-206, 207-216 хуудас/,
16. Хохирогч ....хохирлын баримт, иргэний нэхэмжлэгч О.Эрэнэлийн нэхэмжлэлтэй холбогдох баримт /1-р х.х-ийн 218-220, 2-р х.х 12-14 хуудас/,
17. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, жолоочийн лавлагаа мэдээлэл /2-р х.х-ийн 1-2, 3-4, 5 хуудас/,
18. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгч ....ын амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хохирогч Б.....т 307 300 төгрөгийн хохирлыг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт,
19. Шүүгдэгч ....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 197 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч .... нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын 443/216 дахь километрийн шонгийн орчимд .... улсын дугаартай “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэг заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас .... улсын дугаартай “Sinotruck” загварын тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас ....амь насыг хохироож, ....биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч ....ын гаргасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлж хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б....., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунзаяа, иргэний нэхэмжлэгч О.Энэрэл, гэрч ....нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2672 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2827 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1336 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/2024 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2294 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч ... нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч .... нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч ....т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч ....ын үйлдсэн гэмт хэргийг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүний хувийн байдлыг бүхэлд нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн сонгох санкцтай. Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохируулан сонгож байгааг дэмжих нь зүйтэй. Гэхдээ гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь .... нь цаашид эмчилгээтэй холбоотой асуудал үүсэхээр зорчих шаардлага гарна гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч .... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч ....т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд явахыг хориглох нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоолоо.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас ....амь нас хохирсон, ....эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-ны .... улсын дугаартай “Sinotruck” загварын тээврийн хэрэгсэлд гэмтэл тус тус учиржээ.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ шүүгдэгч ....аас нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунтуяад шүүгдэгч .... нь төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.
- Хохирогч ....нь 1-р хавтаст хэргийн 218-220 хуудсанд авагдсан баримтыг үндэслэж эмчилгээний зардалд 307 300 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч .... нь төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Харин хохирогч ....нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа болохоо илэрхийлсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
- “АОДЭ” ХХК-ны иргэний нэхэмжлэгч ....нь “Хос Стандарт” ХХК-ны Автомашин, техникийн үнэлгээг үндэслэж .... улсын дугаартай “Sinotruck” загварын тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд 72 507 750 төгрөг нэхэмжилснийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох “Ашид Билгүүн” ХХК-иар хийлгэж тогтоолгосон байна.
“Ашид Билгүүн” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2294 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоосон хохирол болох 5 715 000 төгрөгийг үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн комбизон 1 ширхэг, дотуур өмд 2 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг, оймс 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн футволк 1 ширхэг, хүрэн өнгийн гутал 1 ширхэг зэргийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....төлөх гэм хорын төлбөргүй, хохирогч Б.....т гэм хорын хохиролд 307 300 төгрөгийг төлснийг, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн комбизон 1 ширхэг, дотуур өмд 2 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг, оймс 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн футволка 1 ширхэг, хүрэн өнгийн гутал 1 ширхэг зэргийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч ....аас 5 715 000 /таван сая долоон зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-нд олгож, хохирогч ....нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА